Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01547

 

“Л Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00426 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1278 дугаар магадлалтай,

“Л Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

Э.Э, Б.О, Г.Гнарт холбогдох

8888...., 9911.... дугаарыг хууль ёсны эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Баянмөнх, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Э.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Р.Батцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л Г”ХХК-ийн захирал А.Баянмөнхөөс тус шүүхэд хандаж 2 нэхэмжлэлийн шаардлагыг тус тусад нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг нэгтгэгдсэн учраас нэгтгээд ярья. “Л Г”ХХК-ийн захирал А.Баянмөнх миний бие Мобиком корпораци ХХК-ийн 9911...., Юнител ХХК-ийн 8888.... дугааруудыг тус компанитай нь гэрээ байгуулан 12 сая төгрөгөөр худалдан авч, 8888.... дугаарын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс, Мобиком корпораци ХХК-ийн 9911.... дугаарыг 2001 оноос хойш хууль ёсны дагуу тус тус эзэмшиж байгаа юм. Манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан миний хууль ёсны эзэмшлийн 8888.... дугаарыг “Л Г”ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 1.А.Баянмөнх миний бие бизнесээ эрхлэх явцад санхүүгийн хэрэгцээ гарсан тул 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Э.Эод 9911.... дугаараа барьцаалж 10 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5% хүүтэй зээлсэн. 2. Үүний дараа 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 8888.... дугаарыг мөн Э.Эод барьцаалж, 10 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5% хүүтэй зээлсэн. Үндсэн зээлээс төлж чадаагүй ч зээлийн хүүг хугацаанд нь бэлэн мөнгөөр түүнд төлж байсан ба зах зээл, санхүүгийн хямрал болон Монгол улсын Засгийн газраас өвсний экспортод хориг тавьсны улмаас миний бизнесийн үйл ажиллагаа санхүүжилтийн хүндрэлтэй байдалд орж Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт бэлтгэж байсан өвсний бизнес зогссон. Энэ байдлаас шалтгаалж Э.Эод төлөх байсан зээл, хүүгийн асуудлыг нэг мөсөн төлж чадахгүйд хүрсэн. Гэвч Э.Этой ярилцаад харилцан ойлголцож, энэ асуудлыг сунгуулаад явж байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Фидуцийн гэрээ гэдэг нэртэй боловч 10, 10 сая төгрөгийг тус тусад нь зээлийн гэрээ байгуулж хүүтэй, хугацаатай зээлсэн байдаг. 2017 оны 6 дугаар сараас эхлэн зээлийн асуудлаа шийдэхээр Э.Э руу ярих гэхээр Э.Э зугтаж эхэлсэн. Мөнгөө төлөөд дугаараа авъя гэтэл дугаарыг хүнд зарсан гэж тайлбарласан. Хэнд, хэзээ, ямар үнээр худалдсан юм бэ, яагаад эзэнд нь мэдэгдэхгүйгээр худалдсан юм бэ, миний дугаарыг дураараа зарах эрх танд байхгүй гэхэд, дуртай газраараа яваад олоорой гэж тавлан доромжилсон. Миний дугаарыг надад мэдэхгүйгээр хэнд зарчихав гэхээр тодорхой хариу хэлэхгүй зугтаагаад байсан учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Э тус шүүхийн захирамжид гаргасан гомдлын хуралд тайлбарлахдаа барьцаанд авсан 8888...., 9911.... дугаарыг бусдад худалдан борлуулсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байсан боловч одоо өөр зүйл ярьж байгаа нь ИХШХШТХ-ийн 42.1-тэй нийцэхгүй байна. Талуудын хооронд хийгдсэн 2016.7.08, 2017.8.03-ны өдрүүдийн бичгээр хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний шинжийг бүрэн агуулж байгаа. Энэ гэрээний 13-р зүйлд барьцаа хөрөнгө болох уг дугаарын зах зээлийн үнэ буурах буюу үнэгүйдэх тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлнэ гэж 2 гэрээнд хоёуланд нь тодорхойлсон байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 235-д заасан фидуцийн харилцаа үүссэн гээд байгаа нь боломжгүй, мөн хуулийн 153-р зүйлд заасны дагуу А.Баянмөнх, Э.Э нарын хооронд барьцааны эрхийн харилцаа үүссэн 154,156-р зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд энэ хуульд заасан журмын дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулна гэж байгаа. Нөгөөтэйгүүр Э.Эын зүгээс А.Баянмөнхийн хөрөнгийг ямар байдлаар үнэлсэн үнэлгээ байхгүй, мөн дээрх дугааруудаа үнэлэх эрх нь А.Баянмөнхөд байсаар байхад энэ эрхийг нь эдлүүлээгүй байгаа. Хэрвээ барьцааны зүйлийг Э.Э өөрөө хүлээн зөвшөөрөөд худалдсан юм бол Иргэний хуулийн 158 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн эзэнд худалдах гэж байгаа тухайгаа мэдэгдэх ёстой. Мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор худалдах эрх байхгүй юм. Худалдан борлуулах журмыг яаж хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байгаа юм. Зээлийн мөнгийг чинь төлье, дугаараа буцааж авья гэхэд Э.Э татгалзаж, миний дугааруудыг хаалгасан байна. Манай “Л Г”ХХК-ийн 8888.... дугаар нь одоо зах зээлийн үнэлгээгээр 100 сая төгрөгийн, 9911.... дугаар нь 50 сая төгрөгийн үнэтэй дугаар тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. “Л Г”ХХК-ийн өмчлөлийн эзэмшил болох Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт 9911.... дугаар, Юнител ХХК-ийн 8888.... дугаарыг тус тус эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр хаалгаад бусдад дур мэдэн худалдсан тул Иргэний хуулийн 90.2-д заасны дагуу 9911.... дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э.Э болон Г.Э.Онарт, Юнител ХХК-ийн 8888.... дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э.Э болон Г.Г нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон тэдний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Л Г”ХХК-ийн захирал А.Баянмөнх зээлийн төлбөрөө төлөхгүй байсан, миний бие Б.Э.Оаас 9.000.000 төгрөгийг сарын 5,5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хоногт 0,5%-ийн алданги тооцохоор тохирч зээл авч зээлийн барьцаанд 9911.... дугаарыг барьцаанд шилжүүлэн өгсөн тул одоо дугаарыг буцаан шилжүүлэх боломжгүй. 2016.07.08-ны өдөр А.Баянмөнх нь өөрөө Э.Этой холбогдоод 10 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна. Та зээлээч гэхэд Э.Э надад байгаа нь 1 сая төгрөг байна гэхэд та 9 сая төгрөг олоод өгчих. Би хүүтэй зээлье гэсний дагуу Э.Э өөрийн бэр эгч Б.Э.Оаас 9 сая төгрөг зээлээд Б.Э.Отай зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 10 сая төгрөг болгоод Э.Эод зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн дараа төд удалгүй А.Баянмөнх дахиад 10 сая төгрөг хэрэгтэй байна гээд 2016.8.03-ны өдөр дахиад 10 сая төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулсан байдаг. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр хийсэн. Дээрээс нь хүү алданги нэхэх эрхтэй. Тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт байдал дээр тулгуурлан хийгдсэн бөгөөд мөн хуулийн 281, 282-р зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулах шаардлагыг бүрэн хангаж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээг бичгээр хийсэн бол хүү алданги шаардах эрхтэй бөгөөд үүнийгээ үүргийн гүйцэтгэлээр гүйцэтгээгүй бол Иргэний хуульд заасан фидуцийн үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 39.1., 42.2., 42.7.-д заасныг бүрэн хангасан тул зээлийн гэрээ болон фидуцийн үүргийн гүйцэтгэл хангуулах аргыг аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Фидуцийн гэрээний 4-р зүйлийн хэсэгчлэн буюу бүхэлд нь төлсөн үйлдэл нь 2 талын гарын үсгээр баталгаажна гэж, 6-р зүйлд хүү алдангийг бүрэн төлснөөр дугаарыг үүрэг гүйцэтгэгчийн нэр дээр буцаан олгоно гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар ямар нэгэн байдлаар төлбөр болон хүү гэж нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацааг хариуцагч талд олгож байхад хариуцагч ямар нэгэн байдлаар төлбөр төлж байгаагүй. Тус үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний 7-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч тус дугаарыг эзэмшилдээ байлгах ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоног өнгөрмөгч үүрэг гүйцэтгүүлэгч уг дугаарыг захиран зарцуулах эрхтэй болно гэсэн байгаа юм. Э.Э нь 10 хоног биш 10 сар А.Баянмөнхийг харсан байдаг. Мөн 2016.08.03-ны өдөр байгуулсан гэрээн дээр А.Баянмөнх нь 2017 оны 6 сар хүртэл ашиглаж байсан. Мөн гэрээний 12-р зүйлд зааснаар зээл төлөх хугацаа дууссанаас хойш зээлээ төлөөгүй бол ярианы эрхийг хаалгаж болно гэсэн заалт байгаа бөгөөд тус гэрээг Леон групп ХХК-ийн захирал А.Баянмөнх нь тамга болон гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мобиком корпораци ХХК-ийн 9911.... гэсэн дугаар дээр тус гэрээний 5.7-д зааснаар эрхээ бусдад шилжүүлж болох тухай заасан бөгөөд өөрийн биеэр хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн зэргээс үзэх юм бол “Л Г”ХХК-ийн захирал нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тус дугаарыг шилжүүлээд, хэрвээ үүргийн гүйцэтгэл хангаагүй бол фидуцаар хангуулна гэснийг заасан. Монгол улсын үнэлгээний тухай хуульд заасан тусгай шаардлага хангасан этгээд үнэлгээ хийдэг байхад тус дугааруудын үнийг Мобиком корпораци ХХК тогтоож байгаа нь эргэлзээтэй. А.Баянмөнх нь үнэлгээчин эсэх нь тодорхой бус атлаа тус дугааруудыг 50 сая, 100 сая төгрөг гэсэн нь үнэлгээний ямар арга аргачлал, ямар тооцооллоор зах зээлийн ямар суурь зарчим болон аргачлал тооцож гаргасан нь тодорхой бус байна. Талуудын хооронд хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасанчилан гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр мөн хуулийн 281, 282 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаад энэ гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж чадахгүй бол 235 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар байгаа юм. Гэхдээ тусгай харилцааны 8.1-д заасанчлан хуульд нийцсэн, гэрээний үндсэн дээр,мөн хуулийн 39, 42, 47 дугаар зүйлд заасан хэлцлийн хэлбэрийг хангасан гэж үзэхээр байна. Фидуцийн гэрээ дууссан, энэ хугацаа дуусаад 10 хоног өнгөрсөн бол захиран зарцуулах эрхтэй. Энэ хүсэл зоригоо А.Баянмөнх өөрөө ойлгоод гарын үсэг зурсан. Тэрнээс хойш 10 сарын хангалттай хугацаа олгосон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00426 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1д заасныг баримтлан үүрэн телефоны 9911...., 8888.... дугааруудыг ”Л Г”ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг Э.Эрдэнцогт, Б.Э.О, Г.Г нарт тус тус даалгаж, 3.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид 46800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Л Г”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1278 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Л Г”ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Баянмөнх, түүний өмгөөлөгч  Б.Батдорж нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байгааг хүлээн авч,шийдвэрлэж өгнө үү. 1. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Давж заалдах шатны шүүх “ИХШХШТХ”-ийн 172.2.2 дугаар зүйлд хуульчлан тогтоосныг зөрчиж, нэхэмжлэгч “Л Г”ХХК-ийн захирал А.Баянмөнхийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгээ оролцох, шударга шүүхэд байр сууриа илэрхийлэх, хариуцагч талтай хуульд заасны дагуу мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчсөн. Нэхэмжлэгч нь өмгөөлөгч Б.Батдоржийг эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон, эмчийн зааврын дагуу хэвтэн эмчлүүлж байгааг магадласан албан ёсны магадлагаа баримт бичгийг гарган өгч, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хэргийн хугацаа дууссан гэдэг шалтгаар хүсэлтийг хангалгүй орхиж, нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх, эрх ашгаа хамгаалуулах эрхийг зөрчсөн байна. Ийнхүү давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж,нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон “ИХШХШТХ”-д заасан эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчжээ. 2. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг “Иргэний хууль”-д тодорхойлсон зээл, барьцааны эрхийн харилцаа мөн байна гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл зөв байсныг нотлож байна. Гэхдээ давж заалдах шатны шүүх барьцааны эрхийн харилцааг зохицуулсан хуулийг дараах байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.Үүнд: 9911.... дугаарын хууль ёсны эзэмшигч “Лион групп”ХХК болон зээлдэгч А.Баянмөнх нарын хэн алин нь зээлийн барьцаанд бариулсан дугаар эзэмших эрхээ чөлөөлүүлэхээр зээлдүүлэгч талд хандаж байсан, түүнтэй удаа дараа утсаар харилцаж, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэн дугаараа буцаан авах талаар тохиролцсон атал хариуцагч Э.Э ямар нэгэн шалтгаангүйгээр уулзахаас татгалзаж, зугатаж байсан тухай нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шинжлэн судлаж үнэлээгүй, буруу тайлбарласанд гомдолтой байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хоёулаа зээл, барьцааны эрхийн харилцаа гэж нэгэн адил дүгнэсэн тул хариуцагч Э.Э зээлийн барьцааны хөрөнгө болох “Лион групп”ХХК-ийн эзэмшлийн 9911.... дугаарыг “Иргэний хууль”-ийн 163.2 дугаар зүйлд заасны дагуу худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй. Гэтэл Э.Э нь анх зээл олгохдоо 9911.... дугаарыг дүү Э.Оынхаа нэр дээр шилжүүлэхийг шаардсан, үүнийг баримтлавал, Э.Оүүргийн гүйцэтгэлийг хангуулах ажлыг гүйцэтгэх эрхтэй. Э.Онь Э.Эод мөнгө зээлдүүлсэн гэрээ гэгч баримтын дагуу “Иргэний хууль”-ийн 282.4 дүгээр зүйлд заасныг нотлох мөнгө өгсөн гэдгийг нотлох баримт гаргаагүйг давж заалдах шатны шүүх үнэлээгүйд гомдолтой. Энэ дугаарын эзэмших эрх ямар үнэ цэнэтэй байсан, ямар үнэ цэнэтэй эд хөрөнгийг ямар хэмжээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн авч байгаа эсэх, хэрэв ийм үйл баримт болсон бол яагаад үүнийг нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр нууцаар хийсэн, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэе гэсэн хүсэл зоригоо илэрхийлээд байхад түүнд ийм бололцоо олгоогүй учир шалтгааныг тодруулах, “Иргэний хууль”-ийн 163 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэх мэт олон үйл баримтууд нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг нотлоно. Ийм учраас нэхэмжлэгчийн ухуль ёсны эрх ашгийг хохироосон Э.Онараас шаардах хууль ёсны бөгөөд ёс суртахууны бүрэн эрхтэй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх Э.Э “Иргэний хууль”-ийн 163 дугаар зүйлийг зөрчиж, 8888.... дугаарыг Г.Гд худалдсан нь буруу байна” гэж дүгнэсэн атлаа Г.Г нь шударга эзэмшигч тул нэхэмжлэгчийг Г.Гас шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь учир шалтгааны логик холбоогүй, шүүхийн шийдвэрийн энэ үндэслэл муу, маш муу болсон гэж үзнэ. Гэтэл Э.Э болон Э.О, Гантулга нар бүгд нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэдэг нь нотлогдсон ба хэрэгт авагдсан “Юнител”ХХК-ийн 2016.06.20-ны өдрийн “Дугаар эзэмших эрх шилжүүлэх зөвшөөрлийн хуудас” гэдэг баримтыг Давж заалдах шатны шүүх Г.Гантулгыг дугаарыг худалдан авсан нотлох баримтад үүнийг хууль ёсоор авсан гэдгийг нотлож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсонд гомдолтой байна. Монгол Улсын “Иргэний хууль”-ийн 8, 92, 106, 160,163, 243 дугаар зүйлийг үндэслэвэл, нэхэмжлэгч “Л Г”ХХК нь өөрийнхөө хохирсон эрх ашгаа хамгаалах, бусдын хууль бус өмчлөл, эзэмшлээс эд хөрөнгөө шаардах, шударга шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах бүрэн эрхтэй тул шаардах эрх хууль ёсны дагуу үүссэн, үүнийг анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Л Г”ХХК нь хариуцагч Э.Э, Г.Г, Б.Э.Онарт холбогдуулан барьцааны зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл  гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй, маргажээ.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.

“Л Г”ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Э.Этой “Фидуцийн гэрээ” нэртэй гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор компанийн эзэмшилд бүртгэлтэй 9911.... дугаарыг Э.Эын заасан этгээд Б.Э.Оын эзэмшилд шилжүүлсэн, мөн оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин гэрээ байгуулан 10 000 000 төгрөг зээлж, компанийн эзэмшлийн 8888.... дугаарыг Э.Эын нэр дээр шилжүүлсэн, “Л Г”ХХК нь 2 гэрээний үүргээ биелүүлээгүй, 9911.... дугаарын эрх Б.Э.Оын эзэмшилд хэвээр байгаа, 8888.... дугаарын эрх Г.Гантулгын эзэмшилд шилжсэн баримтууд хэрэгт авагджээ.

“Л Г”ХХКомпанийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо  барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахдаа хариуцагч нарыг хууль зөрчсөн гэж үзэж, барьцааны зүйлийг буцааж шилжүүлэхийг шаардсан бол хариуцагч Э.Э Б.Э.Онар нь фидуцийн зүйлийн захиран зарцуулах эрхтэй гэж, хариуцагч Г.Г нь шударга эзэмшигч гэж маргасан байна. Зохигчид нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар буюу барьцааны эсвэл фидуцийн гэрээний үүрэг үүссэн талаар маргасан, шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон байна.

Гэрээний агуулга, гэрээний нэр томьёо, талуудын хүсэл зориг, гэрээгээр хүлээсэн үүрэгт тулгуурлан хоёр шатны шүүх зохигч талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй хэдий ч үндсэн гэрээ буюу зээлийн гэрээний үүрэг шийдвэрлэгдээгүй байхад барьцааны зүйлийн эрхийг үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй эсэх, барьцааны зүйл бусдад шилжсэн, буцаах боломжгүй тохиолдолд барьцааны зүйлийн үнэ тогтоогдсон эсэхийг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь “барьцааны зүйлийг буцаан шилжүүлэх” гэж тодорхойлсноос үзэхэд өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хүссэн эсвэл зээлийн үүргээ биелүүлэх учир барьцааны зүйлийг хариуцагч нь захиран зарцуулах эрхгүй, эсвэл  барьцааны зүйлийг худалдан борлуулах хуульд заасан журмыг хариуцагч нар баримтлах ёстой гэж үзсэн аль нь болохыг тодруулах шаардлагатай байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00426 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1278 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА