Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 01319

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01055 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бын хариуцагч С.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч төлбөрөө төлөөгүй. С.Нийн яриад байгаа Болорчулуун, Дархисүрэн нараас мөнгө нэхэмжилж очоод зодоон болоод танхайрсан хэргээр шийтгүүлсэн. Өнөөдрийг хүртэл мөнгө нэхэмжилж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт өгсөн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Зээлийн гэрээний дагуу С.Наас үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 120 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 3 120 000 төгрөг нэхэмжилсэн боловч одоо үндсэн 2 000 000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Д.Баас 2 000 000 төгрөгийг зээлийн гэрээнд гарын үсэг зурж авсан нь үнэн. Гэвч Д.Бын хадам эгч гэх н.Болорчулуун 1 000 000 төгрөгийг, би 1 000 000 төгрөгийг авсан. 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 60 000 төгрөг, н.Болорчулуун 60 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд 1 140 000 төгрөгийг хүүд төлсөн. Тухайн үед 100 айлын Одкон төвд лангуу ажиллуулдаг байсан. Сар бүрийн 28-ны өдөр н.Дархисүрэн, Д.Б нар ирж мөнгөнийхөө хүүг авдаг байсан. Заримдаа н.Дархисүрэн, заримдаа Д.Б нар ээлжилж ирдэг, гэр бүл гэж ойлгож байсан. 2014 онд 1 дүгээр сарын 30-ны өдрөөс н.Дархисүрэн нь нөхөр, хүргэн шоронд орчихлоо, мөнгө хэрэгтэй гээд үндсэн мөнгөө авья гэж шаардах болсон. Ингээд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Д.Бд мөнгө өгөхөөр залгасан боловч холбогдохгүй байсан. н.Дархисүрэнгээс Бын дансыг өгчих гэхээр “шоронд орсон, болохгүй” гэсэн, н.Дархисүрэн 2016 оны 3 дугаар сарын 10-ны шөнө 22 цагт над руу яриад Ёнсей эмнэлэг дээр байна, найз хагалгаанд орох боллоо, бэлэн мөнгө хэрэгтэй” гээд 1 120 000 төгрөг өгөөд нэг дэвтэр дээр бичүүлсэн. Тэгээд Дархисүрэн одоо төлбөрийн асуудал байхгүй гээд гэрээг урсан. Би Болорчулууны 1 000 000 төгрөгийг яах вэ гэхээр мөнгөө авчихсан, танд хамаагүй гэсэн. Би өр төлбөргүй болсон гэж бодоод бүх баримтуудаа шатаасан. Би мөнгийг н.Дархисүрэнд төлсөн учраас одоо төлбөр төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Наас 2 000 000 төгрөг гаргуулж нэхэмждэгч Д.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 870 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Наас 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг ямар хуулийн зүйл заалтаар сэргээснээ огт дурьдаагүй. 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээ дуусгавар болсон байхад нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь 4 жил 1 сар 15 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх 4 жил гаруй хугацааны 1 жил 6 сар орчмын хугацаанд нэхэмжлэгч хорих ял эдлээгүй байсан. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Үнэхээр мөнгөө буцааж аваагүй бол уг хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах боломж хангалттай байсан. Түүнчлэн хоригдож байх хугацаандаа итгэмжлэл авч шүүхэд хандаж эрхээ хэрэгжүүлэх боломж түүнд нээлттэй байсан. Хорих ял эдэлж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Хуульд хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн нь дан ганц нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхэд хамаараад зогсохгүй хариуцагч надад тодорхой нотлох баримтаа хадгалж байх, гэрчүүд оролцуулж үнэн зөвөөр шийдвэрлүүлэх, өөрийн эрх ашгаа хамгаалах боломжийг олгосон хугацаа гэж үзэж байна. Нэхэмжлэгчид 1 440 000 төгрөг, түүний эхнэр Д.Дархисүрэнд 1 120 000 төгрөг бэлнээр тус тус өгсөн. Төлөх мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед миний ажиллуулж байсан лангууны хажуугийн хүмүүс нэхэмжлэгчийг эхнэрийн хамт ирж мөнгө авч байсныг, мөнгөө өгөхдөө тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж авч байсныг нотлох байсан ч гэрчүүд болон тэмдэглэлийн дэвтрээ олохгүй байсаар анхан шатны шүүх хуралдаан болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг  хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Нт холбогдуулан үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 120 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 3 120 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг /хх.1-2/, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.20/

 

Зохигчдын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нь 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлэх, хариуцагч зээл, хүүг хуваарийн дагуу эргэн төлөх үүргийг харилцан хүлээж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй. /хх.4/

Хариуцагч С.Н нь уг зээлийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн 1 000 000 төгрөгийг авч ашигласан, үүнээс 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хадам эгч н.Болорчулуун авсан гэж тайлбарласан боловч  уг тайлбарын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүйгээс гадна, мөн “...нэхэмжлэгч Д.Бтай зээлийн гэрээ байгуулан 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээл авсан нь үнэн...” /хх.20/, “...2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би зээлийн гэрээнд гарын үсэг зурж авсан...” /хх.33-р талын ар/ зэрэг тайлбарыг хариуцагч гаргаснаас үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бодитой шилжүүлж өгсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн зээл 2 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин хүү, алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон асуудлаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд зохигчийн гомдол гаргаагүй асуудлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 40 тоот Шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ял эдлэх хугацаа дуусч суллагдсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. /хх.5-11/ Нэхэмжлэгч нь ийнхүү хорих ял эдэлж байх хугацаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах бодит боломжгүй буюу өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэл гаргах боломжгүй байсан нь тогтоогдсон байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт зөв болно. Хуулийн дагуу эрх чөлөө нь хязгаарлагдан ял эдэлж байсан хүнийг бусдаар төлөөлүүлэх тухай итгэмжлэл гаргах замаар шүүхэд хандах боломжтой байсан гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрөө эсхүл төлөөлж буй этгээдээр дамжуулан гаргах эрхтэй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй гэж буруутгах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                 ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ