Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01423

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,  

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Хас банкинд 24.169.813 төгрөгийг төлөх болсон. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, миний өмчлөлийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоот улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 м.кв 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчийн зүгээс 58.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/237 тоот мэдэгдлийг шуудангаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан болно. Нэхэмжлэгч миний орон сууц нь 2015 онд супер засвар хийсэн, засвар хийх үедээ бүх сантехникийн шугам сүлжээг сольсон, тухайн байр байрлах нутаг дэвсгэрт ижил төрлийн 3 өрөө байр дунджаар 95.000.000 төгрөг ханштай байхад Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагчийн талд үйлчлэн миний өмчлөлийн эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн үнэлсэнд гомдолтой байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоот улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 м.кв 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхэд гаргасан тайлбарт: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Б.Б-, Э.А, Э.Б нараас 51.339.860,46 төгрөг гаргуулж, Хас банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт заасны дагуу төлбөр төлөгч Б.Б-ийн өмчлөлийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах орон сууцыг 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 229 дугаар тогтоолоор битүүмжлэн төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул 2017 оны 01 сарын 04-ний өдөр231 дугаар тогтоолоор хураан авсан. Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад харилцан тохиролцоогүй тул Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээг 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 03/237 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Б.Б-д мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу барьцаа хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 м.кв 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах 000132398, Ү-2003012269 дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 40 м.кв талбайтай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...миний бие Хас банкинд 24.169.183 төгрөг төлөх ёстойгоос 15.000.000 төгрөг төлсөн. Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргаж, анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б-, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж тус аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцны дуудлага худалдаагаар худалдах санал болгох үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

1. Нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “...шинжээч орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Б-, Э.Ариунцэцэг, Э.Билгүүн нар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Хас банк ХХК-ийн Дархан салбарт 51.339.86 төгрөг төлөх үүрэгтэй, тэд төлбөрийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, төлбөр төлөгчийн өмчлөлийн, барьцааны орон сууцыг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч  харилцан тохиролцож, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг тогтоож болох ч талууд тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг хууль зөрчөөгүй байна.

Шинжээчээр томилогдсон Капитал зууч ХХК нь орон сууцны зах зээлийн үнийг 58.000.000 төгрөгөөр тогтоосон, энэ үнэлгээний 70 хувиар дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд үнэлгээ бага гэх үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1059 тоот захирамжаар тухайн орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлж, шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр гаргахдаа уг ажиллагааг сэргээсэн байна.

Хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасантай нийцээгүйгээс шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинээр 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойшхи хугацаанд орон сууцны үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдсэнийг хоёр шатны шүүх анхаараагүй, гомдлыг хянан шийдвэрлэхдээ хүчингүй болсон 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болсон тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар магадлалын 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т” гэснийг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ