Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01545

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00588 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1097 дугаар магадлалтай,

Д.Бгийн нэхэмжлэлтэй

Д.Эд холбогдох

36 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагч Д.Э, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрчний гудамж, 29а байрны 45 тоот хаягт байрлах, 56.35 м.кв орон сууц худалдаж авахаар тохиролцсон. Хариуцагчийн зүгээс анх 90 гаруй сая төгрөгөөр байраа үнэлж, нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөр 36 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Ипотекийн 8 хувийн зээлээр төлж барагдуулна гэж тохиролцсон боловч ипотекийн зээлийн үндсэн шалгуур нь 1 м.кв-ыг 1 500 000 төгрөгөөр тооцож ипотекийн зээл олгох боломжтой гэх хариу өгсөн. Гэсэн хэдий ч ашиглалтад ороод 7 жил болчихсон байр тул 1 500 000 төгрөгөөс дээш үнэлэхгүй гэх гол шалгуурыг тавьсан боловч хариуцагчийн зүгээс 1 м.кв-ыг 1 730 000 төгрөгөөс доош үнээр үнэлэхгүй гэсэн. Үүнээс шалтгаалан ипотекийн зээл гарах боломжгүй болсон. Тиймээс талуудын хооронд хэд хэдэн маргаантай нөхцөл байдал бий болж, талууд байр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан. Нөгөөтэйгүүр талууд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд 36 800 000 төгрөгийг өгөх үүрэгтэй, тиймээс нэхэмжлэгчийн зүгээс шаардахад эхэндээ өгнө гэх боловч сүүлдээ өгөхгүй гэж дарамталсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс 36 800 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна гэж үзэн хүлээж аваагүй. Тиймээс байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 36 800 000 төгрөгийг Д.Ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэрүүн компанийн ерөнхий захирлаар 27 жилийн турш ажиллаж байна. Энэ хугацаанд ажилчдынхаа нийгмийн асуудлыг судалж, дэмжиж ирсэн. Д.Б нь 2015 оны намар манайд анх ажилд орж байсан. Тухайн үед бололцоогоор ажиллаж, хамт олноос итгэл хүлээлгэж байсан. Би удирдах хүмүүстэй ярилцаж, Д.Бгийн гэр орныг судалсан ба миний нэр дээр Хан-Уул дүүрэгт Хос-Өргөө гэх 2 өрөө байр байсан, тэр байранд оруулахаар болж, урьдчилгаа төлбөрийг манай компаниас бүрдүүлээд өгчихье гэж тохирч бүрдүүлж өгөх асуудлыг менежер н.Баасанжав, н.Пүрэвтуяа нарт үүрэг болгосон. н.Пүрэвтуяа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надаас 5 500 орчим ам.долларыг чекээр авч тооцооны касс н.Оюунчимэгт хамгийн анхны байрны урьдчилгаа мөнгө гэж хэлээд Д.Бгийн дансанд хийлгэсэн. Үүнийг манай хамт олон мэдэж байгаа. Хамгийн анхны 8 000 000 төгрөгийг АТМ-ийн бололцоот мөнгөөр гаргаж, буцааж хийж, авсаар 20 гаруй сая төгрөг болсон. Үүний дараа үлдэгдэл 10 000 000 төгрөгийг Д.Б биеэрээ очиж авч, өөрийн Хас банкны цалингийн карт руу хийж дараа нь миний данс руу 10 200 000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж 12 сарын дундуур хийсэн. Ингээд урьдчилгаа төлбөрийн бичиг баримт бүрдсэн. Үүний дагуу Д.Б бичиг баримтыг бүрдүүлж, Хас банкны Урт цагааны салбарын эдийн засагчтай уулзаж 36 000 000 төгрөгийн эх үүсвэрээ тодорхойлж чадаагүй тул болохгүй юм байна гээд больсон. Дараа нь би Голомт банкны харилцагч болж, салбарын захиралтай ярьж эдийн засагчтай уулзахад таны материалтай танилцсан, зарим зүйл дутуу байсан тул буцааж явуулсан. Танай хүн ярихгүй байсан гэж хэлэхэд нь Д.Бгаас асуухад зээл авахаа больсон гэж надад хэлсэн. Нэг өдөр Д.Б ирээд манай компанийн бүх хард дискийг хуулж аваад алга болсон. Тэгээд шууд мөнгө шаардсан. Д.Б амьдраад 2 жил болохдоо нэг ч мөнгө өгөөгүй. Байртай болж болно гэхдээ ийм аргаар авах ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Би хэн нэгнийг байртай болгох гэж дэмжсэн. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00588 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Э.Энх-Эрдэнээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүйболгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1097 дугаар магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Д.Б би “Сэрүүн” ХХК-д 2013 оны оны 08 дүгээр сард ахлан нягтлан бодогчоор ажилд орсон. Би ажилд орсон цагаасаа эхлэн “Сэрүүн” ХХК-ийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байсан. “Сэрүүн” ХХК нь намайг ажилд ороод удаагүй байхад эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан. “Сэрүүн” ХХК-ийн 800 000 000 орчим сая төгрөгийн татвараас нуун дарагдуулсан орлого, эд хөрөнгийг ил болгож, татварын диамонд программыг шинээр нээж бүртгэл хөтлөн анхан шатны баримтуудыг цуглуулан тайлан балансыг шинээр шивсэн. Дээрх ажлыг хийж байх хугацаанд өдөр бүр өглөө найман цагаас оройны 23 цаг хүртэл ажиллаж байсан. Тус компани нь 25 жил үйл ажиллагаа явуулж байсан боловч санхүүгийн бүртгэл мөртлөө санхүүгийн бүртгэл огт байхгүй байсан учраас диамонд программ дээр бүртгэл хөтөлж данс тооцоотой болгосон. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа Сэрүүн ХХК-ийн захирал Д.Э-ийг Хан-Уул дүүргийн 3-р хороо, үйлдвэрчний гудамж, 29/а байрны 45 тоотод байрлах 56.35 м.кв орон сууцыг худалдан борлуулах гэж байгаа талаар мэдсэн. Ингээд Д.Этэй 2015 оны 11 дүгээр сарын 15-ны орчим уулзаж орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Байрны урьдчилгаа төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5 200 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2 400 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10 200 000 төгрөг, нийтдээ 36 800 000 төгрөгийг Д.Э-ийнХас банкны 5001465586 тоот дансанд шилжүүлсэн. Тус мөнгийг өөрийн төрсөн ах Д.Дэлгэрнямаас 10 000 000 төгрөг, ээжийнхээ тэтгэвэрийн зээлийг авахуулж 8 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг гэр бүлийнхнээсээ авсан. Д.Б би 2000 оноос хойш өөрийн гэсэн орох оронтой болох гэж үндсэн ажлын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаа эрхэлж мөнгө хуримтлуулж байсан. Ингээд цуглуулж хураасан болон гэр бүлийнхнээсээ авсан бүх мөнгөө Д.Э-ийнбайрыг худалдан авахын тулд урьдчилгаанд өгсөн. Үлдэгдэл төлбөрийг ипотекийн найман хувийн зээлээр болон компанид хийсэн ажлын хөлс зэргийг оруулан тооцож төлөхөөр болсон. Банкуудын үнэлгээгээр тус байрыг 1 м.кв-ыг нь 1 500 000 төгрөгөөр тооцож ипотекийн зээл гаргах боломжтой гэсэн хариуг өгсөн. Харин Д.Э-ийнзүгээс маргаан бүхий байрыг 1 м.кв-ыг нь 1 730 000 төгрөгөөс доош үнэлэхгүй гэсэн. Иймээс ипотекийн зээл гарах боломжгүй болсон. Гэтэл Д.Э-ийнзүгээс байр суллаж өг гэж шүүхэд хандсан байсан. Миний зүгээс удаа дараа Д.Ээс байрны урьдчилгаанд төлсөн мөнгөө нэхсэн боловч эхэндээ өгнө гэж байснаа сүүлдээ өгөхгүй байх элдэв шалтаг хайж эхэлсэн. Би өөрийн болон ээж, ах дүү нараасаа их хэмжээний мөнгийг авч, мөн өөрийн хураасан мөнгөө байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн байхад өөрөө өгсөн мэтээр шүүхийн байгууллагад илэрхий тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд хууль зүйн хувьд дүгнэлт өгөөгүй. Илтэд нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв Д.Э-ийннадад мөнгө өгч байсан гэж байгаа бол мөнгө өгч байсан гэдгээ нотлох ёстой гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр би хэрэв надад 36 800 000 төгрөг байгаагүй бол банк 36 800 000 төгрөгийн гүйлгээг Д.Э-ийнданс рүү хийхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Д.Э-ийнкартыг намайг авсан мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Би Д.Э-ийнхувийн данс төлбөр тооцоо руу огт ойртож байгаагүй. Картыг нь ч авч байсан удаа байхгүй. Мөн Д.Э-ийнданснаас гарсан мөнгө болгоныг намайг авсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн данс бол Д.Э-ийнхувийн данс юм. Би Д.Э-ийнданс руу байрныхаа урьдчилгаа төлбөрийг аль болох хурдан шилжүүлэх гэж хичээж байсан. Би Д.Э-ийнданс /карт/-аас мөнгө авч байсан удаа байхгүй. Д.Э нь шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэгчээр өөрийнхөө данс руу байрны урьдчилгаа хийлгээд байсан утгатай зүйл хэлдэг. Гэтэл цагдаагийн байгууллагад хандах болохоороо би над руу мөнгө хийгээд байсны огт мэдээгүй гэх зөрүүтэй тайлбарыг гаргадаг. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хүнээс байрны урьдчилгаанд төлсөн мөнгийг өгөхгүй байх арга хайж байгаа болохыг илтгэж байна. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар намайг Д.Ээс мөнгө авч байгаагүй болохыг тогтоосоор байхад үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Сэрүүн ХХК, Д.Э-ийннэхэмжлэлтэй, Д.Бд холбогдох хэрэгт авагдсан баримт болон Мөн гэрч Б.Пүрэвтуяа, Н.Оюунчимэг нарын мэдүүлэгт хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 183/ШШ2017/02512 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Сэрүүн” ХХК. Д.Э нар зээлийн гэрээний дагуу Д.Бд 36 800 000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй” гэх дүгнэлт хийж мөнгө шилжүүлэн өгөөгүй болохыг тогтоосон. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 383 тоот магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь өмнөх шүүхийн шийдвэр, магадлал агуулгыг бодит байдлаас зөрүүтэйгээр тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэрүүн ХХК, Д.Э нарын нэхэмжлэлтэй, Д.Бд холбогдох хэргийг шийдвэрлэхэд шүүхээс Д.Бд мөнгө шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдсон байхад нэгэнт шүүхээс үнэлэлт дүгнэлт өгсөн асуудалд анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийж хуулиар тогтоосон журам зөрчсөн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 36 800 000 төгрөгийг Д.Бгийн зүгээс шилжүүлсэн болох нь Хас банкны орлогын баримтуудаар нотлогдож байгаа. Гэтэл хариуцагчийн данснаас гарсан л бол нэхэмжлэгч авсан мэтээр таамаглаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт /“хариуцагч Д.Ээс 36 800 000 төгрөгийг гаргуулж Д.Бд олгосугай” гэж/ оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б нь орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 36 800 000 төгрөгийг хариуцагч Д.Ээс гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байрны урьдчилгаа мөнгө төлөөгүй, орон сууцны зээл авахын тулд миний болон компанийн мөнгийг өөрийн нэрийн өмнөөс миний дансанд шилжүүлсэн гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Зохигчид нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориг байсан үйл баримтыг маргаагүй боловч гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт нийцсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Орон сууцны урьдчилгаа 36 800 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө төлсөн эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болсон байна.

Хэрэгт Д.Бгийн зүгээс 6 удаагийн төлөлтөөр 2015 оны 12 сарын 02, 03, 06, 12, 21, 2015 оны 11 сарын 30-ны өдөр тус тус нийт 36 800 000 төгрөгийг байрны урьдчилгаа гэсэн зориулалтаар Д.Э-ийндансанд шилжүүлсэн баримт байх боловч 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 8 000 000 төгрөгийг Н.Оюунчимэг Д.Бгийн нэрийн өмнөөс шилжүүлсэн, Н.Оюунчимэг нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...8 000 000 төгрөгийг Сэрүүн ХХК-ийн данснаас авч тушаасан ...” гэсэн, 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 10 200 000 төгрөгийг Д.Б өөрөө тушаасан боловч уг мөнгө нь Булгат мөрөн /Сүмт өргөө/ ХХК-аас Сэрүүн ХХК-д шилжүүлсэн ажлын хөлсийг Д.Б хүлээж аваад тушаасан болох нь тогтоогджээ.

Хоёр шатны шүүх гэрч Э.Булгантамир, Н.Оюунчимэг, Б.Пүрэвтуяа нарын мэдүүлэг, сиди бичлэгт хийсэн үзлэг зэрэг баримтад тулгуурлан байрны урьдчилгаа төлбөрийг Д.Б өөрөөсөө төлсөн гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна. 

Д.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 36 800 000 төгрөгийг гаргуулах тухай  Д.Э, Сэрүүн ХХК-ийн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02512 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 383 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн ба уг шийдвэрээр 36 800 000 төгрөгийг Д.Бд зээлдүүлсэн гэх байдал тогтоогдоогүй болохыг дүгнэжээ. Шүүхийн уг шийдвэрээр Д.Б нь Д.Ээс 36 800 000 төгрөгийг зээлээгүй гэсэн үйл баримтыг тогтоосон бөгөөд харин уг мөнгө нь Д.Бгийн хөрөнгө мөн эсэхийг шийдвэрлээгүй, шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэр нь энэ маргааны үйл баримтад нөлөөлөхгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1097 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА