Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 152/2018/00204/И |
Дугаар | 001/ХТ2018/01705 |
Огноо | 2018-11-27 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2018/01705
И.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар шийдвэртэй,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар магадлалтай,
И.А-гийн нэхэмжлэлтэй
УВА УК-д холбогдох,
Цалингийн зөрүү 3.362.334 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Э.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч И.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Удирдлагын академи тус тус төгссөн. 2009 оноос эхлэн Улаангом коллежид багшаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор ажлаас халах, чөлөөлөх тушаал гараагүй байгаа боловч 2017 оны 8 дугаар сараас эхлэн сарын цалинг дутуу олгоод эхэлсэн, 9 дүгээр сард ямар ч цалин олгоогүй. Учрыг асуухад математикийн хичээлийн цаг багассан гэж хэлсэн. Манай сургууль 72 багштай, үүнээс математикийн багш надтай нийлээд 4 байдаг. Надаас бусад 3 багш ажлаа хийгээд цалингаа аваад байгаа. Гэтэл надад цалин дутуу олгодог, зарим сард цалин огт өгдөггүй. Би англи, хятад, солонгос хэлтэй, математикийн багшаас өөр ажил хийх боломжтой. Гэтэл гаднаас олон тооны хүн шинээр аваад байдаг, намайг ажлаар огт хангадаггүй. Улаангом коллежид 9 жил багшилсан. Үндсэн ажилтан намайг ялгаварлан гадуурхаад ажилтай ч биш, ажилгүй ч биш байдалтай болгоод байна. 2018 он гарсанаас хойш 1, 2 дугаар сард ямарч цалин өгөөгүй нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй. Мөн 2017 оны 9 дүгээр сард цалин өгөөгүй ба нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй тасалдсан болно. Иймд 2017 оны 9 дүгээр сарын цалин 656.914 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын цалин 656.914 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын цалин 656.914 төгрөг, 2017 оны 8, 10, 11, 12 дугаар сарын цалингийн зөрүү 1.391.511 төгрөг, нийт 3.362.334 төгрөгийг Улаангом коллежоос гаргуулж, цалин олгоогүй хугацааны болон цалин дутуу олгосон саруудын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Улаангом коллежид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч УВА УК-йн төлөөлөгч Э.Б-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Багш И.А-г 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн үеийн коллежийн захирал Ц.Баянсангийн 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 74 дүгээр тушаалаар математикийн багшаар туршилтын 6 сарын хугацаагаар авч ажиллуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл өмнөх тушаалыг нь өөрчлөөгүй байгаа юм. И.А- нь 2008 онд Монгол Улсын Багшийн их сургуулийн Математик статистикийн сургуулийг эдийн засаг, статистик мэргэжлээр суралцаж эдийн засгийн бакалавар зэрэгтэй төгссөн ба багшлах эрх байхгүй. Миний бие 2017 оны 1 дүгээр сард Улаангом коллежийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хүлээн авч ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 4 дүгээр сард Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар ерөнхий эрдмийн хичээл зааж байгаа 2 багшийн мэргэжил нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтэд дурдагдсан 2 багшийн нэг нь И.А- байсан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслээд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу багш И.А-д математикийн багшаар ажиллуулах боломжгүй болсон талаар 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн. И.А- багш мэдэгдлээ хүлээн аваад захирлын өрөөнд ирж уулзаад энэ хичээлийн жил дуустал хичээлээ заагаад хөрвөж суралцах сургуульд орж 2017 оноос 2018 оны хичээлийн жилд суралцана гэсэн. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар тушаалын дагуу тооцож үзэхэд 3 багшийн норм байсан тул 2017 оны 6 дугаар сард ээлжийн амралт олгохын өмнө 2017 оноос 2018 оны хичээлийн жилд цагийн ачаалал хүрэлцэхгүй байгаа багш нарыг дуудаж уулзсан. Энэ уулзалтад И.А- багш ирээгүй ба арга зүйч Наранбилэг математикийн 3 багш бид нар хэлэлцээд 3 багш маань бид мэргэжлийн багш нар тул цагаа хуваахгүй, харин мэргэжлийн бус учраас И.А- багшийг сургах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрээд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр И.А- багшид мэдэгдэл хүргүүлэхээр хүний нөөцийн ажилтан Д.Наранцацралт багшид үүрэг даалгавар өгсөн. Гэтэл И.А- багш ирж мэдэгдлээ аваагүй, гар утсанд нь мессеж бичихээр ирдэггүй, 8 дугаар сард сургууль дээр ирэхэд нь өгөхөд уншиж үзсэн боловч гарын үсэг зураагүй. Иймээс бид 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр захирлын зөвлөлийн хурал хийж өмнө нь ярилцаж тохиролцсоны дагуу мэргэжлийн багш биш тул 2017 оноос 2018 оны хичээлийн жилд хөрвөж суралцах шаардлагатай, гэж үзээд И.А- багшид хичээлийн цаг хувиарлаагүй юм. Гэтэл И.А- багш 2017 оны 10 дугаар сард захирлын өрөөнд ирж уулзаад Багш Л.Ууганцэцэг Солонгос улс руу ажиллахаар 3 сарын виз гарсан байна, би энэ хичээлийг заамаар байна, нийгмийн даатгалын шимтгэлээ таслахгүй бага ч гэсэн цагтай явмаар байна гэж хүсэлт тавьсныг хүлээн авч боломжит хичээлийн цаг хуваарлаж өгөх чиглэл өгсөн. Үүний дагуу 2017 оны 10-12 саруудад англи хэл, компьютерийн хичээлийн зохих цагтай ажилласан. Энэ байдлаар ажлаас нь чөлөөлөхгүйгээр хувийн хүсэлтийг нь хүлээн авч байж болох түвшинд ажлын байраар хангаж асуудлыг нь шийдвэрлэж ирсэн. Цалингийн талаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны хооронд хуулийн дагуу 48 хоногийн ээлжийн амралт олгож, амралтын мөнгийг бүрэн олгосон. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сар дуустал 6 хоногийн цалинг олгосон. 2017 оны 10, 11, 12 дугаар сард хичээл заасан цагт нь ногдуулж цалинг олгосон. Мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын төлөвлөгөөт шалгалт Улаангом политехник коллеж дээр явагдаж багш нарт ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар шийдвэрлэснийг үндэслэн Улаангом политехник коллежийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 тоот тушаалаар багш нарын цалинг шинэчлэн тогтоосон бөгөөд 2018 оны 1 дүгээр сараас эхлэн багш нарт ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа. Иймд нэхэмжлэгч И.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хариуцагч УВА УК-д холбогдох цалингийн зөрүү 3.362.334 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч И.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.11, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 9 дүгээр сар, 2018 оны 1, 2 дугаар сарын цалин 1.970.742 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын цалингийн зөрүү 302.830 төгрөг, 11 дүгээр сарын цалингийн зөрүү 328.069 төгрөг, 12 дугаар сарын цалингийн зөрүү 325.264 төгрөг, нийт 2.926.905 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 435.429 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилтан И.А-гийн дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмаар нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн Улаангом политехник коллежид үүрэг болгосугай. гэж 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.747 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежээс 61.780 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.А-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч И.А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.747 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн данснаас гаргуулж, түүнд буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...И.А- нь эдийн засагч, статистикч мэргэжилтэй боловч тус коллежид 2009 онд математикийн багшаар орж ажиллажээ. Тухайн үед математикийн 4 багшийн орон тоотой байсан ч 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт, анги дүүргэлтээс шалтгаалан математикийн 3 багш ажиллах болсоноор мэргэжлийн 3 багшид цагийг нь хувааж өгөөд, И.А-г математикийн багшийн мэргэжил эзэмших хөрвөх сургалтанд суралц гэхэд тэрээр суралцахаар болсон. И.А- 2017 оны 10, 11, 12 дугаар сард компьютер, англи хэлний багшаар ажилласан боловч 2018 оны 01 дүгээр сараас хойш ирээгүй тул суралцаж яваа юм байна гэж ойлгож байсан. И.А- нь компьютер, англи хэлний багшаар ажиллахыг хүлээн зөвшөөрч ажиллаад заасан хичээлийнхээ цагт тохирсон цалингаа авч байсан тул цалингийн зөрүү 956.163 төгрөг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмыг манай байгууллага буруу хэрэглэн багш нарт ур чадварын нэмэгдэл олгогдож байсан нь 2017 оны 12 дугаар сард хийгдсэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын шалгалтаар илэрч, улмаар Улаангом коллежийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 тоот тушаалаар багш нарт ур чадварын нэмэгдэл олгохгүйгээр мэргэшлийн зэрэг, эрдмийн цолны нэмэгдэл олгохоор цалинг шинэчлэн тогтоосон юм. Шүүх И.А-гийн сарын цалинг 560.865 төгрөгөөр тогтоосныг дурдсан атлаа 2018 оны 1, 2 дугаар сарын цалинг 656.914 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
И.А-, УВА УК-оос 2017 оны 9, 2018 оны 1, 2 дугаар сарын цалинд 1.970.742 төгрөг, 2017 оны 8, 10-12 дугаар сарын цалингийн зөрүү 1.391.511 төгрөг, нийт 3.362.334 төгрөг гаргуулах, дээрх саруудад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүсч 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хандсан байна.
Хариуцагч “...математикийн багшийн мэргэжилгүйг эрх бүхий этгээд тогтоосон, хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл 2 удаа өгсөн, ...хүсэлт, амьдралыг харгалзан ажлаас халах шийдвэр гаргаагүй, ...хөрвөх сургалтад хамрагдахаар тохиролцож, энэ хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, 3 сар англи хэлний багшаар ажиллаж, тохирсон цалин авсан...” гэж зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосоныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
1. И.А-гийн нэхэмжлэл нь цалин хөлстэй холбоотой маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт өгнө.
Хэргийн баримтаас үзвэл И.А- 2009 оноос УВА УК-д математикийн багшийн албан тушаалд ажилласан, тэрээр математикийн багш бус, эдийн засагч, статистикч мэргэжилтэй нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Ажил олгогч дээрх нөхцөл зааж хөдөлмөрийн гэрээг цуцлахыг 2017 оны 3, 7 дугаар сард И.А-д мэдэгдсэн байх боловч ажлаас халсан шийдвэр гараагүй байна.
И.А- нь математикийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлээгүй ажил олгогчийн үйлдлийн талаар маргаагүй, 2017-2018 оны хичээлийн жил эхлэхэд ажлаа гүйцэтгээгүй, өөр ажил буюу англи хэлний багшаар түр ажилласан зэрэг байдал нь түүний хүсэлт, амьдралын байдлыг харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, хөрвөх сургалтад хамрагдах боломж олгохоор тохиролцсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй гэж үзнэ.
Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заажээ.
И.А- ажил эрхлээгүй тул ажиллаагүй үеийн цалин гаргуулах, өөрөө зөвшөөрч англи хэлний багшаар 3 сар ажиллаж, заасан хичээлийн цагт тохирсон цалин авсан байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, мөн ажлаа гүйцэтгэсэн үеийн буюу 2017 оны 8 дугаар сарын цалин бүтэн авсан нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.
И.А-гийн эрхэлж байсан математикийн багшийн ажлын байр, цалингийн сан УВА УК-йн бүтэц, орон тоонд хэвээр хадгалагдаж байгаа, түүнд 2017 оны жилийн эцэст үр дүнгийн урамшуулал өгсөн явдал нь ажиллаагүй үеийн цалин олгох үндэслэл болохгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.
2. Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна.
Цалин хөлстэй холбоотой маргааныг анх тутамд хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргах бөгөөд тухайн байгууллагад уг комисс байхгүй бол хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргана.
Ажил олгогч нь ажилчдад цалинг тухайн ажилласан сард багтааж 2 хувааж олгодог нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэ үеэс шаардлага гаргах хугацааг эхлэн тоолно. Нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хандсан байх тул 2017 оны 9 дүгээр сарын цалин, 10-12 сарын цалингийн зөрүү гаргуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. Хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн “цалин хөлс олгоогүй ажил олгогчийн үйлдэл үргэлжилсэн шинжтэй учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй” гэсэн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.
3. Зохигчийн хоорондох хөдөлмөрийн харилцаа үргэлжлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 61.780 төгрөг төлснийг улсын шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ