Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2018/0107/З |
Дугаар | 221/МА2022/0375 |
Огноо | 2022-05-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2022/0375
“Н н” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өсөхбаяр, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.С нар,
Гомдол гаргагч: “Н н” ХХК,
Хариуцагч: Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар,
Гомдлын шаардлага: “Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар 2017 оны “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 105,952,040.3 төгрөгийн төлбөрөөс шийтгэл шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 2-т 2016 онд 2,390,520.0 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын төлбөл зохих хуулийн хугацаанд төлөлгүй хугацаа хожимдуулж төлсөн зөрчилд ногдох төлбөрөөс 29,911.15 төгрөгийг үлдээж бусад төлбөрийг дээрх хуулийн үндэслэлээр хүчингүй болгуулах“,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 811 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өсөхбаяр, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Т.Б, Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2018/0107/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 811 дүгээр шийдвэрээр:
“Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч “Н н” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 27170007 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 105,292,0 төгрөгийн төлбөрийг 27,348,160 төгрөгөөр багасган төлбөрийг 78603,880 төгрөгөөр тогтоож, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч С.С нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар:
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээр хэргийн материалд байгаа нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч татварын улсын байцаагч нараар дахин тооцоолол хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд энэ хүсэлтийг татварын улсын байцаагч Э.Б, Т.Б нар тооцоолол дахин хийхээр зөвшөөрсөн боловч шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 5, 6 дахь хэсэгтэй холбоотой тооцоолол огт хийгдээгүй. Харин Олсон нь хэсгийн 4 дэх зөрчилтэй холбогдох гомдолд “Н к” ХХК-ийн борлуулалттай холбогдох 2014 оны 11, 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын суутгагчийн тайлан болон борлуулалтын мэдээллийг татварын хөндлөнгийн мэдээллийн системээс гаргуулан нотлох баримт ирүүлсэн, Олсон нь хэсгийн 1 дэх хэсгийн 2013, 2013 онд Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилтэй холбоотой гомдолд Татварын улсын байцаагчийн 2013 оны 270446 тоот актаар ногдуулсан татварын төлөлтийг тусгасныг тодруулж тайлбар ирүүлсэн, Олсон нь хэсгийн 2, 3 дахь хэсгийн Хувь хүний орлогын албан татварыг 2014, 2016 онд, Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2013, 2014 онд төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан торгууль алдангийн тооцооллыг хийхдээ “Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана”, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5-д татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасныг хэрэгжүүлээгүй тооцоолол хийж ирүүлсэн байна.
2. Татварын хяналт шалгалтын талаар:
Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар "Н н" ХХК-д Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22170900 163 дугаарын томилолтын дагуу, 2013-2016 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн, төлөвлөгөөт хяналт шалгалтыг санхүүгийн тайлан тэнцэл, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэн хийж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 271720007 тоот шийтгэлийн хуудсаар 105,952,040.30 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны А/03 дугаарын тушаалаар батлагдсан "Татварын албаны Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хууль болон бусад хуулиар тогтоосон Татварын алба, татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим, эрх үүргийг чандлан сахиж, татвар төлөгч эрхээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэх боломжоор хангаж гүйцэтгэнэ. Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.2, 6.4.3, 6.4.4-т заасны дагуу татварын хяналт шалгалтын уйл ажиллагааны гүйцэтгэх үе шатанд хяналт шалгалтын явцад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан татвар төлөгчдийн харилцагчдаас асууж тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх ажлыг гүйцэтгэж, нэмэлт баримт бичиг тооцоо судалгаа мэдээг татвар төлөгчөөс болон төрийн байгууллага, татвар төлөгчтэй харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс гаргуулан авах, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох, шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах зэрэг асуудлаар холбогдох хүмүүстэй хэдэн ч удаа ярилцлага хийж болох бөгөөд тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөх, татвар төлөгчийн ирүүлсэн баримт бичиг, шалгалтын явцад төрийн захиргааны болон бусад байгууллага, иргэнээс авсан мэдээ, мэдээлэл зэрэг холбогдох бүх баримт бичигт үндэслэн татварын хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил бүрд дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай баримт бичгийг хувилан авах, тайлбар тодруулгыг гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулна гэж заажээ.
Татварын улсын байцаагчид татвар төлөгчийн санхүү, татварын тайланг гаргасан нягтлан бодогч нас барсан, холбогдох тайлангийн тоон үзүүлэлттэй холбоотой тайлбарыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа, өөрсдийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн татварын ногдлын үнэн зөв эсэхийг тодорхойлж, татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа Татварын улсын байцаагч Э.Б шийтгэлийн хуудсыг танилцуулах өдрийн 10 цаг 50 минутаас 12 цаг 15 минутын хугацаанд тус компанийн менежер (нягтлан бодогч 3 сарын өмнө нас барсан тул түр орлож байсан) ажилтай Ц.Уас, 12 цаг 05 минутаас 12 цаг 15 минутад захирал 3.Нарангалягаас (хугацаа давхацсан) зөвхөн Татвар, санхүүгийн тайланд тусгагдсан тоон мэдээлэлтэй холбогдох дунг асууж мэдүүлэг авч, мөн өдрийн 13 цаг 50 минутаас 14 цаг 05 минутын хооронд 271720007 дугаарын "Шийтгэлийн хуудас”-ыг танилцуулсан байна.
Тус шийтгэлийн хуудсыг танилцуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд торгууль, алданги ногдуулсан шийтгэлийн хуудасны хавсралт (маягт ХШ-08) тооцоонуудад татварын илүү, дутуу төлөлтийг огт тусгаагүй, хэдэн төгрөгийн дутуу төлөлтөд хэд хоногийн алданги, торгууль ногдуулсан нь ойлгомжгүй тооцооллыг зөвшөөрүүлэхээр, мөн шийтгэлийн хуудасны Олсон НЬ хэсгийн 5, 6 дугаар хэсэгт тусгасан 2013 онд 111,086,233.8 төгрөгийн, 2014 онд 77,236,659.0 төгрөгийн, 2015 онд 76,056,830,9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн нийт 333,963,298.00 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тус тус Дутуу тайлагнаж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, заалтыг зөрчсөн гэх зөрчлийг танилцуулахдаа зөвхөн санхүү, татварын тайланд тусгасан нийт борлуулалтын орлогоос "А трейдинг" ХХК-ийн бараа борлуулсны гэрээний орлогыг хасаж, зөрүү дүнгээс тус тайланд тусгасан борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тайлагнасан дүнг хасаж тооцсон дүнгээ татвар ногдох орлогоо бууруулсан мэтээр зөрчлийн дүнг өсгөж төлбөр тооцооллыг хүлээн зөвшөөрүүлэхээр "Н н" ХХК-ийн захиралд танилцуулсан байна.
3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ:
3.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний 0811 дугаарын шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт: "1-т "...хариуцагч нараас "хяналт шалгалт 3 сар үргэлжилсэн ба гомдол гаргагчаас тухайн хугацаанд нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгөхгүй удаа дараа шаардуулж байсан", "байцаагчид "Н н" ХХК-ийн өөрсдийнх нь гаргаж өгсөн анхан шатны баримт, татварын тайланг үндэслэж зөрчлийг тогтоосон, нягтлан бодогч нас барсан байж болох ч энэ нь хуулийн этгээдийн санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлж, хадгалах хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй", "гомдол гаргагч шүүхэд хуурамч баримтыг бүрдүүлж өгч байна" хэмээн тус тус тайлбарлан маргаж байна. 2-т Татварын ерөнхий хуулийн /2008 оны 12 дугаар зүйлийн 12.1-д "Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж...татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна." хэмээн, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т 13.2. Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана." хэмээн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 д "7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа;" хэмээн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /2006 оны/ тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж борлуулсан бүх төрлийн бараа;" хэмээн (энэ заалт уг хуульд тусгагдаагүй байна) тус тус хуульчилсан. 3-т Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн "Төлөвлөгөө батлах тухай" А/64 дугаар тушаалаар "Татварын албаны 2017 онд "Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалтыг" баталсан. Уг жагсаалтын 1-р хавсралтын 12-т гомдол гаргагч "Н н" ХХК-ийн нэр тусгагдсантай холбогдуулан Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22170900163 дугаарын томилолтын үндсэн дээр Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар " Н н "ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татвар ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж....татварын хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж нийт 675,788,371.52 төгрөгийн зөрчилд 66,853,504.60 төгрөгийн нөхөн татвар, 25,446,958.80 төгрөгийн торгууль, 13,572,263.00 төгрөгийн алданги, 79,313.90 төгрөгийн хүү нийт 105,952,040.3 төгрөгийн төлбөр ногдуулсан. Ингэхдээ Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.1-д /татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх;/ гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч татварын улсын байцаагч нар нь "Н н" ХХК-аас дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж баталгаажуулсан 2013-2016 оны санхүүгийн тайлан, татварын албанд тайлагнан баталгаажуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, бараа материалын данс бүртгэл болон санхүүгийн бусад баримт болон гомдол гаргагчаас гаргаж өгсөн холбогдох бусад баримтад тулгуурлан хяналт шалгалтын ажиллагааг явуулж, зөрчлийг тогтоон хялбаршуулсан журмаар холбогдогчид шийтгэл оногдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан, Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны А/64 дугаар тушаал, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 22170900163 дугаарын томилолт, "Н н" ХХК-ийн 2013-2016 оны санхүүгийн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд болон татварын хяналт шалгалтын материал, холбогдох бусад баримтаар тогтоогдож байна." гэжээ.
3.2. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 3-т хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны "Төлөвлөгөө батлах тухай" А/64 дугаар тушаалаар баталсан "Татварын албаны 2017 онд "Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалт", Уг жагсаалтад "Н н" ХХК-ийн нэр тусгагдсантай холбогдуулан Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 22170900163 дугаарын томилолтын үндсэн дээр Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийсэн нь тогтоогдсон байна гэжээ.
Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд: "32.1. Татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох,...хяналт шалгалт хийхдээ дараах журмыг баримтална: 32.1.1.татварын хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж....үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлах;", Татварын албанд тухайн үед мөрдөгдөж байсан Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны А/03 тушаалаар батлагдсан "Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 6.3.8-д "Татварын хяналт шалгалтыг эхлэхдээ... "Татварын хяналт шалгалт хийх томилолт", Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж" эсвэл тусгай удирдамжийг үзүүлэн..."Ярилцлагын тэмдэглэл" Маягт ХШ-03-д бичнэ” гэжээ.
Татварын улсын байцаагчдын татварын хяналт шалгалтын холбогдох баримтууд болон 2017 оны 271720007 дугаарын шийтгэлийн хуудас, "Н н" ХХК-ийн удирдлагатай хийсэн ярилцлагын тэмдэглэлд хяналт шалгалтын удирдамжийг танилцуулсан болон хяналт шалгалтын удирдамжийн дагуу шалгалт хийсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй байна.
Үүнээс үзэхэд татварын байцаагчид НЬ хяналт шалгалтын ажлыг удирдамжгүйгээр хийж Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 32 дугаар зүйлийн 32.1 заалтыг зөрчиж хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан болох нь дээрх хуулийн заалт, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа болно.
3.3. ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4-т "Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 271720007 дугаар шийтгэлийн хуудаст дурдсан 1 дэх зөрчлийн тухайд: гомдол гаргагч "Н н" ХХК нь 2013 онд нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөл зохих 1,438,716.9 төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй 144 хоног, 2014 онд нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөл зохих 1,117,328.6 төгрөгийг 265 хоног тус тус хоцроож төлсөн болох нь, гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэл болгон маргаж буй "Н н" ХХК нь “илүү төлөлттэй байсан, хуулийн хугацаанаас өмнө төлсөн байхад зөрчил гэж үзсэн" гэх үндэслэл нь тухайн зөрчилд хамааралгүй, харин өмнө нь буюу татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 270446 тоот актаар "Н н" ХХК -нд ногдуулсан нийт 4,004,500 мянган төгрөгийн төлбөрөөс 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,339,700.0 төгрөгийг төлсөн үйл баримтад хамааралтай болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан "Н н" ХХК - ийн 2013, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, татварын улсын байцаагчийн 2013 оны 270446 дугаар акт болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна", ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 5-д "Татварын улсын байцаагчийн 2017 оны "271720007 дугаар шийтгэлийн хуудаст дурдсан 2 дахь зөрчлийн тухайд: гомдол гаргагч "Н н" ХХК нь 2014 онд хувь хүний орлогын албан татварт төлбөл зохих 1,364,760.0 төгрөгийг хуулийн хугацаанаас 17 хоног, 2016 онд хувь хүний орлогын албан татварт төлбөл зохих 2,390,520.0 төгрөгийг хуульд заасан хугацаанаас 224 хоног тус тус хожимдуулж төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан "Н н ХХК -ийн 2014, 2016 оны хувь хүний орлогын албан татварын тайлан болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна." ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 6-д "Татварын улсын байцаагчийн 2017 оны "271720007 дугаар шийтгэлийн хуудаст дурдсан 3 дахь зөрчлийн тухайд: гомдол гаргагч "Н н" ХХК нь 2013 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаа илүү, дутуу үлдэгдэлгүй баталгаажуулсан. Улмаар 2013 онд үл хөдлөх хөрөнгийн албан татварт төлбөл зохих 561,000.0 төгрөгийг хуульд заасан хугацаанаас 188 хоног, 2014 онд үл хөдлөх хөрөнгийн албан татварт төлбөл зохих 381,000.0 төгрөгийг 81 хоног тус тус хоцроож төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан "Н н" ХХК-ийн 2013 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан, 2012, 2013 оны татварын тооцооллын маягт болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна." гэжээ.
Татварын улсын байцаагчид Шийтгэлийн хуудасны Хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан хавсралт (Маягт ХШ-08) тооцоонуудад татвар төлөлтийн илүү, дутуу зөрүүг огт тооцож гаргаагүй, Дотоодын бараа үйлчилгээний НӨАТ-ын тооцоогоор 2013 онд 1,438,716.9 төгрөгийн татварыг 8-50 хоног, 2014 онд 1,117,328.6 төгрөгийн татварыг 6-30 хоног хугацаа хэтрүүлсэн гэж тооцсон атлаа 144-265 хоногийн хугацаа хожимдуулж төлсөн гэх, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан (Суутган-1) албан татварын тооцоогоор 2014 онд 1,364,760.0 төгрөгийн татварыг 8-9 хоног, 2016 онд 2,390,520.0 төгрөгийн татварыг 48-124 хоног хугацаа хэтрүүлсэн гэж тооцсон атлаа 7-224 хоногийн хугацаа Хожимдуулж төлсөн гэх, Үл хөдлөх хөрөнгийн албан татварт торгууль, алданги ногдуулсан тооцоонд төлсөн хугацааг тодорхойлоогүй, 2013 онд 561,000.0 төгрөгийн татварыг 41-73 хоног, 2014 онд 381,000.0 төгрөгийн татварыг 81 хоног хугацаа хэтрүүлсэн гэж тооцсон атлаа 81-188 хоногийн хугацаа хожимдуулж төлсөн гэж шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт тодорхойлсон бөгөөд холбогдох тооцоололд хэдэн төгрөгийн татварын дутууг хэд хоног хоцроож төлсөн нь ойлгомжгүй бүрэн тооцоолол хийгээгүй дүнг татвар төлөгчид танилцуулсан.
Татварын улсын байцаагчийн Шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 1, 2, 3 дахь зөрчлүүд нь Татварын Ерөнхий хуулийн (2008 оны) 43 дугаар зүйлийн 43.5-д "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна." гэж заасныг зөрчсөн гэж тус шийтгэлийн хуудсанд тодорхойлсон атлаа энэ хуулиа үндэслэн татварын тооцоолол хийгээгүй, тооцооллыг буруу хийсэн нь холбогдох актын хавсралт Тооцоолол болон шүүхэд шинээр гаргаж өгсөн өөрчилж, засварласан тооцоогоор тогтоогдсон байхад холбогдох баримтаар тогтоогдож байна шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
3.4.ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 8-д "Татварын улсын байцаагчийн 2017 оны "271720007 дугаар шийтгэлийн хуудаст дурдсан 5, 6 дахь зөрчил хийгээд гомдол гаргагчийн гомдлын шаардлагын бусад үндэслэлийн тухайд: "Н н" ХХК ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь "А Т" ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх борлуулалтын үйл ажиллагаа болох нь. "Н н" ХХК нь 2013 оны санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоо 67,749.70 мянган төгрөгөөр тусгасан хэдий ч борлуулсан бүтээгдэхүүний өртгөө 177,932.9 мянган төгрөгөөр, 2014 оны санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогоо 160,246.7 Мянган төгрөгөөр тусгаж, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 237,483.4 мянган төгрөгөөр, 2015 онд санхүүгийн болон орлогын албан татварын тайланд бараа борлуулалтын орлогыг 94,767.9 төгрөгөөр, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 170,824.7 мянган төгрөгөөр, 2016 онд санхүүгийн болон орлогын албан татварын тайланд бараа борлуулалтын орлогоо 248,740.3 мянган төгрөгөөр, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 318,313.9 мянган төгрөгөөр тус тус хасагдах зардлаар тайлагнасан буюу 2013 онд 111,086,233.8 төгрөг, 2014 онд 77,236,659.0 төгрөг, 2015 онд 75,056,830.9 төгрөг, 2016 онд 69,583,574.3 төгрөгийг тус тус борлуулалтын орлогоос давсан өртгөөр буюу зардлаар тайлагнах замаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох орлогыг тус бүр 333,963,298.00 төгрөгөөр дутуу тайлагнасан, улмаар ийнхүү тайлагнаснаа зөвтгөх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгосон тооцоол гэх баримтууд нь огноо, дүн зөрүүтэй төдийгүй, тухайн баримтуудад түүнийг үйлдсэн гэх цаг хугацаанаас даруй 1-3 жилийн хойно байгуулагдсан "А б" ХХК, "Гурван жавхлант" ХХК болон "Ч у" ХХК зэрэг компаниудын нэрс бичигдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар, хариуцагч татварын улсын байцаагч нараас татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулж, хяналт шалгалтын дүнд тогтоогдсон зөрчлийн дүн, тооцооллыг холбогдогчийн төлөөлөгч болох захирал, нягтлан бодогч нарт тухай бүр танилцуулж, ярилцлага мэдүүлэг авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчлийн хэрэг бүртгэлийн материалаар тус тус тогтоогдож байна" гэжээ.
Мөн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 3-т "...Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.1 /татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх/-д заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч татварын улсын байцаагч нар нь "Н н” ХХК-аас дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж баталгаажуулсан 2013-2016 оны санхүүгийн тайлан, татварын албанд тайлагнан баталгаажуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, бараа материалын данс бүртгэл болон санхүүгийн бусад баримт болон гомдол гаргагчаас гаргаж өгсөн холбогдох бусад баримтад тулгуурлан хяналт шалгалтын ажиллагааг явуулж, зөрчлийг тогтоон хялбаршуулсан журмаар холбогдогчид шийтгэл оногдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан,... татварын хяналт шалгалтын материал холбогдох бусад баримтаар тогтоогдож байна." Мөн ҮНДЭСЛЭХ НЬ Хэсгийн 9-т." Татварын ерөнхий хууль /2008 оны/ -ийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар татвар төлөгч нь татварын ногдлоо өөрөө тодорхойлж, мөн хуулийн 18.1.1, 18.1.6-д заасан тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Тухайн тохиолдолд хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд явуулсан хяналт шалгалтын ажиллагааны хүрээнд холбогдогч "Н н" ХХК-ийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлох болон татварыг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үйл баримтыг хангалттай тодорхой тогтоож, түүнд татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу төлбөрийг тогтоон, төлүүлэхээр шийдвэрлэсэн болох НЬ дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх тул шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагч "Н н" ХХК -ийн гомдлын шаардлагын эдгээр үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй." гэжээ.
Шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 5, 6 дугаар хэсэгт тусгасан 2013 онд 111,086,233.8 төгрөгийн, 2014 онд 77,236,659,0 төгрөгийн, 2015 онд 76,056,830,9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн нийт 333,963,298.00 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тус тус дутуу тайлагнасан гэх зөрчлийг тогтоохдоо зөвхөн санхүү, татварын тайланд тусгасан нийт борлуулалтын орлогоос "А т" ХХК-ийн бараа борлуулсны гэрээний орлогыг хасаж, зөрүү дүнгээс тус тайланд тусгасан борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тайлагнасан дунг хасаж тооцсон дүнгээ татвар ногдох орлогоо бууруулсан мэтээр зөрчлийн дүнг өсгөж төлбөр тооцооллыг хүлээн зөвшөөрүүлэхээр "Н н” ХХК-ийн захиралд танилцуулсан байна.
Мөн дээрх зөрчлийн дүнг тооцохдоо 2013 оны 4-р сард "А т" ХХК ийн борлуулалтын буцаалт 4,090,000 төгрөгийг татвар ногдох орлогоос хасаж Тооцоогүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус 409,000 төгрөгийн нөхөн татвар илүү тооцож ногдуулсан. Энэ нь тухайн тайлангийн НӨАТ-ын падаан болон, тус шийтгэлийн хуудасны 1-р хавсралт болох Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан хавсралт тооцоогоор нотлогдож байгаа болно.
Татварын улсын байцаагч нар 271720007 дугаартай шийтгэлийн хуудасны 1-р хавсралт болох "Н н" ХХК-ийн "Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо"-ны 4-р хэсэг "Худалдан авалт болон түүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар"-т тус компанийн худалдан авалтыг нэг бүрчлэн баталгаажуулсан.
Энэ баталгаажуулсан хавсралт тооцоонд бэлтгэн нийлүүлэгч компанийн нэр, регистрийн дугаар, нэмэгдсэн өртгийн албан татварын падааны дугаар, худалдан авалтын огноо, бараа, ажил үйлчилгээний дүн, түүнд ногдох татвар, тэдгээрийн төлбөр төлсөн огноог нэг бүрчлэн тусгасан бөгөөд энэ худалдан авалтад барааны худалдан авалтаас гадна удирдлага борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой татвар ногдох орлогоос хасагдах зардал болох цахилгаан, дулаан, цэвэр ус, холбоо, бичиг, хэрэг шатахуун, томилолт, хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ, ажилчдын шагнал, урамшил, хувийн хэрэглээ, засвар үйлчилгээний гэх мэт зардал бүгд тусгагдсаныг ч баталгаажуулсан байна.
Тус компанийн нягтлан бодогч эдгээр баталгаажуулсан нийт худалдан авсан бараа ажил, үйлчилгээг бүгдийг нь бараа (1500) дансандаа бүртгэсэн нь тухайн шалгалтын хугацаанд татварын улсын байцаагч нарт гаргаж өгсөн санхүүгийн тайлан, тус тайлангийн тодруулгын (6) бараа материал хэсэгт, нягтлан бодох бүртгэлийн бараа (1500) Дансны бүртгэлд тус тус тусгасан нь татварын хяналт шалгалтад хамрагдсан баримтаар нотлогддог.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө: 4.1.1-д Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;" Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт-2 (Бараа материал)-ын хамрах хүрээ хэсгийн 6-д "...Бараа материалд дараах хөрөнгө орно: ...бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө...", мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж заасан бол татварын ерөнхий (2008 он) хуулийн 18 дугаар зүйлд: "18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;" гэж заасан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (2006 оны) хуулийн 12 дугаар зүйлд: "... 12.1.Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.1.түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал;... 12.1.4.ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт; 12.1.6.урсгал засварын зардал; 12.1.9. бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс; 12.1.19.албан томилолтын зардал; 12.1.21. тээврийн зардал; 12.1.22.бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлийн зардал;..."гэж хуульчилсан.
Тус компанийн нягтлан бодогч асан санхүү, татварын тайлангийн борлуулсан бүтээгдэхүүний өртөгт удирдлага борлуулалтын үйл ажиллагааны татвар ногдох орлогоос хасагдах зардал болох цахилгаан, дулаан, цэвэр ус, холбоо, бичиг, хэрэг шатахуун, томилолт, хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ, ажилчдын шагнал, урамшуулал, хувийн хэрэглээний зардал, засвар үйлчилгээний зардлыг тусгасан нь анхан шатны баримт, татварын улсын байцаагчийн баталгаажуулсан шийтгэлийн хуудасны 1-р хавсралт болох "Н н” ХХК-ийн "Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо"-ны 4-р хэсэг "Худалдан авалт болон түүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бараа (1500) дансны бүртгэл, санхүүгийн тайлан, түүний тодруулгаар нотлогдсон байхад борлуулсан бүтээгдэхүүний өртөгт орсон дээрх татвар ногдох орлогоос хасагдах үйл ажиллагааны зардлыг борлуулсан мэтээр тооцож аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын татвар ногдуулах орлогыг өсгөж нөхөн татвар, алданги, торгууль хүүгийн шийтгэл ногдуулж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг үл хүндэтгэн хохироосон гэж үзэж байна.
Мөн Татварын улсын байцаагчид Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2014 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан 20,000,000 төгрөгийн зардлын зөрүүг татварын тооцоололдоо тооцоогүй орхигдуулж, 2,000,000 төгрөгийн нөхөн татвар илүү ногдуулсан нь татварын улсын байцаагчдын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргаж өгсөн нэмж мэдүүлсэн ААНОАТ-ын тайлан болон болон шийтгэлийн хуудасны хавсралт 2014 оны ААНОАТ-ын ногдуулалт төлөлтийн тооцоогоор батлагдаж байтал шүүх энэ тооцооллыг хийгээгүй орхигдуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа, өөрсдийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн татвар ногдох орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардал нь санхүү, татварын тайланд үнэн зөв тусгагдсан эсэх, татварыг үнэн зөв ногдуулсан эсэхийг тогтоож, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа татвар, санхүүгийн тайлан тооцоог гаргаагүй, мэргэжлийн бус хүмүүсээс шийтгэлийн хуудас танилцуулахаас хэдхэн цагийн өмнө мэдүүлэг авч, анхан шатны баримт, татвар санхүүгийн тайлан тооцоог дахин нягтлах тайлбар, нотолгоо гаргах боломж олгоогүй, борлуулалтын орлого, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хэрхэн тооцож тайлагнасан талаар тайлбар, мэдүүлэг өгөөгүй байхад шүүхэд гаргасан тайлбартаа: "...тус компанийн 2013-2016 оны дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж баталгаажуулсан санхүүгийн тайлан, татварын албанд тайлагнан баталгаажуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, бараа материалын Данс бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн хяналт шалгалтыг хийж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийн дүн тооцооллыг захирал, нягтлан бодогч нарт зөрчил бүрээр тайлбарлан танилцуулж, ярилцлага мэдүүлэг авахад зөрчлийн дүн батлагдсан" гэх үндэслэлгүй тайлбарыг хийсээр ирсэн.
3.5. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 8-д "...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох орлогыг тус бүр 333,963,298.00 төгрөгөөр дутуу тайлагнасан, улмаар ийнхүү тайлагнаснаа зөвтгөх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгосон тооцоол гэх баримтууд нь огноо, дүн зөрүүтэй төдийгүй, тухайн баримтуудад түүнийг үйлдсэн гэх цаг хугацаанаас даруй 1-3 жилийн хойно байгуулагдсан "А б" ХХК, "Гурван жавхлант" ХХК болон "Ч у" ХХК зэрэг компаниудын нэрс бичигдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бycaд баримтаар, хариуцагч татварын улсын байцаагч нараас татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулж, хяналт шалгалтын дүнд тогтоогдсон зөрчлийн дун, тооцооллыг холбогдогчийн төлөөлөгч болох захирал, нягтлан бодогч нарт тухай бур танилцуулж, ярилцлага мэдүүлэг авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчлийн хэрэг бүртгэлийн материалаар тус тус тогтоогдож байна" гэжээ.
Энэ баримтууд нь орлогоо дутуу тайлагнасантай огт холбоогүй, өөрийгөө зөвтгөх зорилготойгоор ч гаргаж өгөөгүй бөгөөд шалгалтад хамрагдсан тайлант хугацаанд "А т" ХХК-ийн барааг худалдан авч борлуулдаг харилцагч аж ахуйн нэгжүүдэд борлуулсан барааны үнийн дүнгээс урамшуулал тооцож төлбөрийн тооцооноос хасаж орлогоо хүлээн авдаг байсныг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгуулах зорилгоор гаргаж өгсөн болно. Энэ урамшууллын зардал нь санхүү, татварын тайланд огт тусгагдаагүй байсан.
"Н н" ХХК-ийн өмгөөлөгч өөрийн эрх, үүргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус тайлант хугацаанд хамааралтай дээрх урамшууллын зардлыг баталгаажуулах зорилгоор “А тг" ХХК болон тус ХХК-ийн барааг худалдан авч борлуулдаг харилцагч аж ахуйн нэгжүүд болох " А т", "Д", "Б д", "Г х" "М т", "Б" зэрэг ХХК-уудаас нотлох баримтыг гаргуулж шүүхийн хавтаст хэрэгт авхуулсан болно.
3.6. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 9-д "Татварын ерөнхий хууль /2008 оны/ -ийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар татвар төлөгч нь татварын ногдлоо өөрөө тодорхойлж, мөн хуулийн 18.1.1, 18.1.6-д заасан тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Тухайн тохиолдолд хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд явуулсан хяналт шалгалтын ажиллагааны хүрээнд холбогдогч "Н н" ХХК ийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлох болон татварыг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үйл баримтыг хангалттай тодорхой тогтоож, түүнд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу төлбөрийг тогтоон, төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх тул шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагч "Н н" ХХК-ийн гомдлын шаардлагын эдгээр үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй.” гэжээ.
Татварын улсын байцаагчид хуулийн хугацаанд татвараа төлөөгүй зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь заалтыг зөрчсөн гэсэн атлаа тооцоололдоо уг хуулийн заалтаа хэрэгжүүлээгүй алданги, торгууль ногдуулахдаа төлбөрийг өсгөж ногдуулсан, мөн татвар төлөгчид танилцуулсан шийтгэлийн хуудасны хавсралт тооцоололд хэдэн төгрөгийн дутууг хэд хоног хожимдуулж төлсөн эсэхийг тодорхой тусгаагүй байтлаа уг тооцоог хүлээн зөвшөөрүүлэхээр Танилцуулсан. тайлангийн хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, түүний худалдан авалтын мэдээлэлд тодорхой тусгагдсаныг шийтгэлийн хуудасны 1-р хавсралтдаа Татварын улсын байцаагч хяналт шалгалтын явцад баталгаажуулсан, энэ худалдан авалтыг санхүүгийн тайлангийн бараа (1500) Дансандаа бүгдийг тусгаж, санхүү, татварын тайлангийн борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тусгасан гэдэг нь хяналт шалгалтад хамрагдсан, шүүхэд гаргаж өгсөн баримтад тодорхой тусгасан байхад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг шуух ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар тодруулж өгөөгүй, хэргийг зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн баримт, тайлбарыг үндэслэн хэт нэг талын барьж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна", 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" 34 дүгээр зүйлд: "34.1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 34.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" 32 дугаар зүйлийн 32.1-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны 234, 2021 оны 04 дүгээр сарын 102 дугаартай тогтоолд заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй.
Иймд татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нарын үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Гомдол гаргагч “Н н” ХХК-аас “Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар 2017 оны “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 105,952,040.3 төгрөгийн төлбөрөөс шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн 2-т 2016 онд 2,390,520.0 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын төлбөл зохих хуулийн хугацаанд төлөлгүй хугацаа хожимдуулж төлсөн зөрчилд ногдох төлбөрөөс 29,911.15 төгрөгийг үлдээж бусад төлбөрийг дээрх хуулийн үндэслэлээр хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг улсын байцаагч нарт холбогдуулан гаргажээ.
2.Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” А/64 дүгээр тушаалаар 2017 онд татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалтыг баталсан байх бөгөөд тус жагсаалтын 1 дүгээр хавсралтын 12-т “Н н” ХХК багтжээ.
3.Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22170900163 дугаар томилолтын[1] дагуу “Н н” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хариуцагч улсын байцаагч нараас иж бүрэн хяналт, шалгалтыг явуулж, маргаан бүхий шийтгэлийг хуудсыг гаргажээ.
4.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нийт 675,788,371.52 төгрөгийн зөрчилд 66,853,504.60 төгрөгийн нөхөн татвар, 25,446,957.80 төгрөгийн торгууль, 13,572,263.30 төгрөгийн алданги, 79,131.0 төгрөгийн хүү, нийт 105,952,040.30 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.
5.Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.” гэжээ.
6.Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана” гэж заасан.
7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /2006 оны/ тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж борлуулсан бүх төрлийн бараа” гэж тус тус заажээ.
8.Мөн Татварын ерөнхий хуулийн /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх 18.1.6-д бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж тус тус заасны дагуу татвар төлөгч нь татварын ногдлоо өөрөө тодорхойлж тус хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
9.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 6 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тус зөрчлүүд нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
9.1.Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Н н” ХХК-ийн 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар[2] тухайн онд нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөл зохих 1,438,716 төгрөгийг 265 хоног, 2014 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар[3] тухайн онд нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөл зохих 1,117,328.60 төгрөгийг 114 хоног тус тус хуульд заасан хугацаанд төлөлгүйгээр хоцроож төлсөн болох нь,
9.2.”Н н” ХХК-ийн 2014 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар[4] тухайн онд хувь хүний орлогын албан татварт төлбөл зохих 1,364,760.00 төгрөгийг хуульд заасан хугацаанаас 17 хоног, 2016 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар[5] 2,390.520.0 төгрөгийг хуульд заасан хугацаанаас 224 хоног тус тус хожимдуулж төлсөн болох нь,
9.3.”Н н” ХХК-ийн 2013 оны Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлангаар[6] тухайн онд үл хөдлөх хөрөнгийн албан татварт төлбөл зохих 561,000.0 төгрөгийг 188 хоног, 2014 оны Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлангаар тухайн онд үл хөдлөх хөрөнгийн албан татварт төлбөл зохих 381.000 төгрөгийг 81 хоног тус тус хуульд заасан хугацаанаас хоцроож төлсөн болох нь,
9.4.“Н к” ХХК-ийн 11 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 16348684 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар[7] тус падааныг ашиглан 2014 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 608,450.0 төгрөгийн, 12 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 669,295.5 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тусгасан болох нь,
Тодруулбал, гомдол гаргагч “Н н” ХХК 2014 оны 11 дүгээр сард 16348684 дүгээр падаанаар 608,450.00 төгрөгийн худалдан авалтыг, мөн 2014 оны 12 дугаар сард 16348684 дүгээр падаанаар 669,295.50 төгрөгийн худалдан авалт хийсэн байх боловч “Н к” ХХК 11 дүгээр сарын тайландаа нэмэгдсэн өртгийн албан татварын 16348684 дүгээр падаанаар 669,295.50 төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнасан байх бөгөөд гомдол гаргагч нь 2014 оны 11 дүгээр сард 16348684 дүгээр падаанаар 608,450.00 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж давхар тайлагнасан байна.
9.5.Н н ХХК нь 2013 оны санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоо 67,749.70 мянган төгрөгөөр тусгасан хэдий ч борлуулсан бүтээгдэхүүний өртгөө 177,932.9 мянган төгрөгөөр,
2014 оны санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогоо 160,246.7 мянган төгрөгөөр тусгаж, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 237,483.4 мянган төгрөгөөр,
2015 онд санхүүгийн болон орлогын албан татварын тайланд бараа борлуулалтын орлогыг 94,767.9 төгрөгөөр, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 170,824.7 мянган төгрөгөөр,
2016 онд санхүүгийн болон орлогын албан татварын тайлангаар бараа борлуулалтын орлогоо 248,740.3 мянган төгрөгөөр, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 318,313.9 мянган төгрөгөөр тус тус хасагдах зардлаар тайлагнасан буюу 2013 онд 111,086,233.8 төгрөг, 2014 онд 77,236,659.0 төгрөг, 2015 онд 75,056,830.9 төгрөг, 2016 онд 69,583,574.3 төгрөгийг тус тус борлуулалтын орлогоос давсан өртгөөр буюу зардлаар тайлагнах замаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох орлогыг тус бүр 333,963,298.00 төгрөгөөр дутуу тайлагнасан болох нь тус тус тогтоогдож байна.
10.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон 5, 6 дахь зөрчил нь хэрэгт авагдсан хариуцагч улсын байцаагч нараас хийж ирүүлсэн санхүүгийн тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, бараа борлуулсан орлого, борлуулсан барааны өртөг зэргийг харьцуулсан “Н н” ХХК-д ногдуулсан татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны 5, 6 дугаар зөрчлийн тооцооллын[8] баримтаар тогтоогдож байх бөгөөд тус шийтгэлийн хуудасны 5, 6 дахь зөрчилтэй холбоотой тооцоолол огт хийгдээгүй гэж үзэхээргүй байна.
11.Мөн шийтгэлийн хуудасны 2, 3 дахь хэсгийн тухайд Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ” гэж заасан.
12.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана”, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5-д “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасныг хэрэгжүүлээгүй тооцоолол хийж ирүүлсэн хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй.
13.Учир нь хэрэгт авагдсан 2014, 2016 оны хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцооллоор 2014 онд 17 хоног, 2016 онд 253 хоног, 2013 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварыг хуулийг хугацаанд нь төлөөгүй татвар торгууль, алданги ногдуулсан тооцооллоор 188 хоногийн хугацааг тус тус хожимдуулж төлсөн нөхцөл байдал нь дээрх хуульд заасан хугацааг хэрэгжүүлэлгүй тооцоолол хийсэн гэж үзэхээргүй байна.
14.Дээрхээс үзэхэд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/64 дүгээр тушаалаар гомдол гаргагч “Н н” ХХК нь 2017 онд татварын ерөнхий шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалтад багтаж, улмаар нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22170900163 дугаар томилолтын дагуу Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд гомдол гаргагч компанийн 2013 оноос 2016 оны санхүүгийн тайлан, аж ахуйн нэгж орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудад тус тус үндэслэж татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
15.Мөн Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 30 дугаар зүйлийн 30.1. “... татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно: татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэж заасныг зөрчиж татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр явуулсан, холбогдох тооцоололд хэдэн төгрөгийн татварын дутууг хэд хоног хоцроож төлсөн нь ойлгомжгүй бүрэн тооцоолол хийгээгүй дүнг татвар төлөгчид танилцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
16.Түүнчлэн, татварын улсын байцаагч нар нь Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22170900163 дугаар томилолтын дагуу 2013 оноос 2016 оны хооронд цаг хугацааны хувьд буюу өмнөх цаг хугацаанд хяналт шалгалтыг хийсэн бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох орлогыг тус бүр 333,963,298.00 төгрөгөөр дутуу тайлагнасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгосон тооцоолол[9] гэх баримтууд нь огноо дүн зөрүүтэй, цаг хугацааны хувьд маргаан бүхий шийтгэлийн хуудас гарснаас 1-3 жилийн дараа үүсгэн байгуулагдсан “Ч ус” ХХК, “Г ж” ХХК, “А б” ХХК-ийн нэрс бичигдсэнээс үзэхэд гомдол гаргагчийн ““А т” ХХК-ийн бараа борлуулсны гэрээний орлогыг хасаж, зөрүү дүнгээс тус тайлан тусгасан борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тайлагнасан дүнг хасаж тооцсон дүнгээ татвар ногдох орлогоо бууруулсан мэтээр зөрчлийн дүнг өсгөж, төлбөр тооцооллыг хүлээн зөвшөөрүүлэхээр “Н н” ХХК-ийн захиралд танилцуулсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
17.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэж, үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн дээрх санхүүгийн баримтыг шүүх үндэслэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
18.Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн “1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд ..., нуун дарагдуулсан ...хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ...тайланд тусгаж, шинээр тайлагнасан, ...байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 5 дугаар зүйлийн 5.1-д Албан татвар ногдох ...орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, ...тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, .../-д/ сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж тус тус заасан.
19.Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд хувь хүн, хуулийн этгээдийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан орлогоо ил болгож, хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр тайланг шинээр гаргаж мэдүүлсэн бол хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр байна.
20.Иймээс “Н н” ХХК-ийн 2014 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, маргаан бүхий шийтгэлийн хуудасны хавсралтын ““Н н” ХХК-ийн 2014 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо”-оос үзэхэд ”2014 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан 20,000,000 төгрөгийн зардлын зөрүүг татварын тооцоололдоо тооцоогүй орхигдуулж, 2,000,000 төгрөгийн нөхөн татвар илүү ногдуулсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
21.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Энэ хуулийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна гэж тус тус заасан.
Уг хуулийн заалттай холбогдуулан “Н н” ХХК-ийн үйлдсэн зөрчлийн 2013-2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх хугацаанд хамаарах зөрчилд ногдуулсан хариуцлага болох хүү, торгууль, алданги болох 27.348.160 төгрөгийг өршөөлд хамруулан, нийт төлбөрөөс хасч үлдэх төлбөр болох 78.603.880 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
22.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.
23.Анхан шатны шүүхээс дээрх хуульд заасны дагуу хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, зөрчил тус бүрд эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул гомдол гаргагчийн “... Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 234, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102 дугаар тогтоолд заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 811 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Н н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өсөхбаяр, өмгөөлөгч С.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Нотлох баримтаар авагдсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалын 1 дэх тал
[2] Хэргийн 3 хавтас 52 дахь тал
[3] Хэргийн 3-р хавтас 53 дахь тал
[4] Хэргийн 3-р хавтас 54 дэх тал
[5] Хэргийн 3-р хавтас 55 дахь тал
[6] Хэргийн 3-р хавтас 56 дахь тал
[7] Хэргийн 3-р хавтас 98 дахь тал
[8] Хэргийн 4-р хавтас 5 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтаст хэргийн 228 дахь талаас 2-р хавтаст хэргийн 14 дэх тал