Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 53

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00203/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

“Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 м.кв 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-иас:

Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр Хас банкинд 24.169.813 төгрөгийг төлөх болсон. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, нэхэмжлэгч миний өмчлөлийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоот улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 м.кв 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчийн зүгээс 58.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/237 тоот мэдэгдлийг шуудангаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан болно. Нэхэмжлэгч миний өмчлөлийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах 3 өрөө орон сууц нь 2015 онд супер засвар хийсэн, засвар хийх үедээ бүх сантехникийн шугам сүлжээг сольсон, тухайн байр байрлах нутаг дэвсгэрт ижил төрлийн 3 өрөө байр дунджаар 95.000.000 төгрөг ханштай байхад      Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагчийн талд үйлчлэн миний өмчлөлийн эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн үнэлсэн байгаад гомдолтой байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоот улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 м.кв 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгээс:

Дархан-Уул аймгийн 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасны дагуу барьцаа эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуул гэж заасны дагуу ажилласан. Талуудаас үнийн саналыг авахад дээрх үл хөдлөх хөрөнгийг 90.000.000 төгрөгөөр үнэлсэн. Хас банк дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй учир Хас банкнаас үнэлгээ хийлгэх хүсэлт өгч шинжээчээр үнэлгээ хийлгэж үнэлүүлсэн байгаа. Манай зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр:

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 м.кв 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах 000132398, Ү-2003012269 дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 40 м.кв талбайтай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-ь давж заалдсан гомдолдоо:

Миний бие Хас банкинд төлөх ёстой 24.169.813 төгрөгөөс өнөөдрийн байдлаар 9.500.000 төгрөгийг төлсөн байгаа. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн 40 м.кв 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Дахин шинжээч томилуулж үнэлүүлэх саналтай байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б-ь нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-ь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн 40 м.кв 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой тул дахин шинжээч томилуулж үнэлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан.

Хэргийн баримтаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр /хх-17-21/ Б.Б-ь нараас 51.339.860 төгрөгийг Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 558 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-16/ бичигдэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэл газар 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа хийгдсэн байна.

            Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 228 тоот тогтоолоор битүүмжилсэн ба  2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 231 тоот тогтоолоор хураан авсан нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь заалтыг зөрчөөгүй байна.

            Талуудаас барьцаа хөрөнгүүдийн үнийн санал авахад төлбөр авагч Хас банкны гаргасан барьцаа хөрөнгийг хөндлөнгийн хөрөнгийн шинжээч томилуулах хүсэлт /хх 28/ -ийн дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна. /хх 29/

Шинжээч “Капитал зууч” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн үнийг 58.000.000 төгрөгөөр тогтоосон тул Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ талаар төлбөр төлөгч Б.Б-ьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан журмаар 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгджээ. /хх 40/

Нэхэмжлэгч Б.Б-ь нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь ...шинжээчийн үнэлгээ  бодитой биш, орон сууцанд засвар хийсэн сантехникийн бүх шугам сүлжээг сольсон тухайн орон сууцны зах зээлийн ханш 95.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ... гэж гомдол гаргасан боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Анхан шатны шүүх иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээхдээ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.5, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.2.5, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж ойлгоно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна” гэж зохицуулсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэх, сэргээх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч явуулна гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн шүүх төлбөр төлөгч, эсхүл шийдвэр шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх боломжгүй, харин ахлах шийдвэр гүйцэтгэгч сэргээх эрхтэй гэж үзнэ.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.5, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж шийдвэрлэсэн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ       

                                                                 ШҮҮГЧИД                                  Л.АМАРСАНАА

                                                                                                                    С.ОЮУНЦЭЦЭГ