Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01055

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01055

Улаанбаатар хот

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

         Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: С.Н-т холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 3 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б,  хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Н-тай  2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Би Н-гийн яриад байгаа Б-, Д- нараас мөнгө нэхэмжилж очоод зодоон болоод танхайрсан хэргээр шийтгүүлсэн. Би өнөөдрийг хүртэл мөнгө нэхэмжилж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт өгсөн, хөөн хэлэлцэх хцгацааг сэргээж өгнө үү. Зээлийн гэрээний дагуу С.Н-аас үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 120 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 3 120 000 төгрөг нэхэмжилсэн боловч одоо үндсэн 2 000 000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Д.Б-аас 2 000 000 төгрөгийг зээлийн гэрээнд гарын үсэг зурж авсан нь үнэн. Гэвч Д.Б-ын хадам эгч гэх Б- 1 000 000 төгрөгийг, би 1 000 000 төгрөгийг авсан. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд би сар бүр 60 000 төгрөг, Болорчулуун 60 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд 1 140 000 төгрөгийг хүүд нь төлсөн. Тухайн үед би 100 айлын Одкон төвд лангуу ажиллуулдаг байсан. Сар бүрийн 28-ны өдөр Д-,  Д.Б хоёр  ирж мөнгөнийхөө хүүг авдаг байсан. Заримдаа Д-н, заримдаа Д.Б нар ээлжилж ирдэг, тэднийг гэр бүл гэж ойлгож байсан.  2014 онд 1 дүгээр сарын 30-ны өдрөөс  Да- нь манай нөхөр, Б- нь манай хүргэн шоронд орчихлоо, мөнгө хэрэгтэй гээд үндсэн мөнгөө авъя гэж шаардах болсон. Ингээд 2014 оны 3 дугаар сарын 09-нд Д.Б-д мөнгө өгөхөөр залгасан боловч холбогдохгүй байсан. Да-гээс Б-ын дансыг өгчих гэхээр “шоронд орсон, болохгүй” гэсэн, Д-н 2016 оны 3 дугаар сарын 10-ны шөнө 22 цагт над руу яриад Ёнсей эмнэлэг дээр байна, найз хагалгаанд орох боллоо, бэлэн мөнгө хэрэгтэй” гээд 1 120 000 төгрөг өгөөд нэг дэвтэр дээр бичүүлсэн. Тэгээд Д-н одоо төлбөрийн асуудал байхгүй гээд гэрээг урсан. Би Б-ны 1 000 000 төгрөгийг яах вэ гэхээр мөнгөө авчихсан, танд хамаагүй гэсэн. Би өр төлбөргүй болсон гэж бодоод бүх баримтуудаа шатаасан. Би мөнгийг Д-нд төлсөн учраас одоо төлбөр төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                   

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь С.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул энэ хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

 

Д.Б нь 2013 оны 01-р сарын 28-ны өдөр С.Н-тай “Зээлийн гэрээ” байгуулж, 2  000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 4/ тохирчээ.  

 

Зээлдүүлэгч нь С.Н-т 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй, харин зээлийг буцааж төлөөгүй гэж маргажээ. 

 

Д.Б нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04-р сарын 11-ний өдрийн 40 тоот Шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүл, 2016 оны 12-р сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагджээ. Энэ хугацаанд Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзлээ. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...Д-н, Б- хоёрыг гэр бүл гэж ойлгож байсан, ээлжилж мөнгөө авдаг байсан, мөнгийг төлсөн” гэж тайлбарладаг боловч тайлбар татгалзлаа нотлоогүй байна. Иймд үндсэн зээл 2 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С. Н-аас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулж Д.Б-д олгосугай.     

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 870 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Н-аас 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Шүүхийн шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА