Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01409

 

Г ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00775 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 979 дүгээр магадлалтай,

Г ХХК ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Ц.Год холбогдох,  

Ажил гүйцэтгэх гэрээнийн үүрэгт 37.624.275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзамын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анударь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам, өмгөөлөгч П.Баттулга, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г ХХК ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ургах наран дунд сургуулийн захирал Ц.Гтой 2015 оны  8 дугаар сарын 10-ны өдөр шилэн хана хаалга угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ц.Г манай компани дээр ирж сургууль цуглаагүй болохоор санхүүгийн хувьд төлбөрөө хийж чадахгүй нь, 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд үйл ажиллагаа жигдрээд сургалтын төлбөр ороод ирнэ тэр үед төлбөрөө 100 хувь төлж барагдуулъя гэснээр гэрээ байгуулагдсан. Гэрээний 3.1-д зааснаар 236,2 м.кв хэмжээ бүхий шилэн ханыг 22.439.000 төгрөгөөр, 9 ширхэг хаалгыг 3.420.000 төгрөгөөр буюу нийт 25.859.000 төгрөгийн ажил гүйцэтгэж, хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээгээр тохирсон ажлыг хийж Ургах наран дунд сургуулийн ажилтанг байлцуулж хэмжилт хийн хүлээлгэн өгч талууд гарын үсэг зурсан. Хэмжилт хийхэд шилэн хананы нийт хэмжээ 228.03 м.кв байсан ба үүнийг тооцвол 21.662.850 төгрөг, 9 ширхэг хаалганы үнэ 3.420.000 төгрөг, нийт 25.082.850 төгрөгийг ажлын хөлсөнд авахаар гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн. Захиалагч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлын хөлсийг 100 хувь төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Ургах наран дунд сургууль одоо үйл ажиллагаа явуулдаггүй, сургуулийн байранд өөр сургууль үйл ажиллагаа явуулж байна. Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад Ургах наран дунд сургууль улсын бүртгэлд бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн лавлагаа ирсэн тул хариуцагчийг сольсон. Ц.Г өөрөө ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан. Сургуульд 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн. Хариуцагч Ц.Г үндсэн төлбөр 25.082.850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги төлөхгүй гэдэг. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Иймд хариуцагч Ц.Гоос гэрээний үлдэгдэл төлбөр 25.082.850 төгрөг, алданги 12.541.425 төгрөг, нийт 37.624.275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК ХХК нь шилэн хана, хаалга угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг Ц.Гын захирлаар нь ажилладаг Ургах наран дунд сургуультай байгуулсан. Ц.Г хуулийн этгээд буюу сургуулийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан. Ургах наран  дунд сургуулийн үүсгэн байгуулагч нь М.Ганцэцэг бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр сургуулийн эрх, үүргийг бүрмөсөн Ц.Год шилжүүлсэн. Хариуцагч нь Ургах наран  дунд сургууль учир Ц.Г хариуцагч биш. Сургуулийн тусгай зөвшөөрлийг Боловсролын газраас түдгэлзүүлсэн бөгөөд сургуулийг татан буулгасан болон тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Хариуцагчийн хувьд алдангиас чөлөөлж, үндсэн төлбөр 25.082.850 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг Ургах наран дунд сургуулийн нэр дээр гаргуулах хүсэлтэй байгаа. Хуулийн этгээд, Ц.Г хоёрын аль алинд алданги төлөх хүндрэлтэй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00775 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Гоос 37.624.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346.071.38 төгрөгийг улсын төсөвтхэвээр үлдээж, хариуцагч Ц.Гоос 346.071.38 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 979 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 346.100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Г ХХК ХХК болон Ургах наран  дунд сургуулийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байдал болоод гэрээ хэний хооронд байгуулагдсан талаар маргадаггүй. Гэтэл нэхэмжлэгч Г ХХК ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ургах наран дунд сургууль үйл ажиллагаа явуулахгүй байгаа, хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар хариуцагчийг тус сургуулийн захирал иргэн Ц.Гоор сольж үүргийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй шаардах эрх буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу 37.624.275 төгрөг шаардсныг анхан шатны шүүх хангаж, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Ц.Г нь хувь иргэнээр бус Ургах наран дунд сургуулийн захирлын хувьд хуулийн этгээд буюу сургуулийг төлөөлөн Г ХХК ХХК-тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь Урган Наран дунд сургууль, гүйцэтгэгч нь Г ХХК ХХК мөн гэдэг нь тодорхой, нэхэмжлэгч тал ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Үүргийн эрх зүйн харилцаа нь туйлын биш харьцангуй шинжтэй байдаг бөгөөд гэрээ байгуулагч тал зөвхөн нөгөө талаасаа үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой бөгөөд өөр бусад гуравдагч этгээдээс үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй байдаг билээ. Хариуцагчийн зүгээс 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг нотлох баримтаар өгсөн шалтгаан нь Ц.Гыг Ургах наран  дунд сургуулийн захирал, тус сургуулийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  төлөөлөх эрхтэй хүн болохыг нотлох зорилгоор энэхүү нотлох баримтыг шүүхэд өгсөн. Тухайн үед Ургах наран дунд сургуулийн үүсгэн байгуулагч М.Ганцэцэг Ц.Грыг захирлаар томилж, сургуулийн удирдлагын эрхийг шилжүүлэхдээ нотариатын зөвлөсний дагуу энэхүү гэрээг байгуулж, сургуулийг төлөөлөх эрхийг олгосон байдаг бөгөөд уг гэрээний агуулгаас ч Ц.Г нь сургуулийн удирдах, төлөөлөх эрхийг авсан гэдэг нь харагддаг. Компанийн хувьцаа эзэмшигч солигдохын тулд хувьцааг бусдын өмчлөлд шилжүүлэх хэлцэл, түүний дагалдан компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгддэг билээ. Гэтэл шүүх Ургах наран дун сургуулийг компанийн хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд мэт ойлгон уг гэрээгээр компанийн бүх эрх, үүрэг шилжсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Урган наран дунд сургуулийн гэрчилгээнд үүсгэн байгуулагч солигдсон талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй, тус сургуулийн үүсгэн байгуулагч нь иргэн М.Ганцэцэг хэвээр байгаа болно. Дээрх гэрээ нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээнээс бүр өмнө нь байгуулагдсан бөгөөд уг гэрээ байгуулагдсны дараа Ургах наран  дунд сургууль болон Ц.Г нарын хооронд өмнөх үүргийг солих талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй байхад шүүх Ургах наран  дунд сургууль татан буугдаагүй байхад уг сургууль үйл ажиллагаа явуулахгүй байгаа, хөрөнгөгүй, Ургах наран  дунд сургуулиас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй гэсэн үүднээс энэхүү маргаанд субъектив байдлаар хандаж нэхэмжлэлийг хангаж гэрээ байгуулсан тал бус өөр этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг илэрхий буруу хэрэглэсэн болсон гэж үзэж байна. Ургах наран  дунд сургууль Г ХХК ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаараа огт маргадаггүй, энэхүү гэрээнээс үүдэлтэй төлбөрийн асуудал үүссэнийг зөвшөөрч байхад шүүх Г ХХК ХХК болон Ц.Г нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх Компанийн эрх, шилжүүлэх гэрээгээр суруулийн эрх, үүргийг Ц.Год шилжүүлсэн гэж үзсэн нь Боловсролын тухай хуулийн 12.1-д “Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь сургалтын үйл ажиллагааг хувь хүн эрхлэх боломжгүй зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хэрэгжүүлэх тул хариуцагч Ц.Г сургуулийн эрх, үүргийг шилжүүлэн авах нь хууль зүйн хувьд ямар ч боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Г ХХК ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг гэрээний нөгөө тал болох Ургах наран  дунд сургуулиас шаардах ёстой байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гэрээний төлбөр буюу үүргийг иргэн Ц.Гоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г ХХК ХХК, Ургах наран дунд сургуулиас ажлын хөлс 25.082.850 төгрөг,  хугацаа хэтрүүлсний алданги 12.541.425 төгрөг, нийт 37.624.275 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж Ц.Гоос дээрх мөнгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Г ХХК ХХК болон Ургах наран дунд сургуулийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “шилэн хана, хаалга угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлж ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

Ургах наран дунд сургуулийг 2011 онд М.Ганцэцэг үүсгэн байгуулсан, улмаар эрхээ Ц.Год 2011 оны 12 дугаар сард шилжүүлэн өгсөн, Ц.Г сургуулийг хариуцан ажиллуулж байхдаа нэхэмжлэгч Г ХХК ХХК-тай тохиролцон сургуулийн үйл ажиллагаа явуулж байсан түрээсийн байранд шилэн хана, хаалга хийлгэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь тогтоогджээ.

Тус сургуулийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/468 тоот захирамжаар түдгэлзүүлсэн, тухайн сургууль үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа, тусгайлсан хөрөнгөгүй болохыг зохигч маргаагүй байна.

Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч нь өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэснийг үндэслэж төлбөрийг Ц.Гоос гаргуулахдаа Ургах наран дунд сургууль компанийн хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд болох нь тогтоогдоогүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй  байгааг анхаараагүй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Боловсролын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1-д Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 15.7.8, 15.7.9, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллежид, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, Нийслэлийн Засаг дарга тус тус олгоно гэж заажээ.

Ургах наран  дунд сургууль нь Нийслэлийн боловсролын газраас олгосон гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан боловч тухайн хуулийн этгээд  улсын бүртгэлд аль ч хэлбэрээр бүртгэгдээгүй болох нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгүүдээр тогтоогдсон байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог байна.

Ургах наран  дунд сургууль хуулийн этгээдийн улсын бүртгэлд  бүртгэгдээгүй байх тул иргэний эрх зүйн чадвартай этгээд гэж үзэх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн “төлбөрийг сургууль хариуцна” гэх татгалзал үндэслэлгүй тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Ц.Гоос ажлын хөлсийг гаргуулсныг буруутгах боломжгүй.

Гэрээний 3.2-т “захиалагч төлбөр мөнгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй эсхүл  төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасан байна.

Иймд ажлын хөлс, алданги гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00775 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 979 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 350.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ