Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 181/2016/01664/и |
Дугаар | 00667 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00667
2017 оны 03 сарын 17 өдөр Дугаар 181/ШШ2017/00667 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Санроуд 7 давхарт байрлах Эбердигм Монгол ХХК/РД:5578264/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, лэндмарк офиссын барилгын 4 давхарт байрлах Шарын гол ХК/РД: 2050374/-д холбогдох
0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2,450,644,403 төгрөг, зээлээр авсан сэлбэгийн үнэ 90,353,955 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,862,942 төгрөгийг гаргуулах үндсэн, зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтээс учирсан хохирол 421,613,945 төгрөг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот гэрээний 4.1,4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарын гол ХК DA 40 маркийн нугасан холбоост буулгагч нэг ширхгийг 830,214,000 төгрөгөөр буюу гурван ширхгийг нийт 2,490,642,000 төгрөгөөр урьдчилгаа төлбөрт 249,064,200 төгрөгийг үлдсэн төлбөрийг 24 сарын хугацаанд нэг сарын 1,5 хувийн хүүтэйгээр тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 дугаар Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг Эбердигм Монгол ХХК-тай байгуулсан.
2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гурван ширхэг нугасан холбоост буулгагчийг Шарын гол ХК-д хүлээлгэн өгсөн.Худалдан авагч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ удаа дараа хоцроож байсан ба төлбөрийн хуваарийг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийн хуваарийг тус тус өөрчилсөн.
Худалдан авагч нь нийт 1,245,372,940 төгрөгийг гэрээний үнэнд төлснөөс хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 100,000,000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш аливаа төлбөрийг төлөөгүй тул бид 2015 оны 11дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийгашиглуулхаас татгалзаж унтраасан ба худалдан авагчид тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг олгож гэрээг цуцлаагүй хүлээсэн. Гэтэл Шарын гол ХК бидний эсрэг нэхэмжлэл гаргасан тул бид гэрээг цуцалж нэхэмжлэл гаргаж байна.
Гэрээг цуцалсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох ба 1 сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутамд 77,154,000 төгрөг байхаар талууд 056/2013 дугаар гэрээний 4.1.-т тохиролцсон.
Энэхүү тохиролцооны дагуу тооцож үзвэл худалдан авагч нь 2013 оны 12 дугаар сарын 224-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 700 өдөр буюу 23,33 сар тоног төхөөрөмжүүдийг ашигласан байна.Гурван ширхэг тоног төхөөрөмжийн 1 сарын түрээсийн төлбөр (77,154,000*3=231,462,000)231,462,000 төгрөг ба үүнийг 23,33 сараар үржүүлбэл нийт 5,400,780,000 төгрөг үүнээс худалдан авагчийн төлсөн 1,245,372,940 төгрөгийг хасвал 4,155,407,060, төгрөгийг нэхэмжлэгч тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч энэхүү түрээсийн төлбөр 4,155,407,060 төгрөгийг 1,704,762,657 төгрөгөөр багасгаж 2,450,644,403 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжлэхээр шийдвэрлэлээ. 2014 оны 001/2014S дугаар Тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэх гэрээг Шарын гол ХК, Эбердигм Монгол ХХК тай байгуулж тус гэрээний үндсэн дээр нийт 90,353,955 төгрөгийн сэлбэгийг Шарын гол ХК зээлээр авсан боловч үнийг төлөөгүй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсахайн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдэгт нэхэмжлэгч маргаагүй.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь онцлог зохицуулалттай байдаг. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг заасан хугацаанд төлнө гэж заасан байдаг.
Хариуцагч Шарын гол ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Шарын гол ХК, Эбердигм ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 тоот Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулан DOOSAN DA 40 маркийн нугасан холбоот буулгагчийг 2,490,642,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож худалдагч талын бэлтгэсэн гэрээнд гарын үсэг зурж худалдан авахаар болсон.
Ингээд уг гэрээний дагуу 2013 оноос 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1,245,372,940 төгрөгийг төлсөн.
Худалдан авагчийн зүгээс Монгол улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн, дэлхийн зах зээлийн дээрх нүүрсний үнэ унасантай холбоотойгоор хуваарьт төлбөрүүдийг төлөхөд хүндрэл учирсан бөгөөд худалдагч талаас хуваарьт төлбөрийг төлөөгүй шалтгаанаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс худалдсан техникийг ашиглахыг бүрэн зогсоосон.
Энэ цаг мөчөөс зээлээр худалдан авсан 3 тоног төхөөрөмжийг ашиглан хийх ёстой байсан ажлууд зогсооход хүрсэн тул манай компани арга буюу 2016 оны 03 дугаар 21-ний өдрөөс Эй Ти Эн ХХК-тай тээвэрлэлтийн Г-34/2016 тоот гэрээ байгуулан хөрс хуулалтын ажилд уг компанийн техник хэрэгслийг ашиглаж эхэлсэн.
Энэ манай компанийн хувьд гарах ёсгүй зардал байсан тул Эбердигм Монгол ХХК-иас 421,613,945 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Шарын гол ХК, Эбердигм ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 тоот Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулан DOOSAN DA 40 маркийн нугасан холбоот буулгагчийг 2,490,642,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож худалдагч талын бэлтгэсэн гэрээнд гарын үсэг зурж худалдан авахаар болсон.
Ингээд уг гэрээний дагуу 2013 оноос 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1,245,372,940 төгрөгийг төлсөн.
Худалдан авагчийн зүгээс Монгол улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн, дэлхийн зах зээлийн дээрх нүүрсний үнэ унасантай холбоотойгоор хуваарьт төлбөрүүдийг төлөхөд хүндрэл учирсан бөгөөд худалдагч талаас хуваарьт төлбөрийг төлөөгүй шалтгаанаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс худалдсан техникийг ашиглахыг бүрэн зогсоосон.
Энэ мөчөөс Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 1 д заасан худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн ашигласны үр дүнд олсон үр шим-ийг хүртэх боломжгүй болсон.Өнгөн талаас харвал хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагч тал техник ашиглах боломжийг хааж байгаа үйлдэл мэт боловч гэрээнд байгаа заалтуудаас дүгнэлт хийж үзвэл худалдан авагч гэрээний зүйлийг ашигласан ашиглаагүй худалдан авагчийн талбайд байсан хугацаагаар түрээсийн төлбөр авахаар зохицуулалт хийж өгсөн нь худалдагч тал энэ нөхцөл байдал үүсэхийг хүлээж байсан гэлтэй.
Талуудын хооронд Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Гэрээ цуцалсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутам 77,154,000 төгрөгөөр тооцно “ гэсэн заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хэсгийг зөрчсөн.
Гэрээний 4.1 дэх заалт нь худалдан авагчийн хувьд гэрээ цуцлагдсаны үр дагавар нь ямарч тохиолдолд худалдан авагчид хохиролтой байхаар байна.Худалдагчийнх уу, худалдан авагчийн санаачилгаар уу, эсхүл худалдагч үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан уу худалдан авагч үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй.
Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дэх хэсгийн “энэ хуулийн 264.1 д заасан тохиолдолд худалдагч учирсан хохирол зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн.
Иймд дээрх үндэслэлээр 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-ний 4.1,4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:Хариуцагч Шарын гол ХК нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүх төлбөр төлөгдөж дууссан байх ёстой байсан. Гэтэл хариуцагч 2015 оны 6 дугаар сард 100,000,000 төгрөг төлснөөс хойш ямарч төлбөр төлөөгүй мөртлөө тоног төхөөрөмжийг ашиглаад үр шимийг хүртэж байсан. Нийт төлбөрөөс 1 тэрбум 800 гаруй сая төгрөгийг огт төлөөгүй.2015 оны 06 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд от төлбөр төлөөгүй тул техникийг ашиглуулахаас татгалзсан.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь хариуцагч Шарын гол ХК-д холбогдуулан Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 4.1. дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр 2,450,644,403 төгрөг, зээлээр худалдаж авсан сэлбэгийн төлбөр 90,353,955 төгрөгийг гаргуулахаар үндсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Шарын гол ХК нэхэмжлэгч Эбердигм Монгол ХК-д холбогдуулж 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1, 4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гарах ёсгүй байсан зардал 421,613,945 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дүгнэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
1.1. 2014 онд 001/2014S дугаар Тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 90,353,955 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигчдын хооронд Тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэх 001/2014S дугаартай гэрээг байгуулж нэг сарын хугацаанд нийт 20,000,000 төгрөгийн сэлбэгийг 5 хувийн хямдралтай, дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт 50,000,000 төгрөгийн сэлбэгийг 5 хувийн хямдралтай худалдагч талаас зээлээр худалдаж авахаар тохиролцон зээлийг гэрээг талууд харилцан тохиролцон байгуулжээ.
Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь хариуцагч Шарын гол ХК-д 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 28,786,500 төгрөг, 02 дугаар сарын 11-ний өдөр 8,199,450 төгрөг, 02 дугаар сарын 17-ны өдөр 473,618 төгрөг, 02 дугаар сарын 24-ний өдөр 19,380,000 төгрөг, 3 дугаар сарын 03-ны өдөр 9,055,000 төгрөг, 03 дугаар сарын 03-ны өдөр 2,161,250 төгрөг, 03 дугаар сарын 09-ний өдөр 136,800 төгрөг, 3 дугаар сарын 11-ний өдөр 7,714,000 төгрөг 3 дугаар сарын 13-ны өдөр 940,500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1,090,600 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдөр 8,208,000 төгрөг,3 дугаар сарын 30-ны өдөр 3,043,800 төгрөг нийт 89,189,518 төгрөг нэмүүн өртгийн албан татварын 10 хувьтай нийлээд 98,108,470 төгрөгийн сэлбэг тоног төхөөрөмжийг Шарын гол ХК худалдан авсан байна.
Талууд 2014 оны 001/2014S тоног төхөөрөмжийн сэлбэг нийлүүлэх гэрээний дагуу дээрх сэлбэгүүдийг худалдан авсан талаар маргаагүй, нэхэмжлэгч хариуцагчаас 90,353,955 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.
1.2.Түрээсийн төлбөр 4,155,407,060 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Талууд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 дугаарт “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж DA 40 маркийн нугасан холбоост буулгагч нэг ширхгийг 830,214,000 төгрөгөөр буюу гурван ширхгийг нийт 2,490,642,000 төгрөгөөр урьдчилгаа төлбөрт 249,064,200 төгрөгийг үлдсэн төлбөрийг 24 сарын хугацаанд нэг сарын 1,5 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцсон нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.
Уг гэрээний дагуу дээрх 3 ширхэг нугасан холбоост буулгагчийг тоног төхөөрөмжийг Эбердигм Монгол ХХК нь Шарын гол ХК-д 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгч, хариуцагч тал 1,245,372,940 төгрөгийг төлж 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал тоног төхөөрөмжүүдийг ашиглуулахаас татгалзаж 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр унтраасан гэж шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын төлөөлөгч нар тайлбарлаж байх ба энэ талаар талууд маргаагүй.
Санхүүгийн түрээсийн гэрээнд түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө, шилжүүлэх, түрээслүүлэгч тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эд зүйлсээ бусдын ашиглалтад шилжүүлэн хөлс бодогдож байвал үүнийг санхүүгийн түрээс гэх ба гэрээ дуусгавар болсны дараа түрээслэгч гэрээний зүйл болох эд хөрөнгийг үргэлжлүүлэн түрээслэх эсхүл худалдан авах боломж нээгдэнэ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс дүгнэхэд хариуцагч үнийг төлөхөөс өмнө тоног төхөөрөмжийг эзэмшилдээ шилжүүлж, гэрээнд заасны дагуу тодорхой хугацаанд хэсэгчлэн төлбөрийг төлж байсан зэргээс талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 дугаарт “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, энэ хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 хэсэгт тус тус заасны дагуу тоног төхөөрөмжүүдийг болон хохирлыг худалдан авагч талаас буцаан шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 196.1.1.”эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” энэ хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт “энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж эд хөрөнгийг буцаан эрхтэй ба түрээсийн төлбөр 2,450,644,403 төгрөгийг шаардах эрхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1, 4.2.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гарах ёсгүй байсан зардал 421,613,945 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.1.Талууд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж хариуцагч талд нугасан нугасан холбоост буулгагчийг тоног төхөөрөмжийг Эбердигм Монгол ХХК нь Шарын гол ХК-д 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгч, гэрээнд зааснаар хариуцагч тал 1,245,372,940 төгрөгийг төлжээ.
Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1–д гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутамд 77,154,000 төгрөгөөр тооцно./НӨТ орсон/Ашигласан хугацаа гэдэгт тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс хойш эхлээд худалдагчид буцаан өгөх хүртэлх хугацааг ойлгоно гэж заажээ.
Дээрх гэрээнд талуудын тоног төхөөрөмжийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан атлаа санхүүгийн түрээсийн гэрээний агуулгыг тусгасан нь үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчин буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.
Иймд хууль зөрчин талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 тоот “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй.
2.2. Хохирол 421,613,945 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Хариуцагч 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал тоног төхөөрөмжүүдийг ашиглуулахаас татгалзаж 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр унтраажээ.
Шарын гол ХК-нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс Эй Ти Эн ХХК-тай тээвэрлэлтийн Г-34/2016 тоот гэрээг байгуулан хөрс хуулалтын ажилд компанийн техник хэрэгслийг ашиглаж эхэлснээс хойш тухайн компанид 252,378,835 төгрөгийг төлж 169,235,110 төгрөгийн өглөгтэй, нэхэмжлэгч талаас 421,613,945 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Талуудын хооронд байгуулсан зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнд заасан хуваарийн дагуу хариуцагч тал төлбөрөө төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна
Дээрх гэрээний 4.1 дэх заалтаас хамааран хариуцагч талд 421,613,945 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,862,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдсан үнийн дүн болох 90,353,955 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Шарын гол ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,296,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Шарын гол ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.2., 116.,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Шарын гол ХК-иас 90,353,955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 056/2013 дугаартай Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 4.1. дэх заалтад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Шарын гол ХК-иас 609,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эбердигм Монгол ХК-д олгож, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Шарын гол ХК-д олгож зохигчдоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үлдсэн хураамжийг улсын орлогод оруулсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
.