Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01786

 

Х.Зийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00470 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1404 дугаар магадлалтай,

Х.Зийн нэхэмжлэлтэй

“К Б”ХХК-д холбогдох

“К Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот Шилжүүлэн томилох тухай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот Ажлаас чөлөөлөх тухай тус тушаалуудыг хүчингүй болгуулах, “К Б”ны Бүгд Найрамдах Солонгос улс дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, 2015 оны 11 дүгээр сараас хойшхи хугацааны томилолтын болон бусад зардалд нийт 36 842 719 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцааны 33 037 657 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “К Б”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Мэндхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.З миний бие тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эргүүлэн томилуулах, 2015 оны 11 сараас хойшхи хугацааны томилолтын зардал, 2016 оны 4 дүгээр сараас хойш нэхэмжлэл гаргах хүртэх хугацааны цалин, ажилласан хугацаанд оногдох амралтын мөнгө, гар утасны зэрэг зардлуудад 40 998 650 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, үндэслэлгүйгээр авагдсан сахилгын шийтгэлийн тушаалуудыг хүчингүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан билээ. Х.З миний бие 2014 оны 8 дугаар сараас “К Б”ны БНСУ дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд улмаар “К Б”ны Гүйцэтгэх захирал 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот Шилжүүлэн томилох тухай, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот Ажлаас чөлөөлөх тухай хууль бус тушаалуудыг тус тус гаргаж миний эрх ашгийг хохироосон болно. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Улаанбаатар хотод шилжин ажиллах байсан ба Солонгост ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажлын 7 хоногийн дотор ажлаа хүлээж авч ажилдаа ороогүй ажил тасалсан, 148.540 воныг хувьдаа авч ашигласан, байрны түрээсийн барьцаа мөнгө 15 сая вон шилжүүлээгүй гэсэн үндэслэлүүд заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ажил олгогч банк 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш надад цалин, орон байрны түрээс,томилолтын зардал, гар утасны мөнгийг алийг ч олгоогүй болно. Иймд “К Б”ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот Шилжүүлэн томилох тухай, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч X.Х.З намайг “К Б”ны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, 2015 оны 11 сараас хойшхи хугацааны томилолтын болон бусад зардал: Үүнд: 2015 оны 11-ээс 2016 оны 1, 3-аас 5 дугаар сарын томилолтын зардалд тус бүр 1 700 000 вон, 2015 оны 2, 3 дугаар сар, 2016 оны 5 дугаар сард гар утасны зардалд тус бүр 200 000 вон, 2016 оны 5 дугаар сарын байрны түрээс 730 000 вон, ажилчдын байрны тогны төлбөр 35 730 вон, ажилчдын байрны усны төлбөр 23 000 вон, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны байрны түрээс 2.190.000 вон, томилолтын зардал 3.838.704 вон, гар утасны зардал 400.000 вон, ажилласан хугацаанд оногдох амралтын мөнгө 770.220 төгрөг, нийт 770 220 төгрөг, 18 218 434 вон (Монголбанкны ханш -1,98) 36 842 719 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг тус тус хариуцагчид даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч “К Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хашбат овогтой Х.З нь “К Б”ны гүйцэтгэх захирлын 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 451 тоот тушаалаар тус банкны Хөрөнгө удирдлагын газрын харьяа БНСУ дахь төлөөлөгчийн газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны бүтцийн өөрчлөлт шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Солонгос дахь төлөөлөгчийн газар нь мэргэжилтэнтэй байхаар өөрчлөгдөж түүний харьяалагдах газар нь тус банкны Хөрөнгийн удирдлагын газар байхаар бүтэц батлагдсан билээ. Тус орон тоо батлагдсаны дараа газар нэгжийн бизнес төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэсэн. 2015 оны 4 дүгээр улирал, 2016 оны 01 дүгээр улирлуудад дүгнэхэд ахиц гараагүй тул түүнд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ГЗ-ын 345 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Х.Зийн ажлын гүйцэтгэл зэргийг харгалзан түүнийг Монгол улс дахь төв “К Б”инд шилжүүлэн ажиллах тушаал гарсан бөгөөд тус тушаалыг Х.З нь биелүүлээгүй бөгөөд тус тушаалтай холбоотой ямар нэгэн гомдлыг хөдөлмөрийн хуульд заасан хугацаанд гаргаж байгаагүй бөгөөд одоо тус тушаал үндэслэлгүй хэмээн маргаж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 129.2-т заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч Х.З Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа амьдарч буй байрны түрээсийн барьцаа шаардлагатай хэмээн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 воныг банкнаас гаргуулан авсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тухайн мөнгийг ямар ч тохиолдолд эргүүлэн төлнө гэж өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн байдаг. Мөн 148 540 воныг албан тушаалын байдлаа ашиглан тооцоололд оруулахгүйгээр завшсан үйлдэл бас байгаа юм. Х.Зийг Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр шалгаж нийт 15 148 540 воныг гаргуулахаар “К Б”ны зүгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол өгөн шалгуулж байгаа болно. Иймээс ИХШХШТХ-ийн 65.1.8-т зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “К Б”ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хашбатын Х.З нь “К Б”ны БНСУ дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр ажиллаж байх үедээ Амьдарч буй байрны түрээсийн барьцаа мөнгө шаардлагатай байна хэмээн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 воныг банкнаас шилжүүлэн авсан ба 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 воныг хүлээн авлаа, байрнаас гарахдаа буцааж банкинд тушаана гэсэн утгатай баталгааг ирүүлж байсан. Гэвч Х.З нь ажил олгогчийн итгэлийг эвдэн ажлаас гармагцаа холбоо барихгүй ор сураггүй алга болж, дээрх 15.000.000 воныг банкинд эргүүлж тушаахгүй хувьдаа завшиж ашигласан ба мөн албан хэрэгцээнд нь зориулан олгосон 148.540 вонын зардлын тооцоог өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Иймд Х.З нь банкны мөнгөн хөрөнгийг авч хувьдаа ашиглан буцааж төлөөгүй тул нийт 15.148.540 вон буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол банкны зарласан ханш (1 вон=12,11 төг)-аар тооцон 31 963 419,4 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: “К Б”-ны гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна Сөрөг нэхэмжлэлд дурдсан 15 сая воныг одоогоор би гаргаж өгөх боломжгүй байна. Капитал" банк нь Х.Зд БНСУ-д ажиллахад амьдрах байрны түрээсийн гэрээ урт хугацаагаар байгуулахад шаардлагатай барьцаа мөнгө болох 15 сая воныг 2014 оны 7 дугаар сарын 31-нд шилжүүлж олгосон. Энэ мөнгийг би аваагүй гэж гүйцэтгэдэггүй. Х.Зийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олгогдоогүй цалин хөлс, томилолтын зардлыг гаргуулах, ажилд эргүүлэн тогтоолгох гэсэн шаардлагатай маргааныг шүүхэд хянаж байгаа. Х.З нь одоо ч БНСУ-д амьдарч байгаа бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож, ажилдаа эргүүлэн томилогдоход мөн л түрээсийн байранд амьдарсан хэвээр байх юм. Хөдөлмөрийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосонтой холбоотой маргааныг хянан шийдэж шүүх шийдсэний дараа энэ мөнгийг буцаан олгох, эсхүл хөлс, томилолтын мөнгөтэй харилцан тооцох боломжтой гэж үзэж байна. Албан хэрэгцээнд зориулан олгосон 148.540 воны хувьд Х.З зарцуулалтын тайлан, холбогдох баримтыг банкинд гаргаж өгсөн. Ямар огноотой, юунд зарцуулагдсан баримттай болохыг шүүх хуралдаан дээр шинжлэн судлуулж тайлбар гаргана. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00470 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан “К Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот Шилжүүлэн томилох тухай, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот Ажлаас чөлөөлөх тухай тус тушаалуудыг хүчингүй болгуулах, “К Б”ны Бүгд Найрамдах Солонгос улс дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, 2015 оны 11 дүгээр сараас хойшхи хугацаа томилолтын болон бусад зардалд нийт 36 842 719 төгрөг гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.Зийн нэхэмжлэл, хариуцагч “К Б”ХХК-ийн нэхэмжлэгч Х.Зээс 33 037 657 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 950 төгрөгөөс 339 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 23 220 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1404 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 50 дугаар зүйлийн 50.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “К Б”ХХК-наас томилолтын болон бусад зардалд 19 615 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Зд, нэхэмжлэгч Х.Зээс 31 650 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “К Б”ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “К Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот Шилжүүлэн томилох тухай, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.Зийн нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 387 657 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дах заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч “К Б”ХХК-наас 256 028 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Зд, нэхэмжлэгч Х.Зээс 316 200 төгрөгийг гаргуулж хариуцагч “К Б”ХХК-д тус тус олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 340 000 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 323 138 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэмээн хяналтын гомдол гаргаж байна. 1. Шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа хугацаа хэтрүүлэн гаргасан байх тул хянан хэлэлцэх үндэслэлгүй хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь-Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” хэмээн хуульчилсан бөгөөд хуулийн уг заалтын дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид дээрх тушаалуудыг гардуулж өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч Х.З нь “К Б”ны БНСУ-дах төлөөлөгчийн газарт ажиллаж, БНСУ-д амьдарч байсан бөгөөд хариуцагчаас дээрх тушаалуудыг гаргахдаа нэхэмжлэгчид албан ёсоор гардуулж өгөөгүй бөгөөд гардуулж өгсөн баримт ч хэрэгт авагдаагүй. Дээрх байдлаар нэхэмжлэгчид тушаалыг гардуулж өгөөгүй атал шүүхээс нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2. Шүүхээс “Нэхэмжлэгч Х.Зийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар өөрийг нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн буюу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хөдөлмөрийн гэрээг тушаалын үндэслэл болгосон нь буруу гэж маргаж байгаа нь үндэсгүй. Тодруулбал, нэхэмжлэгч Х.З нь ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл боломж олгоогүй байна. Иймд ажил олгогчийн гаргасан “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал алдаатай боловч хүчингүй болгох эрх-зүйн үр дагавар үүсэх үндэсгүй ” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч “К Б”наас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Улаанбаатар хотод Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны мэргэжилтнээр шилжүүлэн томилсон гэх боловч өмнө дурьдсанчлан тухайн тушаалаа нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй, мөн уг ажлын байран дээрээ хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй атлаа чөлөөлсөн тушаал гаргахдаа “хөдөлмөрийн гэрээний 6.4.5. 6.8.4 дэх заалтыг зөрчсөн” гэж үзэн ажлаас чөлөөлснийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Үүнийгээ шүүх “...гадаад харилцааны албаны Солонгос дах төлөөлөгчийн газрын мэргэжилтэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ шилжүүлэн томилсон Гадаад харилцааны мэргэжилтэнтэй байгуулдаг хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг төсөөтэй хэрэглэх үндэстэй. Учир нь Х.З нь Гадаад харилцааны албаны Солонгос дах төлөөлөгчийн газрын мэргэжилтэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг мэдэж байжээ” хэмээн байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчийн өмнөх хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэж улмаар төсөөтэй хэрэглэх үндэстэй хэмээн шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн гэрээг төсөөтэй хэрэглэх гэдэг ойлголт хуульд байхгүй бөгөөд харин ч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулна”, 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээнд “Ажлын байрны буюу албан тушаалын нэр, Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, Хөдөлмөрийн нөхцөл гэсэн нөхцлүүдийг заавал тусгахаар хуульчилсан. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Зтэй “К Б”наас шилжүүлэн томилсон гэх Гадаад харилцааны мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөлд түүнийг цуцлах үндэслэл болох учиртай. Түүнчлэн хөдөлдмөрийн гэрээний нөхцөлийг төсөөтэй хэрэглэх гэдэг ойлголт хуульд байхгүй бөгөөд шүүх хуульд байхгүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 3. Нэхэмжлэгч Х.Зтэй хариуцагч “К Б”нь Улаанбаатар хот дах Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй атлаа түүний өмнөх хөдөлмөрийн харилцаан дээр буюу Гадаад харилцааны албаны Солонгос дах төлөөлөгчийн газрын мэргэжилтэнтэй байгуулсан гэрээтэй адилтгаж төсөөтэй хэрэглэн хэмээн ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийхийн зэрэгцээ мөн нэхэмжлэгчийн өмнөх ажлын байрны хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан хэмээн “К Б”ны Улаанбаатар хот дах Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны мэргэжилтний ажлаас халсныг зөв гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол гэрээг шууд цуцлахаар заасан. Гэтэл нэхэмжлэгчтэй “К Б”ны Улаанбаатар хот дах Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа “гэрээнд шууд заасан ноцтой зөрчил” гаргасан хэмээн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-дэх заалт нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, уг байгуулсан гэрээнд талууд ноцтой зөрчлөө тусгасан тохиолдолд хэрэглэх учиртай. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. 4. Нэхэмжлэгч Х.Зийн хувьд БНСУ-д ажиллаж байхад нь “К Б”наас сар бүр томилолтын мөнгө 1 700 000 вон олгодог байсан бөгөөд мөн БНСУ-д амьдрах амьжиргааны зардлуудыг “К Б”наас төлдөг байсан нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас өгсөн баримтуудаар бүрэн нотлогдож байдаг. Гэтэл шүүх 2015 оны 11, 12 сар, 2016 оны 1, 2, 3 сарын томилолтын мөнгө болох 8 500 000 воныг олгохоор шийдвэрлэсэн боловч 2016 оны 4, 5, 6 сарын томилолтын мөнгийг олгохгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс шагнал урамшууллаас бүрдэх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд БНСУ-д ажиллах байх хугацаандаа авч байсан томилолтын мөнгө нь түүний цалин хөлсний бүрдэлд орж байсан болно. Тийм ч учраас шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангалгүй шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийг БНСУ-д ажиллаж амьдрахтай холбоотой зардлууд болох ажилчдын байрны тогны төлбөр, усны төлбөр, гар утасны зардлыг төлдөг байсан бөгөөд энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн томилолтын мөнгөний зарим хэсгийг гаргаж шийдвэрлэсэн атлаа БНСУ-д ажиллаж амьдрахтай холбоотой зардлуудыг гаргаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй юм. 5. Шүүхээс нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгө болох 770 220 төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 55, 43 дугаар зүйлд зааснаар ажилласан хугацаандаа ногдох ээлжийн амралтын олговрыг авах эрхтэй болно. Тиймээс шүүх дээрх байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 6. Хариуцагчаас 2016 оны 11-р сарын 29-ний өдөр Х.Зд холбогдуулж банкны мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглан буцааж төлөөгүй тул хэмээн 31 963 419.4 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Х.З нь тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгож ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 11 сараас хойших томилолтын зардал, 2016 оны 4 сараас хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны цалин, ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгө, гар утасны зардал зэргийг гаргуулах нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, үндэслэлгүйгээр авагдсан сахилгын шийтгэлийн тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. ИХШХШТХ-ийн 73-р зүйлд “Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн хамт тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” хэмээн заасан. Гэтэл сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамт тооцогдохооргүй огт хамааралгүй атал шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 7. “К Б”ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 345 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах гухай” тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Өөр ажилд шилжүүлэх тухай” 353 дугаар тушаал, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 519 дүгээр тушаал нь тус тус хууль зүйн үндэслэлгүй атал шүүхээс “К Б” ХХК-ний гүйцэтгэх захирлын 345 353 519 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учраас тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Х.З нь хөдөлмөрийн гэрээний 4.2.2., 4.2.9-д заасан зөрчлүүдийг гаргаагүй атал түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дах заалтыг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч Х.Зд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 хоногийн дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 28- ны өдөр “Өөр ажилд шилжүүлэх” тухай 353 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1., 33.1., 34.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй байхад өөр ажилд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Х.З нь 2015 оны 11 дүгээр сараас хойшхи хугацааны томилолтын болон бусад зардлыг шилжүүлэх хүсэлтийг “К Б”инд байнга хүргүүлж байсан, ажил олгогч эдгээр зардлуудыг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан болох нь Zolgerel.Kh@capitalbank гэсэн цахимт хаягт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон гэжээ. Гэтэл тус хэргийн 2 дугаар хавтасын 216 дугаар хуудсанд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан томилолтын зардлыг зогсоосон тухай мэдэгдэж нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг ойлгож байгаа тухайгаа и-мейлээр хаягаар хүргүүлсэн тухай баримт байдгийг шүүхээс үнэлж үзээгүй болно. Мөн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөлөө тохиролцсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.6-д талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно гэсний дагуу “К Б”нэхэмжлэгч Х.Зд томилолтын зардлыг шилжүүлж байсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн мөнгийг олгохгүй болсон бөгөөд нэхэмжлэгчийн амьдрах байрны болон бусад зардлыг хэвийн шилжүүлж ажиллах боломжоор хангаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтооддог юм. Тиймээс банк нь бусад нөхцөлөө өөрчилж энэ тухай мэдэгдэж нэхэмжлэгч нь тухайн нөхцөл байдлыг ойлгож харилцан тохиролцсон гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалын томилолтын зардал хэмээн 19 615 700 төгрөгийг “К Б”наас гаргуулахаар шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс магадлалын томилолтын зардал хэмээн 19 615 700 төгрөгийг “К Б”наас гаргуулахаар шийдвэрлэсэнг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлээс 19 615 000 төгрөгний шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 31 650 000 төгрөгийн шаардлагыг тус тус хангасан нь үндэслэлтэй боловч үндсэн нэхэмжлэлийн зарим  шаардлагын талаар  оновчтой дүгнэлт хийгээгүйг залруулах боломжтой гэж үзэв. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж,хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Х.З нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  хариуцагч “К Б”инд холбогдуулан “К Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот өөр ажилд шилжүүлэн томилох тухай, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 04 сарын 25-наас 2016 оны 09 сарын 05 хүртэлх хугацааны цалин хөлс, томилолтын болон бусад зардал нийт 36 842 719 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 33 037 657 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Зийн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Х.З нь 2014 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн “К Б”ны БНСУ дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллажээ.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

Х.З нь “К Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот өөр ажилд шилжүүлэн томилох тухай, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус тухайн өдөрт нь өөрийн майл хаягаар хүлээж авсан байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй болохыг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Харин Х.З нь өөр ажилд шилжүүлэн томилох тухай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 353 тоот тушаалыг тухайн өдөрт нь майлээр авсан боловч зохигч талуудын  цахимаар харьцаж байсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь цалин, томилолтын зардал, байрны түрээс, онгоцны тийз зэрэг тооцоог дуусгасан тохиолдолд маргах шаардлагагүй гэсэн агуулгатай  хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн, “К Б”нь тооцоог нягтлан шалгаж байгаа, тооцоог дуусгах талаар хариу өгч байснаас... /хх-33, 36/ үзвэл тушаалын үндэслэлийн талаар талууд тодорхой хугацаанд санал солилцсон нь тогтоогдож байх тул тушаалыг гардаж авснаар бус, харин бодитой эрх зөрчигдсөн буюу ажил хүлээлцсэн 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байжээ. Өөр ажилд шилжүүлэх тушаал гаргасан хэдий ч ажилтан, ажил олгогч нь харилцан тохирох, тушаалыг өөрчлөх боломжтой тул гэрээг дуусгавар болгох эсэх талаар талууд санал солилцож байсан нь хууль зөрчихгүй бөгөөд ажилтны гомдол гаргах хугацааг үүгээр хязгаарлаж болохгүй юм.

Нэхэмжлэгч нь өөр ажилд шилжүүлсэн тушаалын талаар ажил хүлээлцсэн 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс хойш, 3 сарын дотор буюу  2016 оны 08 сарын 19-ний дотор шүүхэд хандах байсан ба 2016 оны 08 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Мөн ажлаас чөлөөлсөн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот тушаалын талаар нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот өөр ажилд шилжүүлэн томилох тухай, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзнэ.

2. Ажил олгогчийн дээрх 2 тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг өөр ажилд шилжүүлэх тохиолдолд ажилтантай тохиролцох ёстой байхад “К Б”Х.Зийг Гадаад харилцааны албанд мэргэжилтнээр шилжүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот тушаал гаргасан нь хууль зөрчсөн байх тул тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Үүний дараа, Х.Зийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот тушаалаар ажлаас нь халсан ба тушаалд “...Х.З нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа, гүйцэтгэх захирлын 353 тоот тушаалаар Улаанбаатар хотод шилжин ажиллах байсан ба Солонгос улсад ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажлын 7 хоногт багтаж үүрэгт ажлаа хүлээн авч ажилдаа эргэн оролгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөг хүртэл ажил тасалсан, ...148 540 воныг хувьдаа завшсан...” гэсэн зөрчлүүдийг заажээ.

Ажилтныг өөр ажилд шилжүүлсэн тушаал хууль зөрчсөн тул нэхэмжлэгчийг уг ажлыг хийх байсан, улмаар  ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 148 540 воныг хувьдаа завшсан гэх  зөрчил ямар ч баримтаар тогтоогдоогүй тул ажил олгогчийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй боловч “К Б”ны БНСУ дах төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулахгүй болсон нь тогтоогдсон тул ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

3. Нэхэмжлэгч нь сарын 920 000 төгрөгийн үндсэн цалинтай, сар бүр томилолтын зардал 1 700 000 вон, утасны зардал 200 000 вон, орон сууцны түрээсийн зардлыг ажил олгогчоос авдаг байсан нь хөдөлмөрийн гэрээ, уг зориулалтаар ажил олгогч мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.

Ажилтныг өөр ажилд шилжүүлсэн, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал тус тус хууль зөрчсөн тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, томилолтын зардал, түрээс, ээлжийн амралтын олговрыг авах эрхтэй байна. Харин “К Б”ны БНСУ дах үйл ажиллагаа нь байхгүй болсон тул уг үйл ажиллагааг зогсоосон 2016 оны 07  сарын 08 хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх 2015 оны 11, 12 сар, 2016 оны 1, 3, 4 дүгээр сарын томилолтын зардал нийт 8 500 000 вон, тийзний зардал 1 170 000 вон, 2, 3, 4 сарын утасны зардал 600 000 вон, нийт 10 270 000 вон буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 1.91 төгрөгт шилжүүлж, 19 615 700 төгрөгийг хариуцагч “К Б”наас гаргуулж нэхэмжлэгч Х.Зд олгосон ба үүнээс Х.Зийн нэхэмжлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагад байхгүй тийзний зардал 1 170 000 воныг гаргуулсныг хасна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаас 17 381 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй байна. Үүн дээр нэмж, нэхэмжлэлээс 2016 оны 4 сараас мөн оны 07 сарын 08 хүртэлх хугацааны цалин 3 016 740 төгрөг, ээлжийн амралтын олговор 770 220 төгрөг, 2006 оны 4, 5, 6, 7 сарын 08 хүртэлх хугацааны байрны түрээс  4 636 228 төгрөг, томилолт, утасны зардал 6 494 000 төгрөгийг нэмж гаргуулж хариуцагчаас нийт 32 298 188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1404 дүгээр магадлалын1 дэх заалтыг

“Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан “К Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот өөр ажилд шилжүүлэн томилох тухай, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгож, хариуцагч “К Б”ХХК-иас 32 298 188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Зд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсгийг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 сарын 08 өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч “Х Б” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан Х.Зээс 31 650 000 төгрөгийг гаргуулж “К Б”ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс “К Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 4 544 531 төгрөг гаргуулах шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 1 387 657 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн 2 дах заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг хэвээр үлдээж, хариуцагч “К Б”ХХК-иас 319 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Зд, Х.Зээс 316 200 төгрөгийг гаргуулж  “К Б”ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “К Б”ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлсөн 256 028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА