Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2016/00403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, , “ТО” ХХК 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ТО -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  “НТГ”-т холбогдох,

 

“485,817,578 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч НТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, З.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Мөнхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ТО” ХХК болон “Тэнүүн-Огоо гуравдугаар бааз” ХХК-иуд НТГтай 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1-06/15, 1-36/15 тоот “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулсан. 2015 оны 8-11 дүгээр саруудад “ТО” ХХК-д олгосон зардлын санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 184,696,067 төгрөг, орлогын доод төвшний төлөвлөгөөнд 60,133,392 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн гэж 98,961,235 төгрөг, нийт 343,789,693 төгрөгийг суутгасан.

2015 оны 08-11 дүгээр саруудад “ТО гуравдугаар бааз” ХХК-ийн зардлын санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 61,239,592 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 54,152,418 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн гэж 26,635,874 төгрөг нийт 142,027,884 төгрөгийг үндэслэлгүйгээр тус тус суутгасан.

2015 оны 10 дугаар сарын 22-ны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан. Үүний дотор нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зардлаар санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн нэгж зардлыг их багтаамжийн автобусанд 32,934 төгрөг байхаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/22 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зардлыг санхүүжүүлэхээр баталсан.

Уг тогтоолын дагуу “ТО” ХХК 2015 оны 8-12 дугаар саруудын 3,042,854,679 төгрөгийн санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр нийт 343,789,694 төгрөг, “ТО гуравдугаар бааз” ХХК 2015 оны 8-12 дугаар саруудын 794,609,079 төгрөгийг санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр 142,027,084 төгрөгийн хасалт хийн суутган тооцсон. Энэ асуудлыг үндэслэлгүйгээр суутган тооцсон гэж үзэж нэхэмжилж байгаа.

Орлогын доод түвшин биелүүлээгүй гэдэг үндэслэлээр “ТО” ХХК-иас 6,133,032 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард, “ТО гуравдугаар бааз” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сард 54,152,418 төгрөгийг хассан.

Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд мөнгөний хайрцаг байршуулсан боловч хайрцгийг ашиглах журам, хөрөнгө хүлээлцсэн акт баримт байхгүй боловч мөнгөний хайрцаг эвдэлсэн гэдэг үндэслэлээр “ТО” ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 67,690,738 төгрөг, 11 дүгээр сард 31,270,497 төгрөг, “ТО гуравдугаар бааз” ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 26,635,874 төгрөгийг тус тус үндэслэлгүй суутгасан.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж байгууллагуудад шалгагч түр гэрээгээр ажиллах журам 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр НТГ-ын даргын А/112 дугаар тушаалаар гарсан боловч шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү гэж “ТО” ХХК-иас 8 дугаар сард 40,883,170 төгрөг, 9 дүгээр сард 42,936,749 төгрөг, 10 дугаар сард 62,283,090 төгрөг, 11 дүгээр сард 48,592,068 төгрөг суутгасан. “ТО гуравдугаар бааз” ХХК-иас 8 дугаар сард 13,933,718 төгрөг, 9 дүгээр сард 14,432,438 төгрөг, 10 дугаар сард 16,787,818 төгрөг, 11 дүгээр сард 16,096,618 төгрөгийг тус тус үндэслэлгүй суутгасан.

“ТО” ХХК, “ТО гуравдугаар бааз” ХХК-иуд нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг гэрээнд заасан дагуу гүйцэтгэсэн. 2015 оны 02 дугаар сарын 23-ны гэрээнд заагдсан үүргүүдийг бүрэн биелүүлсэн. Иймээс Нийслэлийн тээврийн газраас “ТО” ХХК-д 343,387,884 төгрөг, “ТО гуравдугаар бааз” ХХК-д 142,027884 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч НТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хэргийн харьяалал Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын 4 дүгээр хэсэгт “аж ахуй нэгж иргэнтэй байгуулах гэрээ гэдэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3-т заасан эрх олгох болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан нийтийн эрх зүйн гэрээ тул иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээнд хамаарахгүй” харин Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан эрх бүхий этгээд буюу Засаг дарга нь нийтийн тээврийн асуудлыг тухайн нутаг дэвсгэр зохицуулж, зохион байгуулахыг энэхүү гэрээний гол нөхцөл болгон тусгасан байвал зохино” гэснийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй энэхүү гэрээ байгуулагддаг. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг анхаарч үзэхийг хүсч байна.

Нэхэмжлэгч тал гэрээний маргаан гэж үзэж байгаа. Манай тал энэ бол гэрээний маргааны биш гэрээний үүрэг биелүүлээгүй гэж суутгаагүй, энэ бол Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу ажилласан. Нэхэмжлэгч гомдолтой байгаа бол гэрээний маргаан биш тул тухайн шийдвэр эсхүл тогтоолд гомдлоо гаргах учиртай байсан.

Нийгмийн даатгалын шимтгэл үндэслэлгүй суутгасан-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 6/22 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн шалгагч нарын цалин, нийгмийн даатгалд олгох санхүүжилтийг тус компаниудын 8-11 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үндэслэн санхүүжүүлэх шийдвэр өгсөн. Эдгээр компаниудтай байгуулсан гэрээнд хамааралгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан явдал юм. Жолооч болон шалгагчийн ажилласан бодит гүйцэтгэлээр бодож олгосон ба ажиллаагүй хүмүүсийн цалинг олгоогүй. Нэхэмжлэгч ажилласан ч бай ажиллаагүй ч бай авна гэдэг нь үндэслэлгүй юм.

Орлогын доод хязгаарт хүрээгүй-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/22 дугаар тогтоолоор нийтийн тээврийн эрхлэгч аж ахуй нэгж орлогын доод хязгаарыг төвлөрүүлэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1809 тоот албан бичгээр шугамын орлогын мэдээгээ ирүүлж байхыг мэдэгдсэн. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл ирээгүй учраас тус газар өөрийн эрх мэдлийн хүрээнд сүүлийн 3 жилийн судалгаагаа үндэслэн орлогын доод хэмжээний хязгаарыг тогтоосон. Бүхэл бүтэн 3 жилийн дунджийг авч үзсэн тул бодит үнэнтэй ойролцоо улмаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/22 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу тооцооллоо хийж гүйцэтгэсэн.

Бэлэн мөнгөний хайрцаг эвдэлсэнтэй холбоотой суутгал-НТГ “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай нийтийн тээврийн автобусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, сургалт явуулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 5.6.3-т зааснаар тоног төхөөрөмж алдагдах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч, кондукторын буруутай үйлдлээс тоног төхөөрөмж эвдэрсэн бол нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллага бүрэн хариуцна гэж, 6.1-д гэрээний аль тал гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний аль нэг тал болон гуравдагч этгээдэд хохирол учирсан буруутай тал хариуцна гэж заасан байдаг. Энэхүү гэрээнд заасны дагуу эвдэрсэн хайрцгийн тооцооллыг хийж гүйцэтгэсэн болно. Мөн уг тооцооллын Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс чиглэл өгч хянасан байдаг. Нийслэлийн Засаг даргаас нийтийн тээврийн талаар төрөөс бодлого чиглэлийг хэрэгжүүлж ажиллах НТГт шаардлагатай хөрөнгө санхүүд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Засаг дарга нь Санхүү, төрийн сангийн хэлтэст захирамжаар хүлээлгэсэн байдаг. Тэгэхлээр тус газар нь Нийслэлийн Засаг даргын төлөөлж байгаа бөгөөд дээрх гэрээний нэг тал нь нийслэлийн Засаг дарга болох нь харагдаж байна. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг Нийслэл эзэмшдэг тэгэхээр нийслэл өөрийн өмчөө хамгаалж учирсан хохирлыг журмын дагуу шийдсэн гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээг 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Удирдлага мэдээллийн цахим, төлбөрийн систем нэвтэрснээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Тус 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр оруулсан. Тус гэрээний 4 дүгээр заалтад гэрээний 3.1.12 дахь заалтын дагуу аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны зардлыг нөхөн олгохдоо шугам замд ажилласан машинд цагийн зардлыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс тооцож олгоно, 3.1.14-т аж ахуй нэгжийн гэрээний үр дүнгийн биелэлтээс хамааруулан үйл ажиллагааны зардлыг зохих хувийн ашиг нэмж олгож болно гэх мэтээр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Нийгмийн даатгалын шимтгэл орлогын доод хязгаар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/22 дугаар тогтоолоор батлагдсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн санхүүжүүлэх журамд хамаарч байгаа. Харин бэлэн мөнгөний хайрцгийн асуудал НТГ “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж, ахуй нэгж байгууллагын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр нийтийн тээврийн автобусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем, тоног төхөөрөмж суурилуулах ашиглах сургалт явуулах гурван талт гэрээнд хамааралтай.

Шалгагч гэсэн шинэ албан тушаал бий болж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр журам батлагдсан. Үүнээс өмнө 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тухайн журамд заагдсан харилцааг Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу буцаан хэрэглэж байгаа юм. Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэглэж болно. Уг 6/22 дугаар журмын хүрээнд автобусанд хяналт тавиулахаар шалгагч ажиллуулахаар болсон. Шалгагч ажиллуулах харилцааг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А107 дугаар тушаалаар баталсан. Энэхүү журмыг танилцуулах ажлын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад танилцуулсан. Шалгагч ажиллах журмын 4.2-т зааснаар нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах шалгагч Нийслэлийн тээврийн газраас олгосон үнэмлэхийг ажил үүрэг гүйцэтгэхдээ жолооч зорчигчдод харагдахуйц байдлаар зүүнэ гэж заасан. 7.1-д нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд шалгагч түр гэрээ байгуулах түүнд олгох хөдөлмөрийн хөлс нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцахаас заасан. Шалгагч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс асуудал үүсч байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгжүүдэд шалгагчийн үнэмлэхийг Нийслэлийн тээврийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс авч эхэлсэн. “ТО” ХХК, “ТО гуравдугаар бааз” ХХК-иуд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үнэмлэхээ авсан. Тэгэхлээр шалгагч үнэмлэхээ аваагүй байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авсан учраас мөн өдрөөс албан ёсоор шалгагч ажилласан. Өөрөөр хэлбэл 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл шалгагч ажиллаагүй гэдгийг нотолж байгаа юм. Шалгагчийн ажлын байрыг 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр а/170 дугаар тушаалаар ажиллуулж эхэлсэн. Шалгагч  ажиллаад баталсан машин цагийн зардлын тарифт нэг цагт ажиллах зардлын хэмжээг зааж өгсөн байдаг. Энэ нь их багтаамжийн автобусны шалгагч нь 2,261 төгрөг нь цалинд 2018 төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлд хамаарч байгаа. 2015 оны 11 дүгээр сараас өмнө тухайн аж ахуй нэгж байгууллагад ямар ч ажил гүйцэтгэж байсан тогтоолын 3-т заасны дагуу цалинг нь олгож ирсэн. Эдгээр хүмүүс зөвхөн шалгагчаар ажиллана гэсэн итгэл үнэмшлээр өөр ажил хийж байсан. Тоонд олгосон цалинг л аж ахуй нэгж байгууллагад санхүүжилтээрээ олгосон. Тийм учраас “ТО” ХХК-ийн 176,301,619. төгрөг, “ТО гуравдугаар бааз” ХХК-ийн 88,589,719 тооцоо хийгдэх байсан боловч шалгагч ажиллаагүй гэдэг шалтгаанаар 27,350,118 төгрөгөөр тооцож санхүүжилт олгосон.

Орлогын доод хязгаар-6/22 журам нийтээр дагаж мөрдүүлэхээр эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт. Журмын 2.1-д зааснаар аж ахуй нэгжүүд нийтийн зорчигч тээврийн орлого төвлөрүүлэх, нэмэгдүүлэх үйл ажиллагаанд НТГ, “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгжүүд хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа. Нийслэлийн төрийн сангаас манай газарт 2015 оны нийслэлийн төсвийн тодотгол 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр батлагдана. 2015 оны санхүүгийн жилийн гүйлгээ 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож байгаа учраас энэ хугацаанд багтаж гүйлгээгээ хийнэ үү гэж мэдэгдсэн. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Улаанбаатар смарт карт” ХХК мэдээллээ ирүүлээгүй байсан. Үүнээс өмнө 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж болон “Улаанбаатар смарт карт” ХХК-д албан бичиг хүргүүлсэн тус бичигт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчийн зардлыг санхүүжүүлэх журмын 4.2-т НТГ “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн бүртгэл тайланг үндэслэн чиглэл тус бүрийн орлогын доод хязгаарын хэмжээг тогтооно гэсний “Улаанбаатар смарт карт” ХХК-иас чиглэл бүрийн мэдээг хүлээн авах гэтэл ирүүлээгүй учраас бүх аж ахуй нэгжүүдэд 2015 оны 02/1809 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичигт “... танай компани банкинд тушааж буй өдөр тус бүрийн бэлэн мөнгөний орлогоо чиглэл тус бүрээр гарган баталгаажуулж “Улаанбаатар смарт карт” ХХК-д хүргүүлж байхыг мэдэгдсэн. Уг хүргүүлсэн чиглэл тус бүрийн орлогын мэдээг “Улаанбаатар смарт карт” ХХК манай газарт хүргүүлж бид тэр мэдээг үндэслэн орлогын хэмжээг тогтоох байсан. Гэтэл санхүүжилт хаагдах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас сүүлийн 3 жилийн зорчигч урсгалын судалгааг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орлогын доод хязгаарыг тогтоосон. Тийм учраас батлагдсан 479,131,866 төгрөг байснаас “ТО” ХХК-д 418,998,474 төгрөгийг олгосон. “ТО гуравдугаар бааз” ХХК-иас 103,979,502 төгрөг байснаас гүйцэтгэсэн нь 49,270,084 төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

Бэлэн мөнгөний хайрцаг-2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “ТО” ХХК болон “ТО гуравдугаар бааз” ХХК-иудтай 06/03-02 дугаар, 06-03-019 дугаар гурван талт гэрээ байгуулсан. Уг гэрээнүүдээр бүх харилцаа зохицуулж байгаа.  тус гэрээний бэлэн мөнгөний хайрцаг эвдэрсэн гэх мэдээллийн дагуу санхүү төрийн сангийн хэлтсээс ирсэн мэдээллийн дагуу суутгал хийсэн” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ТО” ХХК, “ТО гуравдугаар бааз” ХХК-иуд нь хариуцагч НТГт холбогдуулан “485,817,578 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “ТО” ХХК болон “ТО гуравдугаар бааз” ХХК-иуд нь НТГтай “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” тухай 1-60/15 тоот, 1-36/15 тоот гэрээнүүдийг 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус байгуулсан байх бөгөөд гэрээнд зааснаар нийтийн тээврийн үйлчилгээг зорчигчдод хүргэх, үйлчилгээний аюулгүй байдал, хэвийн тасралтгүй ажиллагааг хангах, түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний соёлч байдал, чанар, сахилга хариуцлагыг сайжруулахыг зорьжээ. /хх-ийн 1-р хавтас 13-16, 17-20 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “ТО” ХХК болон “ТО гуравдугаар бааз” ХХК-иуд нь НТГтай 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх 1-36/15 тоот, 1-06/15 тоот гэрээнд тус тус нэмэлт, өөрчлөлтийн гэрээнүүд байгуулжээ.

 

Мөн нэхэмжлэгч “ТО” ХХК, “ТО гуравдугаар бааз” ХХК /“Тулга огоо” ХХК/-иуд нь НТГ болон “Улаанбаатар смарт карт” ХХК-тай “Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах гурван талт гэрээ”-г 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус  байгуулж, уг гэрээгээр нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, ашиглалттай холбоотой харилцаа, төхөөрөмжийн суурилуулалтын бэлтгэл ажлыг хангах, тоног төхөөрөмжийг ашиглах тухай сургалттай холбоотой харилцааг зохицуулахаар гэрээ байгуулсан байна. /хх-ийн 1-р хавтас, 21-26, 41-46 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “ТО гуравдугаар бааз” ХХК нь гэрээ байгуулах үед /2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр/ “Тулга Огоо” ХХК гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ба 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Тулга Огоо” ХХК нь оноосон нэрээ өөрчлөн “ТО гуравдугаар бааз” ХХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын  бүртгэлийн төв архивын газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 1-р хавтас 11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2015 оны 10 дугаар сарын 22-ны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан. Үүний дотор нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зардлаар санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн нэгж зардлыг их багтаамжийн автобусанд 32,934 төгрөг байхаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/22 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зардлыг санхүүжүүлэхээр баталсан.

Уг тогтоолын дагуу “ТО” ХХК 2015 оны 8-12 дугаар саруудын 3,042,854,679 төгрөгийн санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр нийт 343,789,694 төгрөг, “ТО гуравдугаар бааз” ХХК 2015 оны 8-12 дугаар саруудын 794,609,079 төгрөгийг санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр 142,027,084 төгрөгийн хасалт хийн суутган тооцсон. Энэ асуудлыг үндэслэлгүйгээр суутган тооцсон гэж үзэж нэхэмжилж байгаа.

Орлогын доод түвшин биелүүлээгүй гэдэг үндэслэлээр “ТО” ХХК-иас 6,133,032 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард, “ТО гуравдугаар бааз” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сард 54,152,418 төгрөгийг хассан.

Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд мөнгөний хайрцаг байршуулсан боловч хайрцгийг ашиглах журам, хөрөнгө хүлээлцсэн акт баримт байхгүй боловч мөнгөний хайрцаг эвдэлсэн гэдэг үндэслэлээр “ТО” ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 67,690,738 төгрөг, 11 дүгээр сард 31,270,497 төгрөг, “ТО гуравдугаар бааз” ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 26,635,874 төгрөгийг тус тус үндэслэлгүй суутгасан.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж байгууллагуудад шалгагч түр гэрээгээр ажиллах журам 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр НТГ-ын даргын А/112 дугаар тушаалаар гарсан боловч шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү гэж “ТО” ХХК-иас 8 дугаар сард 40,883,170 төгрөг, 9 дүгээр сард 42,936,749 төгрөг, 10 дугаар сард 62,283,090 төгрөг, 11 дүгээр сард 48,592,068 төгрөг суутгасан. “ТО гуравдугаар бааз” ХХК-иас 8 дугаар сард 13,933,718 төгрөг, 9 дүгээр сард 14,432,438 төгрөг, 10 дугаар сард 16,787,818 төгрөг, 11 дүгээр сард 16,096,618 төгрөгийг тус тус үндэслэлгүй суутгасан...” гэж тайлбарладаг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... Хэргийн харьяалал Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын 4 дүгээр хэсэгт “аж ахуй нэгж иргэнтэй байгуулах гэрээ гэдэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3-т заасан эрх олгох болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан нийтийн эрх зүйн гэрээ тул иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээнд хамаарахгүй” харин Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан эрх бүхий этгээд буюу Засаг дарга нь нийтийн тээврийн асуудлыг тухайн нутаг дэвсгэр зохицуулж, зохион байгуулахыг энэхүү гэрээний гол нөхцөл болгон тусгасан байвал зохино” гэснийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй энэхүү гэрээ байгуулагддаг. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг анхаарч үзэхийг хүсч байна.

Нэхэмжлэгч гомдолтой байгаа бол гэрээний маргаан биш тул тухайн шийдвэр эсхүл тогтоолд гомдлоо гаргах учиртай байсан.

Нийгмийн даатгалын шимтгэл үндэслэлгүй суутгасан-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 6/22 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн шалгагч нарын цалин, нийгмийн даатгалд олгох санхүүжилтийг тус компаниудын 8-11 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үндэслэн санхүүжүүлэх шийдвэр өгсөн. Эдгээр компаниудтай байгуулсан гэрээнд хамааралгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан явдал юм. Жолооч болон шалгагчийн ажилласан бодит гүйцэтгэлээр бодож олгосон ба ажиллаагүй хүмүүсийн цалинг олгоогүй.

Орлогын доод хязгаарт хүрээгүй-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/22 дугаар тогтоолоор нийтийн тээврийн эрхлэгч аж ахуй нэгж орлогын доод хязгаарыг төвлөрүүлэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1809 тоот албан бичгээр шугамын орлогын мэдээгээ ирүүлж байхыг мэдэгдсэн. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл ирээгүй учраас тус газар өөрийн эрх мэдлийн хүрээнд сүүлийн 3 жилийн судалгаагаа үндэслэн орлогын доод хэмжээний хязгаарыг тогтоосон. Бүхэл бүтэн 3 жилийн дунджийг авч үзсэн тул бодит үнэнтэй ойролцоо улмаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/22 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу тооцооллоо хийж гүйцэтгэсэн.

Бэлэн мөнгөний хайрцаг эвдэлсэнтэй холбоотой суутгал-НТГ “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай нийтийн тээврийн автобусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, сургалт явуулах гэрээний 5.6.3-т зааснаар тоног төхөөрөмж алдагдах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч, кондукторын буруутай үйлдлээс тоног төхөөрөмж эвдэрсэн бол нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллага бүрэн хариуцна гэж, 6.1-д гэрээний аль тал гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний аль нэг тал болон гуравдагч этгээдэд хохирол учирсан буруутай тал хариуцна гэж заасан байдаг. Энэхүү гэрээнд заасны дагуу эвдэрсэн хайрцгийн тооцооллыг хийж гүйцэтгэсэн болно. Мөн уг тооцооллын Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс чиглэл өгч хянасан байдаг. Нийслэлийн Засаг даргаас нийтийн тээврийн талаар төрөөс бодлого чиглэлийг хэрэгжүүлж ажиллах НТГт шаардлагатай хөрөнгө санхүүд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Засаг дарга нь Санхүү, төрийн сангийн хэлтэст захирамжаар хүлээлгэсэн байдаг. Тэгэхлээр тус газар нь Нийслэлийн Засаг даргын төлөөлж байгаа бөгөөд дээрх гэрээний нэг тал нь нийслэлийн Засаг дарга болох нь харагдаж байна. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг Нийслэл эзэмшдэг тэгэхээр нийслэл өөрийн өмчөө хамгаалж учирсан хохирлыг журмын дагуу шийдсэн гэж үзэж байна” гэж тайлбарлаж маргажээ.

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж заасан байх тул маргааны эрх зүйн баримт болох талуудын хооронд байгуулагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээ, мөн нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, “Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах гурван талт” гэрээг нэрлэгдээгүй гэж үзэх нь хууль хэрэглээний хувьд оновчтой байна.

 

            Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талууд хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь гэрээний үүрэг мөн тул нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”, “Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф”, мөн НТГ-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/107 тоот тушаалаар “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шалгагч гэрээгээр түр ажиллуулах журмыг шинэчлэн батлах тухай” журам, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/112 дугаар тушаалаар “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шалгагч гэрээгээр түр ажиллуулах журмыг шинэчлэн батлах тухай” журмыг тус тус баталжээ.

 

            Хариуцагч тал гэрээний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот тогтоолоор баталсан Нийтийн тээврийн машин цагийн зардлын тарифын дагуу автобусны 1 машин цагийн зардал 32,933 төгрөгөөр тооцож, 2015 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын үйлчилгээний төлбөрийг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхний санхүүжилт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 дахь санхүүжилтийг нэхэмжлэгч нарт олгохдоо нэхэмжлэгч “ТО” ХХК-иас 343,789,694 төгрөг, нэхэмжлэгч “ТО гуравдугаар бааз” ХХК-иас 142,027,884 төгрөгийг тус тус НТГ суутгал хийсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот “журам батлах” тухай тогтоолын 3-т “Энэхүү журам, тариф батлагдсантай холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг шийдвэрлэн ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй” гэж заасан нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан журмыг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан нь эрх зүйн актыг буцаан хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

 

            Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэж заажээ.

 

             “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ний 3.1.5-д “Нөхөн олговрыг төсвөөс санхүүжүүлсэн тухай бүрд холбогдох журмын дагуу хуваарилан олгох бөгөөд энэ гэрээний 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ямар нэгэн төлбөрийн суутгалыг хийхгүй” гэж заасан үүргээ хариуцагч зөрчиж, мөн нэхэмжлэгч нарт олгох санхүүжилтээс олгох байсан мөнгийг суутгах талаар харилцан тохиролцоогүй байна.

 

            Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ зах зээлийн чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүйг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан бөгөөд гэрээний нэг тал гэрээний тохиролцооноос гадуур үүрэг хариуцлага ногдуулах боломжгүй юм.

 

            Талууд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба нэмэлт гэрээний 4-т “Гэрээний 3.1.12 дахь заалтын дараа 3.1.13-т “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг нөхөн олгохдоо шугам замд ажилласан машин цагийн зардлыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс тооцож олгоно”, 3.1.14-т “Аж ахуйн нэгжийн гэрээний үүргийн биелэлтээс хамааруулан үйл ажиллагааны зардал дээр зохих хувийн ашгийг нэмж олгож болно” гэх заалтыг нэхэмжлэгч нарт олгох санхүүжилтээс 2015 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудад олгох үйлчилгээний санхүүжилтийг бууруулах тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 6 дугаар зүйлд /гэрээний хариуцлага/-д гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар зохицуулсан ба нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээнд заагаагүй үндэслэлээр суутгал хийсэн нь үндэслэлгүй байна.

 

НТГ-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/107 тоот тушаалаар “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шалгагч гэрээгээр түр ажиллуулах журам”, мөн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/112 тоот тушаалаар дээрх журмыг шинэчлэн баталсны дагуу нийтийн тээвэрт шалгагч нарыг ажиллуулсан байна. /хх-ийн 2-р хавтас 143-152 дугаар тал/

           

Нэхэмжлэгч “ТО” ХХК, “ТО гуравдугаар бааз” ХХК-иудыг 2015 оны 08, 09, 10, 11 дүгээр саруудад шалгагч нарыг дутуу ажиллуулсан, тэдгээрийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл нь төсөвлөснөөс зөрүүтэй байсан гэж ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд нэхэмжлэгч нараас 245,934,659 төгрөгийг НТГ суутгасан мөн үндэслэлгүй болсон бөгөөд талуудын хооронд байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай” гэрээний 3.1.5-д нөхөн олговроос үүрэг гүйцэтгэгч талтай тохиролцохгүйгээр ямар нэгэн суутгал хийхгүй байх талаар заасан байх бөгөөд гэрээний 6 дугаар зүйлд заасан гэрээний хариуцлага хүлээх зөрчлийг нэхэмжлэгч “ТО” ХХК болон “ТО гуравдугаар бааз” ХХК гаргасан болохыг  хариуцагч НТГ нь баримтаар нотлоогүй байна.

 

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот “журам батлах” тухай тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”,  Нийтийн тээврийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/112 тоот тушаалаар “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шалгагч гэрээгээр түр ажиллуулах журмыг шинэчлэн батлах тухай” журмууд нь “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээний нэг тал болох нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд илт хохирол учруулах заалтыг буцаан хэрэглэж байгаа нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хууль тогтоомжийг буцаан хэрэглэх зарчимд нийцэхгүй байна.

 

            “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ын 4.2-т “НТГ нь Улаанбаатар смарт ХХК-ийн УМЦТС-ийн бүртгэл, тайланг үндэслэн чиглэл тус бүрийн орлогын доод хязгаарыг улирал тутам тогтоож өгнө” гэж заасан бөгөөд чиглэл тус бүрийн орлогын доод хязгаарыг улирлын эхэнд тогтоох журмын зохицуулалттай. Гэтэл Нийслэлийн тээврийн газраас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орлогын доод түвшинг тогтоож, улмаар 2015 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын 1 машин цагийн зардлаас нэхэмжлэгч “ТО” ХХК-ийн орлогын доод түвшинг 479.131.866 төгрөгөөр тооцож, 60.133.392 төгрөг, ТО гуравдугаар бааз ХХК-ийн орлогын доод түвшинг 103.979.502 төгрөгөөр тооцож 54.152.418 төгрөг суутгасан нь үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

“Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах гурван талт гэрээ”-ний 5.3.1-д тоног төхөөрөмж нь Улаанбаатар смарт карт ХХК-ийн өмч байхаар заасан байхад хариуцагч НТГ нь өмчлөгч этгээдийн өмнөөс бэлэн мөнгөний хайрцаг эвдэрсэн гэх үндэслэлээр дээрх хайрцгийн хохирлын мөнгийг суутгаж авах эрхтэй эсэхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаар нотлоогүй атлаа нэхэмжлэгч нараас 125,597,109 төгрөгийг хайрцгийн эвдрэл гэж үзэж орлогын санхүүжилтээс суутгасан нь үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нар нь хууль, бусад эрхийн акт болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр өөрт нь олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, эрх хэмжээгээ хэтрүүлэн нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

 

Талуудын хоорондын харилцаа нь иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр үүссэн бөгөөд эрх бүхий этгээдээс баталсан захиргааны актыг хариуцагч нар нь хэрэгжүүлэхдээ гэрээний тэгш байдлын зарчмыг зөрчиж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, гүйцэтгэсэн ажлын хөлс буюу 1 машин цагийн хөлснөөс суутгал хийсэн үйлдэл нь захиргааны эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргаан бус, гэрээний эрх зүйн маргаан гэж шүүх үзсэн.

 

Иймд хариуцагч Нийслэлийн тээврийн газраас 485.817.578 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ТО” ХХК-д 343.789.694 төгрөг, нэхэмжлэгч “ТО гуравдугаар бааз” ХХК-д 142.027.884 төгрөг олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн тээврийн газраас 485,817,578 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТО” ХХК-д 343,789,694 төгрөг, нэхэмжлэгч “ТО гуравдугаар бааз” ХХК-д 142,027,887 төгрөгийг тус тус олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ТО” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,876,900 төгрөг, нэхэмжлэгч “ТО гуравдугаар бааз” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн тээврийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 2,745,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ТО” ХХК-д 1,876,900 төгрөг, нэхэмжлэгч “ТО гуравдугаар бааз” ХХК-д 868,100 төгрөгийг тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС