| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0610/э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 189
Г.Х, Г.И, Г.Ж нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Г.Ж,
Шүүгдэгч Г.Ж, Г.И нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг,
Шүүгдэгч Г.Хы өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 591 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Жын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ж, Г.Х, Г.И нарт холбогдох эрүүгийн 1711008880148 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.Ж: Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 84/20 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу өршөөн хэлтрүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, /РД: ИЖ93082010/,
Г.Ж, Г.Х, Г.И нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Тасганы овооны хойд талын замаар явж байсан хохирогч Г.Аг “зодно, хойд жалганд аваачаад булна” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Айфоне 5” загварын гар утсыг нь авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Ж, Г.Х, Г.И нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.Ж, Г.Х, Г.И нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Ж, Г.И, Г.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Жыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.И, Г.Х нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Х, Г.И нарт тус бүрт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жын цагдан хоригдсон 60 хоног, шүүгдэгч Г.Хы цагдан хоригдсон 27 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.И цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И, Г.Х нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус хойшлуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байна. Ам бүл 2, ээж Ч.Сэрчмаагийн хамт амьдардаг. Хэрэгт орохын өмнө хотод ажил хайж ирсэн. Би Г.И, Г.Х нарыг багын таньдаг, Эрдэнэт хотод зэргэлдээ гудамжинд тоглож өссөн. Харин хотод ирээд ажил хайж яваад таарсан. Надад дээрэм хийх санаа бодол байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 1 цагийн үед Тасганы овоо хавьцаа явж байгаад хохирогч Г.Атай таарсан. Г.И “утсаар ярих хэрэг байна” гэхээр нь би хохирогч Г.Агаас “утсаараа нэг яриулаач” гэж гуйж аваад Г.Иад өгсөн. Хохирогч Г.А утасныхаа кодыг хэлэхгүй байхаар нь буцааж Г.Иаас аваад хохирогч Г.Ад эргүүлж өгсөн. Г.Х “та 2 байж бай” гээд хохирогчтой цааш явсан. Хэсэг хугацааны дараа Г.Х гүйгээд ирсэн. Тэгээд дагаад гүйсэн чинь утсыг нь авчихсан байсан. Маргааш нь Г.Х бид хоёр “Теди” төв ороод утасных нь кодыг 30.000 төгрөгөөр гаргаад 120.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгийг Г.И, Г.Х бид 3 үрээд дуусгасан. Би өөрийн хайнга байдлаас болж, ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Миний хувийн амьдрал хүнд. Ээж минь өрх толгойлсон эмэгтэй, намайг өсгөж, хүмүүжүүлэх гэж их ядарсан. Би айлын ганц хүү, надаас өөр дотно хүн ээжид минь байхгүй. Ээжийн минь бие их муу байгаа гэх сураг дуулаад хэцүү байна. Миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шатнаас Г.Жыг өмгөөлж байна. Анхан шатны шүүх Г.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Г.Ж тухайн үедээ хөнгөн ял шийтгэгдлээ гэж байсан боловч түүнийг цагдан хоригдож байх хугацаанд эхийнх нь бие муудаад, хүнд байгаа. Г.Ж нь айлын ганц хүүхэд, ах, дүү, төрөл садан байхгүй. Эх нь Дарханд байдаг тул энэ талаар нотлох баримтыг бүрдүүлж чадсангүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Г.Жт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Г.Ж нь урьд 3 удаа ял шийтгүүлэхдээ хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаагүй, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд хүнд байгаа зэрэг байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.
Өмгөөлөгч Г.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Г.Ж нь хорих ялаа өөрчлүүлэх гэж гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт багтдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлоо төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд тэнсэж өгнө үү. Эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Ж нь урьд 3 удаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохион байгуулалттайгаар Г.Ж нь эхлээд Г.Х, Г.И нарыг явуулаад “намайг зодсон хүүхэд мөн байна” гэж яриулаад дараа нь өөрөө очиж “чи манай дүүтэй зодолд” гэж байгаад гар утсыг нь авсан байдаг. Г.Х, Г.И нар нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 18 нас 3 хоног, 18 нас 4 хоногтой байсан. Шүүгдэгч Г.Жт оногдуулсан ял шийтгэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Г.Х, Г.И, Г.Ж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.
Хохирогч Г.Агийн “...Тасганы овооны голын замын хойд талаар явж байхад 18 орчим насны залуу араас мөрөн дээр алгадаад “хөөе” гэж дуудсан. Ингээд би эргээд харсан чинь араас нь 1 залуу ирээд “наад хүн чинь мөн юм уу” гэж нөгөө хүүхдээсээ асуусан. Нөгөө араас ирсэн залуу нь бид хоёр дээр хүрч ирээд “чи манай дүүг зоддог хэн юм бэ” гэсэн чинь араас дахиад 1 залуу нэмэгдэж ирээд “наад пизда чинь мөн юм уу” гээд нэмэгдээд ирсэн. Тэгснээ сүүлд ирсэн залуу нь “утсаараа ганц яриулчих” гэхээр нь би тухайн үед нэг их юм бодоогүй өөрийн саарал өнгөтэй “Ай фон 5” загварын гар утсаа гаргаад өгсөн. Тэгсэн чинь утас авсан залуу 3 жи асаагаад шууд Ай ди пасспорт нэхэхээр нь би хэлж өгөөгүй. Ингээд утсаар хэсэг оролдож байгаад дахиад сүүлд ирсэн залуу нь “чи яагаад манай дүүг зодсон юм бэ, найз нарынхаа хажууд хэн ч далдаганаж болно. Одоо нэг, нэгээрээ үзчих” гэж хэлсэн. Би тухайн үед тэд нар цүнх аваад зугтах гэж байна гэж бодоод “зодолдохгүй” гэж хэлсэн. ...Сүүлд ирсэн залуу бид нарт чиний мөнгө хэрэггүй, утсыг чинь авна гээд код нэхээд “утасны кодоо өгөхгүй бол чамайг хойд жалганд аваачаад булна” гэсэн. “Чи пизда минь эндээс зугтана гэж санаж байна уу” гэж сүрдүүлсэн. Тэгээд “наадахыг чинь нарийн гудамж руу ороод зодъё” гэсэн. Энэ үед хоёр ирсэн залуу нь “чиний утсыг чинь авахгүй ээ. Харин кодоо хийчих, утсыг чинь эргүүлээд өгнө” гээд нөгөө хоёр залуугаа явуулаад намайг тасганы овооноос аваад доошоо буугаад нарийн гудамж руу дагуулаад явах гэхээр нь тэр залуугаас ганцаараа байсан учраас зугтаасан. Нөгөө залуучууд өөр тийшээ зугтаагаад яваад өгсөн. ...” /Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
Г.Иын гэрчээр өгсөн “...Би тэр залууг дуудаад “чи манай дүүг зодсон залуу мөн байна. Бид хэдийг дагаж яваад царайгаа харуул” гэж хэлээд дээшээгээ явдаг шат руу дагуулаад явсан. Г.Ж ах тэр залууд хандаж “утсаараа ганц яриулчих” гэж хэлээд Ай фон 5 загварын гар утсыг нь авсан. Тухайн авсан гар утас нь Ай ди кодтой байсан учраас ашиглаж, хэрэглэж чадаагүй. Тэгээд Г.Ж ах гар утсыг нь өгчихөөд байж байхад Г.Х гар утсыг нь аваад 3 жи асаагаад кодыг нь асуухад тэр залуу кодоо хэлж өгөхгүй байхад Г.Ж ах “наад пизда чинь кодоо хэлэхгүй бол аваачаад жалганд булчих” гэж хэлсэн. Тэгээд Г.Х тэр залууг нарийн гудамж руу дагуулаад явахад тэр залуу гүйгээд зугтсан. ...” /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Г.Хы гэрчээр өгсөн “...Нэг согтуу залуу байхаар нь Идэрээ очоод “чи намайг зодсон залуу мөн үү” гэж асуусан. Тухайн залуу “үгүй” гэж хэлсэн. Би тэр үед дээш өгсөх шатаар дагуулан гараад байж байхад Жавхаа ах “утсаа өгчих, утсаар чинь яриад өгье” гээд утсыг нь авсан. Би Жавхаа ахаас утсыг нь аваад Ай ди кодыг нь асуусан. Нөгөө залуу кодоо хэлэхгүй байсан учир би Г.Иыг “чамайг зодсон залуу мөн юм бол та хоёр учраа олчих” гэсэн “үгүй” гэж хэлсэн учраас “чи дэлгэцийн кодоо хэлчих” тэгээд яв гэсэн. Хэлэхгүй байсан учир би Г.Ж, Г.И хоёрыг “явж бай” гэж хэлчихээд нөгөө залууг дагуулан явж байгаад үлдээгээд бид 3 цааш явсан. ...” /Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
Г.Жын гэрчээр өгсөн “...Үүргэвчтэй цүнхтэй залуу явж байсан. Г.И тэр залууг дуудаад “чи манай дүүг зодсон залуу мөн байна. Бид хэдийг дагаж яваад царайгаа харуул” гэж хэлээд дээшээгээ явдаг шат руу дагуулаад явсан. Би тэр залууд хандаж “утсаа өгч бай. Ганц залгаадахъя” гэж хэлээд “Ай фон 5” загварын гар утсыг нь авсан. Тэгээд би утсыг нь автал Ай ди код нэхээд ажиллахгүй болохоор нь эргээд тэр залууд өгтөл Г.Х гар утсыг нь аваад “Ай ди кодоо хэл” гэж нэхсэн. Тэгээд тэр залуу хэлэхгүй болохоор нь би “наад пиздагаа жалга руу аваачаад булчих” гэж хэлсэн. Г.И Г.Х бид хоёрыг “та хоёр доошоогоо бууж бай” гэж хэлэхээр нь бид хоёр шатан доор зогсож байхад Г.И тэр залууг дагуулж нарийн гудамж руу оруулах гэтэл тэр залуу гүйгээд зугтсан. ...” /Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Г.Хы яллагдагчаар өгсөн “...Г.И, Г.Ж бид 3 байж байгаад “хүний гар утас дээрэмдье” гэж ярилцсан. Бид 3 ганцаараа явж байгаа залуучууд дээр эхлээд Идэрээ очиж уулзаад чи намайг зодсон хүн мөн байна гэж хэлэхээр би араас нь очоод мөн юм уу гээд асуугаад яриа өдөөд байж байхаар араас Г.Ж ах ирээд дээрэмдэнэ гэж ярилцсан. ...Урд нэг залуу явж байсан юм. Тэгээд Г.И түрүүлж очоод уулзаж байхад нь би араас нь яваад Идэрээд хандаад “энэ чамайг зодсон хүүхэд мөн үү” гээд асуусан чинь Г.И “мөн байна” гээд худлаа хэлээд байж байхад араас Жавхаа ах ирээд “утсаараа нэг яриулчих” гээд утсыг нь авсан. Тэгээд нөгөө залууг дагуулаад шатаар дээш гарсан. Ингээд тасганы овоон дээр гараад нөгөө залууд хандаад “үнэхээр манай найзыг зодсон бол одоо нэг, нэгээрээ учраа ол” гэж хэлэхэд тэр залуу “үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “утасны кодоо хэлэхгүй бол дэлгэцний кодоо хэл” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг дагуулаад “би чиний утсыг авахгүй” гээд шатаар доош буулгаад гандан тал руу алхаад нөгөө талын шатаар би дээшээ өгсөөд явсан чинь нөгөө залуу ард үлдээд таксинд гар өргөөд суухаар нь бид нар зугтаад явсан. ...” /Хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,
Г.Жын яллагдагчаар өгсөн “...Г.И, Г.Х бид 3 дээрэм хийе гэж ярилцаад гэрээс гарсан. Ингээд гадуур алхаж байгаад шөнө 1 цагийн орчим байх Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тасганы овооны орчим байх ...ганцаараа явж байсан 18-19 орчим насны залуу дээр Г.И түрүүлж очоод уулзсан. Араас нь Г.Х очоод би сүүлд нь очиход Г.И “дээр намайг найз нартайгаа согтуу явахад зодож байсан залуу мөн байна” гэсэн. Би очоод нөгөө залуутай юм ярьж байгаад бид 3 тэр залууг дагуулаад дээшээ гараад “утсаа өгч бай” гээд нөгөө залууд хэлэхэд Ай фон 5 утас гаргаж өгсөн. Би гар утас гаргаж өгөхөөр нь найз руугаа залгаад авахгүй болохоор нь утсыг нь буцаагаад өгөх гэж байсан. Энэ үед надаас Г.Хүдэрчулуун “наад утсаа надад өгчих” гээд Ай ди код чинь хэд вэ гээд асуусан чинь нөгөө залуу кодоо хэлж өгөөгүй. Ингээд Г.Х, Г.И бид 3 шат руу дагуулаад доошоо буусан. Тэгсэн чинь Г.Х “та хоёр ард алхаж бай” гээд нөгөө залууг дагуулаад урд алхаж байсан. Тэгсэн чинь тэр залуу дээд талын шат руу дагуулаад гарах гэсэн чинь зугтаагаад яваад өгөхөөр нь бид нар бас зугтаад явсан. ...” /Хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,
Г.Иын яллагдагчаар өгсөн “...Г.Хүдэрчулуун, Г.Ж бид 3 ярьж байгаад хүний гар утас дээрэмдье гэж ярилцсан. Ингээд бид 3 гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тасганы овооны орчим явж байсан чинь нэг залуу явж байхаар нь би араас нь очоод мөрнөөс нь татаад тэр залууд хандаад “чи намайг баранд зодсон залуу мөн байна” гээд ярьж байсан чинь манай найз Г.Х араас ирээд тэр залууг дагуулаад тасганы овооны дээшээ шатаар гарсан. Энэ үед Г.Ж араас ирээд нөгөө залууд хандаад утсаараа нэг яриулчих гэж хэлсэн чинь нөгөө залуу утсаа гаргаад өгсөн. Тэгээд Г.Ж тэр залуугийн утсыг нь хэсэг бариад оролдож байгаад эргүүлээд өгсөн. Тэгсэн чинь Г.Х утсыг нь буцааж аваад 3 жи-г нь асаагаад Ай ди кодыг нь гаргуулах гэсэн чинь кодоо хэлэхгүй байсан, хэл амаар дарамтлаад байсан. Би тухайн үед юу гэж ярьж байсныг нь тодорхой санахгүй байна. Ингээд Г.Х нөгөө залууг дагуулаад урд гараад алхсан. Г.Х тэр залууг дагуулаад доошоо бууж байх үед нь Г.Ж, Г.Х бид 3 утсыг нь аваад зугтаасан. ...” /Хавтаст хэргийг 84-85 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг тус тус өгчээ.
Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд, Г.Х, Г.И, Г.Ж нар нь хохирогч Г.Агийн гар утсыг авахдаа “чи яагаад манай дүүг зодсон юм бэ”, “Одоо нэг нэгээрээ үзчих”, “утасны кодоо өгөхгүй бол чамайг хойд жалганд аваачаад булна” гэх зэргээр айлган сүрдүүлсэн нөхцөл байдал байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол ...” гэж, 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон ...” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн дээрх зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэдэгт ямар ойлголтыг, 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон” гэдэгт ямар ойлголтыг тус тус хамааруулан авч үзэж, тайлбарлахаас хэргийн зүйлчлэл хамаарч байна.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдлүүлсэн, уг байдал нь биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан байдлыг хүч хэрэглэхгүйгээр, эсхүл хүч хэрэглэсэн аль нь болох талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зүйлчлэх шаардлагатай.
Иймд Г.Х, Г.И, Г.Ж нарын дээрх үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон байдалд хамаарах уу гэдэгт бодитой дүгнэлт хийх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хорин нэгэн насанд хүрээгүй хүн бүрийг өсвөр насны хүн байх ёстой гэсэн үүрэг болгосон заалт биш юм.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг буюу хорин нэгэн насанд хүрээгүй хүнийг өсвөр насны гэдгийг тайлбарлан хэрэглэхдээ тухайн этгээдийн сэтгэц, оюун ухаан, өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадвар гэх мэт анагаахын, эсхүл хууль зүйн шинжлэх ухаанд тулгуурлан дүгнэлт хийх нь чухал.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрсэн шүүгдэгч Г.И, Г.Х нарыг ямар учраас өсвөр насны хүн хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүйгээс гадна ерөнхий байдлаар дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 591 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Х, Г.И, Г.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Г.Жнь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан талаар түүний биеийн байцаалтад тусгагдсан байх тул шийтгэх тогтоолын болон хэзээ, хэрхэн суллагдсан талаарх баримтыг прокуророос авч хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул шүүгдэгч Г.Жын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.