Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-ын гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Б.Д

Гомдол гаргагч Б.Д

Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагч Б.Д, хариуцагч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 124/2021/0042/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Б.Д нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан “...Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Д-ын Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.Б-ийн 2021 оны 04 сарын 19-ны өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 590 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ингэхдээ “...зардлын дансыг бүртгүүлж чадаагүй тухайн үеийн нөхцөл байдал Б.Д-аас хэрхэн хамааралтай байсныг мөрдөн шалгах зарчмын хүрээнд тогтоосноор түүнийг зөрчилд тооцох эсэх, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэж үндэслэсэн. Анхан шатны шүүх уг хэргийг дахин хянан хэлэлцэхдээ магадлалд дурьдсан дээрх дүгнэлтийг анхааралтай судалж, эрх зүй практик ажлын хүрээнд нягт нямбай хандах ёстой байсан болов уу.

3.2. Гэтэл уг хэргийг дахин хэлэлцэхдээ үйл явдал, нөхцөл байдал, ажил хариуцсан хүмүүсийн ааш араншин, практик үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийж чадаагүй, харин өөрийгөө зөвтгөж хариуцлагаас мултрах гэсэн хүмүүсийн мэдүүлэг тайлбарыг гол болгон хэт нэг талыг барьсан буруу дүгнэлт хийсэн байна. Ийнхүү буруу дүгнэлт хийснээрээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

4.1. Хуулийн энэхүү заалтад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж бичсэний агуулгыг татварын улсын байцаагч хэрхэн ойлгож хэрэглэснийг анхаарч үзнэ үү. Чин үнэндээ 20-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэг нь нэр дэвшүүлэгч болон дэвшигч этгээдэд байх бөгөөд ийнхүү мэдэгдсэн-ний дагуу бүртгэх үүргээ аудитын байгууллага хариуцах тухай асуудал юм. Үүнийг практик үйл ажиллагаан дээр буулгаж аяндаа л батлагдаж нотлогдох ажил хэрэг юм. Нэр дэвшигч би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, улмаар бүртгүүлэхээр чармайсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, мэдэгдсэн боловч бүртгэж аваагүй л хэрэг юм.

4.2. Тэр тусмаа нэг байгууллагаас нөгөө байгууллагадаа албан ёсоор мэдэгдсэн 66 тоот бичиг нь байгаа бөгөөд аудитын газрын бичиг хэргийн ажилтан З.Э мэдүүлэгтээ “Би өдрийг нь сайн мэдэхгүй байна ... би авдаггүй юм аа, ... М.Б гэдэг хүнтэй уулзаарай гэж хэлсэн” гэжээ. МАХН-ын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 66 тоот бичгийг аудитын газрын бичиг хэргийн ажилтан нь хүлээгээд авчих л ёстой, бас үүрэгтэй боловч авалгүй М.Б гэдэг хүн рүү зааж явуулсан хэрэг юм. Ийнхүү М.Б, З.Э гэх 2-3 давхарт суудаг хоёр хүн хоорондоо явуулж хүлээлгэсээр, эцэст нь М.Б-нг олж уулзсан боловч тэр ажлын цаг дууссан гэх ундууцаж ширвэсэн хариу өгсөн хэрэг шүү дээ.

4.3. Монгол Улсын Засгийн газрын 246 дугаар тогтоолоор баталсан “албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 2.2.5-д “Бичиг хэргийн ажилтан дараах үүрэг хэрэгжүүлнэ” гэж, 2.2.5.1-д “Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, бүртгэл-хяналтын карт хөтлөх, холбогдох ажилтанд шилжүүлэх” 5.2.1, 5.2.1.1-д “Байгууллагад ирсэн баримт бичгийг ..., бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авах” 5.4.6-д “Баримт бичгийг ирсэн өдөрт нь багтаан бүртгэж шилжүүлнэ гэж тус тус заасан байдаг.

4.3.1. Энэ бүхнийг эргэцүүлэн шинжилж үзвэл, албан хэргээ хууль журмын дагуу явуулдаггүй, ажлын цагаа хийдүүлдэг, ааш араншин-за харилцааны дутагдалтай албан хаагчдын алдаанаас болж өвгөн болсон намайг буруутгаж, 10 сая төгрөгөөр торгож, ахуй амьдралын зовлонд унагаах үндэслэл байна уу.

4.4. Б.Д би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад албан ёсоор мэдэгдэж, улмаар бүртгүүлэхийг чармайсан боловч бүртгүүлж чадаагүй. Үүнээс бол улс эх оронд минь болоод хэн нэгэн иргэн хүнд ямар ч хохирол учраагүй шүү дээ. Өвгөн надад хэнийг ч буруутгах санаа зорилго байхгүй, гагцхүү хууль ёсны энэрэнгүй байгаасай гэж л хүсэж байна.

5. Татварын улсын байцаагч нь шийтгэлийн хуудсыг хуулийн дагуу, эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан гэж хуулийн олон олон заалтыг дурьдаж өөрийнхөө хийсэн ажлыг зөвтгөн хамгаалах нь мэдээж. Түүний өгсөн тайлбар, мэдүүлгээс үзэхэд мэдэгдэж, бүртгүүлэх гэж хуульд заасныг ойлгоогүй юм болов уу. Сайн ухаж ойлговол дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэхээр аудитын байгууллагад хандаж албан ёсоор мэдэгдсэн нь нэр дэвшигчийн зүгээс үүргээ биелүүлж буй эхний асуудал, улмаар бүртгүүлэхээр чармайсан боловч бүртгүүлж чадаагүй явдал нь аудитын газрын бичиг хэргийн ажлын алдаатай холбоотой дараагийн асуудал гэдгийг ялгаж салгаж үзээгүй л хэрэг юм.

5.1. Өөрөөр хэлбэл, нэг талаас бүртгүүлэхийг хүсэж мэдэгдэх, нөлөө талаас бүртгэн авах гэсэн хоёр талын оролцоотойгоор бүртгүүлэх үйл ажиллагаа явагдана шүү дээ. Үүнийг практик үйл ажиллагаан дээр буулгаар үзээрэй. Дансны дугаар, банкны нэрийг мэдэгдсэн, 66 тоот албан бичгийг тэр өдрийн 16:30 цагийн үед аудитын газрын бичиг хэргийн ажилтан З.Э уншиж мэдсэн хэдий ч би авахгүй гээд байсан. Уг мэдэгдэл бичгийг ажлын цаг дуусах үед М.Бат-Амгалан ч бас уншиж танилцсан билээ.

5.2. Гэрчээр мэдүүлэг өгсөн аудитор Т.Н, Ч.М нар хамт ажилладаг М.Б-гаа илт хаацайлсан бүрхэг зүйл ярьсан байх бөгөөд ажлын цаг дуусахын өмнөхөн тэр мөчид тэдний өрөө түгжээтэй байсан юм. Ийм учраас би тэднийг байхгүй юм байна гэж ойлгосон. Тэд намайг ч хараагүй, би тэднийг ч хараагүй нь харин үнэн. Тэд хаалгаа түгжсэн байсан. Үүнээс гадна бичиг хэргийн ажилтан З.Э М.Б-тай уулзаарай гэсэн учраас зөвхөн М.Б-нг л хайж хүлээж байсан билээ. Ажлын цаг дуусах мөчид М.Б-лан өрөөндөө ирж, бид уулзах үед тэр мэдэгдэхүйц бүлэмцүү байсан бөгөөд яасан их хүлээлгэв ээ гэх миний үгэнд ундууцаж, уг бичгийг уншиж мэдсэн боловч ажлын цаг өнгөрсөн, би авахгүй гэж ширвэж байсныг дурьдах нь зүйтэй санагдлаа. Тэр түгжээтэй хаалганаас гарч ирсэн байх. Зөвөөр ойлгоно уу.

5.3. Гэрч бичиг хэргийн ажилтан З.Э мэдүүлэгтээ “...материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлын цаг дууссан ч илүү цагаар ажиллаж байсан. Б.Д гэх хүн надтай уулзаагүй. Харин аудитын баг ажлаа дуусгаад амралтаа авсны дараа ирж уулзсан. Би өдрийг сайн санахгүй байна ямар ч байсан 20202 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр биш байсан., ... би авахгүй М.Б гэдэг хүнтэй уулзаарай гэж хэлсэн” гэх зэргээр мэдүүлжээ. Үүнээс үзэхэд З.Э нь зарим юмаа сайн санахгүй, зарим өдрийг тодорхой мэддэг, бүр аудитын баг ажлаа дуусгаад ээлжийн амралтаа аваад явсны хойно Б.Д намайг М.Б-лантай уулзаарай гээд явуулсан болж таарлаа. Энэ хүний яриа мэдүүлэгт ер нь ямар уялдаа авцалдаа байна вэ, хэрвээ үнэн гэж үзвэл илүү цагаар ажиллаж байсан юм чинь, уг бичгийг өөрөө хүлээгээд авчих ёстой, үүрэгтэй атлаа ээлжийн амралтаа аваад явчихсан хүний хойноос намайг уулзаарай гэж явуулах ямар хэрэг байна вэ. Энэ хүн албан бичиг хүлээж аваагүй өөрийнхөө бурууг ухаарахгүй, харин М.Б-лангаа өмөөрч байгаа дүрээр илт худлаа зүйл ярьжээ. Ийм аргаа барсан худлаа мэдүүлэгт үнэмших үндэслэл байна уу. М.Б-гийн хүсэл юм болов уу.

5.4. Гэрч аудитын менежер М.Б мэдүүлэгтээ “.. нийт 544 хүний банкны нэр, дансны дугаарыг хүлээж авсан. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бид ажлын цагтаа бүрэн ажилласан гээд ажлын цагийн бүртгэлийг баримт болгон өгсөн байдаг” гэжээ, үүнээс үзэхэд нийт 544 хүний чухам хэдэн хүний мэдэгдлийг ... өдөр бүртгэн авсан нь тодорхойгүй. Түүнчлэн тэр өдөр аудитын ажилтнуудыг ажиллаагүй гэж хэн ч хэлээгүй бөгөөд ажлын цагийн төгсгөлийн 20-30 минутын хугацаанд л М.Б-лантай уулзаж чадалгүй ажлын цаг өндөрлөсөн тухай асуудал билээ. Цаг хугацааны энэхүү богинохон моментийг тэр өдрийн ажлын цагийн бүртгэлээр нотлох боломжгүй юм. Бичиг хэргийн ажилтан З.Э-ын мэдүүлснээр уртасгасан цагаар ажиллаж байсан бол М.Б ундууцаж ширвэлгүйгээр бүртгээд авчихгүй яасан юм бэ.

5.5. Хэргийн оролцогч эдгээр хүмүүсийн өгсөн тайлбар, мэдүүлгийг нягтлан үвэл Б.Д миний идэвхи чармайлтыг буруутган Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийн шинжийг агуулсан хэмээн, миний гомдлын шаардлагыг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг би зөвшөөрөх үндэслэлгүй байна.

5.6. Б.Д би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуулийн хугацаанд нь албан ёсоор мэдэгдэж бичгээр өгсөн билээ.

5.7. Харин аудитын байгууллагын бичиг хэргийн ажлын алдаа, зарим ажилтаны ажлын цагийн хийдэл, ааш араншингаас шалтгаалан тэд бүртгэж аваагүй учраас бүртгэл явагдаагүй л хэрэг юм. Мэдэгдсэн хэдий ч бүртгээгүй хэрэг.

5.8. Иймд, давж заалдах шатны шүүхийн 590 дугаартай магадлалын хянавал гэсэх хэсгийн төгсгөлд “... өөрөөр хэлбэл, зардлын дансыг бүртгүүлж чадаагүй тухайн үеийн нөхцөл байдал Б.Д-маас хэрхэн хамааралтай байсныг мөрдөн шалгах зарчмын хүрээнд тогтоосноор түүнийг зөрчилд тооцох эсэх, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэж тэмдэглэснийг дахин анхааран үзэж миний гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.

6. Б.Д би дансаа албан ёсоор мэдэгдэхээс өөр яах байсан юм бэ, мэдэгдсэн дансаа бүртгүүлэх гэж хүсэж, чармайхаас өөр яах байсан юм бэ, санаатайгаар бүртгүүлээгүй хэрэг биш шүү дээ.

6.1. Энэ дашрамд дурьдахад огт данс нээлгээгүй атлаа сонгуульд өрсөлдөж, бэлэн мөнгө тарааж явсан, санхүүгийн тайлан ч гаргаагүй олон арван хүнд хэрэг үүсгэж шийтгэл ногдуулалгүй орхиж байгаа билээ. Үүнтэй харьцуулахад өвгөн би илүү гэм буруутай мэт, бараг 2 жил шахам байцаагдаж, зарга маргаан үүсгэж, төрийн албаны олон хүний оюун ухаан, ажлын цаг, бичиг цаасыг үргүй зарцуулж, өөрөө ч шар махтайгаа хатаж явна.

6.2. Энэ бүх нөхцөл байдал, учир шалтгааныг дахин нягтлан хянаж өвгөн надад энэрэнгүй хандаж, шүүхийн шийдвэр болон шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү. Өвгөн би Улс эх орондоо болон хэн нэг хүнд хор хохирол учруулаагүй шүү дээ. Өвгөн надад асар хүндэдсэн энэхүү торгууль шийтгэлээс Төрийн хуулийн энэрэнгүй зарчим, шүүхийн шүүгчийн оновчтой шийдвэрээр аварна гэж найдаж байна гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагч Б.Д-ын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.1. Гомдол гаргагч Б.Д-аас “...Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

3.2. Маргаан бүхий Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б нь 0176472 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Б.Д-ыг сонгуулийн зардлын дансны мэдээллээ хуулийн хугацаанд Төрийн аудитын байгууллагад хүргүүлж бүртгүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг баримтлан 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3.3. Анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 590 дүгээр магадлалд заасан “... зардлын дансыг бүртгүүлж чадаагүй тухайн үеийн нөхцөл байдал Б.Д-аас хэрхэн хамааралтай байсныг мөрдөн шалгах зарчмын хүрээнд тогтоосноор түүнийг зөрчилд тооцох эсэх, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэснийг биелүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан нотлох зарчмын хүрээнд гомдол гаргагчийн маргаж байгаа үндэслэлтэй холбогдуулан холбогдох нэр бүхий /Т.Н, Ч.М, М.Б, З.Э/ гэрч нарыг асууж, нотлох баримтын хүрээнд гомдол гаргагч Б.Д-ыг сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцжээ.

4. Гомдол гаргагч Б.Д нь гомдлын үндэслэл болон давж заалдах гомдлоос үзвэл, дансны мэдээллээ бүртгүүлээгүй зөрчлийг үгүйсгээгүй, харин сонгуулийн зардлын дансаа бүртгүүлж чадаагүй нөхцөл байдлын талаарх гомдлыг гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэр болон шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргаж байна.

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, тус аймгийн Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайланг баталж, Аудитын тайлангаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд оролцсон 2 нам, 389 нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аймгийн Төрийн аудитын газар бүртгүүлээгүйг хавсралтаар гаргаж, Татварын хэлтсийн даргад Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах тухай зөвлөмжийг хүргүүлжээ.

4.1.1. Аудитын тайланд Баруунтуруун сумын 1-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Б.Д нь Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй талаар дурдагдсан тул Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд тухайн сонгуульд нэр дэвшигчид өөрт нь сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхийг шууд үүрэг болгосон, ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тодорхой хуульчилсан байна.

5.1. Гэвч Увс аймгийн Баруунтуруун сумын 1-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Б.Д нэр дэвшигчийн зардлын тайлангаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хуульд заасан хугацааны дотор хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

5.2. Тухайлбал, гэрч Т.Н-ын “...  2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Д-ыг манай байгууллага дээр ирсэн байсныг хараагүй” гэж, Ч.М-ын “... Бүртгэлийн сүүлийн өдөр байсан тул бид нар бүгд ажлын цаг дуустал ажилласан. Аудитын менежер М.Б мөн тэр өдөр ажиллаж байсан, ... нэр дэвшигчдийн зардлын дансны дугаар бүртгүүлэх баримтыг бид 2 хүлээж авч байсан гэж, М.Б-гийн “... 9 дүгээр сарын 25-ны өдөр миний хувьд ажлын цагтаа бүрэн ажилласан, ... ялангуяа хуулийн хугацаа дуусаж байгаа өдөр бол бид хэн нэгнийг буцаах ёсгүй. Би Б.Д-ыг огт танихгүй бүртгэхгүй, авахгүй гэх ямар ч шалтаг шалтгаан байхгүй. Тэр өдөр би Б.Д-тай уулзаагүй болно” гэж, З.Э-ын “... материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аудитын баг ажлын цаг дууссан ч илүү цагаар ажиллаж холбогдох материалуудыг хүлээн авсан, ...Б.Д гэх хүн надтай уулзаагүй. Харин аудитын баг ажлаа дуусгаад амралтаа авсны дараа Б.Д гэдэг хүн надтай ирж уулзсан, ... би өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр биш байсан, ...” гэж тус тус мэдүүлснээс үзвэл, нэр дэвшигч Б.Д-аас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэхээр очсон нь тогтоогдохгүй байна.

5.3. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Б.Д нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны дагуу Увс аймаг дахь Төрийн аудитын газарт өөрийн биеэр хүргүүлж мэдэгдсэн болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж, энэхүү зөрчил нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул гомдол гаргагчийн “... санаатайгаар бүртгүүлээгүй хэрэг биш, ... энэрэнгүй зарчим үндэслэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлоор шүүхээс хуулийг буруу тайлбарлан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй байна.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Д-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН