Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 187

 

Э.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Д.Мөнхцэцэг,

            Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр Э.Б-д холбогдох эрүүгийн 1710007670203 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

 

Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” хотхоны 121 тоотод иргэн П.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тарвагачин овогт Эрдэнэсувдын Э.Бг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж заасан боловч торгох ялыг ямар хугацаанд хэсэгчлэн төлөхийг, өөрөөр хэлбэл шүүхээс хугацаа тогтоож өгөөгүй орхигдуулсан байна. Ийнхүү торгох ялыг ямар хугацаанд төлөхийг шийдвэрлэж, хугацаа тогтоож өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгах заалтыг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Э.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь уг хуулийн үйлчлэлд хамаарахаар”,

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д ““гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” авч үзэхээр тус тус тайлбарлан хуульчилжээ.

Хохирогч П.Б-гийн “...Тэгтэл нөхөр намайг “чи миний ахыг тэгж хэлдэг хэн бэ, чи тэгж хэлэх болоогүй шүү, харъя чамайг” гээд элэг рүү гараараа 1 удаа цохиод, үснээс зулгааж, толгой руу өшиглөөд байсан. ...” /Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

Мөн түүний өгсөн “...Тэгээд нөхрийн ах намайг өөлөөд байхаар нь дургүй хүрээд хэдэн үг хэлчихсэн. Тэрнээс болж бид хоёр маргалдаж, манай нөхөр ахыгаа өмөөрч намайг зодсон. ...” /Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Э.Бат-Амгалангийн “...П.Б бид хоёрыг муудалцахад манай дүү Э.Б намайг өмөөрч эхнэрээ заамдаж авч байсан. Тэгээд толгой руу нь гараараа цохьчихсон. ...” /Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

Өсвөр насны гэрч Б.Буд-Очирын “...Аав, П.Б эгч хоёр маргалдсан. П.Б эгч аавын өөдөөс юм хэлсэн чинь Э.Б ах “манай ахтай хэрэлдэж маргалдлаа” гээд П.Б эгчийг загниад барьж аваад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгтэл П.Б эгч уйлаад гэрээс гараад явсан. ...” /Хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Бгийн “...Эхнэр мөчөөгөө өгөхгүй Э.Бат-Амгалан ахын урдаас хэрэлдээд хэл амаар доромжлоод байсан учраас би тэсэхгүй түүнийг гараараа цохиод авсан. Нүүр лүү нь цохисон. ...Бид хоёр 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. 2 хүүхэдтэй. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. ...” /Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Б.Соёмбо, Б.Сэнгэбархас нарын төрсний гэрчилгээний хуулбар /Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б, хохирогч П.Б нар нь 2 хүүхэдтэй, хамтран амьдардаг бөгөөд тэднийг гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж,

Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус заажээ.

Э.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, П.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хэргийн зүйлчлэлийн асуудлыг дахин авч үзэх нөхцөл үүсч байна.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Прокурорын бичсэн эсэргүүцэлд заагаагүй үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул прокурор Д.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дугаартай эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.