Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/01468

 

Н К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00772 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1269 дүгээр магадлалтай,

Н К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Ц-ид холбогдох,  

Хохирол 4.623.791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д,  нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Н К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/03267 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Б.Ц-оос 67.513.767 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 579.941 төгрөгийн хамт гаргуулж Н К ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжид зааснаар хариуцагч Б.Ц- нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. 2015 оны 8 дугаар сард 1.000.000 төгрөг төлж, тохиролцсон хугацаандаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар бүрэн биелүүлээгүйн улмаас Н К ББСБ ХХК-иас дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр, шүүхээс олгосон гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай урамшууллын гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 66.513.767 төгрөг дээр байгуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөрийг бүрэн төлүүлж 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н К ББСБ ХХК-иас ажиллагааны зардал 140.000 төгрөг, анхны дуудлага худалдааны зарын үнэ 20.000 төгрөг, хоёрдахь албадан дуудлага худалдааны зарын үнэ 20.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардалд 4.000.000 төгрөг, нийт 4.180.000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн. Үүнээс ажиллагаа хийлгэхтэй холбогдон урьдчилан төлсөн 140.000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөгдсөн. Хариуцагч Б.Ц- зээлийн төлбөрийг хугацаандаа төлсөн бол Н К ББСБ ХХК-иас 579.941 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж зээлийн гэрээний үүргийг шүүхийн журмаар шаардах болон шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг заасан хугацаандаа сайн дураар биелүүлсэн бол шийдвэрийг албадан биелүүлэхтэй холбоотой 4.180.000 төгрөгийн зардал гарахгүй байсан.  Иймд Б.Ц-оос шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахад гарсан зардалд 4.000.000 төгрөг, анхны дуудлага худалдаа, 2 дах дуудлага худалдааны зарын үнэ 40.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 579.941 төгрөг, нотариатын зардал 3.850 төгрөг, нийт 4.623.791 төгрөг нэхэмжилсэн. Үүний улсын тэмдэгтийн хураамжийг өмнө шийдсэн тул 571.941 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагчаас 4.043.850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Н К ББСБ нь шүүхээр нэхэмжлэл гомдлоо шийдвэрлүүлэхийн тулд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу төлбөр төлөх учиртай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч нь сайн дураар хүсэлт гаргаж урамшууллын гэрээ байгуулж зарлага гаргасан. Мөн 4.000.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан нь тус байгууллагын шийдвэр тул үүнд хариуцагч Б.Ц- хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00772 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Ц-оос 3.990.826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53.024 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78.803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1269 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-ид холбогдох хохиролд 4.623.791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.932 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.803 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заадах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх болсон үндэслэл нь хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан. Н К ББСБ-н нэхэмжлэлтэй иргэн Б.Ц-ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 67.513.767 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/03267 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газартай 2015 оны 9 сарын 09-ний өдөр 15/6/373 тоот гэрээ байгуулж уг гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 3.990.826 төгрөг төлсөн. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад урамшуулалын зардал төлөхгүй байх эрх төлбөр авагчид байхгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас  тогтоосон хувь хэмжээгээр төлсөн болохоос биш төлбөр авагчийн хүсэлтээр сайн дураар тохиролцсон зүйл байхгүй. Хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо л шаардсан. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж дүгнэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэн альны эрх ашигт нийцүүлэн шийдэрлэсэн нь шударга ёсонд нийцсэн шийдвэр болсон. Гэтэл давж заадах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэн, нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосод гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н К ББСБ ХХК, Б.Ц-оос шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд 4.000.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 43.850 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 579.941 төгрөг, нийт 4.623.791 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 579.941 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “урамшууллын гэрээ байгуулах эсэх нь ...талуудын хүсэл зоригийн асуудал, ...Н К ББСБ ХХК Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд үүссэн гэрээний үүргийг хариуцагч Б.Ц- хариуцах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч, шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/03267 дугаар зохигчийн эвлэрлийг баталсан захирамжийн дагуу Б.Ц- Н К ББСБ-д 67.513.767 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дах хэсгийн агуулгад хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэх зарчимтай  бөгөөд шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол төлбөр авагч нь эрх бүхий этгээдэд хандаж албадан биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг хүсэх эрхтэй.

Энэ талаар мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан байна.

Хариуцагч Б.Ц- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК-ийн хүсэлтээр шүүхээс шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарсан, уг захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшуулах, урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 83 дугаар зүйлийн 83.1, 83.2-т заасан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Н К ББСБ ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын гэрээ байгуулсан, Б.Ц-ийн төлсөн төлбөрөөс 3.990.826 төгрөгийг суутган авсан нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаан нь гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг заасан бөгөөд мөн зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Хариуцагч өөрийн гэм буруугүйгээ нотлоогүй байна.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК нь хууль болон гэрээнд зааснаар төлж энэ хэмжээгээр алдагдал хүлээсэнд хариуцагч гэм буруутай, өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль бус гэм буруутай эс үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.

Иймд, урамшуулалд суутган авсан мөнгөний хэмжээгээр нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзэж хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцнэ гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын гэрээ байгуулсан боловч, гэрээнд зардлын хэмжээг тохиролцсон нь тодорхой бус, нэхэмжлэгчийн гаргасан 43.850 төгрөгийн баримт түүнд хохирол учирсныг нотлоогүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1269 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/00772 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 78.804 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                                    Г.АЛТАНЧИМЭГ