Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/001459

 

“Э М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ш Г” ХК-д холбогдох,

0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2 540 998 358 төгрөгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээлээр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 1 245 375 940 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, О.Отгон-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, М.Бадрал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...“Ш Г” ХК-д DA40 маркийн 3 ширхэг нугасан холбоост буулгагчийн нэг ширхгийг 830 214 000 төгрөгөөр буюу нийт 2 490 642 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 056 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Үүний дагуу 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тоног төхөөрөмжийг “Ш Г” ХК-д хүлээлгэж өгсөн. Төлбөрийн тодорхой хуваарь гаргаад хуваарийг гэрээнд хавсаргасан. Хариуцагч компани төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй байсан учир төлбөрийн хуваарийг удаа дараа өөрчилсөн, нэмэлт өөрчлөлт хийсэн. Хариуцагч “Ш Г” ХК нь тоног төхөөрөмжийн үнэд нийт 1 245 375 940 төгрөгийг төлсөн.

...Иймд хариуцагч талаас 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийг гаргуулж “Э М” ХХК-д олгох, 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийн түрээсийн төлбөр 2 540 998 358 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

...Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 дугаартай тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг гурван жилийн хугацаанд графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Манай компани чулуун нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний үнийн хэлбэлзлээс шууд хамааралтай байдаг юм. Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ огцом буурсан нь 2 490 642 000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг тоног төхөөрөмжийн үнийг төлөх явцад багагүй хүндрэл гарсан юм. Гэтэл худалдагч дээрх нөхцөл байдлыг үл харгалзан талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 056/2013 дугаартай гэрээний 3.6-д худалдан авагч нь уг гэрээний хуваарьт төлбөрийг төлөлгүй 2 сарын хугацаанаас хэтэрсэн тохиолдолд худалдагч тал гэрээг цуцлан гэрээний зүйл болох техникийг буцаан татах эрхтэй, 6.1.7-д 2 удаа гэрээний хуваарьт төлбөрийг хоцроосон гэсэн үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийг ашиглуулахаас бүрэн татгалзан унтрааж, худалдан авагч талыг ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй болгон гэрээний хэрэгжилтийг зогсоож гэрээг шууд цуцалсан. Тиймээс 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийг худалдагч тал 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр унтрааснаас хойш худалдан авагч тал огт ашиглаагүй бөгөөд дээрх тоног төхөөрөмжийг худалдагч буцаан татахад “Ш Г” ХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар саад болсон зүйл байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

...“Э М” ХХК болон “Ш Г” ХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Зээлээр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах 056/2013 дугаар гэрээний төлбөрт төлсөн нийт 1 245 372 940 төгрөгийг “Э М” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

...Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг “Э М” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба ямар үндэслэлээр төлсөн төлбөрийг буцаан шаардаж байгаагаа тайлбарлаагүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т заасныг баримтлан хариуцагч “Ш Г” ХК-ийн эзэмшлээс 0626, 0627, 0628 арлын дугаартай 3 ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагчийг гаргуулан нэхэмжлэгч “Э М” ХХК-д, нэхэмжлэгч “Э М” ХХК-аас 1 245 372 940 төгрөгийг гаргуулан хариуцагч “Ш Г” ХК-д тус тус олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э М” ХХК-ийн гаргасан хариуцагч “Ш Г” ХК-аас түрээсийн төлбөр 2 540 752 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 136 152 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 384 814 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш Г” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 12 611 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “Э М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 6 384 814 төгрөгийг гаргуулан хариуцагч Ш Г ХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 088 578 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Э М” ХХК-д олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсан, мөн бусад асуудал буюу үндэслэх хэсгийн агуулгын зарим хэсгийг тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх уг хэлсэн тайлбарын үг, үсэг бүрийг орхилгүй шийдвэрт бичих ёстой гэсэн агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэл болгосон. Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь байх ёстой, өөрөөр хэлбэл 168.1-д заасан үндэслэлүүдээс өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох ёсгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх аль ч үндэслэлийг нь хэрэглээгүй тул магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” албан тоотыг шүүхэд ирүүлсэн байдаг. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан асуухад нэхэмжлэгч сэлбэгийн үнээс татгалзаж байгаагаа хэлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч сэлбэгийн үнэтэй холбоотой шаардлагыг шүүхээр хэлэлцүүлээгүй бөгөөд зохигчид энэ талаар мэтгэлцээгүй болно. Тиймээс уг асуудлыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой байсан.

Нэгтгэн дүгнэвэл давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байхад Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх”, 4.1.4-т “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх” заасан эрхэм зорилгод нийцэхгүй, хэт нэг талыг барьсан тул Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болсон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, улмаар гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагаврын хэмжээг зөв тооцоолж чадаагүй учир шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “Э М” ХХК нь хариуцагч “Ш Г” ХК-д холбогдуулан гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2 450 644 403 төгрөг, зээлээр авсан сэлбэгийн үнэ 90 353 955 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэлбэгийн үнийн талаарх шаардлагаас татгалзсан байна.

 

Хариуцагч ”Ш Г” ХК нь гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагчийг нэхэмжлэгчид буцаан өгөхийг татгалзаагүй, харин түрээсийн төлбөрт 2 450 644 403 төгрөг төлөх шаардлагыг эс зөвшөөрч, маргаснаас гадна нэхэмжлэгч “Э М” ХХК-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “зээлээр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах” гэрээний 4.1., 4.2.3. дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, худалдан авсан тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэхэмжлэгч зогсоосноос учирсан хохирлыг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн 1 245 375 940 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй татгалзсан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг шийдвэр гаргахдаа тодорхой бус дүгнэлт хийсэн, шийдвэрийг хэргийн оролцогчдод тайлбарлан танилцуулсан байдлаас өөрөөр боловсруулсан гэж буруутган, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр зөрчлийг залруулах боломжтой, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагагүй байсан гэж үзэхээр байна.  

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлээр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулж, DOOSAN DA40 нугасан холбоост буулгагч 3 ширхэгийг 2 490 642 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцжээ.

Худалдан авагч урьдчилгаа төлбөрийг худалдагч талд бүрэн төлж, тоног төхөөрөмж хүлээн авах актанд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж, худалдан авагч гэрээний үнийг бүрэн төлж, тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар гэрээ дуусгавар болохоор гэрээнд заасан байна \гэрээний 2.1.\.

Тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс хойшхи тээвэрлэлт, хулгай, бусад гэмт хэрэг, гал түймэр, байгалийн гамшиг, гэнэтийн осол, тоног төхөөрөмжийг ашиглах болон хадгалах үеийн бүх эрсдлийг худалдан авагч үл маргах журмаар хариуцна гэжээ \гэрээний 2.2.\.

Тоног төхөөрөмжийн нийт үнэ 2 490 642 000 төгрөг ба үлдэгдэл төлбөр болон хүү төлөх хуваарийг талууд гэрээний хавсралт №1-ээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 249 064 200 төгрөгийг тоног төхөөрөмжийг хүлээлцэхийн өмнө 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 4 хэсэгчлэн төлөх үүрэг худалдан авагч талд ногджээ \гэрээний 3.1.-3.3.\ 

Гэрээний төлбөрийг худалдан авагч тал гэрээний хавсралтад заасан хуваарьт хугацаанд төлөхгүй 7 хоног хэтрүүлбэл төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувийн алданги төлөх үүрэг хүлээжээ \гэрээний 3.4.\

Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох, нэг сарын түрээсийн үнэлгээг тоног төхөөрөмж тутамд 77 154 000 төгрөгөөр тооцохоор талууд тохиролцжээ. Ашигласан хугацаа гэдэгт тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс эхлээд худалдагчид буцаан өгөх хүртэлх хугацааг ойлгохоор гэрээнд заасан байна \гэрээний 4.1.\

Анхан шатны шүүх зохигчийг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан,  талууд гэрээнээс татгалзсан учир Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1.-д зааснаар гэрээгээр авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй гэж үндсэн шаардлагын зарим хэсэг болон сөрөг шаардлагыг хянан шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч  биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь хиймэгц биелэх биш харин урт хугацааны гэрээ тул талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ цуцлагдах болно.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог. Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж, гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлаж, хуулийн 205 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэдэг байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Хариуцагч “Ш Г” ХК нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг 2013 оны 10 дугаар сард хүлээн авснаас хойш нэхэмжлэгчээс тоног төхөөрөмжийг унтраах 2015 оны 11 дүгээр сар хүртэл ашигласан буюу тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь хэрэглэж, ашгийг нь хүртсэн байна. Шүүх талуудын гэрээгээр авсан бүх зүйлийг харилцан буцаах ёстой гэж дүгнэж, тоног төхөөрөмжийг хариуцагчийн эзэмшлээс нэхэмжлэгчид, төлбөрт төлсөн мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид олгохоор шийдвэрлэхдээ эд хөрөнгийг ашигласан байдлыг харгалзан үзээгүй нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1.-д зааснаар гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлөх ёстой байна.

Хариуцагч “Ш Г” ХК нь гэрээний үнэд 1 245 372 940 төгрөг төлсөн, тоног төхөөрөмжийг 2013 оны 10 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. Эд хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны төлбөрийг тодорхой тогтоох боломжгүй тул дээрх төлсөн төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгчид үлдээх боломжтой гэж шүүх үзлээ.

Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох тухай талуудын тохиролцоо түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагын эрх зүйн үндэслэл болж чадахгүй байна. Анхан шатны шүүх тухайн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь зөв боловч энэ тухай эрх зүйн дүгнэлтээ хангалттай бүрэн шийдвэртээ тусгаагүй, хэргийн оролцогчид тодорхой тайлбарлаж чадаагүй нь учир дутагдалтай болжээ.    

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т заасан зохицуулалтын агуулгаас үзвэл хохирол гэх ойлголт зөвхөн гэм буруу байгаа тохиолдолд бий болдог байна. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол гэрээнээс татгалзсан тал хохирол шаардах үндэслэлгүй болно.

Зохигчдын тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний 4.1.-дэх заалтад гэрээ ямар шалтгаанаар цуцлагдсан байхаас үл хамааран худалдагч нь худалдан авагчаас эд хөрөнгө ашигласан хугацаагаар түрээсийн төлбөр шаардах эрхтэй байхаар тусгасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т заасан шаардлагад нийцэхгүй юм.

Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох тухай талуудын тохиролцоонд худалдан авагчийн төлсөн төлбөрт түрээсийн төлбөр, эд хөрөнгийн элэгдэл хорогдол, засвар, сэлбэгийн зардал зэргийг багтаан тооцохоор заасан ба зээлээр худалдах-худалдан авах гэрээний худалдагчийн үүргийг түрээслэгчийн үүргээр солих агуулгатай гэж үзвэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3., 236.2.-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн үүрэг дуусгавар болно.   

Зохигчийн хоорондох маргаанд хуулийн дээрх зохицуулалтыг хамааруулж, тэдгээрийн хоорондох харилцаа түрээсийн гэрээний харилцаа болсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь хариуцагч “Ш Г” ХК-ийн төлсөн төлбөр гурван тоног төхөөрөмжийн алинд нь хамаарч, аль төхөөрөмжийг түрээсийн зүйл гэж үзэх, тэдгээрийн элэгдэл, биет байдал ямар хэмжээнд байсан, гэрээний хугацааг хэрхэн тооцох зэрэг түрээсийн гэрээний үндсэн нөхцөлд хамаарах асуудлыг тодорхойлох боломжгүй байна.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг худалдан авагч тал зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан нөхцөлд талууд гэрээний 4.1.-д зааснаар гэрээний төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэх тусгайлсан гэрээ байгуулсан бол түрээсийн төлбөр шаардах эрх зүйн үндэслэлтэй болох байжээ. Үүргийг солих ажиллагаа ийнхүү солих үндэслэл бий болсон үед хийгдэх учиртай.   

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “Э М” ХХК-иас “Ш Г” ХК-д буцаан олгох төлбөрийн хэмжээг 622 686 470 төгрөг гэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2.- т заасан зохицуулалтыг нэмж баримтлахаар өөрчлөлт оруулан, зарим заалтыг өөрчлөн найруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1.-т заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1., 264 дүгээр зүйлийн 264.1.-д заасныг баримтлан” гэж, “1 245 372 940 төгрөгийг” гэснийг “622 686 470 төгрөг” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж, 3 дахь заалтын “6 384 814 төгрөгийг” гэснийг “3 271 382 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 19 088 578 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН