Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

 

 

       Н.Бт холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Р.Машлай,

            шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Ч.Болдбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э,  

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Бт холбогдох 201601080507 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Байды овгийн Нацагдоржийн Н.Б, Төв аймгийн Эрдэнэ суманд 1980 оны 5 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; ах, авга дүү нарын хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн шугуй гудамжны 20 тоотод оршин сууж байсан,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: НУ/

 

Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуйн 20 тоот гэртээ согтуугаар төрсөн ах Н.Чтай хувийн таарамжгүй харьцааны маргалдах явцдаа түлхэж унагаан толгойн тус газар нь түлээний модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийг авч үзвэл “Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав” гээд хэрэгт авагдсан баримтуудыг тоочиж дурдсан байна. Ингэхдээ шүүхийн дүгнэлт хийсэн гэх хэсэг нь мөн л өмнөх бичсэн зүйлээ дахин хуулбарлан бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг орхигдуулсан байна. Үүнийг дүгнэн үзвэл хуучны хоцрогдсон арга барилаар шийдвэрээ бичсэн байгаа ба дээр дурдсан “Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав” гэсэн нь үгүйсгэгдэж харин ч нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй, яаран хэрэг шийдсэн нь бушуу туурай боривондоо баастай гэгчтэй ижил болжээ. Үүнд:

1. “Шүүгдэгч Л.Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ /2 нүүр/ гэсэн хэрэгт байхгүй хүний тухай бичжээ. Хэдийгээр үүнийг үсгийн алдаа гэж үзэж болох боловч энэ нь шүүгчийн хувьд хэрэгт тал бүрээс нь бодитой хандаагүй, хайнга хандсаны илрэл.

2. Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой... чамайг ална гэж хэлэхэд түлхэж унаган мөн толгойн тус газар нь түлээн хагалсан модоор цохиж алсан... тогтоогдож байна /10 нүүр/ гэж бичжээ. Хэрэв талийгаач модоор цохиулаад газар дээрээ амь алдсан бол түүнийг алсан гэж үзэж болох байх. Гэтэл дээрх үйлдэл нь түлхсэн, модоор цохисон гэж байгаа. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт гэмтэл гэсэн нэр томъёо байнга хэрэглэгдээд байгааг ойлгоогүй юм шиг байна.

3. “... иймд Н.Быг хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ. /12 нүүр/ Энэ хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх асуудлыг авч үзэх хууль зүйн шаардлага тавьсан байхад гэм буруутайг тогтоож байгаа нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйл гэм буруугийн зарчим алдагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл “гэм буруугүйд тооцох”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлд заасан нөхцөл зэргийг зөрчсөн байна.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бт холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв гэсэн. /12-р нүүр/ Шүүхээс өмгөөлөгч миний гаргасан дээрх хүсэлтийн үндэслэлийг няцаасан ямар ч дүгнэлт хийгээгүй ба шүүх хурлын эхэнд гаргасан дээрх хүсэлтийг хурал хэлэлцэх шатанд шийдвэрлэнэ гэж орхигдуулан шүүх хурлыг явуулсан ба энэ нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, эргэлзээгүй гарах нөхцөлийг хаасан юм.

5. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан заалт хангагдаагүй, ойлгомжгүй байна. Тодорхойлох хэсгээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэг болон хариуцлага хүлээлгэх хэсэг гэж байхгүй, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийн талаар огт хэлэлцээгүй, дүгнээгүй байна. Нөгөө талаар иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл хийсэнгүй. Энэ нь шүүх хурал дээр Иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг хүн алсан гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэж байна гэхэд даргалагч шүүгч дахин хөтөлж асууж гэм буруутай юу, үгүй юу аль нь вэ гэж асууж байгаад гэм буруутай гэж хэлүүлсэн нь энэ хэргийг шударгаар шийдвэрлээгүйг илтгэсэн зүйл болсон.

6. “Талийгаач гавал тархины битүү гэмтэл авсны улмаас бөөлжилт өгсөн, үүнээс хойш бие нь эвгүй байна гэж хэлж байхад хэн ч хайхраагүй өөрөө ч эмнэлэгт үзүүлээгүй байна” гэж бичжээ. Энэ нь яг юуг илэрхийлэх гэсэн, ямар үндэслэлийг зааж өгч байгаа нь ойлгомжгүй байна. Үүнийг харин дүгнэн үзвэл талийгаач гэмтэл авсан гэдгийг нотолсон, нөгөө талаар үхэлд хүрэх шалтгаан нь талийгаач өөрөөс нь хамааралтай байсан. Өөрөөр хэлбэл эмнэлэгт үзүүлээгүй, эмчлүүлж болох байсан нь гэмтэл авагчийн буруу байгааг илэрхийлсэн гэж үзэж болохоор байна. Харин хэн ч хайхраагүй гэдэг нь энэ асуудалд хэн нэгэн заавал буруутай байх ёстой мэт ойлголтыг төрүүлж байгаа ба шүүгдэгч өвчтөнд тусламж үзүүлээгүй гэсэн санаа илэрхийлэгдсэн байна.

7. “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв” гэжээ. Энд шүүх бүрэлдэхүүн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хурал дээр хэлсэн “би Н.Б ахыг аавыг алсан гэдэгт итгэхгүй байна, би тэгж үзэхгүй байна” гэсэн үгийг огт оруулж бичээгүй, дүгнээгүй орхигдуулсан байгааг онцлох хэрэгтэй байна.

8. “Н.Б... энэ өдөр хүртэл 48 хоног цагдан хоригдсон” гэж тэмдэглэсэн. Гэтэл шүүгдэгч анх хэрэгт татагдсан өдрөөс хойш цагдан хоригдсон байхад 48 хоногийг  эдлэх ялд нь тооцсон нь буруу байгаа бөгөөд шүүгдэгчийн ял эдлэхэд хохироосон шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Шүүх хурал дээр шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс холбогдсон хэрэгт шүүгдэгч хамаарахгүй, холбогдолгүй гэм буруугүй гэж үзэж маргасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн Н.Быг гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулаагүй нь дээрх заалтыг зөрчсөн байна.

Хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй: Шүүх хэргийг тал бүрээс нь авч үзсэн гэж дүгнэлт хийсэн боловч шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөвхөн тоочих байдлаар авч үзсэн ба хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт нь юу болох, шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй, хууль дүрэм журамд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт хангагдах нөхцөл бүрдсэн байна.

Шинжээчийн дүгнэлт нь дутуу гарсан. Энэ нь түүний дүгнэлт мэдүүлгээс тодорхой харагддаг ба тэрээр талийгаачийг гэмтэл авсан гэж удаа дараа дүгнэж, мэдүүлсэн байдаг. Үүнийг шүүх хурал дээр улсын яллагч баталж хэлэхдээ “шинжээч надад хэлэхдээ талийгаачийн авсан гэмтэл нь хүнд гэмтэл юм гэж хэлсэн” гэсэн нь шүүх хурлын тэмдэглэл, бичлэгт тусгагдсан. Энэ нь юуг илэрхийлж байна гэвэл шүүгдэгч талийгаачийг алах гэмт хэргийг үйлдээгүй. Харин бусдын бие, эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйлдэл хийсэн байгааг үгүйсгэхгүй. Үүнийг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам, мөн Эрүүгийн хуульд хуулчилж өгснөөс харж болох байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хоёрд “Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүд 2.2-д гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийг явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл” гэж гэмтлийн шалгуур шинжийг тодорхойлсон байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэсний 2.5-д “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэж зүйлчилсэн байгаа нь гэмт хэргийн шинж, ангилал, зүйлчлэл ялгамжтай байгааг зааж өгчээ. Гэтэл анхан шатны шүүх үүнийг огт анхаарч үзээгүй, нөгөө хуучирсан сэтгэлгээгээр хэрэгт хандсан байгаа нь нотлогдож байна.

Нөгөө талаар хэрэгт авагдсан баримтууд хууль зөрчсөн байдаг. Н.Быг хэргийн газрын үзлэг хийх нэрээр түүгээр хэрэг хэрхэн гарсан байдлыг өөрөөр нь нотлуулах гэж оролдсон, заалгасан, мэдүүлүүлсэн баримт байдаг ба шүүх тодорхойлох хэсэгтээ үүнийг авч үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 16.3 дугаар зүйлийн 8.3, 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Нотлох баримтыг дутуу үнэлсэн. Үүнд талийгаач нас барахдаа хүнд зэргийн согтолттой байсан. Мөн осгосон байдалтай хэргийн газраас олддог. Энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй ба талийгаачийн үхэлд энэ асуудлууд хэрхэн нөлөөлсөн, шалтгаант холбоо байгаа эсэхийг огт тогтоогоогүй мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан юм.

Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан бас нэг гол асуудал бол сэдэлт, зорилгыг тогтоогоогүй явдал юм. Өөрөөр хэлбэл Н.Б хүний амь насыг бүрэлгэх санаа, зорилго агуулсан, түүнийгээ гүйцэлдүүлсэн эсэх, бусад шалтгаан нөлөөлсөн, үйлдэл нь санаатай, болгоомжгүй аль нь болох зэргийг хууль зүйн дагуу нарийвчлан тогтоогоогүй нь хэрэг зөв зүйлчлэгдээгүйг харуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулаад хэлэхэд, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа 2 удаа хийгдсэн... Мэдүүлэг шалгах ажиллагаа нь тухайн хүний сайн дураараа өгсөн мэдүүлэгт үндэслэж, өөрийнх нь зөвшөөрлийн дагуу явуулдаг ажиллагаа. Сүүлийн ажиллагааг нотлох баримтын хүрээнд үнэлж, улсын яллагчийн зүгээс оруулсан. Бид анагаах ухааны мэргэжилтэн биш. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл хүнийг алах гэдэг зүйл анги ямар нөхцөл байдал байсан, юу болсон гэдгийг улсын яллагч тухайн хэрэгт авсан нотлох  баримтын  хэмжээнд “маргаан болж, модоор цохьсон юм байна, үүний улмаас гэмтэл аваад тодорхой хугацаа буюу 48 цагийн дараа өнгөрсөн юм байна” гэж дүгнэсэн, шинжээч дүгнэлтээ гаргасан. Осголтын асуудал олон удаа яригдсан. Шинжээч дүгнэлтэдээ дурьдаагүй учир осгоогүй байна гэж үзсэн. Харин эцсийн байдлаар осголт байна гэж өмгөөлөгч хүсэлт гаргаж байсан тул шинжээчээс анхан шатны шүүхээс хэрэг буцах үед “осгосон” эсэхийг тодруулахад “осголтын ямар ч шинж тэмдэг байгаагүй, осголт гэж дүгнэх үндэслэлгүй” гэсэн. Үүнд хууль хэрэглээний талаар яригдаж байна. Шинжээч гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэлт гаргасан үүнд хүнд, хөнгөнийг заагаагүй гэдэг маргаан гаргадаг. Шүүх хуралдаанд шинжээч “ийм учиртай учраас хүнд гэмтэл юм гэж” өөрөө тодотгоод мэдүүлсэн учраас дахин шинжээч томилоогүй. Тархины гэмтэл байна, шалтгаан нь байна, гэмтлийн зэрэг байгаа учир нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Эмч оролцож байсан гэдгийг дурьдах хэрэгтэй байх. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг зөрчсөн гэж байна. Энэ хэсэгт шүүхийн шийтгэх тогтоолын хувьд тодорхойлох хэсгийг гэм буруутайд тооцох,  эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хоёр хэсгээс бүрдэнэ гэж заасан. Өмгөөлөгч үгүй гэж байна. Энэ хэсэгт хохирогч 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой ийм асуудлын улмаас тархины битүү гэмтлээр нас барсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Н.Быг хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлээр ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна гэж үндэслэлээ гаргаж өгсөн байна. Өмгөөлөгчийн хэлээд байгаа Л.Н.Б гэж бичсэн, цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон гэдэг нь үндэслэлтэй. Яагаад гэхээр нийт 413 хоног хоригдсоныг 43 хоног гэж буруу тооцсон байна. Энэ зүйлийг шийтгэх тогтоолд зөвтгөөд явах боломжтой гэж дүгнэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх, Н.Бт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Гэрч Н.Отгонбаяр, Н.Ганбаяр, Я.Цэвээнжав, Я.Цэвээнтуяа, Б.Эрдэнэболд, насанд хүрээгүй гэрч О.Наранбаяр болон шүүгдэгч Н.Бын нарын мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Н.Ч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэмтэл авсан /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан/ гэх цаг хугацаанаас хойш 2 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчимд гэртээ харихаар яваад, 14-ний өглөө нас барсан байдалтай хээрээс олджээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08шэ/80 дугаар дүгнэлтэд “... Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хугарал, их тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамрын угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ… гавал тархины гэмтэл нь үүсээд 48-аас дээш цаг хугацаа өнгөрсөн ...” гэж /1-р хх-51-54/ хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон байна.

 

Хохирогч Н.Ч нь гэмтэл авснаас хойш тодорхой цаг хугацааны дараа нас барсан байхад хохирогчид учирсан шарх гэмтэл шууд үхэлд хүргэх үү, эсхүл цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжтой юу гэдгийг шинжилгээгээр тогтоолгүй орхигдуулжээ.  

 

Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Н.Бын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад үүнийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тодруулаагүй нь буруу байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг тогтоолгох зорилгоор хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа өмгөөлөгч Ч.Болдбаатарын “хохирогч осгож нас барсан байж болзошгүй, шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогоогүй” гэсэн гомдлын үндэслэлийг давхар хянан хэлэлцэх нь зүйтэйг тэмдэглэж байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Бт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Н.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН