Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
Хэргийн индекс | 186/2016/0168/э |
Дугаар | 37 |
Огноо | 2017-02-08 |
Зүйл хэсэг | 223.3., |
Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 37
Ш.Лхагва-Очирт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор Г.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол,
Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 822 дугаар магадлалтай, 201625031403 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Шүүширийн Лхагва-Очир нь Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаахдаа хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх” гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Лхагва-Очирыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаахдаа хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэн хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Лхагва-Очир, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Ц.Алтанцол нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Лхагва-Очирын өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, хохирогчийг зөв тодорхойлон тогтоож чадаагүй, автомашин эзэмшигч нь улсын бүртгэлд П.Ариунболд байхад хохирогчоор автомашинд зорчин явж байсан Б.Тунгалаг, хүү А.Баянсайхан нарыг нь тогтоосон, тэдэнд Ш.Лхагва-Очирын машиныг авч зугтаасны хойно буюу замд үзүүлсэн хүч, учруулсан хохирлыг автомашиныг авч зугтаахаар хэрэглэсэн хүч буюу хохирол гэж дүгнэн гэм буруу болон ялыг үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилж, хүнд ял шийтгэл оногдуулсанд, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.2, 286.1.3, 286.1.4 дэх заалтууд болон Эрүүгийн хуулийн 551, 61 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх талаар дүгнэн үзэлгүй Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, гэм бурууг таамаглан байгаад гомдолтой байна. Шүүгдэгч Ш.Лхагва-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр автомашиныг ашиглах зорилгогүйгээр авч зугтаахдаа автомашин эзэмшигч буюу автомашинд зорчин явсан Б.Тунгалаг, А.Баянсайхан нарт ямар нэг хүч хэрэглэсэн явдал байхгүй тул Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй үйлдсэн гэж, харин Б.Тунгалаг, А.Баянсайхан нарыг машинаас хөдөлгөөний явцад түлхэн буулгах явцад учруулсан хохирлыг автомашиныг авч зугтаасны дараа үйлдэгдсэн гэж үзэж хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа билээ. Шүүгдэгч Ш.Лхагва-Очирын үйлдэл Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа ба харин Б.Тунгалаг, А.Баянсайхан нарт учирсан гэмтэл “хөнгөн” зэрэгт хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэм буруугийн талаар хуульд зааснаар дүгнэн үзэж хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулах, хэрэв бидний дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзвэл Эрүүгийн хуулийн 551 болон 61 дүгээр зүйлийг хэрэглэн ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү” гэв.
Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Ш.Лхагва-Очирын тээврийн хэрэгслийг авч зугтаахдаа хохирогч Б.Тунгалаг болон түүний хүүхдийг түлхэж унагаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Уг хэргийн тухайд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тодруулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан гомдлыг үндэслэн Ш.Лхагва-Очирт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Лхагва-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далайхүү” худалдааны төвийн үүднээс “Toyota Prius” загварын авто машинд сууж байсан хохирогч Б.Тунгалаг болон түүний 6 сартай хүү А.Баянсайхан нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн, уг тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх Ш.Лхагва-Очирын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.
Тээврийн хэрэгслийг авч зугтаах гэдэг нь гэмт этгээд шунахай зорилгогүйгээр унаж тодорхой газар хүрэх зорилгоор тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч явсан байхыг ойлгох бөгөөд хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх гэдэгт цохиж зодох, биед нь гэмтэл учруулахыг хамааруулан авч үздэг.
Авто тээврийн хэрэгслийг авч зугтааж буй гэмт үйлдлээ үргэлжлүүлэх явцдаа авто машинд зорчиж явсан хохирогч нарын амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж, хохирогч Б.Тунгалаг болон түүний 6 сартай хүү А.Баянсайхан нарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл буюу нэг цаг хугацаанд нэг хүсэл зоригийн хүрээнд үйлдэгдэж байгаа үйлдлийг өөр, өөр хүсэл зоригоор үйлдэгдэж буй гэмт үйлдэл гэж тус тусад нь зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд шүүхээс Ш.Лхагва-Очирийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримталж Ш.Лхагва-Очирт хуульд заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 болон 61 дүгээр зүйлийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 822 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Лхагва-Очирын өмгөөлөгч Ц.Алтанцолын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН