Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2017/02667/и |
Дугаар | 001/ХТ2018/01530 |
Огноо | 2018-10-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2018/01530
“А Б” СӨХны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00556 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1081 дүгээр магадлалтай,
“А Б”СӨХны нэхэмжлэлтэй
Ж.Ст холбогдох
2 213 231 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзулын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Цэцэгмандал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, Б.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч “А Б”СӨХ-ны нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Хариуцагч Ж.С нь Баянгол дүүрэг, 21а байранд үсчин, гоо сайхны үйлчилгээ явуулдаг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Тус байрыг “А Б”СӨХ нь хариуцан ажилладаг бөгөөд Ж.С нь тус байрны өмчлөгч, үйлчлүүлэгч тул СӨХ-ны дээд зөвлөлийн тарифын дагуу дундын өмчлөлийн эзэмшиж байгаа м.кв-ын дагуу дундын өмчлөлийн шимтгэл, хураамж төлөх ёстой. Учир нь Ж.С нь нийтийн эзэмшлийн ус, дулаан зэргийг хэрэглэж байгаа юм. Манай 21а байранд 140 өрх, 8 аж ахуйн нэгжтэй бөгөөд хариуцагч Ж.Сийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь Баянгол дүүрэг, 1 хороо, Богд ар хорооллын 21а байрны 143 тоотод хаягтай.Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч заавал СӨХны гишүүн байхыг хуулиар зохицуулсан тул орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг шаардах эрхтэй. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг орон сууц өмчлөгч хариуцах үүрэгтэй бөгөөд 2015 оны 01-12 дугаар сар, 2016 оны 01-12 дугаар сар, 2017 оны 01-04 дүгээр сарын төлбөр болох нийт 2 213 231 төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ж.Сийн тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: тус “А Б”СӨХ нь өөрийн үйл ажиллагаанд хамаарах ажиллагаа огт хийдэггүй, шаардлагатай засвар үйлчилгээнд анхаарал хандуулж, оршин суугчдын гомдлыг авч хэлэлцдэггүй, бидэнд хамаагүй мэтээр ханддаг байгууллага юм. Орон сууцны цэвэр бохир ус үргэлж бөглөрдөг, усаа хаадаг, халуун хүйтэн ус байнга тасардаг. Мөн хогны асуудал тус байрны хувьд хамгийн хүнд асуудал байдаг. Дээд давхрын айлуудаас шил шаазан, ууттай хог хаягдлыг байнга шиддэг. Тус хаясан хогийг цэвэрлэх талаар болон дээд давхрын айлуудад хэлж шаардлага тавих талаар СӨХ-д хэлэхэд ...бидэнд хамаагүй Цагдаад мэдэгд гэсэн ойлгомжгүй хариу хэлдэг. Хамгийн сүүлд буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 44 минутад СӨХ-ын дарга гэх Ч.Дүгэрсүрэнгийн 99071593 дугаарын утсаар дээрээс аяга шидлээ, энэ асуудлыг шийдэж өгөөч гэхэд тэрээр надад хамаагүй, цагдаад мэдэгд гэсэн хариу хэлсэн. Бохир, цэвэр усны шугам болон сантехникийн засвар үйлчилгээг засварчин дуудаж төлбөртэй үйлчилгээ авдаг. Мөн хог тээврийн асуудлыг бид өөрсдөө сар бүр тээвэрлүүлдэг. Хаалганы өргөтгөл хэсгийн дээврийн хэсгээс борооны ус нэвтэрч цонхны хэсгийн үзэмж муудаж цууралт үүссэн. Мөн гадна талын шатны эрмэгүүд хагарч эвдэрсэн, үүдний өмнөх явган хүний зам цөмөрч хүн явахын аргагүй болсон талаар бид 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус СӨХ-д гомдол гаргаж холбогдох баримт зургуудын хамт өгсөн боловч нэг ч засвар үйлчилгээ хийгээгүй, ямар ч арга хэмжээ аваагүй. Гомдол гаргаснаас хойш удаа дараа бид өөрсдийн хөрөнгөөр эвдрэл гэмтэл, зам талбайг засварлаж байсан. Энэ байрны СӨХ-ны захирал байнга солигддог, солигдох бүртээ СӨХ-ны үйлчилгээний үнэ хөлсийг өөрчилдөг, мөн уг орон сууц өмчлөлийн талаар маргаантай, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй талаар оршин суугчид ярьдаг. Иймээс ажил хийдэггүй, шаардах эрхтэй үгүй нь тодорхойгүй, Ч.Дүгэрсүрэн нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд бид эргэлзэж байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00556 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Ж.Сээс 2 213 231 төгрөг гаргуулах тухай “А Б”СӨХны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 360 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1081 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Сээс 2 213 231 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А Б”СӨХ-д олгосугай гэж найруулж, 2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ж.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 50 362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Б”СӨХ-д олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын 4 дэх тал 2 дахь догол мөрөнд “...Хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан сууц өмчлөгчдийн үүргийг хүлээхгүй боловч үйлчилгээ явуулж СӨХноос үзүүлсэн засвар үйлчилгээг авсан байх тул холбогдох зардлыг төлнө.” Мөн нүүрний 6 дахь догол мөрөнд “Хариуцагчийн тайлбартаа дурдсан холбооны үйл ажиллагаа болон бусад оршин суугчдын зохисгүй үйлдэл, хандлага нь засвар үйлчилгээний зардал төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй...” гэжээ. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “...орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор СӨХ /цаашид “холбоо” гэх/-г байгуулна”. СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-нд “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ...” гэж заасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид СӨХ-д удаа дараа шаардлага тавьж байсан боловч засвар, үйлчилгээ үзүүлдэггүй, бидний хүсэлт шаардлагыг авч хэлэлцдэггүй байсан учир бид өөрсдийн хөрөнгөөр өөр бусад байгууллагад хандаж засвар үйлчилгээ авдаг байсан талаар тайлбарладаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Давж заалдах шатны шүүх СӨХ-ны бидэнд үзүүлээгүй үйлчилгээний төлбөрийг гаргуулах гомдлыг хангасан нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “А Б”СӨХ нь хариуцагч Ж.Ст холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 213 231 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг сууц өмчлөгч гэж үзэж, 2015, 2016 оны бүтэн жилээр, 2017 оны 01-04 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засварын зардлыг төлөх ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч Ж.С нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Богд Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж, 21а байрны 1 дүгээр давхрын 5 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, үсчний газар ажиллуулдаг байна. /хх 30, 49/
Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг орон сууц гэж ойлгох тул үйлчилгээний зориулалт бүхий хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууц гэж үзэхгүй талаар хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарласан боловч давж заалдах шатны шүүх хариуцагч нь СӨХноос үзүүлсэн засвар үйлчилгээг авсан гэж үзэж, зардлыг хариуцуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийг холбогдох зохицуулалтад нийцээгүй дүгнэлтийг хийжээ.
Иргэний хуульд нийтийн зориулалттай орон сууцны барилгад орон сууцыг дангаар өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох, сууц өмчлөгчийн эрх, үүрэг, СӨХг байгуулах, орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч заавал СӨХны гишүүн байх, орон сууцны дундын өмчлөлийн зүйл, түүний төлбөр зардлыг хуваарилах журмыг зохицуулсан бөгөөд уг зохицуулалтад нийтийн зориулалттай орон сууц дахь орон сууцны бус зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн асуудлыг хамруулаагүй байна.
Нийтийн зориулалттай орон сууц дахь орон сууцны бус зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь сууц өмчлөгчийн нэгэн адил СӨХны гишүүн заавал байх, зардлыг төлөх талаар хуулиар үүрэг хүлээгээгүй боловч өмчлөлийн зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой бол тодорхой хэмжээний зардлыг төлөх үүрэг үүсч болно. Хариуцагч Ж.Сийн өмчлөлийн зүйл нь орцны хаалга, цахилгаан шат, сууцны доторх дундын ашиглалтын талбай зэрэг дундын эд хөрөнгөд хамааралгүй боловч дээвэр, сантехникийн шугам сүлжээ, машины зогсоол, хог зайлуулах цэг зэрэг нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой байна.
Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ашиглаж, хөрөнгөжихийг хуулиар хориглосон байдаг тул хариуцагч нь сууц өмчлөгчийн нэгэн адил хуулиар үүрэг хүлээгээгүй хэдий ч дундын өмчлөлийн зүйлийг ашиглаж, эзэмшиж байгаа хэмжээгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээ, засвартай холбоотой зардлыг хариуцан төлөх үүрэгтэй болно. Иймд хариуцагч нь СӨХтой гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд гэрээний үндсэн дээр дундын өмчлөлийн эд зүйлийг ашигласан, засвар хийсэн зардлыг хариуцах ёстой, уг харилцаа нь гэрээгээр зохицуулагдах ёстой болно.
Зохигчдын хооронд гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлд дундын өмчлөлийн зүйлийн төлбөр зардлыг хуваарилах талаар тусгайлан зохицуулсан Иргэний хуулийн хэм хэмжээг хэрэглэх үндэслэлгүй юм.
Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1081 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА