Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 00008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х... ХХК,

Хариуцагч:  Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Ц.И нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөх Тэнгэр Хөвсгөл ХХКопаний захирал Ч. Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Манай компани байгуулагдсан цагаас /1997.06.22/ хойш одоог хүртэл борлуулалтын орлого, татвар хураамжийг хэзээч нуун дарагдуулж байгаагүй үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн. 2013 оны 5, 9, 11 дүгээр саруудад С ХХК-иас авсан бараа материалын нийт 311 999 996 төгрөгийн НӨАТ падаануудыг хуурамч байна гэж үзэн НӨАТ-28 363 636 төгрөг, ААНОАТ-28 363 636 төгрөгийн төлбөрийг төлөх шийдвэр гарсан юм. Бид энэ төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд НӨАТ болон орлогын тайлан балансыг хугацаанд нь үнэн зөв гаргаж татвар хураамжийг бүрэн төлж аль болох улсад ямар нэгэн өр төлбөргүй байхын төлөө ажиллаж байна. ... Иймээс дээрхи актаар тогтоосон 56 727 272 төгрөгийн төлбөрийг төлөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул татварын улсын байцаагчийн актыг хянан хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн

шаарлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд актыг хүчингүй болгох эсэх асуудлаа тайлбарлая. 2013, 2014 онуудад хий бичилттэй падаан тараасан асуудал байгаа юм. С ХХК-иас Х ХХК нь барилгын бараа материал худалдан авсан байдаг. Энэ компани нь бүх аймгуудын барилгын материалын компаниуд руу баримт үйлдэн өгч дундаас нь мөнгө гаргаж авсан байдаг. Тухайн компани нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөлийн хуульд хамрагдаж хохирлоо нөхөн төлнө гэсэн прокурорын тогтоолтой байгаа юм. Х ХХК-ний хувьд бол орлого, зарлага гарсан баримт байхгүй, зарцуулалтын баримт байхгүй, эхний үлдэгдэлийн баримт байхгүй байгаа юм. Ц.И байцаагч нь энэ компанийг ахлаж шалгасан юм. Би хоёр дахь байцаагчаар нь шалгасан. Худалдан авалт дээрээ хасалт хийж орлогыг бууруулсан гэсэн үг юм. Бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн гэвэл бүртгэл нь нарийн байдаг. Санхүүгийн тайлан нь 4 тайлангаас бүрддэг юм. Кассын орлого нь жилийн эхэнд хэдэн төгрөг байсан эсэх, худалдан авалт хийсэн бол хасагдах ёстой байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХКопаний захирал Ч.Н Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.И, Г.М нар 2016 оны 11 сарын 22-ны өдрөөс 12 сарын 27-ны өдрүүдийн хооронд Татварын Ерөнхий газрын удирдамж, тоот, бусад байгууллагын хүсэлтээр Х ХХК /РД:2631563/-ний 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.1.1,18.1.14.-дзаасныг болон бусад хуулийн заалтыг зөрчсөнийг үндэслэн татварын хяналт шалгалтаар нийт 567 272 722 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд:

Татварын улсын байцаагчийн 2016 оны12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар мөн Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 заалтыг баримтлан 56 727 272, 2 төгрөгийн нөхөн татвар, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү нийт 56 727 272, 2 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч Х ХХК-нийг  С ХХК-иас 311 999 996  төгрөгийн бараа, материал худалдан авсан гэж 0014709083, 0014709076, 0014709088 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар  тайланд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогыг бууруулж тооцсоныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэсэн заалтаар баримтаар тогтоогдоогүй хуурамч бичилттэй гэж үзэн зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна.

  Ийнхүү нэхэмжлэгчийг  худалдан авалт хийж, ажил гүйцэтгэсэн болохыг хариуцагч татварын улсын байцаагч нар энэ талаар маргаагүй ч зөвхөн Х ХХК үйл ажиллагаа явуулаагүйг цагдаагийн байгууллага тогтоосон гэсэн үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч бичилттэй, С ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авалт хийгээгүй гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

    Хэдийгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж, баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэх асуудалд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 2703 дугаар тогтоолд ... яллагдагч Я.Н нар нь Х ХХК -ний нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийн, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ... гэж дүгнэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан өршөөж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирлыг иргэний журмаар нэхэмжлэн гаргуулахаар дурдсан, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичилт хийсэн гэх үйлдэл тогтоогдсон ч яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнээс үүдэлтэй хохирлыг буюу татвар, нөхөн төлбөрийг дээр дурьсан ... хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн Я.Н нарын буруутай этгээдээс татварын байгууллага иргэний журмаар нэхэмжлэн гаргуулах боломжтой байхад Х ХХК-иар төлүүлэхээр акт тавьсан нь нэг зөрчилд хариуцлагыг давхардуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

          Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрхэн зөрчсөн болохыг тогтоогоогүй атлаа энэ заалтыг актдаа үндэслэсэн нь буруу байна. Мөн актад үндэслэл болгосон энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.14 дэх заалт уг зөрчилд ямар хамааралтай нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төлөлт болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах ... зэрэг зөрчлийг тогтоох, шалгах ажиллагаа бүрэн хийгээгүй, зөвхөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зөрчил тогтоогдсон гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тайлбар өгсөн болохыг дурьдаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан  Х ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаартай актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Б.ЭНХТАЙВАН