| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 142/2016/0191/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-01-25 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 20
П.Баярболдод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор А.Оюунгэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэв-Отгон,
шүүгдэгч П.Баярболд, түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол,
Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар магадлалтай, 201614000162 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Эмт овогт Пүрэвсүрэнгийн Баярболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Баярболдыг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар П.Баярболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.
Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Пүрэв-Отгон, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Пүрэв-Отгон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг шүүх хуралдаан дээр гаргаж байгаа мэдүүлгээс ноцтой зөрсөн. Шүүгдэгчийн мэдүүлгүүд нь ноцтой зөрүүтэй байхад анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
-Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн нь зарим яллагдагчид ял завших байдлыг бий болгосон. Яллагдагч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нар нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр П.Баярболдыг хулгайлсан оюу чулуугаа ашиг олох зорилгоор бусдад үзүүлж худалдан борлуулах зорилгоор Б.Алтан-Очирын гэрт ирэхэд нь гражийн хаалга онгойлгон өгч гражид оюу чулууг асган худалдан авагчид үзүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан хамжигчийн шинжийг агуулж байгаа юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хуулийн 34, 35 ,36 , 37 дугаар зүйлийн заалтыг тайлбарлах тухай 10 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан “...хамжигч...” гэдэгт бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан байхыг ойлгоно. Энэ нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл, байдлыг урьдаас мэдэж амласан байдгаараа гэмт хэрэгт хамаарагсад гэсэн ойлголтоос ялгагдана” гэж тайлбарлажээ.
Яллагдагч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нар нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр П.Баярболдтой хамтран оюу чулууг ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулах үед нь Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ажилтнууд мэдээллийн дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулж үйлдэл дээр нь илрүүлсэн байдаг. Гэтэл яллагдагч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарыг уг хэрэгт хамтран оролцогч гэдэг нь тодорхой байхад хэрэгт хамааралгүй гэж үзэж, тэдний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарт ял завших байдлыг бий болгож байна. Шүүгдэгч П.Баярболд 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хүдрийн ил уурхайгаас 4 шуудай оюу чулууг хулгайлахдаа ганцаараа эсвэл бусадтай хамтарсан эсэх талаар хэргийн газарт туршилт хийх, Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газарт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “...хулгайлсан оюу чулууг н.Батлхагва гэдэг хүнд зарсан боловч наймаа буцсан...” гэсэн Б.Алтан-Очир, Г.Батсайхан, П.Баярболд нарын тайлбарын мөрөөр н.Батлхагва гэдэг хүнийг олж гэрчээр тайлбар авах зэрэг зайлшгүй хийх ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар явуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг мөн зөрчсөн бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд биш явууллаа. Улсын яллагч шүүх хуралдаанд Батлхагваас гэрчээр мэдүүлэг авч, хэрэгт авагдсан гэж тайлбарладаг бөгөөд энэхүү ажиллагаа огт хийгдээгүй болно.
-Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь эд мөрийн баримт болон бусад нотлох баримтыг цуглуулах, үнэн зөв үнэлэх ажиллагааг бүрэн гүйцэд биш хийсэн. Гэрч В.Өлзийбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч П.Баярболдын “Тоёота приус-20” маркийн 47-47 улсын дугаартай автомашинд нь 20 килограмм оюу чулуу байсныг В.Өлзийбуян худалдан авахаар үзэж үүнээс 11 килограммыг нь авахаар тохирч Хаан банкнаас мөнгөө аваад П.Баярболдод өгөх гэж байхад нь Тагнуулын ажилтнууд үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Тагнуулын ажилтнууд мэдээллийн дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулж П.Баярболд, Г.Батсайхан, Б.Алтан-Очир нараас 163 кг оюу чулууг хураан авч тайлбар авсан байна. Гэтэл мөрдөн байцаагч нь мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газарт хураагдсан 163 килограмм оюу чулууг Б.Алтан-Очир, Г.Батсайхан, П.Баярболд нарын хэнийх нь орон байрнаас хураасан эсэхийг тогтоох ажиллагааг огт хийгээгүй. П.Баярболд нарт холбогдох хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримтыг Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газраас гаргуулах, гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг дутуу хийж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсгийг огт хэрэгжүүлээгүй. Дээрх ажиллагаанууд бүрэн гүйцэт хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа “П.Баярболдод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж, үнэлсэн, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болзошгүй сэжигтнийг тухайлбал Б.Алтан-Очир, Г.Батсайхан, В.Өлзийбуян нарыг сэжигтнээр татаж хуулийн дагуу шалган тэднийг дээрх гэмт хэрэгт оролцоогүй болохыг тогтоосон байна” гэж үзээд хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...П.Баярболдод ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дараах үндэслэлүүд байна. Учир нь П.Баярболд нь 2015 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн хэсэгт экскаваторчоор ээлжинд ажиллаж байгаад 15.2 кг буюу чулуу хулгайлан авсан ба тухайн гэмт хэргийг үйлдэхдээ үйлдвэрийн бүсийн бэхэлгээ бүхий хамгаалалтын төмөр хашаанд хууль бусаар эвдэлж хэмхлэн ороогүй, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ элдэв багаж төхөөрөмж, машин механизм ашиглаагүй атал шүүх П.Баярболдыг машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг бөгөөд П.Баярболд нь хулгайлсан оюу чулуугаа үйлдвэрийн хашаанаас гарган, өөрийн болгосны дараа зөвхөн өөрийнх нь мэдүүлгээс өөр байдлаар нотлогдоогүй “такси”-ийг ашигласан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн “машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй хөрөнгөнд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно” гэж Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд заасан ба П.Баярболд нь хулгайн хэрэг үйлдэхдээ ямар нэгэн тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж ашигласан үйлдэл хийгээгүй, ямар машин ашигласныг нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “...ялтан нь чулууг хашаан доогуур гаргаж орхиод гэр рүүгээ зөөх боломжгүй /даахгүй/ байсныг хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч, захиран зарцуулах бодит бололцоо бий болсон өөрөөр хэлбэл хулгайн үйлдэл төгссөн гэж үзэх боломжгүй бөгөөд харин хашааны гаднаас машинаар тээвэрлэж захиран зарцуулах эрхтэй болсон үеэс гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний үйлдлийг ... машин механизм ашигласан ... гэж зүйлчилсэн нь зөв байна” гэсэн нь хэргийн зүйлчлэлийн талаарх эрүүгийн эрх зүйн онол, Эрүүгийн хуулийн заалт, Дээд шүүхийн тайлбарт ач холбогдол өгөлгүй, хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцлийг төсөөллөөр бий болгон дүгнэсэн өнгөц дүгнэлт болсон байна. Учир нь тухайн хулгайн гэмт хэрэг нь хулгайлсан чулууг үйлдвэрийн хашаанаас гаргасан үеэс хулгайн хэргийн голлох шинж сэм, далд аргаар авах шинж нь арилж замаар явж байгаа хэнд ч болов П.Баярболд өөрийнхөө юмыг зөөвөрлөж явна гэж хэлэх боломж бүрдсэн тул хулгайн хэрэг төгссөн, хулгайн эд зүйлийг тээвэрлэхээр ямар ч техник ашиглахаар урьдчилан бэлтгээгүй, бүр түүнчлэн ямар техник тээврийн хэрэгсэл ашигласан болох нь яллагдагчийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар батлагдаагүй /ЭБШХ-ийн 82 дугаар зүйлийн 82.2/ буюу нотлогдохгүй байхад энэ хэргийг техник л ашиглаж үйлдсэн гэх төсөөлөл, таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээс өөр аргагүй байна. Иймд П.Баярболдын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, хөөн хэлэлцэх хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...П.Баярболдод холбогдох хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоож чадаагүй байна. Гэхдээ Эрдэнэ үйлдвэр өөрөө онцгой обьект тул тэндээс гарч байгаа зүйлийг хулгайн аргаар авч болохгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч П.Баярболд нь машин механизм хэрэглэж 2015 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайгаас 15.2 килограмм Оюу чулуу хулгайлж 4,560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс П.Баярболдыг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч П.Баярболдын машин механизм хэрэглэн “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн уурхайгаас Оюу чулууг авч байгаа үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.
Мөн шүүгдэгч П.Баярболд нь Хүдрийн уурхайгаас 3 шуудай чулууг авч хашааны доогуур гаргаж тавьснаар гэмт хэрэг төгссөн бус харин машинаар тээвэрлэж захиран зарцуулах боломжтой болсноор гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байх бөгөөд машин мехнизм хэрэглэхгүйгээр гэмт хэрэг төгс үйлдэгдэх боломжгүй байсан байна.
Түүнчлэн шүүгдэгч П.Баярболдын дээрх гэмт үйлдэлд Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарын зүгээс дэмжлэг үзүүлсэн, гэмт үйлдэлд оролцсон оролцоо нь тогтоогдоогүй тул прокурор тэдэнд холбогдох хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны “Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарын үйлдлийг шалгуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын “П.Баярболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” тухай гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР