Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 321

 

“Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2015/0451 дүгээр магадлалтай, “Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Моностойн нуруу” ХХК захирал Б.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 тоот захирамж гаргаж, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг “Моностойн нуруу” ХХК-нд 24 нэгж талбар бүхий 818 га тариалангийн газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлж өгсөн. Үүнээс 5 жилийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ солих болсон тул Ерөө сумын Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 тоот захирамж гаргаж “Моностойн нуруу” ХХК-ийн эзэмшилд байгаа 23 нэгж талбар бүхий 813.92 га талбайн гэрчилгээг сольж олгосон.

Энэхүү 2007 онд анх эзэмшүүлж, 2013 онд гэрчилгээг нь сольж эзэмшүүлсэн газар дотор Ерөө сумын иргэн Л.Цэрмаагаас хурааж авсан 94 га /2013 онд дахин хэмжилтээр 84 га болсон/ талбай орсон байна. Иргэн Л.Цэрмаа 2001 оноос 2007 оныг хүртэл 94 га талбайг эзэмшиж байхдаа хуулинд заасан газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу огт ашиглаагүй атаршуулсан учир сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-р зүйлийг баримтлаж 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 42 тоот захирамж гарган, иргэн Л.Цэрмаагийн 94 га газар эзэмших эрхийг хүчингүй болгож өөрт нь мэдэгдсэн байна.

Гэтэл иргэн Л.Цэрмаа газраа хураалгаснаас хойш 8 жил 6 сарын дараа миний эзэмшиж байсан газрыг хурааж авсан гэдэг гомдлыг аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад 2015 оны 10 дугаар сард гаргасан байна. Уг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч этгээд ... Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гомдол өгөх газар нь Засаг дарга биш шүүх баймаар юм. Гэтэл аймгийн Засаг дарга иргэн Л.Цэрмаагийн гомдлыг хүлээж аваад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/435 тоот захирамж гаргаж Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хүчингүй болгож, иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээх үүргийг сумын Засаг дарга Б.Сэргэлэнд өгсөн байна. Сумын Засаг дарга Б.Сэргэлэн аймгийн Засаг даргын захирамжийг хүлээж аваад 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 256 тоот захирамж гаргаж “Моностойн нуруу” ХХК-ний эзэмшилд хууль ёсоор 9 жил ашиглагдаж байгаа 94 га /2013 онд дахин хэмжилтээр 84 га болсон/ талбайг иргэн Л.Цэрмаад олгож ямар ч үндэслэлгүйгээр “Моностойн нуруу” ХХК-ний эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Ийм шийдвэр гаргасан тухайгаа сумын Засаг дарга Б.Сэргэлэн “Моностойн нуруу” ХХК-ний удирдлагад огт мэдэгдээгүй. Харин иргэн Л.Цэрмаа 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр компаний захирал Б.Пүрэвжавт “танай компаний эзэмшилд байгаа 84 га талбайг сумын Засаг дарга захирамж гаргаж надад эзэмшүүлж өглөө” гэдгийг хэлсэн. Компаний захирал Б.Пүрэвжав 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр сумын газрын даамал Э.Ариунбаттай утсаар холбогдож лавлаад 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад өргөдөл өгсөн. Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат өргөдлийн хариу болгож 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 54 хоногийн дараа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Отгонхүүгийн гарын үсэгтэй албан бичгээр өгсөн. Энэхүү албан бичигт манай өгсөн өргөдлийн мөрөөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөж тодорхой ажил явуулаагүй, гаргасан захирамжаа хамгаалсан утгатай хариу өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 тоот захирамж, үүнийг хэрэгжүүлэхээр Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжууд нь хуулийн этгээд “Моностойн нуруу” ХХК-ний газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчиж байгаа тул дээрх захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийнхөө 256 тоот захирамжаа хүчингүй болгосон захирамж гаргасан болохыг мэдлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийнхөө 256 тоот захирамж хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж одоо Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 тоот захирамж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болон тодруулж байна гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн Гэрэлт хайлааст хэсэгт оршин суух “Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад дараах хариу тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

1. Ерөө сумын иргэн Л.Цэрмаа нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Засаг дарга миний нэр дээр хуурамч захирамжийг хүчингүй болгуулж гэрчилгээгээ шинэчлүүлэх тухай өргөдөл ирүүлсэн. Уг өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/366 тоот захирамжаар Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж, ГХБХБГ-ын Удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхсоёл, Архивын тасгийн дарга, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч З.Хишигжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулж шалгуулсан.

Уг ажлын хэсгийн шалгалтын дүн, архив албан хэрэг хөтлөлтийн Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу архивын сан хөмрөгт хуурамчаар нөхөн бүрдүүлж авсан Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 тоот захирамжийг аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэж, Ерөө сумын Засаг даргад Архивын тасгийн улсын байцаагчийн 2015 оны 08 тоот дүгнэлтийг хүргүүлсэн болно.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасны дагуу аймгийн Засаг даргын А/366 дугаар захирамжаар ажлын хэсэгт орж ажилласан Ч.Даваадорж, З.Хишигжаргал, Б.Мөнхсоёл нар болон тухайн үеийн сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Ганболд, сумын газрын даамал Э.Ариунбат, нарийн бичгийн дарга Ариунзаяа, сумын агрономич Я.Базарсэд нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулж гэрчээс мэдүүлэг авахуулах, Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 тоот захирамжийг хуурамч эсэхийг тогтоох мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлтийг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын “Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Тус сумын иргэн Л.Цэрмаа нь өөрийнхөө эзэмшиж байсан 94 га газраа хураагдсаныг мэдэж байсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 27-нд давуу эрхээр 100 га тариалангийн газар эзэмшихийг хүссэнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн боловч тухайн газрыг нь олгох боломжгүй гээд дэмжээгүй. Иргэн Л.Цэрмаа нь ашиглах боломжтой тариалангийн талбайгаас авах хүсэлт гарган 2 нэгж талбар бүхий 40,98 га газрыг сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот захирамжаар эзэмшиж гэрээ гэрчилгээгээ авсан. Үүний дараа дахин хуучин эзэмшиж байсан 94 га талбайгаа буцааж авна гэж өргөдөл гаргахад боломжгүй гэдгийг хариу бичгээр өгч өргөдлийг буцаасан.

2. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 тоот захирамжийг хэрэгжүүлж иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 256 тоот захирамжаар сэргээсэн. Ингэхдээ уг захирамжинд газар эзэмших хугацааг 15 жилээр сэргээснийг иргэн Л.Цэрмаа нь хүлээн зөвшөөрөөгүй анх 60 жилийн хугацаагаар эзэмшсэн тиймээс газар эзэмших хугацааг 60 жил болгож өгөхийг хүсч амаар гомдол гаргасныг үндэслэн хугацааг нь өөрчилж 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжийг хүчингүй болгож дахин захирамж гаргах шаардлага гарсан тул “Моностойн нуруу” ХХК-нд мэдэгдээгүй 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 тоот захирамжаар иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээж газар эзэмших хугацааг 46 жил болгон өөрчлөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжийг хүчингүйд тооцсон болно гэжээ.

Гуравдагч этгээд Л.Цэрмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... би 2003, 2005 онд тариа тарьсан 2006 онд хагас уриншлаад нас барсан хүү болох Б.Баярсайхан нь өөрийн 94 га газартаа тариа тарьж бай гэж П.Ганзоригтой тохиролцсон байсан. Үүнээс хойш П.Ганзоригийг тарьж байгаа гэж бодож өдий хүрсэн. Гэтэл “Моностойн нуруу” ХХК-д байгаа гэж 2013 онд Э.Ариунбат хэлж намайг өөр газар ав гэсэн боловч уг газраа өгөөгүй өгсөн заасан газар нь сэтгэлд таараагүй. Ийм учраас би хуучин газраа авах гэж хөөцөлдөн сумын Засаг даргад 4 удаа өргөдөл өгсөн дараа нь Газрын албанд өгсөн дараа нь аймгийн Засаг даргад хуулийн дагуу өгсөн. Аймгийн Засаг дарга 5 хүний бүрэлдэхүүнтэй явж шалгаж надад хариуг өгсөн тул би газраа шинээр гэрчилгээ кадастр захирамж гаргуулж авсан нь үнэн.

...Монгол Улсын 2002 оны Газрын тухай хуулийн 27-д заасан 40.1.1, 40.1.5, 40.1.6-р зүйлийг зөрчөөгүй. Харин уг хуулийн 38, 39, 40, 41 дүгээр зүйлийг бүгдийг зөрчсөөр байтал аймгийн Засаг дарга ба сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Намайг энэ газрыг огт ашиглаагүй гэж хэлж байна. Энэ газрыг авахдаа би “Ерөө трейд” ХХК-аас техник хэрэгсэлтэй нь авсан. Намайг татвараа төлж байгаагүй гэж хэн ч өдий болтол хэлж байгаагүй би газрын төлбөрөө төлдөг байсан. Миний талийгаач хүү 2006 онд надад “ээж би н.Ганзоригт манай газрын татвар мөнгийг төлөөд манай газар дээр тариа тарьж бай” гээд хэлчихлээ н.Ганзориг одоо тариа тарьж байгаа гэж хэлсэн. Хүү маань өөрөө тэнд тариалалтанд явж байсан. Нэг жил тариа тарь гээд Сэлэнгийн гаальд ажилладаг хүү үрийн будаа авч өгсөн. Дараа нь би өөрийхөө үрийн будаанаас тариад хүрэхгүй болохоор нь С.Ганболдоос үрийн будаа авч тарьсан. С.Ганболдын үтрэмийн баруун урд захад будаагаа буулгаад өвөл складанд хадгалуулж байсан. Миний газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гарсан гэдгийг хэн ч хэлээгүй.

Надад 2007 оны захирамжийг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн. Надад өгөхөөр нь захирамжаа бариад хуурамч захирамж байна гээд Засаг дарга дээр орсон. 2007 онд гарсан захирамжийг Э.Ариунбат гарсан даруйд нь надад өгөх ёстой байтал өөртөө хадгалаж байсан. Би өөрийн газар дээрээ н.Ганзоригийг тариа тарьж байгаа гэж бодож байсан. Энэ тухайгаа П.Ганзоригт хэлэхэд надад “би аав, Э.Ариунбат ах, та хэдийг хоорондоо ярилцсан юм байх” гэж хэлсэн. Ганц ч үг үсэг, таслал худал хэлэхгүйгээр хэлнэ. 2007 онд гарсан захирамж яахаараа Э.Ариунбатын өрөөнд хэвтэж байсныг ойлгохгүй байна. Урьд өмнө би газар авна гэж их хөөцөлдөж газрын албаны н.Батдэлгэр гэдэг хүнд өргөдөл бичиж өгсөн.

Гэтэл 3-н сар гаран миний өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй сүүлдээ би өөрөө очиж уулзахад “суманд шийдхээр болсон та баримтуудаа аваад яв” гэж надад хэлсэн. Тэгээд би Засаг дарга та нарт ийм бичиг өгсөн байна та нар яагаад шийдэхгүй байгаа юм гэж асуухад Засаг дарга, Э.Ариунбат бид хоёрыг өрөөндөө дуудаж оруулаад шууд загнасан. Тэгээд Л.Цэрмаад 94 га газрыг нь өнөөдрийн дотор өг гэж хэлээд гаргасан. Э.Ариунбат өөрийнхөө машинд 10 литр шатахуун хийгээд “Баруун санждаа” гэдэг газар очоод 48 га, 32 га, 8 га газрыг надад үзүүлсэн. Тэгээд би Э.Ариунбатад энэ газраа бичээд өгчих тэгвэл би 94 га газраа болъё гэж хэлсэн. Гэтэл надад 32 га, 8 га газрыхаа гэрчилгээг өгчихөөд 42 га газрыхаа гэрчилгээг өгөхгүй хэдэн сар болсон. Тэгээд би за болъё би явдаг газраар нь явж шат шатаар нь арга хэмжээ авна би шүүхэд хандана гээд хууль дүрмээр нь явж байна. Надад 84 га газрын гэрчилгээ өгөхдөө намайг “гэрчилгээгээ хураалга дараа нь ямар нэгэн асуудал гаргах гэж байгаа юм” гэхээр би нь “хураалгахгүй энэ хэрэг шийдэгдэх хүртэл надад байж байг” гэж хэлээд өгөөгүй.

Надад 84 га газрыг маань 15 жилийн хугацаатай эзэмшүүлнэ гэхээр нь би тэр дор нь тэр цаасыг нь ураад хаячихсан. Тэгээд 2001 оноос газар анх эзэмшсэн гэдгээрээ 46-н жилийн хугацаатай газар эзэмших эрх авсан. Сүүлд авсан 32 га, 8 га, газрыг надад би давуу эрхээрээ авсан. Намайг 94 га газраа авах гэхэд 84 га газар бичиж өгчихөөд “та давуу эрхээр авсан газрын гэрчилгээгээ хураалгачихаад 84 га газрыхаа гэрчилгээг ав” гэж надад хэлэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Надад 45 га газрын гэрчилгээ байгаа мөн иргэдийн Хурлаар орсон тогтоол нь байгаа. Энэ хүмүүс миний хүүг бурхан болсон гэж ийм эвгүй юм хийж яваа улсууд байна. Намайг аймгийн Засаг даргатай хувилдаж хуурамч дүгнэлт гаргуулсан гэж ярьж байна. Үнэн бол үнэн л байна ийм л зүйл хэлнэ гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Газрын  тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2  дахь хэсэгт заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн  Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй  болгуулах” тухай  “Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 451 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Моностойн  нуруу”  ХХК-ийн   нэхэмжлэлтэй,   Сэлэнгэ  аймгийн  Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сууын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 451 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Магадлалын 14 дүгээр хуудас /хянавал хэсэгт “Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамжийг хуурамчаар үйлдэж, тухайн цаг хугацаандаа бус 2009 оноос хойш нөхөж гаргасан болох нь Сэлэнгэ аймгайн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт ... зэргээр тогтоогдсон” гэж үздэг. Тус захирамжийг хуурамч захирамж гэж үзэж байгаа бол энэ нь захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул ИХШХШТ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн, ... журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж зааснаар хэргийг түдгэлзүүлж тус захирамжийг хуурамчаар үйлдсэн эсэх талаар харъяаллын дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоолгохоор байтал шүүх өөрөө хуурамч нотлох баримт мөн гэж үнэлсэн нь хууль буруу хэрэглэсэн.

2. Магадлалын /5 дугаар хуудас хянавал хэсэгт “...Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжийг     хүчингүй болгож, Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээх арга хэмжээ авахыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөргүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна” гэж үзсэн. Шүүх нь ЗХХШТ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэтэл анх Л.Цэрмаад 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №170400204 тоот газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байдаг боловч газрын эзэмшүүлэх гэрээг нотлох баримтаар цуглуулж үнэлээгүй хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хавтаст хэрэгт тусгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлсөн. Тус газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Дараах тохиолдлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг дарга хүчингүй болгох эрхтэй байдаг. Үүнд: эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдийг тус газар эзэмших гэрээгээр байгуулсан эрх үүргээс харах мөн Л.Цэрмаа нь 2001 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийг урьдчилан мэдэж байсан. Мөн Газрын тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байдаг.

Л.Цэрмаа нь 2001 онд эзэмшсэн 94 га газраа П.Ганзоригт түрээслүүлсэн эсхүл ашиглуулсан гэж 2 янзаар ярьдаг боловч хэрвээ тус газрыг түрээслүүлсэн бол Иргэний тухай хуулийн 327 дугаар зүйлд зааснаар Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээг бичгээр байгуулж эрх зүйн харилцаа үүсэх байсан гэтэл түрээсийн гэрээ огт байдаггүй мөн ашиглуулсан бол Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар ашиглуулж байгаа бол Ерөө сумын Засаг даргын зөвшөөрлийн үндсэн дээр ашиглуулах хуулийн зохицуулалтай гэтэл зөвшөөрөл хүссэн баримт байдаггүй.

Шүүх болон аймгийн Засаг дарга нар Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хуурамч эсэх тал дээр ач холбогдол өгч түлхүү анхаарснаас бус тус захирамжийн үндэслэл нь хуулийн дагуу эсэхийг анхаарч үзээгүй байдаг. Жишээ нь: Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан заалтуудыг үндэслэсэн нь бодит байдалтай нийцэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. хавтаст хэргийн 6 дугаар хуудас Ерөө сумын газрын даамал Э.Ариунбатын тодорхойлолт “иргэн Л.Цэрмаа нь 2001-2007 оны хооронд 94 га газрыг эзэмшиж байсан бөгөөд тухайн газраа огт ашиглаж байгаагүй, газрын төлбөр огт төлж байгаагүй үнэн болно”, хавтаст хэргийн 55 дугаар хуудас Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт 2002-2016 оны хооронд “Моностойн нуруу” ХХК газрын төлбөр төлөгдөж байсан, Л.Цэрмаа төлөгдөж байгаагүй тодорхойлолт, Хавтаст хэргийн 106 дугаар хуудас Ерөө сумын ЗДТГ-ын ХХАА тасгийн дарга   Я.Баярсэдийн мэдүүлэгт “Л.Цэрмаа нь 2001-2007 онд тариалангийн газар эзэмшиж байх хугацаандаа ямар нэгэн уринш болон тариалалтын мэдээг огт өгч байгаагүй юм, өөрийн нэр дээр болон бусдын нэр дээр”, гэх мэт Л.Цэрмаа нь тус 94 га газрыг 2001-2007 оны хооронд огт ашиглаж байгаагүй, газрын төлбөр төлж байгаагүй нь газар эзэмших гэрээний зөрчлийг удаа дараа ноцтой зөрчсөн үйлдэл болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байхад Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хуурамч захирамж гэж үзэж Б.Пүрэвжавын газар эзэмших эрхийг зөрчиж Л.Цэрмаагийн илт хууль зөрчсөн үйлдлийг хөхүүлэн дэмжиж байгаа нь хэт нэг талыг барьсан мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2007 оны 52 тоот захирамжийг хуурамч гэж үзэж байгаа бол Л.Цэрмаагийн хувьд газрын тухай хуулинд заагдсан зөрчлүүд дээр үндэслэж Ерөө сумын Засаг дарга дахин захирамж гаргаж Л.Цэрмаагийн 84 га газрыг хүчингүй болгох үндэслэлтэй байхад тийм шийдвэр гаргаагүй нь захиргааны байгууллага дахин хэлэхэд хэт нэг талыг барьсан байна.

З. Магадлалын 15 дугаар хуудас хянавал хэсэгт “...”Моностойн нуруу” ХХК-д ... 365/94га ... нийт 24 нэгж талбар бүхий 818 га газрыг үр тариа тарих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчжээ” гэж бичжээ. Гэтэл энэ нь 818 га газрыг бүхэлдээ бусдын газартай давхцсан гэж үзсэн нь буруу юм. Учир нь маргааны зүйл нь 84.36 га газар байхад нэхэмжлзгч “Моностойн нуруу” ХХК-ний газрыг бүхэлд нь бусдын газартай давхцсан гэж үзсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхэд ноцтой халдсан шийдвэр болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамжаар “газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр Л.Цэрмаагийн 94 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг тус тус баримтлан Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээх”-ийг Ерөө сумын Засаг даргад даалгасан, Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжаар Л.Цэрмаагийн “газар эзэмших эрхийг сэргээж”, 84.36 га газрыг 46 жил эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “Моностойн нуруу” ХХК-иас “...Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг ... 9 жилийн дараа /үндэслэлгүйгээр/ сэргээсэн, ...  манай эзэмшил газраас 94 га талбайг Л.Цэрмаад олгосон нь ... /хууль бус/, газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчсөн” гэж маргажээ.

Шүүхүүд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримтыг дүгнэхдээ зайлшгүй тогтоох шаардлагатай нөхцлүүдийг бүрэн тогтоож, дүгнээгүй, нотлох баримтыг дутуу цуглуулж, зарим үйл баримтад дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэснээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

Тухайлбал,  “газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамжийн талаар гуравдагч этгээд Л.Цэрмаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуульд заасан журмаар гомдол гаргаж байсан эсэх, түүний 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан “хуурамч захирамж хүчингүй болгуулж, гэрчилгээ шинэчлүүлэх” өргөдөлийг шийдвэрлэхдээ Сэлэнгэ аймгийн Засаг дарга  “хөөн хэлэлцэх хугацаа”-г харгалзсан эсэх талаарх холбогдох нотлох баримтуудыг шүүх цуглуулж, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

 Хариуцагч Ерөө сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн “...иргэн Л.Цэрмаа нь газрын төлбөр төлдөггүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй … тул газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамж /хууль зөрчөөгүй/” гэх тайлбар нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон актын үндэслэлд дурдсан “...сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамж нь хуурамч /байсан/” гэх тайлбартай агуулгын хувьд зөрүүтэй байхад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх “...архивт хуурамчаар нөхөн бүрдүүлсэн” үйл баримт нь Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамжийн шууд үндэслэл болсон “газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлийг хэрхэн үгүйсгэж байгаа талаарх дүгнэлтийг шүүх хийгээгүй нь буруу байна.

Түүнчлэн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжаар Л.Цэрмаагийн эзэмшиж байсан 94 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа  уг 94 га газрыг оролцуулан “Моностойн нуруу” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр захирамжаар “...нийт 24 нэгж талбар бүхий 818 га газрыг үр тариа тарих зориулалтаар, 60 жилийн хугацаагаар” анх олгосон, мөн сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 дүгээр захирамжаар “...23 нэгж талбар шинэчлэгдсэн кадастрын зургаар 813.92 га газрыг үр тариа тарих зориулалтаар 55 жилийн хугацаагаар” эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамжийг хүчингүй болгосноор Л.Цэрмаагийн “эрх сэргэнэ” гэх боловч мөн сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 дүгээр захирамжаар уг газрыг “Моностойн нуруу” ХХК-нд эзэмшүүлсэн, уг захирамж хүчин төгөлдөр байхад сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжаар Л.Цэрмаад маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдсон, газрыг ийнхүү давхцуулан олгосноор бодит байдалд Л.Цэрмаагийн эрх хэрхэн “сэргэх” талаар болон уг захирамжийн улмаас нэхэмжлэгч “Моностойн нуруу” ХХК-ийн газар эзэмших эрх хөндөгдсөн эсэх талаар шүүхүүд мөн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс маргаан бүхий захиргааны актын “хууль ёсны” эсэхийг эцэслэн дүгнэх боломжгүй гэж үзлээ.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүх нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 451 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА