Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 268

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: И.А-ийн нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: К-д холбогдох,

         Цалингийн зөрүү 3.362.334 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

         Нэхэмжлэгч И.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие одоо Улаангом сумын 3 дугаар багт ээжийн хамт хоёул амьдардаг. Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Удирдлагын академи тус тус төгссөн. 2009 оноос эхлэн К-д багшаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор ажлаас халах, чөлөөлөх тушаал гараагүй байгаа боловч 2017 оны 8 дугаар сараас эхлэн сарын цалинг дутуу олгоод эхэлсэн, 9 дүгээр сард ямар ч цалин олгоогүй. Учрыг асуухад “математикийн хичээлийн цаг багассан” гэж хэлсэн. Манай сургууль 72 багштай, үүнээс математикийн багш надтай нийлээд 4 байдаг. Надаас бусад 3 багш ажлаа хийгээд цалингаа аваад байгаа. Гэтэл надад цалин дутуу олгодог, зарим сард цалин огт өгдөггүй. Би англи, хятад, солонгос хэлтэй, математикийн багшаас өөр ажил хийх боломжтой. Гэтэл гаднаас олон тооны хүн шинээр аваад байдаг, намайг ажлаар огт хангадаггүй. Улаангом коллежид 9 жил багшилсан. Үндсэн ажилтан намайг ялгаварлан гадуурхаад ажилтай ч биш, ажилгүй ч биш байдалтай болгоод байна. 2018 он гарсанаас хойш 1, 2 дугаар сард ямарч цалин өгөөгүй нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй. Мөн 2017 оны 9 дүгээр сард цалин өгөөгүй ба нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй тасалдсан болно. Иймд 2017 оны 9 дүгээр сарын цалин 656.914 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын цалин 656.914 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын цалин 656.914 төгрөг, 2017 оны 8, 10, 11, 12 дугаар сарын цалингийн зөрүү 1.391.511 төгрөг, нийт 3.362.334 төгрөгийг Улаангом к-оос гаргуулж, цалин олгоогүй хугацааны болон цалин дутуу олгосон саруудын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Улаангом к-д даалгаж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч.......К-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч И.А-ийн цалингийн зөрүү 3.262.334 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус сургуулийн багш И.А-ааг 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн үеийн к-ийн захирал Ц.Б-ийн 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 74 дүгээр тушаалаар математикийн багшаар туршилтын 6 сарын хугацаагаар авч ажиллуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл өмнөх тушаалыг нь өөрчлөөгүй байгаа юм. И.А нь 2008 онд Монгол Улсын Багшийн их сургуулийн Математик статистикийн сургуулийг эдийн засаг, статистик мэргэжлээр суралцаж эдийн засгийн бакалавар зэрэгтэй төгссөн ба багшлах эрх байхгүй. Миний бие 2017 оны 1 дүгээр сард Улаангом к-ийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хүлээн авч ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 4 дүгээр сард Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар ерөнхий эрдмийн хичээл зааж байгаа 2 багшийн мэргэжил нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтэд дурдагдсан 2 багшийн нэг нь И.А багш байсан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслээд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу багш И.А-аад математикийн багшаар ажиллуулах боломжгүй болсон талаар 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн. И.А багш мэдэгдлээ хүлээн аваад захирлын өрөөнд ирж уулзаад “Энэ хичээлийн жил дуустал хичээлээ заагаад хөрвөж суралцах сургуульд орж 2017 оноос 2018 оны хичээлийн жилд суралцана. Намайг ажлаас чөлөөлөхгүй байгаач” гэж хүсэлт тавьсны дагуу харилцан ярилцаад энэ хугацаанд хичээлийн цаг бага байгаа тул цалингүй чөлөөтэй байж, суралцаад эргэж ирж ажиллахаар ярилцаж тохиролцсон бөгөөд нотлох баримт үйлдээгүй юм. Манай сургууль математикийн 4 багштай байсан. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар тушаалын дагуу тооцож үзэхэд 3 багшийн норм байсан тул 2017 оны 6 дугаар сард ээлжийн амралт олгохын өмнө 2017 оноос 2018 оны хичээлийн жилд цагийн ачаалал хүрэлцэхгүй байгаа багш нарыг дуудаж уулзсан. Энэ уулзалтад И.А багш ирээгүй ба арга зүйч Н математикийн 3 багш бид нар хэлэлцээд 3 багш маань “Бид мэргэжлийн багш нар тул цагаа хуваахгүй, харин мэргэжлийн бус учраас И.А багшийг сургах хэрэгтэй” гэсэн шийдэлд хүрээд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр И.А багшид мэдэгдэл хүргүүлэхээр хүний нөөцийн ажилтан Д.Н багшид үүрэг даалгавар өгсөн. Гэтэл И.А багш ирж мэдэгдлээ аваагүй, гар утсанд нь мессеж бичихээр ирдэггүй, 8 дугаар сард сургууль дээр ирэхэд нь өгөхөд уншиж үзсэн боловч гарын үсэг зураагүй гэж хүний нөөцийн ажилтан Д.Н хэлсэн. Иймээс бид 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр захирлын зөвлөлийн хурал хийж өмнө нь ярилцаж тохиролцсоны дагуу мэргэжлийн багш биш тул 2017 оноос 2018 оны хичээлийн жилд хөрвөж суралцах шаардлагатай, гэж үзээд И.А багшид хичээлийн цаг хувиарлаагүй юмаа. Гэтэл И.А багш 2017 оны 10 дугаар сард захирлын өрөөнд ирж уулзаад “Багш Л.У Солонгос улс руу ажиллахаар 3 сарын виз гарсан байна, би энэ хичээлийг заамаар байна, нийгмийн даатгалын шимтгэлээ таслахгүй бага ч гэсэн цагтай явмаар байна” гэж хүсэлт тавьсныг хүлээн авч сургалтын албаны менежер Б.А, арга зүйч Наранбилэг нарт хэлж боломжит хичээлийн цаг хуваарьлаж өг гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу 2017 оны 10-12 саруудад англи хэл, компьютерийн хичээлийн зохих цагтай ажилласан. Энэ байдлаар ажлаас нь чөлөөлөхгүйгээр хувийн хүсэлтийг нь хүлээн авч байж болох түвшинд ажлын байраар хангаж асуудлыг нь шийдвэрлэж ирсэн. Цалингийн талаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны хооронд хуулийн дагуу 48 хоногийн ээлжийн амралт олгож, амралтын мөнгийг бүрэн олгосон. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сар дуустал 6 хоногийн цалинг олгосон. 2017 оны 10, 11, 12 дугаар сард хичээл заасан цагт нь ногдуулж цалинг олгосон. Мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын төлөвлөгөөт шалгалт Улаангом политехник коллеж дээр явагдаж багш нарт ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар шийдвэрлэснийг үндэслэн Улаангом политехник к-ийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 тоот тушаалаар багш нарын цалинг шинэчлэн тогтоосон бөгөөд 2018 оны 1 дүгээр сараас эхлэн багш нарт ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа. Иймд нэхэмжлэгч И.А-ийн шүүхэд гаргасан цалингийн зөрүү 3.262.334 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч И.А нь хариуцагч Увс аймгийн к-д холбогдуулан, цалингийн зөрүү 3.362.334 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

          Нэхэмжлэгч И.А-ааг 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Улаангом коллежийн захирлын мөн өдрийн 74 тоот тушаалаар ажилд томилохдоо математикийн багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн, мөн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэр1] байгуулсан байх ба тэрээр 2009 оноос 2017 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд тус сургуулийн математикийн багшаар ажилласан байна.

         2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 33 тоот Монгол Улсын Мэргэжлийн хяналт шалгалтын танилцуулга[2]-аас үзэхэд “Англи хэл, математикийн багш нарыг хөрвөх сургалтад хамруулах” гэсэн дүгнэлтийг үндэслэн И.А-ааг математикийн багшаар цаашид ажиллах боломжгүй гэж үзэж, түүнийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 24, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр[3] тус тус хүргүүлсэн байх боловч уг мэдэгдлүүдийг И.А хүлээн аваагүй нь хэргийн 65-66 дугаар хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байна.

         Гэвч И.А-ааг 2017 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд англи хэлний багшийн оронд цагийн багшаар ажиллуулж, түүнд хийсэн ажлын хэмжээнд цалин хөлс олгосон нь хэргийн 43-46 дугаар хуудаст авагдсан цалингийн тооцооны баримт, 77-100 дугаар хуудаст авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

           Ингээд И.А нь шүүхэд 2017 оны 8, 10, 11, 12 дугаар сард авсан цалингийн зөрүү, мөн 2017 оны 9, 2018 оны 1, 2 дугаар сарын бүтэн цалин буюу нийт 3.362.334 төгрөгийг нэмж гаргуулан, уг хугацаан дахь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох баримтуудад нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан байх боловч шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Үүнд, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 6 өдөр ажилласан цалин хөлсөө бүрэн авсан, мөн 2017 оны 10, 11, 12 дугаар сард цагийн англи хэлний багшаар ажиллаж, уг хөдөлмөртөө ногдох цалинг авсан байх ба тэрээр бусад үндсэн багш нарын адилаар бүтэн цагаар хичээл заагаагүй нь талуудын тайлбар, хэргийн 26-28 дугаар хуудаст авагдсан хичээлийн хуваариар нотлогдож байна.

        Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж, хамтын гэрээнд зааснаас дордуулсан, авах байсан цалинг бүтэн олгоогүй, ажлын байраар хангаагүй гэх гомдлоо эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад буюу шүүхэд гаргах эрхтэй байсан тул 2017 оны 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин хөлс дутуу олгосон гэх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзлээ.  

          Мөн И.А нь 2018 оны 1 дүгээр сараас 2 дугаар сарыг дуустал хугацаанд тухайн байгууллагад цагийн болон үндсэн багшаар ажиллаагүй, тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлснийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, эсхүл ажлын цагаа бүртгүүлж байснаа нотлоогүй тул дээрх хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг тооцож, хариуцагч Увс аймгийн Улаангом к-оос гаргуулах үндэслэлгүй байна.

           Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом к-д холбогдох “цалингийн зөрүү 3.362.334 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай” нэхэмжлэгч И.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт “Увс аймгийн Улаангом политехник коллеж” гэсэн байх боловч хэргийн 60 дугаар хуудаст авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд хуулийн этгээдийн нэр нь “Увс аймгийн Улаангом к” гэсэн байх тул уг албан ёсны нэрээр хариуцагчийг нэрлэж, шүүхийн шийдвэрт бичигдсэн болохыг дурдав.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом к-д холбогдох “цалингийн зөрүү 3.362.334 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай” нэхэмжлэгч И.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.747 /жаран найман мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА