Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 55

 

“Эбердигм Монгол” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 181/2016/01664/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох

“0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2.540.998.358 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгон-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-аас:

 ...”Шарын гол” ХК-д DA40 маркийн 3 ширхэг нугасан холбоост буулгагчийн нэг ширхгийг 830.214.000 төгрөгөөр буюу нийт 2.490.642.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 056 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Үүний дагуу 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдөр тус тоног төхөөрөмжийг “Шарын гол” ХК-д хүлээлгэж өгсөн. Төлбөрийн тодорхой хуваарь гаргаад хуваарийг гэрээнд хавсаргасан. Хариуцагч компани төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй байсан учир төлбөрийн хуваарийг удаа дараа өөрчилсөн, нэмэлт өөрчлөлт хийсэн. Хариуцагч “Шарын гол” ХК нь тоног төхөөрөмжийн үнэд нийт 1.245.375.940 төгрөгийг төлсөн. ...Иймд хариуцагч талаас 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийг гаргуулж, “Эбердигм Монгол” ХХК-д олгох, 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийн түрээсийн төлбөр 2.540.998.358 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Шарын гол” ХК-аас:

...Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 дугаартай Зэлээр тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг гурван жилийн хугацаанд графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Манай компани чулуун нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний үнийн хэлбэлзлээс шууд хамааралтай байдаг юм. Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ огцом буурсан нь 2.490.642.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг тоног төхөөрөмжийн үнийг төлөх явцад багагүй хүндрэл гарсан юм. Гэтэл худалдагч дээрх нөхцөл байдлыг үл харгалзан талуудын хооронд байгуулагдсан 2013 оны Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах 056/2013 дугаартай гэрээний 3.6-д Худалдан авагч нь уг гэрээний хуваарьт төлбөрийг төлөлгүй 2 сарын хугацаанаас хэтэрсэн тохиолдолд Худалдагч тал гэрээг цуцлан гэрээний зүйл болох техникийг буцаан татах эрхтэй, 6.1.7-д 2 удаа гэрээний хуваарьт төлбөрийг хоцроосон гэсэн үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг ашиглуулахаас бүрэн татгалзан унтрааж, худалдан авагч талыг ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй болгон гэрээний хэрэгжилтийг зогсоож гэрээг шууд цуцалсан. Тиймээс 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийг худалдагч тал 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр унтрааснаас хойш худалдан авагч тал огт ашиглаагүй бөгөөд дээрх тоног төхөөрөмжийг худалдагч буцаан татахад “Шарын гол” ХК-ний зүгээс ямар нэгэн байдлаар саад болсон зүйл байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Шарын гол ХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...”Эбердигм Монгол” ХХК болон “Шарын гол” ХК-ний хооронд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах 056/2013 дугаар гэрээний төлбөрт төлсөн нийт 1.245.372.940 төгрөгийг “Эбердигм Монгол” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

... Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг “Эбердигм Монгол” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба ямар үндэслэлээр төлсөн төлбөрийг буцаан шаардаж байгаагаа тайлбарлаагүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т заасныг баримтлан хариуцагч “Шарын гол” ХК-ний эзэмшлээс 0626, 0627, 0628 арлын дугаартай 3 ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийг гаргуулан нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д, нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-аас 1.245.372.940 төгрөгийг гаргуулан хариуцагч “Шарын гол” ХК-д тус тус олгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-ний гаргасан хариуцагч “Шарын гол” ХК-аас түрээсийн төлбөр 2.540.752.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.136.152 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.384.814 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шарын гол” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 12.611.160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 6.384.814 төгрөгийг гаргуулан хариуцагч “Шарын гол” ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс давж заалдсан гомдолдоо:

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулсны дараа шүүхийн шийдвэрийн үндэслэх нь  хэсгийг танилцуулсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр хүчинтэй болсноос хойш шийдвэрийг бичгээр гаргахдаа шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт шийдвэрлэсэн асуудлыг шийдвэрт тусгахгүй орхисон. Үүгээрээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3  дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн.

Улсын дээд шүүхийн 2007 оны “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг шүүхийн практикт дагаж мөрдөх журмын "36 дугаар тогтоолын 7 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь заалтыг "Шийдвэр, магадлал хүчинтэй болсноор анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэр, магадлал гаргах, шийдвэрлээгүй асуудлыг шийдвэр, магадлалд тусгах, хянан шийдвэрлэсэн асуудлыг тусгахгүй орхигдуулах эрхгүй” гэж тайлбарласан. Анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь заалтууд болон Улсын дээд шүүхийн 2007 оны 36 дугаар тогтоолын 7 дахь заалтыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа давж заалдах гомдолдоо тусгах боломжгүй болгож нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

2. Нэхэмжлэгч нь 2013 оны 056/2013 дугаар гэрээний 4.11 дэх заалтыг /хх 16 тал/ Иргэний хуулийн 189 дүгээр "зүйлийн 189.1-т заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн хүчин төгөлдөр заалт гэж үзэж байгаагаа /хх 74 тал 6 дахь мөр/ мөн Иргэний хуулийн 196.1.2, 43.2.1-т заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой тухай тайлбарласан /хх 76 тал 5 дахь мөр/. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний 4.1 дэх заалт нь Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх заалтад нийцэж байгаа эсэх, Иргэний уулийн 196.1.2, 43.2.1-т заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэж, үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, үүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж заасныг зөрчсөн. Мөн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй хэрэглэх ёстой эдгээр заалтыг хэрэглэсэнгүй.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан, хариуцагч нь уг хүсэлтэд 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хариу тайлбар өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулан өөрчлөлт оруулаагүй, “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж”-д мөн өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг дурдаагүй хуучин нэхэмжлэлийн шаардлагыг заасан ноцтой алдааг гаргасан. Анхан шатны шүүхийн энэхүү алдааг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй юм.

4. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “... “Эбердигм Монгол” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг унтрааж, “Шарын гол” ХК-д уг тоног төхөөрөмжийг ашиглуулаагүй учир талуудын зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг түрээсийн үүргээр сольсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна” гэж дүгнэсэн.

a.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны явцад хариуцагч Шарын гол ХК тоног төхөөрөмжүүдийг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 700 өдөр буюу 23,33 сарын хугацаанд ашигласан тул энэ хугацааны тоног төхөөрөмжийг ашигласны төлбөрийг нэхэмжилж байгаа талаараа маш тодорхой дурдсан байхад гэрээ цуцалснаас хойш тоног төхөөрөмжийг ашигласан төлбөрийг нэхэмжилж байгаа мэтээр нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тайлбарлаж дүгнэсэн.

b.2013 оны 056/2013 дугаар гэрээний 4 дүгээр зүйл нь бүхэлдээ гэрээ цуцалсны үр дагаврыг зохицуулсан заалтууд учир гэрээ цуцлагдсанаас хойш хариуцагч 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны тоног төхөөрөмжийг ашигласан харилцааг зохицуулж байгаа юм.

c.Гэрээний 4.1 дэх заалтад “тоног төхөөрөмжүүдийг ашигласан хугацааны төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх тухай зохицуулсан заалт юм. Гэтэл анхан шатны шүүх гэрээг цуцалснаас хойш нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг хариуцагчид "ашиглуулах” үүрэгтэй мэтээр буруу тайлбарласан. Хариуцагч тоног төхөөрөмжийн үнийг төлөхөөс татгалзсан байхад нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг түрээсээр ашиглахыг хариуцагчаас шаардах бодит боломжгүй.

Үүнээс шалтгаалж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй тоног төхөөрөмжийг хариуцагч ашигласан эсэх асуудалд үнэлэлт дүгнэлт хийсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд харш, нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн үйлдэл болсон. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай хэмжээнд тодруулж ойлгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

5. нэхэмжлэгч удаа дараа төлбөрөө зохих ёсоор төлөөгүй учир хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн тоног төхөөрөмжийг унтраан ашиглах боломжгүй болгож гэрээнээс татгалзсан байна,... Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу “Шарын гол” ХК-ний гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үнэнд төлсөн 1.245.375.940 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

a.Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй, гэрээг цуцалсан гэж үзсэн, хариуцагч хариу тайлбартаа мөн нэхэмжлэгчийг гэрээ цуцалсан гэж тайлбарласан гэтэл шүүх гэрээнээс татгалзсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

b.Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан. Иймээс гэрээнээс татгалзах, үүнээс гарах үр дагаврын талаар шаардлага гаргах эрх хариуцагчид үүсэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

c.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасан гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаах, гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй тухай заалтыг үндэслэл болгосон байх боловч энэ заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч тоног төхөөрөмжийг 23,33 сарын турш ашиглаж олсон орлогыг нэхэмжлэгчид буцаан өгөх шаардлагыг хангаж шийдвэрлэсэнгүй. Үүнээс дүгнэж үзвэл хариуцагч нь цоо шинэ гурван ширхэг тоног төхөөрөмжийг хоёр жилийн хугацаанд ашиглачхаад нэг ч төгрөгийг нэхэмжлэгчид төлөхгүй байх шударга бус шийдвэр гаргасан байна. Энэ нь Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжихгүй байх зарчимд харшилсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “ Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Шарын гол” ХК-д холбогдох эд хөрөнгө болон түрээсийн төлбөр гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн мөнгийг буцаан шаардах сөрөг нэхэмжлэлтэй иргэний  хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж үзлээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж,  гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардаж, гэрээ цуцалсан тул гэрээний хугацаанд эд хөрөнгийг ашигласан хөлсийг гэрээгээр тохиролцсоны дагуу  шаарджээ.

            Ийнхүү гэрээтэй холбоотой шаардлагаа үндэслэхдээ шүүхэд гэрээ болон бичгийн баримтуудыг гаргаж өгсөн байна.

            Хариуцагч тал нэхэмжлэгчийн гэрээ цуцалсантай холбогдуулан худалдах, худалдан  авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийг буцаан шаарджээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд  зааснаар  анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэх бөгөөд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаар тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заажээ.

            Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ материаллаг болон процессын хуулийг тэдгээрийн агуулга зорилгод нийцүүлэн тухайн маргаантай харилцаанд  оновчтой зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримталсан тохиолдолд шийдвэрийг хууль ёсны гэж үзэх юм.

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд хуульд зааснаар шүүх хуралдаанд тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, түүний агуулгыг тайлбарлахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заажээ.

Ийнхүү танилцуулахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр  хэрхэн шийдвэрлэснийг тайлбарлах үүрэгтэй.

            Анхан шатны шүүх ийнхүү тайлбарласан байх бөгөөд харин тогтоох хэсгийн үндэслэлийг амаар тайлбарласан тайлбар нь хуралдааны бичлэг болон бичлэгийн хөрвүүлэгт тусгагдсанаас өөрөөр шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан байна.

Тухайлбал  шүүх түрээсийн төлбөр нэхэмжлэх гол үндэслэлээ “....Тэгэхээр түрээсийн гэрээ байгуулагдсан юм бол тодорхойгүй, ашиглалтад шилжүүлэх, үр шимийг олж авах энэ боломжоор хангах ёстой. Тэгэхээр энэ зүйл болоод хэргийн гол нөхцөл  дэх хэлбэрийн шаардлагыг хангахгүй байгаа учраас түрээсийн гэрээ бодитоор байгуулагдаагүй байна гэж үзээд түрээсийн төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн....” гэж тайлбарласан атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “түрээсийн гэрээгээр  түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой  хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн бөгөөд  “Эбердигм Монгол” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацаанд “Шарын гол” ХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлээгүй тул талуудын хооронд бодитоор түрээсийн гэрээ байгуулагдаагүй ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар үүрэг солигдсон гэж үзэх үндэслэл байхгүй байна... гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зүйлийг шүүх хуралдаанд тайлбарласнаас өөрөөр шийдвэрт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д заасан шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй, 119.3-т заасан ...шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь үйлдэж шүүгч шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэснийг зөрчжээ.

Хэдийгээр шүүх шийдвэрийн зөвхөн тогтоох хэсгийн агуулгыг уншсан боловч цааш нь үргэлжлүүлэн үндэслэх хэсгийн агуулгыг тайлбарласан байх тул дээрх тайлбарыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хийсэн дүгнэлтүүдийн агуулга гэж үзэхээр байх тул эдгээр дүгнэлт агуулгыг шийдвэрийг бүрэн эхээр нь бичиж гаргахдаа /тайлбарласнаас/ өөрчлөх  боломжгүй байна.

            Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах нь хуульд нийцнэ.

            Түүнчлэн түрээсийн гэрээний төлбөр нэхэмжлэхдээ түрээсийн хугацааны талаар шүүхэд нэхэмжлэгч тал тодорхой дурдсан байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар биш нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудалд дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дээрх үндэслэлийг дурдсаныг хэрэгсэхгүй орхих боломжгүй юм.

Мөн хэргийн /хх 2-58/ талд авагдсан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга нь  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн биш харин сэлбэгийн үнэ 90.353.955 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан болон түүнтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй байна. 

Дээрх үндэслэлүүдийг зааж анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олговол зохино

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.088.578 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА       

                                                       ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ