| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2018/0016/Э |
| Дугаар | 235 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | оролцоогүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 235
Э.Нт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Н.Нарантуяа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Нын гаргасан давж заалдах гомдлоор Э.Нт холбогдох эрүүгийн 172000860049 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Цэрэндорж овогт Эрдэнэбаатарын Н, 1985 оны 5 дугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт оршин суух бүртгэлтэй боловч Дорноговь аймгийн оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, /РД:ЕО/,
Э.Н нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Баяннуур аймгийн Эрээн хотын Шинэ зээлийн үүдэнд 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.Аыг пивоны шилээр цохиж цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун талд хий хуралт, цээжний баруун 10 дугаар хавирганы далд хугарал бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Э.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цэрэндорж овогтой Эрдэнэбаатарын Ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ныг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Б.Аын мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй мэдүүлгийг үндэслэж хуулийн хүнд зүйл хэсгээр ялласанд гомдолтой байна. Учир нь хохирогч ганцаараа “шил хагалан надруу шидсэн” гэж мэдүүлдэг ба үүнийг хэн ч нотолсон нотолгоо хэрэгт авагдаагүй. Хэрэг болох үед хажууд байсан гэрч Д.Энхтүвшин “...хагархай шил хэвтэж байсныг Э.Н газраас авч Б.Аын араас шидэхэд нуруунд нь зоогдоод унасан” гэж мэдүүлсэн. Харин нөгөө гэрч О.Оюунбилэг хэргийн газар байгаагүй ба хохирогчийн нуруугаа зүсүүлчихсэн байсныг л гэрчилдэг. Ингэхээр хэргийн газарт хамт байсан Д.Энхтүвшингийн мэдүүлгээр Б.Аын зориудаар шил хагалж шидсэн гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэн эргэлзээ гарсан байдаг. Нэгэнт энэ мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа учир пивоны шил хагалж шидсэн буюу зэвсэг, зэвсгийн чанартай зүйл санаатай ашигласан гэсэн хуулийн хүнд заалт арилна гэдэгт итгэлтэй байна. Би тохиолдлын шинжтэй үйлдлээс үүдэн хагархай шил таарч түүнийг хохирогч руу шидсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгөхийг хүсч байна.
Мөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, мөн сэтгэцийн хувд F70 хөнгөн оюуны хомсдол өвчтэй зэргийг харгалзан үзэж хуулийн хөнгөн зүйл, заалтаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Э.Н нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Баяннуур аймгийн Эрээн хотын Шинэ зээлийн үүдэнд 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.Аыг пивоны шилээр цохиж цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун талд хий хуралт, цээжний баруун 10 дугаар хавирганы далд хугарал бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Аын: “...Би 2017 оны 8 дугаар сарын 18-наас 19-ний өдөр байх гэр бүлээрээ БНХАУ-ын Эрээн хот руу хувийн ажлаар гараад “Минзү” захын зүүн талын авто зогсоол дээр Түвшин гэх ахтайгаа хамт явган алхаж явахад араас Э.Н гүйж ирээд “сайн уу” гэж ойр зуурын юм ярьж байгаад “10 юань байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэтэл дахин, дахин асуугаад байсан. Тэгээд би “байхгүй” гэсэн чинь Э.Н “сүртэй бацаан бэ” гэж хэлээд гараараа миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний зүүн талын хацар шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохичихоод явсан. Гэтэл ар талд шил хагарах чимээ гарахаар нь би эргээд хартал Э.Н нь /архи, ундаа/-ны ногоон өнгийн шил хагалаад барьж байснаа над руу шидсэн. Тэгэхээр нь би толгойгоо хамгаалаад газарт суутал миний нурууны баруун тал, уушигны ар хэсэгт нөгөө шил нь зоогдчихсон, тэгэхээр нь би зоогдчихсон шилийг гараараа татсан чинь цус гараад эхэлсэн. Би тэр чигээрээ яваад Хятад улсын хилээр гарч Замын-Үүд сумын эмнэлэгт ирээд ухаангүй болсон байсан. Миний бие 2 хоног ухаангүй хэвтээд, уушигны хагалгаа хийлгээд 10 хоног эмнэлэгт хэвтээд эмнэлгээс гарсан...” /хх-ийн 18-19, 26-28/,
гэрч О.Оюунбилэгийн: “...Шинэ зээлээр ороод гараад ирсэн чинь Б.А нуруугаа зүсүүлчихлээ гээд явж байсан. Тэгээд би нурууных нь шархыг боож байтал Насаа гэх залуу ирээд “нэг мөсөн гүйцээгээд хаячихъя” гээд А луу дайраад байсан. Тэгээд тэр хавиар Монгол хүмүүс байсан болохоор “больцгоо” гээд байсан. Тэгээд Насаа гэх залуу ч яваад өгсөн. Аын ярьж байгаагаар “Насаа гэх залуутай таарахад 20 юань нэхээд байхгүй гэхэд намайг цохиж авахаар нь би зөрүүлээд цохиод буцаад явж байхад миний араас шил шидсэн” гэсэн...” /хх-ийн 29/,
гэрч Д.Энхтүвшингийн: “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө Зээл буюу “Минзу” гэх газрын үүдэнд хүн ачаад Монгол руу гарах гэж байхад Атай таарч мэнд усаа мэдэлцээд зогсож байхад Н явж таарсан. Тэгээд А, Ныг “хөөе” гэж дуудаад ирүүлсэн. Эхлээд тэр хоёр тоглоом шоглоомоор бие биенийгээ пизда, нахуу энэ тэр гэж байгаад уурлаад нэг нэгийгээ цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд тэр хоёр дахиад барилцаж аваад А, Ныг нүүрэн тус газарт нь цохиод авсан чинь Н газарт байсан ундааны шилний хагархайг авч Аын нуруу руу шидчихсэн. Хятадад байдаг ундааны шил шидсэн. Тэр нь зузаан шилээр хийгдсэн, сав байдаг ундааны шилний хагархайны хэлтэрхий нь Аын нуруунд зоогдоод уначихсан юм...” /хх-ийн 41-43/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Аын биед цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун талд хий хуралт, цээжний баруун талд 10-р хавирганы далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун тал дахь хий хуралт гэмтэл нь ир үзүүртэй болон ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Цээжний баруун талд 10-р хавирганы далд хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно. Цээжний баруун талд 10-р хавирганы далд хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн гэмтэл хамаарна. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төсгөлийн байдлаас хамаарах болохыг тогтоосон...” шинжээчийн 299 тоот дүгнэлт /хх-ийн 45/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Э.Н нь F70 хөнгөн оюуны хомсдол өвчтэй байна. Э.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдсэний дараа F70 хөнгөн оюуны хомсдол өвчтэй байсан байна. Э.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон...” шинжээийн 1036 тоот дүгнэлт /хх-ийн 47-48/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Нын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг өөрчилж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, мөн сэтгэцийн хувд F70 хөнгөн оюуны хомсдол өвчтэй зэргийг харгалзан үзэж хуулийн хөнгөн зүйл, заалтаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь, шүүгдэгч Э.Нын гэм бурууг нотолсон хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Нт оногдуулсан ял шийтгэл нь тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгаарлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж Э.Нт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь уг хуульд нийцсэн, шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: