Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2017/04590/И |
Дугаар | 001/ХТ2018/01422 |
Огноо | 2018-10-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/01422
ТШЕ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1062 дугаар магадлалтай,
ТШЕ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ц.Эт холбогдох,
1.659.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч ТШЕ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 97/3 дугаар байрны 54 тоотод оршин суугч Ц.Эээс 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 9 дүгээр саруудын ус, дулааны төлбөр болон сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний төлбөрт нийт 2.039.713 төгрөгийн төлбөр гарсан бөгөөд хариуцагч нь 636.233 төгрөгийг төлж, 1.403.480 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд Сэлбэ хотхоны 97/3 байрны 54 тоотын оршин суугч хариуцагч Ц.Эээс дээрх хугацааны ашиглалтын төлбөр болох 1.403.480 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 250.000 төгрөг, нийт 1.659.480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Эийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 25 хороо, Сэлбийн 97/3-ийн 54 тоотод амьдрах хугацаандаа ус, цахилгаан, дулааны төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. ТШЕ гэдэг нэртэй компани нь орон сууцны конторын үйл ажиллагаа явуулдгийг мэдэхээс, ийм нэртэй улсын бүртгэлд бүртгэлтэй, гэрчилгээ, тамга тэмдэгтэй хууль ёсны сууц өмчлөгчдийн холбоо байгаагүй болно. Миний бие 2015 оны 5 сараас 2017 оны 09 сар хүртэл хугацаанд энэ орон сууцны конторт ус, дулааны төлбөрт нийт 1.898.766 төгрөг төлөх ёстойгоос бүрэн төлж дуусгасан. Хууль бус Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулж буй талаар тус орон сууцны конторын удирдах дээд байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад 97/3, 97/4 байрны 180 айлын оршин суугчид удаа дараа хандан өргөдөл, гомдол явуулж байсан ба Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөлийн 02/241 тоот албан бичгээр, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 7/87 тоот албан шаардлагаар тус компанид хууль бус энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байсан боловч үүнийг үл харгалзан оршин суугчдаас СӨХ-ны төлбөр шаардан цахилгаан таслан дарамталж 97/3 ба 97/4 байрнуудын оршин суугчдын цахилгааныг хууль бусаар таслаж байсан. ТШЕ ХХК-ийн захирал Т.Отгонбаярт эдгээр үйлдлийг манай 97/3 болон 97/4 байрны оршин суугчид удаа дараа сануулан хэлж, зогсоохыг шаардаж байсан бөгөөд зарим оршин суугчидтай шүүхээр маргалдаж тухай бүр оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарсан. СӨХ нь сууц өмчлөгч оршин суугчдын санал, мөн зөвшөөрлөөр байгуулагдах ёстой бөгөөд оршин суугчдын олонхийн тоо хүрэхгүй, уг 2 байрны оршин суугчид бүрэн орж дуусаагүй байснаас шалтгаалан СӨХ байгуулж чадахгүй байсан ба Сэлбэ СӨХ нь албан ёсоор 2016 оны 11 дүгээр сараас байгуулагдан ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй болно гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/00741 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эээс 928.845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТШЕ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 730.634 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 26.842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТШЕ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1062 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/00741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Ц.Эийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/3 дугаар байрны 54 тоот орон сууцны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны ашиглалтын төлбөр төлөхөөс гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, СӨХ-д төлөх үүрэгтэй гэж дүгнэжээ. Хариуцагчийн зүгээс орон сууцны ашиглалтын төлбөр төлөх болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох талаар ямар нэгэн маргаангүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу холбоог бүртгэх үйл ажиллагааг сум, дүүргийн Тамгын газар хариуцаж, гэрчилгээ олгодог. Нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж албан ёсны гэрчилгээ аваагүй буюу СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага юм. Тиймээс Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь заалтыг зөрчиж оршин суугчдаас хууль бусаар буюу СӨХ гэсэн нэрийн дор мөнгө авч буй хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасаар атал давж заалдах шатны шүүхээс маргааны гол үндэс болсон СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн үндэслэлд тодорхой дүгнэлт хийлгүйгээр хариуцагчид үйлчилгээ үзүүлж байсан тул уг зардлыг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хэргийн материалд орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар зохих ёсоор хариуцагчид үйлчилгээ үзүүлж байсан талаарх баримт байдаггүй, хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа хууль бус Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулж буй талаар тус орон сууцны конторын удирдах дээд байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад оршин суугчид удаа дараа хандан өргөдөл, гомдол явуулж байсан ба “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөл”-ийн 02/241 дугаар албан бичиг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 7/87 дугаар албан шаардлагаар тус компанид хууль бус энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байсан” талаар дурдсан байдаг. Энэ нь тухайн айл өрхүүд хууль бусаар СӨХ-ийн эрхгүй үйл ажиллагаа явуулж байгаад гомдолтой байсан нь илэрхийлэгдэж байна. Үйлчилгээ гэдэг бол үйлчүүлэгчдийн эрх ашиг, сонирхлыг бүрэн хангасан сэтгэлд нийцсэн 2 талын харилцан сонирхол, хүсэл зоригоор илэрхийлэгддэг учраас нэхэмжлэгчийн зүгээс албан ёсны СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа оршин суугчдаас СӨХ гэсэн нэрийн дор төлбөр шаардаж байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүй. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлаж СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллагад СӨХ-ийн албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй этгээдэд хэрэглэх Иргэний хуулийн 5 дугаар дэд бүлэг, “Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрх”-ийн тусгай зохицуулалт болоод Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр, магадлал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 143.3 дахь хэсэгт СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь СӨХ биш ХХК, ХХКомпани болохын хувьд хариуцагч Ц.Эрдэнбилэгтэй “орон сууц дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг” төлөх, нэхэмжлэх тухай гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байдаг. Хариуцагч Ц.Э нь ашиглалтын зардлаа төлөөд явж байсан. Гэрээний үндсэн дээр тухайн компани 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 01 сар хүртэл хугацаанд 1.066.894 төгрөг нэхэмжилснийг Ц.Э бүрэн төлж барагдуулсан. Үүнээс хойш буюу 2016 оны 02 дугаар сараас тус компанид төлөлт хийсэн ба төлөлт хийхдээ СӨХ-д хамааралтай нэхэмжлээд байгаа хууль бус зардлыг хасаад зөвхөн “ТШЕ” ХХК-ийн авах ёстой мөнгөн төлбөрийг шилжүүлсэн байдаг. Энэ нь 11 удаагийн гүйлгээгээр 831.668 төгрөг байна. Тиймээс хариуцагчийн зүгээс өөрийн хуульд заасан үүргийг биелүүлсэн ба хууль бусаар үйл ажиллагаа явуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагчийн өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж гомдол гаргаснаас бус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн гэх гомдлыг гаргаагүй. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн авч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
ТШЕ ХХК, Ц.Эээс орон сууц ашиглалтын болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 1.403.480 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 250.000 төгрөг, нийт 1.659.480 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 928.845.14 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч Ц.Э Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, 97/3 дугаар байрны 54 тоот орон сууцны өмчлөгч учир ашиглалтын буюу ус, дулаан, цахилгааны төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй, энэ үүргийг ТШЕ ХХК-р дамжуулан гүйцэтгэдэг болохыг зохигч маргаагүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар төлөгдөөгүй төлбөрийг шаардах эрхтэй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч ТШЕ ХХК нь тус байрны өмчлөгчид нэгдэж, Сууц өмчлөгчдийн холбоо байгуулахаас өмнөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж байсан нь тогтоогдсон тул үүнтэй холбоотой зардлыг хариуцагч Ц.Эээс нэхэмжлэх эрхтэй нь хэргийн баримтаар тогтоогджээ.
ТШЕ ХХК нь Барилгын тухай хуульд заасны дагуу орон сууцны барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах буюу ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах үүргийг Сүмт өргөө ХХК-с шилжүүлэн авч, дундын өмчлөлийн эд зүйлийн буюу лифт ашиглалтын болон дундын цахилгаан, цэвэрлэгээ, жижүүрийн зохих үйлчилгээ үзүүлснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.
Хариуцагч Ц.Э тухайн байранд оршин сууж дундын өмчлөлийн зүйлийг эзэмшиж, ашиглаж байгаа орон сууцны өмчлөгчийн хувьд хуулийн дагуу хог, цэвэрлэгээний болон бусад төлбөрийг төлөх үүрэгтэй.
Тухайлбал, хот тосгон, бусад суурин газарт оршин сууж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлаа тогтоосон журмын дагуу хаяж, үйлчилгээний хураамж төлөх үүрэгтэйг Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 20 дугаар зүйлийн 20.1-д, мөн эдгээр этгээд өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийхийг Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3, 14 дүгээр зүйлийн 14.2.4-т тус тус заасан байна.
Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч нь сууцны барилгын дундын өмчлөлийн зүйлийг СӨХ-д хүлээлгэн өгөхийн өмнөх хугацаанд сууц өмчлөгч нарын хуульд заасан үүргийг тэдний өмнөөс нь хэрэгжүүлснийг бусдын үүргийг даалгаваргүйгээр биелүүлсэн гэх ба уг ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, авах ёсгүй мөнгийг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх боломжгүй.
Зохигчийн хооронд үүссэн маргаан СӨХ байгуулагдахаас өмнөх төлбөр, тооцоотой холбоотой байхад тухайн харилцаа нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилахтай холбоотой Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар зохицуулагдах үндэслэлгүй юм.
Хоёр шатны шүүх дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг гаргуулахдаа нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг оновчтой тодорхойлж чадаагүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1062 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/00741 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “147.1-д” гэсний дараа “491 дүгээр зүйлийн 491.6-д” гэж нэмж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 37.405 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ