Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01440

 

Л.Ж--ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00847 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 1095 дугаар магадлалтай,

Л.Ж--ын нэхэмжлэлтэй

НБГ-т холбогдох,  

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 662 293 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ж--, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Ж--ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: НБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Уг тушаалд гомдол гаргаж улмаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрээр НБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч НБГ- нь дээд шатны шүүхүүдэд гомдол гаргаснаар 1 жил 1 сар ажилгүй байсан. Хууль бусаар ажлаас халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул НБГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/186 дугаар тушаалаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажилд эгүүлэн томилсон. Иймд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.662.293 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л.Ж--ыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон Улсын дээд шүүхийн тогтоолыг мэдсэн үеэс буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 13-ны хүртэл гомдол гаргах эрхтэй байна. Нэхэмжлэгч Л.Ж-- нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох баримт, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна. Нэхэмжлэгч Л.Ж--ын нэхэмжлэлд дурьдсан ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болон Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00847 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч НБГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.839.847 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж--д олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч НБГ-т даалгаж, үлдэх 571.281 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НБГ-аас улсын тэмдэгтийн хураамж 128.406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж--д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 1095 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Улсын дээд шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эцэслэн шийдсэн байтал ажил олгогч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр биелүүлж тушаал гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хэлэлцэх хугацааг ажилд томилсон тушаал гарсан үеэс тоолно” гэсэн, Давж заалдах шатны шүүх ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 20-ны едөр шүүхийн шийдвэрийг биелүүлж тушаал гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг ажилд томилсон тушаал гарсан үеэс тоолно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно." 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрвөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн марган таслах комисс, шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Нэхэмжлэгч Л.Ж-- нь шүүх хуралд өөрийн биеээр оролцсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-наас өдрийн 463 дугаар тогтоолыг мэдсэн үеээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 2018 оны 02 дугаар сарын 13-ны хооронд гомдол гаргах эрхтэй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 хоногийн хугацаа хэтрүүлж 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Ж-- нь хариуцагч НБГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 7.662.293 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж  маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрээр НБГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Ж--ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтанг ажилд нь эгүүлэн авах, түүнийг ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг өгөх үүрэгтэй бөгөөд НБГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/186 дугаар тушаалаар Л.Ж--ыг ажилд нь эгүүлэн томилжээ.

Ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх боловч ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хууль зөрчснийг шүүх дүгнэж, ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Л.Ж--ыг ажилд томилсон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулахтай холбоотой маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д журамласан бөгөөд шүүхэд хандах 3 сарын хугацааг шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд томилсон 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тоолсон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00847 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 1095 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ