Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1466

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Уг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Уд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Уд оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Уд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг дурдсугай. 

 

5. Шүүгдэгч Б.У нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 800.000.000 төгрөгийг төлсөн болохыг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А-4 хэмжээтэй цаасан дээр гараар бичсэн баримт 1 хуудсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Б.Уд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ