Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01414

 

“Т” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00264 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 877 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Ж” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 209 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “Ж” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс бетон зуурмагийн үйлдвэр нийлүүлэх, хариуцагчийн зүгээс 489 143 120 воныг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани тохирсон хугацаанд бетон зуурмагийн үйлдвэрийг нийлүүлсэн. Хариуцагч үйлдвэрийг хүлээн аваад туршилтын үйлдвэрлэл явуулж шалгасан, ямар нэг асуудал үүсээгүй. Хариуцагч 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 50 00 000 вон, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 220 000 000 вон, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 воныг тус тус төлсөн. Нийлүүлсэн бетон зуурмагийн үйлдвэрийн үлдэгдэл төлбөр нь 119 143 120 вон болж байгаа. Гэвч бид эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлтийн харьцаа буурсан байгааг харгалзан үзэж үнийн дүнгээ 95 000 000 вон болгон бууруулсан. Уг гадаад валютын үүрэг үүсэх үеийн ханшаар тооцвол 209 950 000 төгрөг болж байгааг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч компанийн захирал Монгол Улсад удаа дараа ирэхдээ мөнгийг шаардаж байсан боловч хариуцагч аргацааж төлөлгүй буцааж байсан. Үндсэндээ гэрээний дагуу нэхэмжлэгч тал нэг цагт 90 м.куб хэмжээтэй бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг зарсан. Өөрсдөө үйлдвэрийн угсралтын ажлыг хийж өгч, 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 12 сарын баталгаат хугацаа олгосон. Одоо уг үйлдвэр хэвийн ажиллаж, хариуцагч уг үйлдвэрээсээ ашгаа аваад явж байгаа. Ганц нэг удаа үйлдвэр дээр асуудал гарсныг тухай бүр нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрлэж өгч байсан. Ингээд хамгийн сүүлд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч компанийн захирал нь бүх ажил дууссан, үйлдвэр ямар нэг асуудалгүй гээд хүлээн авсан. Гэтэл одоо эд хөрөнгийн доголдол гэх мэт зүйл ярьж, мөнгийг өгөхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Т” ХХК нь “Ж” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх гэрээ хийсэн. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь нэг цагт 90 м.куб хэмжээтэй бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг нийлүүлэх ёстой байсан. Гэтэл уг гэрээний гол зүйл болох бетон зуурмагийн үйлдвэр нэг цагт дөнгөж 60 м.куб хэмжээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай буюу доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгч компанийн захирал Ким Хю жин нь Монгол улсад 3 удаа ирэхдээ мөнгөө нэхэж ирээгүй, бетон зуурмагийн үйлдвэр биет байдлын доголдолтой байсан учраас үүнийг засварлах гэж ирсэн. Нэхэмжлэгч тал эдийн засгийн хямралтай байгаа учраас үлдэгдэл мөнгөө багасгаж 95 000 000 вон болгосон гэж байна. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагийн үйлдвэр нь өөрөө чанарын доголдолтой, гэрээнд заагдсан хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй байсан учраас нэхэмжлэгч энэ удаан хугацаанд мөнгөө нэхээгүй явж байсан. Хариуцагч ч гэсэн нэхэмжлэгчийн буруугаа ойлгоод мөнгөө нэхэмжлэхгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн учир үүргээ харилцан тооцоод дуусгасан байна гэж ойлгосон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4-т төлбөрийн нөхцлийг тохирсон. 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дуусна гэж заасан. Нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээ үүссэн гэхээр 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд туршилтын хугацаа дууссан байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас өгсөн баримтаас харвал 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдвэр Монголд орж ирсэн нь тодорхой байна. Тэр үед үлдэгдэл мөнгөө шаардаж болох байсан гэтэл шаардаагүй. Төлбөрийн үлдэгдэл шаардсан талаар баримт хэрэгт байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6-т А талд 20 хувийн алданги төлнө гэж заасан. Аливаа гэрээний үүргийн биелэлт шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагддаг, шаардах эрх үүссэн үеэс тоолбол үлдэгдэл төлбөрөө шаардах эрх 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр туршилтын үйлдвэр ажиллуулах хугацаа байсан. 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдвэрээ хүлээлгэж өгөөд шаардах байсан. Иймд нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00264 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 209 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 270 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 207 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 6 000 000 төгрөг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 877 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч”Ж” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 207 700 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа хяналтын гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 25 дугаар 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1 -д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ““Ж”” ХХК-иас 209 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тамёнсаноб” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнээд хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний зүйлийг хүлээн авахдаа доголдлын талаар мэдэх буюу мэдэх боломжтой байсан бөгөөд доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдах талаар хийсэн шүүхийн дүгнэлт ИХ-ийн 248.1, 255.1 дэх хэсэгт нийцсэн тул буруутгах боломжгүй гэж дүгнэжээ. Гэтэл гзрээний зүйлийн доголдолтой эсэхийг хүлээж авах үедээ мэдэх боломжгүй, ажиллуулж үзэж, үйлдвэрлэл явуулж байж мэдэх боломжтой. Тухайн үед доголдлыг засаж өгсөн байлаа ч гэсэн дахин үйлдвэрлэл явуулаад үзэхэд 90 м.куб-д хүрэхгүй байсан болох нь хариуцагчийн хариу тайлбар болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл доголдлыг зассан үйлдэл хийсэн боловч тэрхүү доголдол нь арилаагүй. Тийм учраас хариуцагч тал шинжээч томилуулсан. Магадлалын 6 дугаар хуудасны нэг дэх мөрөнд 63 м.куб зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай болох нь шүүхээс томилогдсон 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 802 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна”. 6 дугаар хуудасны дээрээс 4 дэх догол мөрөнд “Хэргийн 41 дүгээр талд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ажил дууссан тухай тодорхойлолт гэх баримт авагдсан байх ба уг баримтад элс, хайрга зөөх нэг цагт 90 м.куб зуурмаг үйлдвэрлэх талаар тодорхойлсон байна” гэж дүгнэсэн бөгөөд шүүх хоорондоо зөрүүтэй энэ 2 нотлох баримтын алийг нь илүү нотолгооны ач холбогдолтой гэж үзсэн, яагаад гэдгийгээ тайлбарлаж чадаагүй. Талууд хэн алиныхаа өмнө “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээгээр харилцан үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 90 м.кубын хүчин чадалтай үйлдвэр нийлүүлэх, хариуцагч гэрээгээр тохирсон үнийг төлөх гэдэг нь харилцан тооцогдох ёстой нэг гэрээний 2 бие даасан үүрэг юм. Тус үйлдвэр нь бодит байдал дээр 63 м.куб-ын хүчин чадалтай үйлдвэр болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихоод байхад шүүх 90 м.куб-ын хүчин чадалтай үйлдвэрийн үнийг хариуцагчаас гаргуулж шийдээд байгаа нь шударга бус нэхэмжлэгч нь хариуцагч талд 90 м.куб-ын хүчин чадалтай үйлдвэр нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй байж 90 м.куб-ын үйлдвэрийн үнэ шаардах эрхтэй эсэхэд шүүх дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой байна. Тодруулбал хариуцагч талын татгалзал буюу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байхад шүүх энэ үйл баримтад дүгнэлт хийхгүй, энэ баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлэхгүй, харилцан тооцогдох ёстой үүрэг талаас нь харахгүй байгаа учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон “2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ажил дууссан тухай тодорхойлолт” нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан шаардлагад нийцээгүй, тус орчуулга нь буруу орчуулагдсан болохыг хариуцагч талын орчуулагч анхан шатны шүүх хуралдаан болсны дараа хэрэгтэй танилцахдаа олж мэдсэн байдаг. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бүх нотлох баримтууд албан ёсны зөвшөөрөлтэй орчуулгын газраар хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 877 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан “...гэрээний зүйл доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ажил дууссан тухай тодорхойлолт гэх баримтын орчуулга буруу байсныг шүүх хуралдааны дараа мэдсэн, уг баримтын орчуулга солонгос хэл дээрх баримтаас зөрүүтэй байгаа, тус баримт нь  шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах” үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан   худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 209 950 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд заасан хүчин чадал бүхий бетон зуурмагийн үйлдвэрийг шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр маргажээ. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 489 143 120 воныг авахаас 370 000 000 воныг авсан, 119 143 120 вон дутуу боловч эдийн засгийн байдлыг тооцон үзэж 95 000 000 вон буюу 209 950 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ гэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн бетон зуурмагийн үйлдвэр нийлүүлэх гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч нь тохирсон үнийг төлөх  үүргийг хүлээнэ.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь DMBP-МB90S загварын нэг цагт 90 м.куб бетон зуурмаг гаргах хүчин чадалтай үйлдвэрийг угсарч суурилуулан хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь 489 143 120 воныг туршилтын үйлдвэрлэл эхэлснээс 10 хоногийн дотор төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Нэхэмжлэгч нь бетон зуурмагийн үйлдвэрийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсад оруулан ирж угсарч суурилуулсан, хариуцагч “Ж” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 50 000 000 вон, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 220 000 000 вон, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 вон, нийт 370 000 000 воныг нэхэмжлэгчид төлсөн, 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр худалдагч тал бетон зуурмагийн үйлдвэр гэрээнд заасан хэмжээнд ажиллах боломжтойг шалгаж, тодорхойлсон, хариуцагч үйлдвэрийг хүлээн авснаас хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Гэрээний зүйл болох бетон зуурмагийн үйлдвэр хүчин чадалдаа хүрэхгүй байснаас талууд маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилсон, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 802 тоот дүгнэлтээр бетон зуурмагийн үйлдвэр нь 1.5 м.куб зуурах тогоотой, үйлдвэрийн хүчин чадал нь 90 м.куб байх ба уг бетон зуурмагийн ашиглалтын хүчин чадлыг тооцвол нэг цагт 63 м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх ашиглалтын хүчин чадалтай болохыг тогтоожээ. Худалдан авагч “Ж” ХХК нь үйлдвэрийг хүлээн авч туршилтын үйлдвэрлэл явуулахдаа доголдлын талаар худалдагчид гомдол гаргаж байгаагүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан журмыг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, эд хөрөнгө хүлээн авсан, эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 248 дугаар зүйлийн 248.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00264 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 877 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 207 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА