| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2017/0123/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 268.1., 269.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 05
|
|
Х.Ц, Ш.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Батсайхан
Цагаатгагдсан этгээд нарын өмгөөлөгч В.Удвал, Б.Наранцэцэг,
Ц.Бат-Эрдэнэ, Г.Энхбаяр
Цагаатгагдсан этгээд Х.Ц, Ш.Б
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч цагаатгагдсан этгээд Х.Цын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн, Х.Ц, Ш.Б нарт холбогдох 201703000097 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ,,Архангай аймгийн , суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Архангай аймгийн,, сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, Архангай аймгийн ,,оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Н овогт Ш-ийн Б
Монгол Улсын иргэн, ,, Архангай аймгийн , суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Архангай аймгийн ,, сумын ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 5, Архангай аймгийн,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Х-ын Ц
Ш.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Цд 2 000 000 төгрөг өгвөл би үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1 000 000 төгрөгийн хээл хахууль авсан, Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхолын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд сургуулийн захирал Ш.Бт 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэрт нь 1 000 000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ш.Бт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар, Х.Цд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай цагаатгах тогтоолоор: Шүүгдэгч Н овогт Ш-ийн Б нь хээл хахууль авах гэмт хэрэг, шүүгдэгч Б овогт Х-ын Ц нь хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тус тус цагаатгаж, Шүүгдэгч Ш.Бт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол, шүүгдэгч Х.Цд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолуудыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тус тус хүчингүй болгож, 201703000097 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, Шүүгдэгч Ш.Б, Х.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Шүүгдэгч Ш.Бийн эзэмшлийн 99-88 АРХ улсын дугаартай 30 000 000 /гучин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашины битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоолыг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүгдэгч Ш.Б, Х.Ц нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэлд:
Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай цагаатгах тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
-Ш.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Цд 2.000.000 төгрөг өгвөл үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,
-Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхлын үүднээс сургуулийн захирал Ш.Бт 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэрт нь 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тус прокурорын газраас Ш.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, Х.Цд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Ц нь Ш.Бт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг шууд нотолж байгаа нотлох баримт нь шүүгдэгч Х.Цын хэргээ хүлээсэн мэдүүлэг бөгөөд бусад гэрч Т.Бөхбат, Т.Оюунзул, Д.Нямдулам нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь Х.Ц нь Ш.Бт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна гэж үзлээ, шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Ц, Ш.Б нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай цагаатгах тогтоол үндэслэлгүй бөгөөд хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна. Учир нь:
Шүүх нь хэрэгт авагдсан Х.Цын “Өгиймандал” ХЗХ-оос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан “Барьцаат зээлийн гэрээ"-ний хуулбар, гэрч Т.Бөхбат, П.Мөнхнасан нарын мэдүүлэг, Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/37 дугаар тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар болон бусад нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Ц нь Өгийн мандал хадгаламж зээлийн хоршооноос 5.250.000 төгрөгийн зээл авсан, шүүгдэгч Ш.Бийн гэрт очиж түүнтэй уулзсан, Х.Ц нь үндсэн багшийн албан тушаалд томилогдсон гэх нөхцөл байдлуудыг нотолж чадаж байна гэж дүгнэсэн атлаа хэргийг цагаатган шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан ба гэрч нарт худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, хуульд заасан журмыг баримтлан мэдүүлэг авсан байх бөгөөд хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдсэн гэрч Б.Бөхбат, Д.Нямдулам, Т.Оюунзул, яллагдагч Х.Ц нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.Ц нь “...Би яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед нөхөр Т.Бөхбат мотоциклоор Ш.Бийн гадаа хүргэж өгөөд буцсан. Намайг мөнгө өгөх гэж 1 сая төгрөгөө бэлдээд аваад орсныг мэдэж байсан. Ш.Бт 1 сая төгрөг өгөх болсон шалтгааны талаар би нөхөр Т.Бөхбатын төрсөн эгч Т.Оюунзулд ярьсан чинь юу боллоо гэж 2 сая төгрөг өгдөг юм, талыг нь өгөхгүй юу олдохгүй байна гэж хэл гэснийх нь дагуу тэгж тал мөнгийг нь өгсөн юм. Энэ талаар Т.Оюунзул эгч мэдэж байгаа. Ингээд намайг 1 сая төгрөг өгсний дараа шинэ хичээлийн жил эхлэхэд өөрөө өөрийнхөө гаргасан тушаалаа надад өрөөндөө дуудаж оруулж ирээд гардуулан өгч өөрийнхөө хавтаст хийгээрэй гэж байсан. Би удалгүй анги даасан багш болж, цалин дээр маань анги даасан багшийн нэмэгдэл цалин олгуулах болсон.” гэж мэдүүлсэн /хх-ийн 241-242 хуудас/ бөгөөд гэрч Т.Бөхбатын “...2015 оны зун 07 дугаар сарын дундуур байх манай эхнэр Х.Цын сургуулийн захирал Ш.Б нь эхнэрийг маань дуудаж, Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн, цагаан идээ, хонь тарваганы мах олоод ир гэсний дагуу эхнэр бид хоёр хөдөө гэрээсээ бэлдэж өгч байсан. Түүнээс хойш манай эхнэрт сайхан ханддаг болсон гэсэн. Тэгээд удалгүй Ш.Б захирал нь гэртээ дуудаж эхнэр Х.Цтай уулзаж үндсэн багшийн орон тоо гарч байна, чи аймгийн боловсролын газар луу явж сонгон шалгаруулалтад орох юм бол тэнцэхгүй ямар байдлаар шалгалт авдаг талаар мэдэж байгаа биз дээ, надад 2 сая төгрөг өгчих тэгээд чамайг би шууд үндсэн багшийн орон тоон дээр тушаал гаргаж ажилд авна гэж хэлсэн гэсэн. Тухайн үед эхнэр Х.Ц маань захиралтайгаа очиж уулзсан өдрөө надад ирж хэлсэн юм. Ингээд эхнэр бид хоёр мөнгө олчих санаатай байсан боловч хэлснээр нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор мөнгийг нь олж өгч чадахгүй байсан учраас энэ байдлаа өөрийн төрсөн эгч Оюунзулд хэлэхэд их уурлаж, шууд 2 сая төгрөг өгнө гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжид 1 сая төгрөгийг өгчихгүй юу, мөнгө олдохгүй байна гэж хэл гэж байсан. Энэ байдлаа Оюунзул эгчид нэг, нэгэнгүй хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр Өгийнуур сумын Өгий мандал нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1 сая төгрөгийг нь бэлнээр Ш.Бийн гэрт нь очиж эхнэр маань бэлнээр өгсөн. Тухайн өдрийг нь санахгүй байна зээл авсны дараа 8 дугаар сарын эхний долоо хоногт байх, би эхнэрээ өдөр 13 цагийн үед байх Ш.Б захирлын гэрийнх нь гадна өөрөө мотоциклоороо хүргэж өгч байсан. Удалгүй эхнэр маань 1 сая төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна. Ер нь анх ярихдаа 2 сая төгрөг гэж тохирсон гэсэн үлдсэн мөнгийг нь 5 жилийн тэтгэмжээ авах үеэрээ өгөхөөр хоорондоо тохирсон гэж энхэр маань тухайн үед хэлж байсан. Энэ асуудлын талаар Оюунзул эгч, сургалтын менежер Нямдулам нар сайн мэдэж байгаа өөр бусад хүмүүс тэр болгон мэдэхгүй байгаа байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 199 хуудас/, Гэрч Т.Оюунзулын “...Би өдрийг нь санахгүй байна 2015 оны 07 дугаар сарын дундуур байх наадмын дараахан манай дүү Т.Бөхбат, эхнэр Х.Ц нар манай гэрт хүрч ирээд сая сургуулийн захирал Ш.Б намайг дуудаж уулзаад үндсэн багшийн орон тоо гарсан. Чи сонгон шалгаруулалтад орох уу эсхүл надад 2 сая төгрөг өгөх юм бол үндсэн багшийн орон тоон дээр тушаалыг чинь гаргаж өгье, хэрэв сонгон шалгаруулалтад орно гэвэл Нямдорж багшийн хамтаар аймгийн боловсролын газар луу сонгон шалгаруулалтад ор аймгийн боловсролын газраас чамайг унагана 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариугаа хэл энэ хугацаанд мөнгөө авчирч өгөх юм бол чамайг сонгон шалгаруулалтад оруулалгүйгээр би аргалж, үндсэн багшийн орон тоон дээр авна гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэр хоёр одоо яахав гэж надаас зөвлөгөө аваад ирэхээр нь би сонгон шалгаруулалтад ороод үзвэл яадгийн шалгалтыг өг гэсэн чинь сонгон шалгаруулалтад орох юм бол тэртээ тэргүй захирал өөрөө цааш нь хэлээд шалгалтад унагачихна сүүлд нь дарамтлаад байж магадгүй, тийм болохоор нэхсэн мөнгийг нь өгөөд ажилдаа орчих юм бол дараа нь надад ямар нэгэн асуудалгүй гэж ярьж байсан. Тухайн үед нь би бүх мөнгийг нь өгнө гэж юу байдын тал хагасыг нь олж өгч болох юм уу гэж хэлээд явуулсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болж хичээлийн шинэ жил эхэлж бэр Х.Ц ажилдаа орсон. Би уулзаад нөгөө Ш.Б захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Т.Бөхбат бид хоёр сумынхаа Өгий-Мандал хадгаламж зээлийн хоршооноос 5 сая төгрөгийн зээл авч, үүнээс 1 сая төгрөгийг нь бэлнээр Ш.Б захирлын гэрт аваачиж өгсөн. Үлдсэн мөнгийг нь өөрсдөө мотоцикль энэ тэр аваад дуусгасан гэсэн. Би тухайн үед мөнгөө дансаар өгсөн үү, сүүлд нь баримттай гэхэд үгүй захирал дансны дугаараа өгөхгүй байсан. Тэгээд бэлнээр аваад ир гэсний дагуу гэрт нь 1 сая төгрөгийг аваачиж өгсөн гэж байсан. Үлдэгдэл 1 сая төгрөгийг нь суманд 5 жил ажилласан багш нарын тэтгэмжийн мөнгөнөөс өгөхөөр боллоо гэж ярьж байсан. Тухайн үедээ болдог асуудал юм байх гээд өнгөрсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 202-203 хуудас/, Өгий-Мандал нэртэй хадгаламж зээлийн хоршооны барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 200-201 хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл Ш.Б нь Х.Цтай хамт хоёулаа байхдаа түүнээс хээл хахууль авсан, Х.Ц нь хээл хахууль өгсөн бөгөөд уг нөхцөл байдлыг Х.Цын мэдүүлэг болон дээр дурдсан дамжмал нотлох баримтуудаас өөр аргаар шалгаж тогтоох боломгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан ба шүүгдэгч Х.Ц нь Ш.Бт 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг гэрт очиж өгсөн гэж мэдүүлсэн нь гэрч Б.Бөхбат, Д.Нямдулам, Т.Оюунзул, Өгиймандал хадгаламж зээлийн хоршооноос мөнгө зээлж авсан талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан тул Ш.Б, Х.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзнэ. Шүүгдэгч Ш.Б нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2 дахь хэсэг “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” эрхийн хүрээнд ажилласан гэх боловч уг хуульд тухайн ажилд томилогдох хүнээс хээл, хахууль авч тушаал гаргаж томилохоор тусгаагүй нь Ш.Бийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсныг нотолж байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл Хууль ёсны зарчим 1.2 дугаар зүйлийн 5 дэх хэсэг “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улс нь 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хууль гаргаж, Авилгалын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг соёрхон баталж хүчин төгөлдөр болжээ. Уг конвенцийн 3 дугаар бүлэг. Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах, 15 дугаар зүйл. Үндэсний төрийн албан тушаалтныг хахуульдах “төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох.” гэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож байхаар заасан тул Ш.Б, Х.Ц нарыг конвенцийн дагуу гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүгдэгч Ш.Бийн үйлдэл нь Хээл хахууль авах, Х.Цын үйлдэл нь Хээл хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэлд дүгнэлт хийж өгнө үү.” гэжээ.
Цагаатгагдсан этгээд Х.Цын гаргасан давж заалдах гомдолд:
“2017 оны 12 сарын 18-ны өдрийн 167 тоот цагаатгах тогтоолоор Ш.Бийг цагаатгаж шийдсэнийг зөвшөөрөхгүй байна. Хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна. Би Ш.Бийг гүтгээгүй. Үйл явдал үнэн зөв, шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт оролцоно.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
“Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэв.
Өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
”Захирлын бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үйл явдал байгаа. Гэхдээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас мөнгө авсан асуудлыг бид шалгаж байгаа. Тэгэхээр авлига өгсөн, авсан үйл явдал нотлогдож байгаа. Нэг яллагдагч нь гэм буруугаа хүлээгээд нөгөөх нь хүлээхгүй байгаа хүнийх нь асуудлаар хэргийг шийдвэрлэж болохгүй. Нотлох баримтууд нь хавтаст хэрэгт байгаа нь үйл явдлаар нотлогдож байгаа. Тийм учраас Х.Цын давж заалдах гомдол болон улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
”Хээл хахууль өгөхийн тулд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.200.000 төгрөгийн зээл авсан юм шиг харагдаад байгаа. Гэтэл тэр мөнгөний 1 сая төгрөгийг л Ш.Бт өгсөн гэсэн зүйл яригддаг. Хэрвээ Ш.Б 2 сая төгрөг нэхсэн юм бол яагаад хадгаламж зээлийн хоршооноос 2 сая төгрөг авахгүй, 5.200.000 төгрөг аваад байгаа юм. Тэгснээ үлдсэн мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулсан байдаг. Үүнээс харахад тухайн айлд 5.200.000 төгрөгийн хэрэгцээ байсан гэдэг нь харагдаж байгаа. Магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдүүлгээр хүнийг гүтгэх шинж чанартай байж магадгүй. Х.Цын хувьд нөхрөөсөө мөнгө аваад яг Ш.Бт өгсөн юм уу гэдгийг нотолж чадаагүй. Тийм учраас хангалттай тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.
Өмгөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
”Гүйцэтгэх ёстой үүргийг хэрэгжүүлээгүй, хийх ёстой үйлдлийг хийгээгүй Ш.Бийн үйлдэл үгүйсгэгдэж байна. Энэ хэрэг нь нотлогдож тогтоогдоогүй. Бөхбат, Х.Ц хоёр 2015 оны 07 сарын сүүлээр 8 сарын эхээр Ш.Бийн гэрт 3-4 удаа очсон гэдэг нь эргэлзээтэй байгаа, шүүх үүнийг анхаарч үзэх ёстой. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
”Өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэтэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Х.Цын гаргасан давж заалдах гомдол зэрэгт дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх Ш.Б, Х.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 дугаартай тогтоолоор тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Р.Алтанцэцэгийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэлэлцэж улмаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. Шүүгч татгалзан гаргах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчдийн зөвлөгөөөний тогтоолд шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт холбогдох хэргийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11 тоот тогтоолын дагуу хувиарлахаар тогтоосон байна.
Монгол Улсын Шүүхийн тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг албажуулаагүй, тухайн хэрэгт шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилогдоогүй байхад шүүгч Э.Одхүү хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Ц шүүгч П.Гандолгорыг татгалзах тухай хүсэлт гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай шүүгчдэгчийн хүсэлтийг хангах эсхүл хангахаас татгалзах эсэхийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-т хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно, 15.4-т ...бүрэн эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана гэж заасныг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хүлээн авсан ба тухайн үед оролцогчдод нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй хэрэг өөр шүүгч хүлээн авсаны дараа оролцогчдод нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан, шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай 667 дугаартай захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай 682 дугаартай захирамж зэргийн шүүх хуралдаан хойшлуулах болсон үндэслэл, үг үсгийн алдаа адил байгаа зэргийг дурдах нь зүйтэй байна.
Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Х.Цын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол Ш.Б, Х.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3, 34 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр 1.1-т зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Ш.Б, Х.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
В. ЦЭЦЭНБИЛЭГ