Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

    Ө.Од холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                              

            прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Од холбогдох 1709007620012 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэрэйд овгийн Өлзийдүүрэнгийн Ө.О, Улаанбаатар хотод 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 31-33 тоотод оршин сууж байсан,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар:/

Ө.О нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн мэс заслын 5 дугаар өрөөнд нэвтэрч Б.Аын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,220,000 төгрөгийн,

 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Кинг Кидс” сургуулийн 101 тоот өрөөнд нэвтрэн Д.Згийн гар утас, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600,000 төгрөгийн,

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Таны төлөө бид” эмнэлгийн 312 тоот өрөөнд нэвтэрч Н.Эын “I phone-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500,000 төгрөгийн,

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнд нэвтэрч Д.Бгийн “Самсунг галакси нөт 4” загварын, Б.Цын “I phone-5” загварын гар утсуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.Бд 400,000 төгрөгийн, Б.Цад 200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ө.Огийн хохирогч Д.З, Б.А, Н.Э, Д.Б нарын эд зүйлсийг хулгайлсан үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, хохирогч Б.Цын эд зүйлсийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Ө.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж,

Ө.Ог үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Огоос 700,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Зд 500,000 төгрөг, хохирогч Б.Цад 200,000 төгрөгийг олгож, шүүгдэгч Ө.О нь хохирогч Б.А, Н.Э, Д.Б нарт төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш диск, 2 ширхэг “CD” зэргийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ө.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хулгай байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон зүйл байхгүй. Би хулгай хийсэн мөнгөөрөө байр, машин авч  банк ба банк бус санхүүгийн байгууллагад  хуримтлуулсан зүйл байхгүй. Иймд тус зүйл ангийг эс зөвшөөрч байна. Мөн намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өөр хэрэгт шалгагдаж байгааг прокурор мэдсээр байж тус тусад нь оруулна гэсэн.

Иймд миний эрх зүйн байдал доройтон, сэтгэл санааны хямралд орсон. Миний би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, олон зүйлийг ухаарч ойлгосон. Би бусдад учруулсан хохирлоо ажил хийн төлөх болно.” гэв.

 

Шүүгдэгч Ө.Огийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Ө.Ог бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Ө.О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба уг шийтгэх тогтоолыг миний үйлчлүүлэгч гардаж аваагүй байхад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ө.Од холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг хянан хэлэлцсэн.

Уг шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “Ө.О нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваагүй ба давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа өнгөрсний дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, нэмж нэгтгэх асуудал яригдана. Мөн шүүгдэгч Ө.О нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 1709012701012 тоот хэрэгт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс дээрх хэргүүдтэй нэмж нэгтгэх хэрэгтэй байх тул 1709007620012 тоот дугаартай хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлт, мөн улсын яллагч Ж.Бат-Эрдэнийн зүгээс “Нэгэнт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй байгаа тул шүүх хуралдааныг хийж боломжгүй” гэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг хянан хэлэлцсэн.

Шүүх ийнхүү хэргийг хянан хэлэлцэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэх заалтыг хэрэглээгүй ба энэ хууль хэрэглээний зөрчил нь өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялууд нь тус тусдаа эдлэх боломжийг бүрдүүлж, хууль хэрэглээний гажуудал болон шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байдалд хүргэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй учир Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч С.Амарбаяр нарын гаргасан гомдлуудтай танилцаад дараах тайлбар, дүгнэлтийг гаргаж байна. Гомдолд гэм буруугийн талаар маргаагүй байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн хорих ялыг нэмж нэгтгэх шаардлагатай гэжээ. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн анхан шатны шүүх хуралд болоход хэрэгт Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа гэсэн материал тухайн үед байгаагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөр шүүхээр 2 жилийн хорих ял авсан асуудал яригдсан ба тухайн шийтгэх тогтоолыг гардаж аваагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан учир хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял нэмж нэгтгэх, бололцоо шүүхэд байгаагүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 431 дүгээр шийтгэх тогтоолыг прокурор 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан. Эсэргүүцэл бичээгүй. Эсэргүүцэл бичээгүй шалтгаан... нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгээгүй асуудлыг сүүлийн шүүхэд шилжүүлэх хэргээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн.

Энэ асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл заавал нэгтгэж явуулна гэсэн хуулийн ойлголт байхгүй. Нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно” гэсэн заалтууд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.9 дүгээр  зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтуудыг үндэслэн Ө.Од хэд хэдэн тусдаа мөрдөн байцаалт явуулж яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс хорих ял оногдуулж, бүх ялыг нэмж нэгтгэх боломжтой учраас эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй... байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх, Ө.Од холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Ө.О нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял шийтгүүлснээс гадна Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгүүлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 201725011955 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай тогтоол /2-р хх-52-53/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар “эрүүгийн хэргийг нэгтгэх” тухай тогтоол /2-р хх-54/ зэргээс үзэхэд Ө.Од холбогдох өөр хэргүүд мөрдөн байцаалтын шатанд давхар шалгагдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг хэрхэн нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгээр зохицуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Ө.Од оногдуулах ялуудыг нэгтгэхэд энэхүү журмыг хэрэглэх үндэслэлгүй болсон.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зохицуулалгүй орхигдуулснаас тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэгдэн, шүүхээр шийдвэрлэгдэж, хэд хэдэн шийтгэх тогтоол гарсан нөхцөлд шүүх ялуудыг нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох хууль зүйн боломжгүй болсон. 

Энэ тохиолдолд Ө.Од холбогдсон хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр Ө.Од холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Од холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Ө.Од урьд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН