Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 355

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5-3 дугаар байр 117  тоотод оршин суух Мэргэд овгийн Балдандоржийн Байгаль /РД:ТЕ66120360/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

“Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Байгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Байгаль нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр “Хас” банкинд 24,169,813 төгрөгийг төлөх болсон. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, нэхэмжлэгч миний өмчлөлийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоот улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчийн зүгээс 58,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/237 тоот мэдэгдлийг шуудангаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан болно. Нэхэмжлэгч миний өмчлөлийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах 3 өрөө орон сууц нь 2015 онд супер засвар хийсэн, засвар хийх үедээ бүх сантехникийн шугам сүлжээг сольсон, тухайн байр байрлах нутаг дэвсгэрт ижил төрлийн 3 өрөө байр дунджаар 95,000,000 төгрөг ханштай байхад Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагчийн талд хэт үйлчлэн миний өмчлөлийн эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн үнэлсэн байгаад гомдолтой байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоот улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн 2015 оны 02  дугаар сарын 28-ны өдрийн  27 дугаартай шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасны дагуу барьцаа эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө болох хөрөнгийг албадан дуудлага худалдаанаар худалдан борлуул гэж заасны дагуу ажилласан. Талуудаас үнийн саналыг авахад дээрх үл хөдлөх хөрөнгийг 90.000.000 төгрөгөөр үнэлсэн. Хас банк дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй учир Хас банкнаас үнэлгээ хийлгэх хүсэлт өгч шинжээчээр үнэлгээ хийлгэж үнэлүүлсэн байгаа. Манай зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэж байна гэжээ.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Байгаль нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан “Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр 24,169,813 төгрөгийг “Хас” банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 558 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэл газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа хийгдэж байна.

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 228 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 231 тоот тогтоолоор хурааж, талуудаас банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал авахад төлбөр авагч Хас банкны гаргасан барьцаа хөрөнгийг хөндлөнгийн хөрөнгийн шинжээч томилуулах хүсэлт /хх 28 /-ийн дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна. /хх 29/

 

Шинжээч “Капитал зууч” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн үнийг 58.000.000 төгрөгөөр тогтоосон тул Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ талаар төлбөр төлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгджээ. /хх 40/

 

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “шинжээч “Капитал зууч ХХК”-ийн үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ гэж тооцсон 58.000.000 төгрөгийг бодитой биш, засвар хийсэн засвар хийхдээ бүх сантехникийн шугам сүлжээг сольсон зах зээлийн ханш 95.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ энэ үнэлгээг бодитойгоор тооцоогүй” гэ  х тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1059 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай захирамжаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэр, тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах 000132398, Ү-2003012269 дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 40 мкв талбайтай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах 000132398, Ү-2003012269 дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 40 мкв талбайтай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Байгаль хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003012269 дугаартай 40 мкв 3 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болосугай.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 8 дугаар байрны 20 тоотод байрлах 000132398, Ү-2003012269 дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 40 мкв талбайтай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ