Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 88

 

 

Б.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбаатар, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1340 дүгээр магадлалтай, Б.Уд холбогдох 1902000000201 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Б.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Уг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Уг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолох, гэмт хэргийн улмаас учирсан 800.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Уг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Уд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Уд мэдэгдсүгэй.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Угийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялыг хэмжээг 38.920.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Ганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:...Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг нарын зүгээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх утгатай гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасныг хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан гомдлыг үндэслэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг өөрчилж, мөн хуульд зааснаар 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. 

Шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1340 дугаар магадлалыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Уд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 40.000 нэгжээр торгох торгох ял болгож өөрчилж шийдвэрлэхдээ “Б.Уг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний 2005 онд бүдүүн гэдэсний хорт хавдрыг тайрч авах, колостом гаргах буюу бүдүүн гэдэс хэвлийгээр гаргах, залгах гурван удаагийн, 2010 онд умайн хорт хавдар авах, 2020 оны 2 дугаар сард төвөнхийн ургацаг буюу мэдрэл дагасан төвөнх дээрх хавдрын хагалгаанд орж үүнээс үүдэн артерийн даралт ихсэлтийн II дугаар зэрэг, зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зэрэг эрүүл мэндийн байдлыг харгалзан үзлээ” гэсэн дүгнэлт хийжээ.

Шүүх Б.Уг “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хамаарах яллагдагч, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог, нийгэмд ашигтай, сэтгэл зүйн хандлага гэж үзэж хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульд тусгасан ойлголт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” журмыг тусгайлан зохицуулсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.У нь өмгөөлөгчийн хамт гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар огт мэдүүлэг өгч байгаагүй.

Харин шүүгдэгч Б.У нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Улсын Их хурлын гишүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж еөртөө давуу байдал бий болгож их хэмжээний зээл авсан хэргүүдийн шийдвэрлэлтийн үйл явц буюу Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байсан этгээдүүдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрүүдээс хамааралтайгаар зөвхөн шүүхээс оногдуулах ялыг багасгах зорилгоор анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хэлбэрийн төдий хүлээн зөвшөөрч оролцсон бодит нөхцөл байдал тогтоогдож байхад Давж заалдах шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь шүүгдэгч Б.Угийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл болон хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан зөрчилд хамаарч байна.

2.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.У нь Сонгуулийн үр дүнд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, төрийн хууль тогтоох дээд байгууллагад сонгогдон ажиллаж байхдаа Улсын Их хурлын гишүүнд хуулиар олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийг хамгаалахад бус өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд урвуулан ашигласан, гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, хууль тогтоох дээд байгууллагын үнэлэмжийг дотоод болон гадаад улсад сулруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид төрөөс олгосон бага хүүтэй зээл авах боломжийг мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд зээл олгуулах шийдвэрийг бусдад нөлөөлж гаргуулсан, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хөнгөлттэй зээл авах боломжтой байх тэгш эрхэд давхар халдсан зэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь жирийн иргэнтэй харьцуулшгүй болно.

Гэтэл Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “Шударга ёсны зарчим”-д нийцсэн шийдвэр гаргаагүй гэж үзнэ.

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдаагүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч Б.Угийн эрүүл мэндийн байдлыг тусгайлан харгалзан үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” хуулийн заалтыг зөрчсөн, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн гэж нэгтгэн дүгнэж байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1340 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: ...Дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, хэтэрсэн хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг ЭХХШТХ-ийн 40.1 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 4-8 дахь хэсгээр тус тус зохицуулсан бөгөөд Прокурорын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.5-10.1.8 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхтэй холбогдуулж гаргасан прокурорын дүгнэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон”, “...Улсын яллагч шүүх хуралдаанд яллахаас татгалзсан”, “...Шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, шүүгдэгчийг цагаатгасан” тохиолдолд доод шатны прокурорын шийдвэрийг хянана гэж дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэр үйл ажиллагааг хянах хууль зүйн үндэслэлийг заасан байна. Иймээс давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурорын хянах үндэслэлд хамаарахгүй тул эсэргүүцэл бичих хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг дээд шатны прокурор гаргасан нь ЭХХШТХ-ийг зөрчсөн үйл ажиллагаа юм. Мөн хуульд заасан үндэслэлээс гадуур, доод шатны прокурорын эрхэд халдаж дээд шатны прокурор хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж Прокурорын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргана" гэсэн прокурорын үйл ажиллагааны зарчим алдагдсан байна. Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар тухайн байгууллагын бүх прокуроруудыг ажлын 2 хэсэгт хуваасан боловч П.Ганбаатар прокурорын нэр байхгүй.

Мөрдөн байцаалтын шатанд Б.У нь хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн, харин мөрдөгчийн дуудсан цагт саадгүй ирж мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх талаар хүсэлт, гомдлыг гаргаж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар халхавчлан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын нэг үндэслэл бол 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1426 дугаартай шийтгэх тогтоолоор энэ хэргийг зохион байгуулагчид торгох ял оногдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг баримталж оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1340 дүгээр магадлалын хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл хэлсэн саналдаа: “Эрүүгийн хариуцлагын хүнд хэлбэр болох хорих ял оногдуулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл заалтыг үндэслэсэн болохоо бичээгүй, хуулийг төсөөтэй хэрэглэх байдлаар бичигдсэн байна. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч Б.У нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйсан. Харин прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй. Тэтгэврийн насанд хүрсэн, өвчтэй хүнийг заавал хүнд төрлийн ял шийтгэх нь шударга бус байна. Иймд Б.Угийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Ганбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Уг Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Улсын Их хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан “Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4-т “Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, 37.1.7-д заасан “Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” зэрэг хориглосон хэм хэмжээг тус тус зөрчиж,

Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Улсын Их хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаарт тушаалаар “Доктор Мэйк” ХХК-д 800.000.000 төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцож, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудыг зээл олгох журмыг зөрчиж зээл олгоход хатгаж, өөрийн хамаарал бүхий “Доктор Мэйк” ХХК-д 800.000.000 төгрөгийн зээл авч, зээлийг зориулалтын бусаар зарцуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Угийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Угийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Уд оногдуулсан хорих ялыг өөрчилж, 40.000.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэхдээ шүүгдэгчийн эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзсан талаар хийсэн дүгнэлт нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогоогүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзлээ.

Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалд “Б.У нь ... 2005 онд бүдүүн гэдэсний хорт хавдрыг тайрч авах, колостом гаргах буюу бүдүүн гэдэс хэвлийгээр гаргах, залгах гурван удаагийн, 2010 онд умайн хорт хавдар авах, 2020 оны 2 дугаар сард төвөнхийн ургацаг буюу мэдрэл дагасан төвөнх дээрх хавдрын хагалгаанд орсон” гэх эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн тухай дүгнэсэн боловч тэрээр 2005 болон 2010 онд дээрх мэс засалд орсныг нотолсон ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Мөн Б.У нь энэ хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БНСУ-д мэс засал хийлгэсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан БНСУ-ын “Хана” чих хамар хоолойн эмнэлгийн эмч Чой Хуй Шиг-ийн гаргасан гэх дүгнэлт нь /5хх-250, 7хх-118/ хуулбар баримт бөгөөд уг дүгнэлтэд Б.Угийн овог, регистрийн дугаар, хаяг, өвчний ангиллын код, эмнэлэгт хэвтсэн, гарсан огноо зэрэг зохих мэдээллийг бичээгүй, эмчийн тамга дарагдаагүй, тухайн эмнэлгээс бичигдсэн өвчний түүх, төлбөр төлсөн баримт зэргээр давхар нотлогдоогүй, агуулга болон  хэлбэрийн хувьд БНСУ-ын Эрүүл мэндийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэв.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Угийн эрүүл мэндийн байдалтай холбоотой дээр дурдсан баримтын эх сурвалжийг магадлан шалгаж, үнэн зөв эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулжээ.

Давж заалдах шатны шүүхээс “Б.У ... артерийн даралт ихсэлтийн II дугаар зэрэг, зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа...” тухай Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн эмч, ахмад Б.Дарханбатын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бичиж, мөн эмнэлгийн Ерөнхий эмч, дэд хурандаа Ш.Баянбаатарын хянаснаар өмгөөлөгч О.Сайнгэрэлд олгосон тодорхойлолтыг /7хх-192/ ял өөрчилсөн шийдвэрийнхээ нэг үндэслэл болгосон байх боловч зөвхөн тухайн эмчийн тодорхойлолтод дурдсаныг үндэслэн шүүгдэгч Б.Уг хавдар өвчний улмаас 2005, 2010, 2020 онд тус тус мэс засал хийлгүүлснийг шууд нотлох, эсхүл үгүйсгэж няцаах боломжгүй юм.

Хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч П.Баасанжав нь шүүгдэгч Б.Угийн 2001 онд эрүүл мэндийн шинжилгээ өгсөн, эмчилгээ хийлгэж байсан тухай эмнэлгийн карт, 2001 онд ОХУ-ын Москва хотын МНИОИ эмнэлэгт хавдрын шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн баримтын хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 05-нд БНСУ-д мэс засал эмчилгээ хийлгэсэн тухай эмчийн дүгнэлтийн хуулбар, 2020 онд Хавдар судлалын үндэсний төвийн эмчид үзүүлсэн эмнэлгийн карт зэрэг баримтыг шинээр гаргаж өгсөн боловч тэдгээр баримтын үнэн зөв эсэхийг нотариатаар гэрчлүүлээгүй, бусад баримтаар давхар нотлоогүй, мөн холбогдох зарим баримтын эх хувь нь байхгүй байх тул тэдгээрийг хяналтын шатны шүүх хуралдаанаар үнэлэх боломжгүй гэж үзэв.

Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарт Б.Угийн эрүүл мэнд, хувийн байдлын талаар шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд дахин гаргаж өгөх боломжийг олгож, тэдгээр баримтыг давж заалдах шатны шүүхээр магадлан шалгуулж, шийтгэх тогтоолд ял шийтгэлийн талаар өөрчлөлт оруулахдаа орхигдуулсан дүгнэлтийг нь нөхөн хийлгүүлж, гаргасан зөрчлийг нь зөвтгүүлэх үндэслэлээр шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний гэм буруу, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд өмгөөлөгч П.Баасанжавын хяналтын шатны шүүхэд Б.Угийн эрүүл мэндтэй холбоотой шинээр гаргаж өгсөн баримтуудыг хяналтын шатны шүүх хуралдаанд шинжлэн судлах, хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй тул буцаан олгохоор шийдвэрлэв.

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Ш.Нямдорж 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандаж “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Улсын онцгой комиссын шийдвэрийн биелэлтийг хангасны улмаас хяналтын прокурор П.Ганбаатар нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл 8 өдөр ажлын байрандаа ирэх боломжгүй байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж, Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар эсэргүүцэл бичих боломжтой хугацааг хэтрүүлснийг сэргээх тухай” хүсэлт /7хх-221/ гаргасныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3952 дугаартай шүүгчийн захирамжаар /7хх-237/ хангаж, прокурорын эсэргүүцэл бичих хугацааг сэргээснийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хүртэл түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1340 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Уд холбогдох 1902000000201 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч Б.Уд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

               Б.БАТЦЭРЭН

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН