Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 13

 

И.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар шийдвэртэй.

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 17-14 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ЧС86040361, Зуутраг овогтой Ивановын Ариунаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом коллежид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зөрүү 3.362.334 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие одоо Улаангом сумын 3 дугаар багт ээжийн хамт хоёул амьдардаг. Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Удирдлагын академи тус тус төгссөн. 2009 оноос эхлэн Улаангом коллежид багшаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор ажлаас халах, чөлөөлөх тушаал гараагүй байгаа боловч 2017 оны 8 дугаар сараас эхлэн сарын цалинг дутуу олгоод эхэлсэн, 9 дүгээр сард ямар ч цалин олгоогүй. Учрыг асуухад “математикийн хичээлийн цаг багассан” гэж хэлсэн. Манай сургууль 72 багштай, үүнээс математикийн багш надтай нийлээд 4 байдаг. Надаас бусад 3 багш ажлаа хийгээд цалингаа аваад байгаа. Гэтэл надад цалин дутуу олгодог, зарим сард цалин огт өгдөггүй. Би англи, хятад, солонгос хэлтэй, математикийн багшаас өөр ажил хийх боломжтой. Гэтэл гаднаас олон тооны хүн шинээр аваад байдаг, намайг ажлаар огт хангадаггүй. Улаангом коллежид 9 жил багшилсан. Үндсэн ажилтан намайг ялгаварлан гадуурхаад ажилтай ч биш, ажилгүй ч биш байдалтай болгоод байна. 2018 он гарсанаас хойш 1, 2 дугаар сард ямарч цалин өгөөгүй нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй. Мөн 2017 оны 9 дүгээр сард цалин өгөөгүй ба нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй тасалдсан болно. Иймд 2017 оны 9 дүгээр сарын цалин 656.914 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын цалин 656.914 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын цалин 656.914 төгрөг, 2017 оны 8, 10, 11, 12 дугаар сарын цалингийн зөрүү 1.391.511 төгрөг, нийт 3.362.334 төгрөгийг Улаангом коллежоос гаргуулж, цалин олгоогүй хугацааны болон цалин дутуу олгосон саруудын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Улаангом коллежид даалгаж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом коллежид холбогдох “цалингийн зөрүү 3.362.334 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай” нэхэмжлэгч И.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.747 /жаран найман мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар 3 сарын хугацаа өнгөрсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гэж заасан байдаг.

Миний бие нь 2018 оны 2 дугаар сарыг дуустал өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгааг мэдээгүй.

Учир нь сургуулийн захирал намайг түр зуур хүлээж бай гэсэн тул цаашид ажил өгөх юм байна гэж ойлгоод хүлээсэн. Үүнийгээ баталж түр хугацаагаар англи хэлний багшаар ажиллуулсан.

Хуульд зааснаар би өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэдгийг ойлгож мэдээгүй төөрөлдөж байсан.

Түүнчлэн би 12 дугаар сард ажил хийж цалин авч байсан бөгөөд үүнээс хойш тоолоход хөөн хэлэлцэх хугацаанд багтаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл тул хөөн хэлэлцэх хугацааг миний эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн хугацаанаас тоолох ёстой гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Ажилтан болон ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцааг дуусгавар болгосон, нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажил олгогч шийдвэр гаргасан үйл баримт хэргээс тогтоогдоогүй байна.

Харин Улаангом коллежийн захирлын баталсан 2017 оны 10 дугаар сарын 02-ноос мөрдөж эхэлсэн 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөж байгаа хичээлийн хуваарьт багш И.Агийн нэр орсон, мөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар И.Агийн цалинг 560865 төгрөгөөр тогтоож, захирлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/85 дугаар тушаалын хавсралтаар И.Ад ажлын үр дүнгийн урамшуулалд 300000 төгрөг олгож хөдөлмөрийн харилцааг зогсоохгүйгээр үргэлжлүүлж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний эцэст, нэхэмжлэгч Ц.Ариунаагийн Улаангом коллежээс цалингийн зөрүү 3362334 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас түүний 1 сарын дундаж цалинг 656914 төгрөгөөр тооцон 10 дугаар сарын цалингийн зөрүү 302830 төгрөг,11 дүгээр сарын цалингийн зөрүү 328069 төгрөг,12 дугаар сарын цалингийн зөрүү 325264 төгрөг нийт 956163 төгрөг дээр 2017 оны 09 дүгээр сарын цалин 656914 төгрөг,2018 оны 01 дүгээр сарын цалин 656914 төгрөг,02 дугаар сарын цалин 656914 төгрөг тус тус нэмж бүгд 2926905 төгрөг Улаангом Коллежээс гаргуулан И.Ад олгож, илүү нэхэмжилсэн 435429 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмаар нөхөн төлүүлж тус тусын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгон гүйцэтгүүлэхээр  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч И.Агийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? “ гэх гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. Учир нь Улаангом коллежийн захирлын баталсан 2017 оны 10 дугаар сарын 02-ноос мөрдөж эхэлсэн 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөж байгаа хичээлийн хуваарь, мөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалын 2 дугаар хавсралт, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/85 дугаар тушаалын хавсралт зэргээс үзвэл, ажилтан болон ажил олгогчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг гэрээ болон хууль тогтоомжид зааснаас дордуулсан ажил олгогчийн үйлдэл, гэрээний зөрчил нь үргэлжилсэн шинжтэй учраас ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч И.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68747 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн политехник коллежээс 61780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Ад олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.11, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Агийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 9 дүгээр сар, 2018 оны 1, 2 дугаар сарын цалин 1970742 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын цалингийн зөрүү 302830 төгрөг, 11 дүгээр сарын цалингийн зөрүү 328069 төгрөг, 12 дугаар сарын цалингийн зөрүү 325264 төгрөг, нийт 2926905 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 435429 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилтан И.Агийн дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмаар нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн Улаангом политехник коллежид үүрэг болгосугай.” гэж 2 дахь заалтыг:

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68747 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежээс 61780 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.Ад олгосугай.” Гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч И.Агийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68747 /жаран найман мянга долоон зуун долоо/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн данснаас гаргуулж, түүнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                                           

Д.ЖАМБАЛСҮРЭН