Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01640

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01055 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1319 дүгээр магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй

С.Н-т холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 3.120.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ялалтбаатар, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...С.Н-тай 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч төлбөрөө төлөөгүй. Миний бие Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан  хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргах байсан боловч 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдэлж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, С.Н-аас зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 120.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг нийт 3.120.000 төгрөг нэхэмжилсэн боловч одоо үндсэн 2.000.000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Н-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Д.Б-аас 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж авсан нь үнэн. Гэвч Д.Б-ын хадам эгч гэх н.Болорчулуунд 1.000.000 төгрөгийг, би 1.000.000 төгрөгийг авсан. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 60.000 төгрөг, н.Болорчулуун 60.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд 1.140.000 төгрөгийг хүүд төлсөн. Тухайн үед 100 айлын Одкон төвд лангуу ажиллуулдаг байсан. Сар бүрийн 28-ны өдөр н.Дархисүрэн, Д.Б- нар ирж мөнгөнийхөө хүүг авдаг байсан. 2014 онд 01 дүгээр сарын 30-ны өдрөөс н.Дархисүрэн нь нөхөр, хүргэн шоронд орчихлоо, мөнгө хэрэгтэй гээд үндсэн мөнгөө авья гэж шаардах болсон. Ингээд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Д.Б-д мөнгө өгөхөөр залгасан боловч холбогдохгүй байсан. н.Дархисүрэнгээс Батнямын дансыг өгчих гэхээр шоронд орсон, болохгүй гэсэн, н.Дархисүрэн 2016 оны 3 дугаар сарын 10-ны шөнө 22 цагт над руу яриад Ёнсей эмнэлэг дээр байна, найз хагалгаанд орох боллоо, бэлэн мөнгө хэрэгтэй гээд 1.120.000 төгрөг өгөөд нэг дэвтэр дээр бичүүлсэн. Тэгээд Дархисүрэн одоо төлбөрийн асуудал байхгүй гээд гэрээг урсан. Би Болорчулууны 1.000.000 төгрөгийг яах вэ гэхээр мөнгөө авчихсан, танд хамаагүй гэсэн. Би өр төлбөргүй болсон гэж бодоод бүх баримтуудаа шатаасан. Би мөнгийг н.Дархисүрэнд төлсөн учраас одоо төлбөр төлөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01055 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н-аас 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-аас 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1319 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрт Д.Б- нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 сарын 11-ний өдрийн 10 тоот шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагджээ. Энэ хугацаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзлээ. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй гэж дүгнэсэн ч тогтоох хэсэгт ямар хуулийн ямар зүйл хэсгээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээснийг огт дурьдаагүй болно. Гэтэл нэхэмжлэгч Д.Б- бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 02 сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Харин Д.Б- анх Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 4 сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд энэ өдрийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д заасан хугацаа тоолох журмын дагуу тооцоход түүнд шаардах эрх үүссэн өдрөөс хойш нийт 4 жил 1 сар 15 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа бүрэн өнгөрсөн байхад нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Б- нь дээрх 4 жил гаруй хугацааны 1 жил 6 сар орчим хугацаанд нь хорих ял эдлээгүй байсан байх үнэхээр л надад зээлдүүлсэн мөнгөө буцаан аваагүй бол уг асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх хангалттай хугацаа түүнд байсан. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааны бүхий л хугацаанд буюу шаардах эрх үүсэн үеэс эхлээд дуусах хүртэлх хугацаанд Д.Б- нь хорих ял эдэлж байгаагүйг шүүх анхаарч үзээгүй. Нөгөө талаас Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т “Цэргийн алба хаагчийн нэхэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын үдирдлага, хоригдлын итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно” гэжээ. Мөн Д.Б-ыг хорих ял эдэлж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 зүйлийн 108.1-д “Чанга дэглэмтэй хорих ангийн ялтан нь 2 сард нэг удаа түр, 3 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, сард нэг илгээмж авч болно” гэж тус тус заасны дагуу өөрийнхөө шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломж түүнд нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл түүнийг хорих ял эдэлж байсан гэдэг хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Хуульд хөөн хэлэлцэх хугацааг зааж өгч байгаа нь дан ганц нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхэд хамаараад зогсохгүй хариуцагч надаас тодорхой нотлох баримтаа хадгалж байх, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхэд шаардлагатай нотлох баримтаа хадгалж байх, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхэд шаардлагатай нотлох баримт болон гэрчүүдийг олж оролцуулах замаар маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэн, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах боломжийг олгосон хугацаа гэж үзэж байна.  Ер нь би өнгөрсөн хугацаанд Д.Б- өөрт нь бэлнээр 1.440.000 төгрөг, түүний эхнэр гэх Б.Дархисүрэнд 1.120.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн бөгөөд түүнд төлөх ёстой мөнгөө бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Би дээрх мөнгийг эдгээр хүмүүст өгөхдөө өөрийн тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж авч байсан бөгөөд тухайн үед миний ажлуулж байсан лангууны хажуугийн хүмүүс ч Б.Батням, Б.Дархисүрэн нарыг гэр бүлийн харилцаатай, хамтдаа ирж надаас мөнгө авч байсныг нотлох байсан ч би тэдгээр гэрчүүд болон өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрээ олохгүй байснаар анхан шатны шүүх хуралдаан болсон. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01055 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б- С.Н-аас зээлийн гэрээний үүрэгт зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 120.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.120.000 төгрөг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээл 2.000.000 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “...мөнгийг Болорчулуунтай хувааж авсан, хүүг тусдаа  төлж байсан, Батням, Дархисүрэн хоёрыг нэг гэр бүл гэж ойлгож, мөнгийг Дархисүрэнд төлсөн...” гэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад  уг хугацааг сэргээж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ дүгнэлтийг залруулах нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  гэрээгээр С.Н- Д.Б-аас 2.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж, хугацааг хэтрүүлбэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги төлөх нөхцлийг тохиролцсноос үзвэл тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бол гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрх үүснэ. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх  үндэслэлгүй, зээлдүүлэгч Д.Б- 2.000.000 төгрөгийг зээлдэгч С.Н-т шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдсон байна.

Зээлийн гэрээ Д.Б-, С.Н- нарын хооронд байгуулагдсан тул зээлдэгч С.Н- зээлдүүлэгч Д.Б-д мөнгийг буцаан төлөх үүрэгтэй.

Д.Б- нь зөвшөөрсөн бол С.Н- өөр этгээдэд зээлийн мөнгийг төлснөөр зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т нийцэх ба ийм нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн “...үндсэн зээл, хүүд 1.120.000 төгрөгийг н.Дархисүрэнд төлсөн...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд үндсэн зээлд 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна.

2. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно.

Зохигч зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан боловч 1 жилийн хугацаанд буюу 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хариуцагч зээлийн хүү төлсөн, хариуцагч үндсэн зээлээ шаардаагүйг зохигч маргаагүй байна. Хариуцагч тайлбартаа “...2014 оны 03 сард мөнгөө өгөхөөр Д.Б- руу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан, Дархисүрэн түүнийг шоронд орсон гэж хэлсэн.., Дархисүрэнд өөрийн авсан зээл 1.000.000 төгрөг, 2 сарын хүү 120.000 төгрөг нийт 1.120.000 төгрөг төлсөн” гэж дурджээ.

Дээрх байдлаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 4 дүгээр сар хүртэл тасалдсан гэж үзэж хугацааг шинээр тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д нийцнэ.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил тул хугацаа 2017 оны 4 дүгээр сард дуусах боловч Д.Б- С.Н-аас энэхүү зээлийн гэрээний үүргийг шаардаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/07682 дугаар захирамж, хариуцагчийг эрэн сурвалжлах тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/01234 дүгээр шийдвэр, хариуцагчийн оршин суух хаягийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 145/519 тоот албан бичиг хэрэгт авагджээ.

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолохыг мөн Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.1, 79.7-д заасан.

Иймээс нэхэмжлэгч Д.Б- 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

Эдгээр байдлыг хоёр шатны шүүх анхаараагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь  буруу байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01055 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1319 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ