Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1340

 

 

 

 

 

  2020            10            22                                         2020/ДШМ/1340    

 

Б.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1466 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.У-д холбогдох эрүүгийн 1902000000201 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У-,

 

Улс төрд нөлөө бүхий этгээд болох шүүгдэгч Б.У- нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4-т “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7-д “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг зөрчиж”, Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн хамаарал бүхий “Доктор Мэйк” ХХК-д “Эмийн үйлдвэр барих төсөл”-ийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт “тухайн төслийг шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах” гэж хэлж, хууль бус үүрэг, чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “Доктор Мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу Б.У-д өөрт нь болон түүний гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У-г улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-г нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг, шүүгдэгч Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 800.000.000 төгрөгийг төлсөн болохыг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А-4 хэмжээтэй цаасан дээр гараар бичсэн баримт 1 хуудсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би энэ хэрэгт хамжигчаар оролцсон.

1.Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ намайг “ард түмний итгэлийг алдаа” гэж бичсэн байсан. Мөн шүүх намайг “УИХ-д ард түмнийг төлөөлөн сонгогдож, олон нийтийн итгэлийг алдагдуулж иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь:

А. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт санаачлага, идэвхтэй ажиллаж тойрогтоо “Таван толгой түлш” шахмал түлшний үйлдвэр байгуулж, 1200 гаруй ажлын байр бий болсон.

Б. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлыг өөрийн тойрог 20 дугаар хороон дээр санаачилж, УИХ-ын тогтоол гарсан. Өмхий үнэр, агаар, хөрс усны бохирдол багасаж, гэр хорооллыг барилгажуулах зэрэг ажлыг хийсэн.

В. 10 орчим жил тог цахилгаангүй байсан 3000 өрх айлыг тог эрчим хүчээр хангаж, дэлхийн жишигт нийцсэн шинэ эмнэлэг, анхны эко сургууль, 9 шинэ цэцэрлэг, 5 сургууль, зам, гэрэлтүүлэг гэх мэт бүтээн байгуулалтыг хийсэн.

1-12 насны бүх хүүхдийг “Үдийн хоол”-той болгох олон хуулиудыг санаачлан иргэдийнхээ итгэлийг дааж ажилласан. Эрүүл мнэдийн шалтгааны улмаас дахин нэр дэвшиж чадаагүй.

2. Шүүх шүүгдэгч миний эрүүл мэнд, хувийн  байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Би цаг, минут тутамд хорт хавдартайгаа тэмцэж байна. Би ОХУ-н Москва хотын Хавдрын төв эмнэлэгт бүдүүн гэдэсний эцсийн 4 дүгээр шатны хавдрын оноштой хагалгаанд орж, бүдүүн гэдэс, мөн s гэдсээ их хэмжээгээр тайруулж, насан туршдаа эмчийн хяналтад байх эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсан. Өвчин минь хүндэрч дахин хоёр удаа хагалгаанд орж, сүүлдээ гэдэс ил уутанцартай болж, хүндэрч, эм тариагаар торгоосон. Хүнд өвчний улмаас хүндрэлүүд үүсэж савны хавдар, дархлаа унаснаас 2013 онд зүүн нүд юм харахаа больж, эрчимт эмчилгээ хийж, одоо эмчийн хяналтад байна. 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод төвөнхийн хавдар авахуулж /зүүн талдаа/, коронавирусын улмаас хагалгааны дараах эмчилгээ хийлгэж чадаагүй. Одоо хүзүүний баруун талд мэдрэлийн хавдартай тул тогтмол нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байх шаардлагатай. Тайван орчинд эмнэлгийн хяналтад байхгүй, хугацаа алдвал баруун тал мэдээгүй болно гэсэн. Олон дахин хүнд хагалгаанд орсны улмаас зүрхний атак, инфакт болох магадлал маш өндөртэй, зүрхний ишеми өвчтэй гэсэн оноштой. Зүрх судас, амьсгалын эрхтний архаг дутмагшилтай. Даралт байнга 150/100 өндөр байдаг. Захын мэдрэлийн нарийсалттай, бөөрний архаг үрэвсэл, элгээ эмчлүүлэх шаардлагатай байгааг минь харгалзан үзнэ үү. Миний бие гэм буруугаа хүлээж хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр өргөдлөө өгсөн байсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ял болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх Б.У-гийн хувийн байдал, ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй юм.

Үүнд: 1. Шүүгдэгч Б.У-гийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс буюу мөрдөн байцаалтын үе шат болон хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад удаа дараа өөрийн гэм бурууг шударгаар хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, гэмт үйлдэлдээ уучлалт хүсэж байснаас гадна эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө “Доктор Мэйк” ХХК-ийн авсан зээлийг бүрэн төлж барагдуулсныг цохон тэмдэглэе. Түүнчлэн аливаа байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй бөгөөд Б.У-г 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар татаж, тогтоолыг танилцуулахаар мөрдөгчөөс дуудсан даруйд очиж мэдүүлэг өгч, тайлбараа бичгээр гарган сайн дураар мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан болно. Мөн мөрдөн байцаах ажиллагааны явцад дөрвөн удаа хүсэлт, гомдол гаргасныг мөрдөгч, прокурор хүлээн авч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан ба хэргийг шуурхай шийдвэрлүүлэх талаар ч хүсэлт гаргаж байсан.

2. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.У-г 2 жил 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн хэсэг буюу ялын төрөл, түүний хэмжээ нь түүний хувийн байдалд тохироогүй, оногдуулсан ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулахыг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан авлигын гэмт хэргийн нэг төрөл бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болон эд хөрөнгийн эрхэд халддаг давхар объекттой гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн шударгаар хөдөлмөрлөж, сонгон шалгаруулалтад оролцож төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэг авах эрхэд давхар халдсан байх тул түүнд торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв” гэж дурджээ. Гэвч шүүгдэгчийн зүгээс шүүхийн дээрх дүгнэлттэй дараах үндэслэлээр санал нийлэх боломжгүй байна. Тодруулбал,

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектыг “...төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан...” хэмээн дүгнэжээ. Олон нийтийн итгэл болон үнэлэмж гэх асуудлын хувьд хувь хүн тус бүрийн үзэл бодлоос хамаарах дотоод итгэл үнэмшил байдаг бөгөөд энэ нь аливаа нэг этгээдийн үйлдлээс үүдэн бий болдог зүйл биш бөгөөд бодит нөхцөл байдал дээр дээрх сөрөг үр дагавар үүссэн эсэх асуудал тодорхой бус байна.

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хатгагчид гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна гэж заасан. Дээрх хэргийн гүйцэтгэгч нарт торгуулийн ял оногдуулсан тул иргэн Б. У-д илүү хүнд ял буюу хорих ял оноох нь зүйтэй” гэх дүгнэлтийг хийжээ. Гэвч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна “...Гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй...” гэх ойлголтын багагүй гэсэн зохицуулалт нь их буюу өндөр гэсэн санааг огт агуулаагүй болно.Тодруулбал, тухайн гэмт хэргийн гүйцэтгэгчид торгуулийн ял оногдуулсан бол хатгагчид тус торгуулийн ялаас бага хэмжээтэй торгуулийн ял оногдуулж болохгүй гэсэн санаа бөгөөд ижил дүнгээр торгуулийн ял оногдуулах хуулийн зохицуулалт нээлттэй. Олон нийтэд илэрхий болсон хэрэг буюу тухайн гэмт хэргийг зохион байгуулсан этгээд нь шүүгдэгч Б.У-тай ижил зүйл ангиар яллагдсан хэдий ч учруулсан хор уршгийн хувьд ч харилцан адилгүй байхад шүүх 40.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан байна. Гэтэл тус хэрэгт хатгагчаар оролцсон гэх Б.У-гийн нэг удаагийн үйлдэлд хуулийг буруу тайлбарлан илүү хүнд ял оноосон гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” байхаар зохицуулсан. Гэвч Б.У-д Үндсэн хуулийн дээрх зарчим үйлчилсэнгүй.

3. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд “Шударга ёсны зарчим”-ыг тодорхойлжээ. Тус зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүх шүүгдэгч Б.У-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг хэт дөвийлгөн авч үзжээ. Шүүгдэгч Б.У- дээрх хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн төлөө үйлдвэр байгуулах зорилгоор авахад тодорхой дэмжлэг үзүүлсэн гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг нь анхнаасаа нийгэмд хор, уршиг, сөрөг үр дагавар үүсгэх зорилгыг агуулаагүй байхад төрийн үйл ажиллагааг ганхуулсан мэт дүгнэлтийг хийжээ.

4. Шүүхийн тогтоолд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" дүгнэжээ. Гэвч шүүгдэгч Б.У-д оногдуулсан ял дээрх зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Тухайлбал, анхнаасаа гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ухаарч, уучлал эрсэн байхад тухайн шүүгдэгчийг нийгэмшүүлэх бус нийгмээс тусгаарлах зорилго бүхий хамгийн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Нийгмээс тусгаарлаж хорих ялыг оногдуулахад шүүхийн зүгээс зайлшгүй хорих шаардлага байгаа эсэх, тухайн гэмт хэргийнхээ учир холбогдол, үр дагаврыг ойлгож, өөрийгөө засаж хүмүүжүүлэх боломж нөхцөлийг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд бид “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго” болгосон бөгөөд бусдад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хувьд ч гэсэн хүмүүнлэг байх зарчим үйлчлэх учиртай. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөн эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус байж болохгүй хэмээн зохицуулжээ. Дээрх хуулийн зохицуулалтыг шүүхийн зүгээс анхааран үзсэнгүй.

5. Шүүхээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь “.. шударга ёсны зарчимд нийцэхгүй. ...” хэмээн дүгнэжээ. Дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, өрөөсгөл дүгнэлт болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтын хувьд тус хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт бүхэлд нь ерөнхий байдлаар үйлчлэхээр зохицуулсан. Зарим тохиолдолд ерөнхий ангид заасан зарчмыг баримтлахгүй тохиолдол гардаг бөгөөд уг тохиолдол бүрийг хуульд нарийвчлан зохицуулсан байна. Шүүгдэгч Б.У-гийн үйлдсэн гэмт хэргийн хувьд 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хүнд гэмт хэргийн төрөлд хамаарахаар байна. Энэ хэмжээний эрүүгийн хариуцлага оногдуулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэж болохыг тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тодорхой заасан. Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөнгөн, хүнд зэрэг хэлбэрээс л хамаарч тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх зарчмыг хэрэглэх эсэхийг зохицуулснаас бус гэмт хэргийн төрлөөр буюу Авлигын гэмт хэрэгт тус зарчмыг баримтлахгүй хэмээн зохицуулаагүй болно. Гэтэл шүүх Авлигын гэмт хэргийн төрөлд хамаарах тус гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6. Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоож, дүгнэлт өгөөгүй байна. Шүүгдэгч Б.У-д холбогдох гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хувьд сонгох санкцтай буюу торгох эсхүл хорих ялын аль нэгийг оноох боломжтой. Сонгох санкцын хувьд мэдээж тухайн гэмт хэргийн нийгмийн аюул, шинж чанарыг тогтоохоос гадна шүүгдэгчийн хувьд тухайн ялыг эдлэх боломжтой эсэхийг тодорхой хэмжээнд харгалзан үзэж дүгнэх үүрэгтэй.

Тухайлбал, шүүгдэгч Б.У-гийн хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрийгөө олон жилийн турш бүдүүн гэдэсний хорт хавдартай байсан бөгөөд хоёр удаа ОХУ-ын Москва хотод хагалгаанд орж байсан. Мөн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Солонгос улсад төвөнхийн хавдар авахуулах мэс ажилбар хийлгэсэн ба хүзүү, сээрний хавдрын улмаас байнгын эмчийн хяналт, амбулаторын эмчилгээнд байгаа гэдгээ мэдүүлж, холбогдох эмнэлгийн баримт бичгийг нотлох баримтаар хүргүүлсэн байна. Шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэх ойлголт нь шүүгдэгчийн гэм буруугаас гадна түүний эрүүл мэнд зэрэг хувийн байдлаас нь шалтгаалж заавал хорих бус өөр бусад тохирсон ялыг нь оноож болох тухай ойлголт юм. Хорих ял эдэлж байгаа тохиолдолд, хэдийгээр эмчийн хяналтад байж болох хэдий ч нарийн мэргэжлийн эмчээр, тусгай тоног төхөөрөмжөөр тогтмол эмчилгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ялын төрлийг өөрчилж, торгох ял оноож өгнө үү. ...” гэжээ.

 

 

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.У-гийн болон өмгөөлөгч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...Анхан шатны шүүхээс Б.У-гийн үйлдлийг бусад зээл авсан этгээдүүдтэй адилтган үзэж байна. Түүний авсан зээл, зориулалт зэрэг нь бусад сангийн зээлүүдээс өвөрмөц онцлогтой, үйл ажиллагаа нь бодитой байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Үйл ажиллагаа нь импортоор орж ирж байгаа эм, валютын хэмжээг зогсоох, жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зорилгод нийцсэн ажиллагаа байсан. Энэ зээл нь зөвхөн 2018 онд авсан зээл биш, өмнө нь аваад үргэлжлээд явж байсан шугаман зээл юм. Мөн өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих байрны нэгдсэн төвөөс эмчийн тодорхойлолт авч ирснийг шүүхэд гаргаж өгч байна. Б.У- нь 2001 оноос хойш гурван удаа хорт хавдрын хагалгаанд орсон. Өөрөөр хэлбэл, 2001 онд бүдүүн гэдэсний хорт хавдрын хагалгаанд, 2010 онд умайн хорт хавдрын хагалгаанд, дараа нь дахин бүдүүн гэдэсний хорт хавдрын хагалгаанд орсон. Үүнээс хойш байнга зүрх нь өвддөг, артерийн даралт ихсдэг болсон. 2013 онд баруун нүд нь гэнэт хараагүй болж оношилгоонд хамрагдахад мэдрэлийн гаралтай хараагүй гэж оношлогдон эмчилгээ хийлгэж байгаа. 2019 оноос хүзүүний баруун талд арьсан доор эмзэглэл ихтэй хавдар үүссэн. Энэ нь толгой баруун, зүүн тийш хөдлөхөд мэдэгддэг. 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн MRI шинжилгээгээр мөрний мэдрэлийн сүлжээний дээд баганы хавдар гэж оношлогдсон. Иймээс давтан шинжилгээнд хамрагдаж 2020 оны 2 дугаар сард төвөнхийн ургацаг буюу мэдрэл дагасан төвөнх дээрх хавдрын хагалгаанд орсон. Цагдан хорих байрны эмнэлэг нь 3 дугаар шатлалын эмнэлэг биш. Тэнд хавдрыг эмчлэх нь байтугай “Bитамин C”-г нь хүртэл гэрээс нь хүргэж өгдөг байсан. Ийм нөхцөл байдалтайгаар цагдан хоригдсон хүний эрүүл мэнд улам дордож байна. Хүний эрүүл мэнд гэдэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хамгийн дээд, эрхэм нандин үнэт зүйл. Хэдийгээр шүүх эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа ч гэсэн энэрэнгүй ёсны зарчмыг нэн тэргүүнд тавих шаардлагатай. Тэтгэврийн насны хүнд өвчтэй хүнд 2 жил 6 сарын ял оногдуулснаар хорих газраас амьд гарах нөхцөлгүй. Хавдрын төрлийн өвчнийг цагдан хорих байрны эмнэлэг эмчилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаггүй. Үүнийгээ нотолж цагдан хорих байрнаас “бид эмчилж чадахгүй” гэсэн бичиг хийж өгсөн байна. Иймд энэрэнгүй ёсны зарчмыг баримтлаж Б.У-д торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв. 

 

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анх 2018 оны 12 дугаар сард энэ асуудалтай холбоотойгоор Б.У-г Авилгатай тэмцэх газарт дуудаж мэдүүлэг авсан. Үүнээс хойш мөрдөгчийн дуудсан хугацаанд очиж тайлбар, мэдүүлгээ өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтвортой оролцож байсан. ...Бидний зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт өгсөн. Гэтэл прокуророос “3 жил хорих ял оногдуулна. Өөр асуудал байхгүй” гэж байсан. Аргагүйн эрхэнд бид хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлсэн. Ийм байдлаар энэ хэрэг нь хэт улс төрийн, сонгуулийн уур амьсгалд хөтлөгдөж тохирсон ял шийтгэлийг оногдуулаагүй. Мөн Б.У-гийн эрүүл мэндийн хувьд хамгийн сүүлд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Солонгос улсад төвөнхийн хавдрын үүсгэврийг авахуулсан, одоогоор дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хорихын нэгдсэн эмнэлгээс “хавдрын дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай” гэсэн. Хэдийгээр Б.У- нь биеийн байдлын хувьд хүнд байгаа ч гадна талаасаа эрүүл мэт харагдаж, өөрийгөө ажлаар дарж, олон нийттэй харилцаж явдаг хүн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд Б.У-гийн эрүүл мэндийн картыг гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.У- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас авсан зээлээ хүүгийн хамт төлсөн тул ялыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгч Б.У-гийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь шүүгдэгчийн хувийн байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчлагдсан. Монгол Улсын эмийн хэрэглээний 10 хувь нь үндэсний үйлдвэрлэл, 90 хувь нь гадаадын импортын бүтээгдэхүүн байдаг. Үүнийг өөрчлөх зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан. Энэ нь эцсийн дүндээ Монгол Улсад хөрөнгө оруулагдахаар хэмжээний давуу байдлууд бий болгохоор байсан учраас иргэн хүнийхээ болон Улсын Их хурлын гишүүнийхээ хувьд зээл авсан юм. Монгол Улсад импортын бүтээгдэхүүнийг орлуулснаараа тээврийн зардал гэх мэтчилэн үнэ нэмэгдэж иргэдэд дарамт учруулдаг. ...Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал нь ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл байдлуудын нэг. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тухайн зүйлд заасан ял шийтгэл оногдуулсан боловч шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзээгүй. Цагдан хорих байрны нэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр “Б.У- нь хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн хяналтад байх шаардлагатай” гэсэн байна. Хавдартай хүн цагдан хорих байранд байснаар тогтмол илүү зардал гаргана, байнгын эмчийн хяналтад байх боломжгүй. Иймд Б.У-д оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Б.У-гийн биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа учир хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Тухайн үед сайдаар ажиллаж байсан Б.Батзориг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэхэд Б.У-г хатгагчаар хамтран оролцсон гэж үзсэн. Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохион байгуулсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зохион байгуулагч нь гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцогдож эрүүгийн хариуцлага оногдуулахаар зохицуулсан. Уг гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч Б.Батзоригийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.У-г хатгагч гэж үзсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Улс төрд нөлөө бүхий этгээд болох шүүгдэгч Б.У- нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4-т “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7-д “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг зөрчиж”, Монгол Улсын Их Хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн үүсгэн байгуулсан “Бишрэлт групп” ХХК-ийн харьяа “Монгол Эм Импекс концерн” ХХК-ийн охин компани болох “Доктор Мэйк” ХХК-д “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр барих төсөл”-ийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, мөн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн С.Төгсбилэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн төслийн хэлтсийн дарга Ж.Баасандорж нарт “тухайн төслийг шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах шаардлагатай” гэж хэлж, хууль бус үүрэг, чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “Доктор Мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу Б.У-д өөрт нь болон түүний гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Учралбаярын “...“Доктор Мэйк” ХХК нь 2018 онд 800.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээл авч, авсан зээлээ бүгдийг нь төлж хаасан байгаа. ...” /5хх 66-67/,

гэрч Ч.Бауыржаны “...Доктор Мэйк” ХХК нь “Монгол Эм Импекс концерн” ХХК-ийн охин компани юм. Би 2016 оны сүүлчээр “Доктор Мэйк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Эмийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани хатуу тугнагдсан буюу капсултай эмийн үйлдвэр барих чиглэлээр төслийн мэргэжилтнүүд төсөл бичсэн. Энэ төсөлд нийт 18.3 тэрбум, өөрийн хөрөнгөөс 17.1 тэрбум төгрөгийг гаргах, ЖДҮ-ийг дэмжих сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авах шаардлагатай гэж үзсэн. Төсөлд 2016 онд 2 тэрбум төгрөгийг хүсэж зээл авахаар хүсэлтээ өгсөн. Төсөл дэмжигдсэн. Тухайн үед санхүүжилт байхгүй, санхүүжилт олгохоор хувааж өгөх боломжтой гэж байсан. Эхний 700.000.000 төгрөг 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр манай компанид шилжиж орж ирсэн. Энэ мөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр төлж дуусгасан. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дутуу санхүүжилтийг авахаар дээрх төслөө дахин өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Доктор Мэйк” ХХК-ийн Хаан банкны 5163080019 дугаартай дансаар 800.000.000 төгрөгийг авсан. 800.000.000 төгрөгийг буцаагаад төлчихсөн. Төлсөн шалтгаан бол төслөөс хэрэгжүүлсэн мөнгийг хууль бусаар олгосон, буцааж төл гэсэн шаардлага УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж байгаа тул манай компани төлсөн. ...” /1хх 74-75/,

С.Төгсбилэгийн гэрчээр өгсөн “...би 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр одоогийн ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирлаар томилогдсон. ...Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны 3 дугаар сард А-56 дугаартай тушаал гаргаж төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг томилсон. ...Ийнхүү хорооны бүрэлдэхүүнийг томилсны дараа зээлийн ерөнхий нөхцөлийг зээлийн эх үүсвэрийн хүрээнд буюу улсын төсвийн 70 тэрбум төгрөгийн хүрээнд 3 хувийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаатайгаар, үндсэн зээлээс 12 сар чөлөөлөхөөр сайдын тушаал гарсан. ... Үүний дараа зээлийн хороо хурлаа хийсэн. ...Хурлын шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацаанд төслийг хүлээж авсан. ...анхан шатны шалгаруулалт явуулж 498 төслийг шалгаруулж, төсөл сонгон шалгаруулах хороонд танилцуулагдахаар болсон. ... Надад дээрх нэрийг Б.Батзориг сайд нэг өдөр бүгдийг нь шууд хэлэхгүй л дээ. Нэг хоёроор нь цувуулж увуулаад л хэлдэг байсан. Ямар ч байсан сайд надад хэлэхдээ түүний компани шүү л гэж албан тушаалтны нэр, хуулийн этгээдийн нэрийг хэлдэг. Мөн хорооны дарга буюу Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хорооны гишүүддээ хандаж хорооны хурал дээр албаны байдлаар дээрээс чиглэлтэй төслүүд байгаа шүү гэж хэлээд хурлыг удирдаад дээрхи төслүүд дэмжигдээд шийдвэрлэгддэг. ...” /1хх 98-100/,

С.Төгсбилэгийн сэжигтнээр өгсөн “...Улсын Их хурлын гишүүдээс М.Оюунчимэг, Б.У-, Ё.Баатарбилэг, Н.Учрал, Д.Тэрбишдагва нарын гишүүд над руу шууд утсаар ярьж “сайдад чинь хэлчихсэн байгаа, материалуудыг нь үзээд дутуу зүйл байвал хэлээдэх, хугацаанд нь шийдээдэх, сайд чинь бүтнэ гэсэн байхад та бүтээгээдэх” гэсэн өнгө аястайгаар ярьж байсан. ...” /1хх 196-199/,

С.Төгсбилэгийн яллагдагчаар өгсөн “...УИХ-ын гишүүн Б.У-, М.Оюунчимэг нарын гишүүд над руу утсаар ярьж “өөрт хуваарилагдсан мөнгөө авъя” гэдэг байдлаар хэлж байсан. Би яг гишүүн бүрт мөнгө хуваарилагдсан талаар мэдэхгүй. .... ...” /1хх 201-206/,

Ж.Баасандоржийн яллагдагчаар өгсөн “...Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлж буй төслийг хүлээж авсан. ...Тэрээр надад “би УИХ-ын гишүүн У- байна. Чи яагаад манай төслийг авахгүй байгаа юм бэ? наадахыг чинь намаас гишүүдэд хуваарилсан дүнг би мэдэж байгаа. Би гишүүн юм чинь авах ёстой” гэж хэлсэн. Түүнд би төсөл хүлээж авах хугацаа дууссан, одоо төсөл хүлээж авах боломжгүй гэдгээ хэлснээр бидний дунд утсаар ярьсан яриа дууссан. ...Дээрх байдлаар би Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийг УИХ-н гишүүдэд хуваарилсан юм байна гэж ойлгосон. Энэ асуудлыг сангийн захирал С.Төгсбилэгт өрөөнд нь орж хэлэхэд тэрбээр “одоо нэгэнт төсөл хүлээн авах хугацаа дууссан учир төсөл хүлээж авна гэж байхгүй. Ер нь бол УИХ-ын гишүүдэд мөнгө хуваарилсан асуудал байгаа юм шиг байна лээ. Цаашид хэд хэдэн гишүүд ярих юм шиг байна лээ” гэж надад хэлсэн. ...Дээрх байдлаар Б.У- гишүүн над руу утсаар ярихаар үнэхээр тийм асуудал яригдсан юм байна гэж би ойлгосон. Ингээд 70.5 тэрбум төгрөгийг 76 гишүүнд хуваахаар 1 гишүүнд 950.000.000 төгрөг ногдож байсан юм шиг байгаа юм. Дээрх хуваарилалтаас УИХ-ын гишүүн С.Жавхлан, О.Баасанхүү нарыг хасахаар бусад гишүүдийн тойрогт 950.000.000 орчим сая төгрөг хуваарилагдсан юм билээ. Үүнийг УИХ-ын гишүүд тойрогтоо бус надад хуваарилсан гэдэг байдлаар ярьж байсан. ...” /6хх 121/,

Шүүгдэгч Б.У-гийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. ...” / 7хх 21, 149-151/ гэх мэдүүлгүүд, 

 

“Доктор Мэйк” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1хх 28/,

“...Төслийн материалд авагдсан 2016 оны жилийн санхүүгийн тайланд борлуулалтын орлогыг 10.500,0 мянган төгрөгөөр, 2017 оны жилийн санхүүгийн тайланд борлуулалтын орлогыг 0.00 төгрөгөөр тус тус тайлагнасан байна. Энэ нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1.5-т контркт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250.000.000 төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн гэж заасантай нийцэхгүй байна. ...“Доктор Мэйк” ХХК нь “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр 18.300.000.000 төгрөгийн санхүүжилтийн 7 хувь болох 1.200.000.000 төгрөгийн зээлийн хүсэлтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдох материалын хамт 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн гаргасан 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дүгээр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалаар “Доктор Мэйк” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн 141//2018/3-64, барьцааны 141/2018/Б-64 гэрээг тус тус байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 338 дугаар төлбөрийн хүсэлтээр “Хаан” банк дахь 5163080019 дугаар дансанд 800.000.000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн байна. Шинжээчид ирүүлсэн баримтад “Доктор Мэйк” ХХК нь “Хаан” банк дахь 5163080019 дугаар данснаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн “Хаан” банк дахь 5003009561 тоот дансанд 800.000.000 төгрөгийг “Хоорондын тооцоо” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн “Хаан” банк дахь 5003009561 тоот данснаас төслийн зарцуулалтыг хөөн шалгавал 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5038067921 тоот долларын зээлийн дансанд 350.354.275,58 төгрөгийг “Зээл хаав ханш-2566” гэх гүйлгээний утгатай шилжүүлж уг зээлийг хаасан. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 300.000.000 төгрөгийг “Чек 367469 П.Булгантамир АЙ8601210” гэх гүйлгээний утгатай зарлагын гүйлгээ, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 81.200.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5038071868 тоот данс руу шилжүүлсэн байна. Төслийн санхүүжилт болох 800.000.000 төгрөгөөс 731.554.275,58 төгрөгийг зарцуулсан ба үлдэх 68,445,724 төгрөгийн зарцуулалтыг тодорхойлох боломжгүй байна. ...“Доктор Мэйк” ХХК-ийн 500.000 ширхэг, нэгжийн үнэ нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй ба 100 хувь “Бишрэлт Групп” ХХК эзэмшдэг болохыг тогтоосон. ...” гэх Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэргийн баримтад шинжилгээ хийсэн аудитын шинжилгээний тайлан /1хх 118-131/,

“...“Доктор Мэйк” ХХК нь “Бишрэлт групп” ХХК-ийн охин компани болохыг тогтоосон. ...” “Бишрэлт групп” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 4 дугаартай тогтоол /2хх 73/, эрх шилжүүлсэн лавлагаа /1хх 242/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Доктор Мэйк” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /3хх 51-58/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Доктор Мэйк” ХХК нарын хооронд байгуулсан “...Үйлдвэрийн зориулалттай эзэмшлийн газар, “Монгол мах экспо” ХХК, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 3798 мкв газрыг барьцаалсан” үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /3хх 60-66/,

“Доктор Мэйк” ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /3хх 67, 68-70/,

“Доктор Мэйк” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэх лавлагаа /3хх 88-112/,

“Монгол эм импекс концерн” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 115-152/,

“Доктор Мэйк” ХХК-ийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гаргасан “...“Монгол эм импекс концерн” ХХК-ийн охин компани болох “Доктор Мэйк” ХХК нь Олон улсын GMP стандартын шаардлагад нийцсэн эмийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын хүн амд зориулан эрүүл чанартай эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна. Уг төслөөр Олон улсын GMP стандартын шаардлагад нийцсэн “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр” нь жилд 50 сая ширхэг шахмал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийн зураг төслийг Солонгос-Монголын чадварлаг инженерүүд хамтран боловсруулсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зарласан хөнгөлөлттэй зээлийн төслийн шалгаруулалтад “Доктор Мэйк” ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр” байгуулах төслөөр оролцох хүсэлтэй байгаа тул холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төслийн материалыг хянан үзэж дэмжлэг үзүүлнэ үү. ...” гэх хүсэлт /5хх 1/,

Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” тушаал, санхүүжүүлэх төслийн жагсаалт /5хх 59-60/,

“...“У--Мэйк /Dг Мэйк/” гэж гараар тэмдэглэсэн А4 хэмжээтэй бичгийн цаасыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5хх 181/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1/386 дугаартай “...“Доктор Мэйк” ХХК /РД:5145368/, 2018-10-11 800.000.000 төлөгдөж дууссан. ...” гэх эргэн төлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл /6хх 82/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У-г улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

2006 оны Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;” мөн зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;”, мөн зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;” гэж заасан Улсын Их Хурлын гишүүний явуулах тодорхой үйл ажиллагааг хориглож, хязгаарлажээ.

 

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтаар баталж, мөн тушаалын 2 дахь заалтад “Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /О.Мөнгөнцэцэг/-д, төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хороонд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Дондогдорж/-д үүрэг болгосугай.” гэж,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 1.1-д “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, 14.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/-гаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл /цаашид “Зээл” гэх/-ийн төсөл сонгон шалгаруулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.” гэж, 2.5-д “Төслийн нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг Жижиг дунд үйлдвэр эрхлэгч өөрийн санхүүгийн эх үүсвэрээр бүрдүүлнэ.” гэж, 2.6-д “Дараах зээл хүссэн Жижиг дунд үйлдвэр эрхлэгч хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй” гэж, 3.2-т “Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнийг Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батална” гэж, 3.8.1-д “хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр хороо болон дэд хорооны даргад гаргах” гэж, 3.8.2-т “хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, журам зөрчихгүй байх” гэж, 4.1-д “Зээл хүсэгчийн ирүүлэх төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.” гэж тус тус заажээ.

 

Гэтэл улс төрд нөлөө бүхий этгээд болох шүүгдэгч Б.У- өөрийнх нь үүсгэн байгуулсан “Бишрэлт групп” ХХК-ийн харьяа “Монгол Эм Импекс концерн” ХХК-ийн /захирал нь Б.У-гийн төрсөн эгч Б.Болормаа/ охин компани болох “Доктор Мэйк” ХХК-ийн “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр” байгуулах төсөл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авах хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр тэнцээгүй, санхүүжилтээс хасагдсан байхад нь 2018 оны 5 дугаар сараас эхлэн тухайн үед Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг хатгаж, улмаар төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн С.Төгсбилэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн төслийн хэлтсийн дарга Ж.Баасандорж нарт тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгсний дагуу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд “Доктор Мэйк” ХХК нь төслийн материалаа дахин ирүүлснийг хүлээн авч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-141 дугаартай тушаал гарч Б.У- гишүүний хамаарал бүхий “Доктор Мэйк” ХХК-д 800.000.000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэгдсэн байна.

 

“Доктор Мэйк” ХХК-ийн 500.000 ширхэг, нэгжийн үнэ нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй ба 100 хувь “Бишрэлт Групп” ХХК эзэмшиж байсан байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно. “Доктор Мэйк” ХХК-ийг 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр 500.000 төгрөгийн дүрмийн сантайгаар Батбаярын У- 65.4 хувийн эзэмшилтэйгээр үүсгэн байгуулсан, 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр “Бишрэлт групп” ХХК 100 хувь, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Бишрэлт холдинг” ХХК 100 хувь, 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Бишрэлт групп” ХХК 100 хувь, 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Монгол Эм импекс концерн” ХХК 100 хувь, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “Бишрэлт групп” ХХК 100 хувь, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Санжийжалавын Санаасан 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан /1хх 242-250/ зэргээр тус компани нь шүүгдэгч Б.У-тай хамаарал бүхий байна.

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Доктор Мэйк” ХХК нарын хооронд 800.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 60 сарын хугацаанд хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ /3хх 51-58/, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Доктор Мэйк” ХХК нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /3хх 60-66/-г тус тус байгуулж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Доктор Мэйк” ХХК-ийн Хаан банкны 5163080019 дугаартай дансаар 800.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь гэрч Ч.Бауыржаны мэдүүлэг /1хх 74-75/, аудитын шинжилгээний тайлан /1хх 118-131/, “Доктор Мэйк” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1хх 28/ зэргээр давхар нотлогдон тогтоогджээ.

 

Түүнчлэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Учралбаярын “...“Доктор Мэйк” ХХК нь 2018 онд 800.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээл авснаас зээлээ бүгдийг нь төлж хаасан байгаа. ...” /5хх 66-67/, гэрч Ч.Бауыржаны “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Доктор Мэйк” ХХК-ийн Хаан банкны 5163080019 дугаартай дансаар 800.000.000 төгрөгийг авсан. 800.000.000 төгрөгийг буцаагаад төлчихсөн. Төлсөн шалтгаан бол төслөөс хэрэгжүүлсэн мөнгийг хууль бусаар олгосон, буцааж төл гэсэн шаардлага УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж байгаа тул манай компани авсан зээлээ төлсөн. ...” /1хх 74-75/ гэх мэдүүлгүүд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1/386 дугаартай “...“Доктор Мэйк” ХХК /РД:5145368/, 2018-10-11 800.000.000 төлөгдөж дууссан. ...” гэх эргэн төлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл /6хх 82/ зэрэг нотлох баримтуудаар “Доктор Мэйк” ХХК нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авсан 800.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү болох 960.000 төгрөгийн хамт буцаан төлж /1хх 28/, улсад учруулсан хохирлоо барагдуулсан байна.

 

Шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох болон хорих ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

 

            Шүүгдэгч Б.У-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний 2005 онд бүдүүн гэдэсний хорт хавдрыг тайрч авах, колостом гаргах буюу бүдүүн гэдэс хэвлийгээр гаргах, залгах гурван удаагийн, 2010 онд умайн хорт хавдар авах, 2020 оны 2 дугаар сард төвөнхийн ургацаг буюу мэдрэл дагасан төвөнх дээрх хавдрын хагалдаанд орж үүнээс үүдэн артерын даралт ихсэлтийн II дугаар зэрэг, зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зэрэг эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгож, торгох ялын дээд хэмжээ болох 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгож, түүний 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 1.080.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 38.920.000 төгрөгөөр тогтоож уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 1426 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Батзоригийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэр бүхий хуулийн этгээдэд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгох гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. /shuukh.mn/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасан нь түүний хүсэл зоригийг гардан хэрэгжүүлсэн гүйцэтгэгчид оногдуулж болох ялаас хөнгөн ял хэрэглэхийг хуулиар хориглосон болохоос түүнтэй ижил хэмжээний ял оногдуулахыг хориглосон заалт биш юм.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын “...торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1466 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-д нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-г нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг дурдсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай. 

 

3. шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-д мэдэгдсүгэй. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.У-гийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /72х15000=1.080.000/ эдлэх ялаас нь хасаж /40.000.000-1.080.000=38.920.000/, түүний торгох ялыг хэмжээг 38.920.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын “...торгох ялыг оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.У- нь 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН