Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/21

 

 

 

 

 

 

 

Д.А-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                       Б.Эрхэмбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                               И.Отгонсүрэн

Нарийн бичгийн дарга                                                 Э.Уртнасан нарыг оролцуулан                                                

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.А-т холбогдох 1734000000155 дугаартай 192 хуудас, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд 1999 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Говьсүмбэр аймаг. Баянтал сум, 1 дүгээр баг, Лүнгийн 2-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Д.А  /ЗЖ90/.

 

Яллагдагч Д.А нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэр 7-04 тоотод оршин суух иргэн Д.Гүндэгмаагийн гэрт нэвтрэн орж иргэн Б.Оюунжаргалын цүнхэнд байсан 1.750.000 төгрөгийг, мөн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 2-09 тоотод оршин суух иргэн Б Оюунжаргалын гэрт нэвтрэн орж 600.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр  багийн нутаг дэвсгэр 1-07 тоотод оршин суух Б.Цэрэнгийн гэрт нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг 2 ширхэг гар утас. 3 ширхэг зэс аяга, 1 ширхэг куртка зэргийг тус тус хулгайлж нийт 2 750 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар шүүхийн тогтоолоор: 

              Шүүгдэгч Д.А ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А ын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг, нийт 57 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр 10 саншметрийн урттай төмөр лоом 1 ширхгийг, хар ангийн куртикийг тус тус шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Энэ хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д Анхбаяр нь хохирогч Б Оюунжаргалд нийт 2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/төгрөгийн хохирол учруулсанаас 962.000 /есөн зуун жаран хоер мянган/ төгрөг төлснийг үлдэх 1.688.000 /нэг сая зургаан зуун наян найман мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг, мөн хохирогч Б.Цэрэнд гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсийн заримыг нь биет байдлаар нь буцаан өгсөн ба үлдэх 185 000 /нэг зуун наян таван мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг,  иргэний нэхэмжлэгч Б Амгаланд 45 000 /дөчин таван мянга/ төгрөгийн хохирол иргэний нэхэмжлэгч М.Гансүхэд 10.000 /арван мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан хэдий ч нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсзгт зааснаар шүүгдэгч Д.А аас нийт 1.873.000 /нэг сая найман зуун далан гурван мянга/ төгрөг гаргуулан хохирогч НЭ85122219 дугаарын регистртэй. Боржигон овгийн Баянжаргалын Оюунжаргалд 1 688 000 /нэг сая зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг, хохирогч ЗЙ52041203 дугаарын регистртэй Алтгана овгийн Банзрагчийн Цэрэнд 185.000 /нэг зуун наян таван мянга- төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А нь давж заалдах гомдолдоо: “Миний бие нь Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн. 2017 оны 11 сарын 04-нд хулгайн гэмт хэргээр мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаад 2018 оны 01 сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Говьсүмбэр аймаг Баянтал сум, 1 дүгээр баг Лүнгийн 2-05 тоотод оршин суудаг хойд эцэг Төмөрхуяг ажилгүй грүүпэд байдаг төрсөн ээж Шинэтуяа ажилгүй, авто аваарт ороод бие муутай байдаг, дүү Урангоо сургуульд сурдаг, амьдралын боломж байхгүй тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг хөнгөлж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн 7-09 тоотод оршин суух иргэн Д.Гүндэгмаагийн гэрт нэвтрэн орж иргэн Б.Оюунжаргалын цүнхнээс 1.750.000 төгрөгийг, мөн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт оршин суух 2-09 тоотод оршин суух иргэн Б.Оюунжаргалын гэрт нэвтрэн орж 600.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 1-07 тоотод оршин суух Б.Цэрэнгийн гэрт нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг гар утас, 3 ширхэг зэс аяга, 1 ширхэг куртикийг тус тус хулгайлж, бусдад 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

 

Хохирогч Б.Оюунжаргалын: “ ...хадам эмээ Гүндэгмаагийнд эхнэрийн хамт очиж хоносон..., ...өглөө 07 цагийн үед Гүндэгмаа эмээ Алтанчимэгийн цүнхийг хашаанд байх миний машины арын дугуйны хажуунаас олж..., ...эхнэр цүнхээ үзтэл цүнхэн дотор гоо сайхны хэрэглэл хийдэг саванд нь байсан 1.750.000 төгрөг алга болсон бусад зүйлс нь байсан..., ...цагдаад дуудлага өгөөд эхнэр бид хоёрыг мөнгөтэй явсныг ганцхан Анхбаяр гэх залуу мэднэ гэж хэлээд Анхбаярыг цагдаа нарын хамт хайж Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төв дээрээс барьж авсан..., ...шөнө бас манай өөрийн амьдардаг байшингийн цонхоор орж гэрийн хойморт байдаг шавар гахайнаас энэ оны хавраас эхлээд хийсэн 600 000 орчим төгрөгийг аваад, хуурамч мөнгөн дэвсгэрт хийсэн жаазны шилийг хагалж хуурамч мөнгийг авч үзээд мөн зурагтыг авч явах гэж үзсэн байсан...,” /хх-н 23-25х/,

 

Хохирогч Б.Цэрэнгийн …2017 оны 11 дүгээр сарын 10-наас 13-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот руу гэрээ эзгүй орхиж явчихаад ирсэн чинь байшингийн баруун хойд талын цонхыг хагалчихсан..., ...гэрийнхээ эд зүйлийг бүртгэсэн чинь шинэ авсан хар куртка, халаасанд нь байсан нэг гар утас, сервантанд байсан нэг ширхэг гар утас, хоёр ширхэг цагаан, бор өнгийн чулуун хөөрөг, гурван ширхэг зэс аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...,” /хх-н 101-102х/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Амгалангийн:” …Би Цайз захад байрлах утасны лангуу дээрээ байж байхад өдөр 12-оос 13 цагийн үед 20 орчим насны дэлдэн чихтэй, туранхай жижгэвтэр биетэй хүүхэд орж ирээд нэг шар өнгийн товчлууртай хоёр сим ордог хятад утас барьчихсан ахаа энэ утсыг мэдрэгчтэй утсаар сольчихмоор байна гээд гуйгаад байхаар нь надад зөрүү мөнгө өг тэгвэл сольж болно гэсэн чинь би өнөөдөр вагоноор Замын-Үүд явах гэсэн юм надад мөнгө байхгүй харин гурван ширхэг зэс аяга өгье гэхээр нь аягыг нь хараад нөгөө шар өнгийн утсыг гурван ширхэг аягатай нь аваад оронд нь “Самсунг” маркийн хар өнгийн 45 000 төгрөгний мэдрэгчтэй гар утсаар солиод өгөөд явуулсан юм...” /хх-н 103-105х/,  

 

Иргэний нэхэмжлэгч М.Гансүхийн:” ...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би Цайз зах дээр түүхий эдийн цэгийн хажууд зогсож байхад нэг хар куртка өмссөн, ноосон малгайтай туранхай хүүхэд ирээд хөөрөг авах хүн байна уу, би хоёр ширхэг хөөрөг зарах гэсэн юм гээд, би хоёр ширхэг хөөргийг нь үзээд хямдхан хөөрөг байна. 5000 төгрөгөөр авъя гэхэд 10 000 төгрөгөөр авчих гэхээр нь би хулгайн хөөрөг гэдгийг мэдэхгүй 10000 төгрөг өгөөд авсан юм...” /хх-ийн 106-108х/,

 

Гэрч П.Алтанчимэгийн:” ...Өглөө 07 цагийн үед эмээ манай машины арын дугуйны араас миний цүнхийг олж оруулж ирэхээр нь үзтэл цүнхэнд байсан 1.750. 000 төгрөгийг аваад бусад зүйлсийг үлдээсэн байхаар нь цагдаад дуудлага өгөөд миний цүнхэнд мөнгө байсан талаар ганцхан Анхбаяр гэх залуу мэдэж байсныг хэлж, Анхбаярыг Улаанбаатар хотын Нарантуул захаас барьж авчирсан..., ...Тэгээд нөхөр бид хоёр өөрийнхөө гэр буюу Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 02-09 тоотод байх байшиндаа орой ирж үзэхэд байшингийн гал тогооны цонх онгорхой байшингийн хойморт ханын шүүгээнд байсан гахайнаас 600.000 орчим төгрөгийг аваад хананд өлгөөтэй байсан мөнгөний жаазыг хагалаад, зурагтыг авч явах гэж үзээд гарсан байна...,” /хх-н 26-28х/,

 

Гэрч Д.Гүндэгмаагийн:” ...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө хашаандаа гарсан чинь манай Оюунжаргалын цүнх гадаа байхаар нь “хүүе чи цүнхээ гадаа орхиж” гээд оруулаад ирсэн чинь дотор нь байсан 1.750.000 төгрөг байхгүй байна гээд бужигналдсан...” /хх-н 38-39х/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Ялтан Д.А нь давж заалдах гомдолдоо: “Миний бие 2017 оны 11 сарын 04-нд хулгайн гэмт хэргээр мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаад 2018 оны 01 сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, хойд эцэг Төмөрхуяг ажилгүй грүүпэд байдаг төрсөн ээж Шинэтуяа ажилгүй, авто аваарт ороод бие муутай байдаг, дүү Урангоо сургуульд сурдаг, амьдралын боломж байхгүй тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг хөнгөлж өгнө үү.” гэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-т ял оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүгдэгчийн гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх тухай гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Д.А-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 50 хоногийг шүүгдэгч Д.А-н ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

                                                       ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ