Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1278

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00426 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Э.Э, Г.О, Г.Га нарт холбогдох

 

88887777, 99113993 дугаарын эзэмших эрхийг хууль ёсны эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш

Хариуцагч Э.Э, түүний өмгөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ЛГ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Мобиком корпораци” ХХК-ийн 99113993, “Юнител” ХХК-ийн 88887777 дугааруудыг тус компанитай нь гэрээ байгуулан 12 000 000 төгрөгөөр худалдан авч, 88887777 дугаарыг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс,  99113993 дугаарыг 2001 оноос хойш эзэмшсэн. 88887777 дугаарыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан “ЛГ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.

Надад санхүүгийн хэрэгцээ гарсан тул 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Э.Эод 99113993 дугаараа барьцаалж 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй зээлсэн. Үүний дараа 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 88887777 дугаарыг мөн Э.Эод барьцаалж, 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хүүг хугацаанд нь бэлэн мөнгөөр төлж байсан. Санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан зээлийг төлж чадаагүй боловч энэ тухай Э.Этой харилцан ярилцаж, хугацааг сунгуулж байсан. Талуудын байгуулсан гэрээ нь фидуцийн гэрээ нэртэй боловч тус бүр 10 000 000 төгрөгийг тус тусад нь зээлийн гэрээ байгуулж хүүтэй, хугацаатай зээлсэн. 2017 оны 6 дугаар сараас эхлэн зээлийн асуудлаа шийдвэрлэж, мөнгөө төлөөд дугаараа авъя гэхэд дугаарыг зарсан гэсэн бөгөөд надад мэдэгдэхгүй хэнд зарав гэхэд тодорхой хариу хэлэхгүй зугтаад байсан. Э.Э гомдол хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа барьцаанд авсан 88887777, 99113993 дугаарыг бусдад худалдан борлуулсан гэдгээ зөвшөөрсөн. Талуудын хооронд хийгдсэн 2016 оны 7 дугаар сарын 08, 2017 оны 8 дугаар  сарын 03-ны өдрүүдийн бичгээр хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний шинжийг бүрэн агуулсан.

Гэрээний 13 дугаар зүйлд уг дугаарын зах зээлийн үнэ буурах буюу үнэгүйдэх тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлнэ гэж тодорхойлсон. Тиймээс Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн харилцаа үүссэн гэх боломжгүй, мөн хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу А.Баянмөнх, Э.Э нарын хооронд барьцааны эрхийн харилцаа үүссэн 154, 156 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд энэ хуульд заасан журмын дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулна гэсэн. Э.Эын зүгээс А.Баянмөнхийн хөрөнгийг ямар байдлаар үнэлсэн үнэлгээ байхгүй. Барьцааны зүйлийг Э.Э өөрөө зөвшөөрч худалдсан бол Иргэний хуулийн 158 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн эзэнд худалдах тухайгаа мэдэгдэх ёстой. Мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор худалдах эрхгүй. Зээлийн мөнгийг төлье, дугаараа буцааж авья гэхэд Э.Э татгалзаж, миний дугааруудыг хаалгасан. “ЛГ” ХХК-ийн 88887777 дугаар нь одоо зах зээлийн үнэлгээгээр 100 000 000 төгрөгийн, 99113993 дугаар нь 50 000 000 төгрөгийн үнэтэй.

Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасны дагуу 99113993 дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э.Э, Г.О нарт, “Юнител” ХХК-ийн 88887777 дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э.Э, Г.Га нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “ЛГ” ХХК-ийн захирал А.Баянмөнх зээлийн төлбөрөө төлөхгүй байсан. Би Б.Оюунмандахаас 9 000 000 төгрөгийг сарын 5.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлж, барьцаанд 99113993 дугаарыг шилжүүлсэн бөгөөд одоо дугаарыг буцаан шилжүүлэх боломжгүй.

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр А.Баянмөнх нь Э.Этой холбогдон “яаралтай 10 000 000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч” гэсэн. Э.Э надад 1 000 000 төгрөг байна гэхэд та 9 000 000 төгрөг олоод өгчих, би хүүтэй зээлье гэснээр Э.Э өөрийн бэр эгч Б.Оюунмандахаас 9 000 000 төгрөг зээлж, түүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Үүний дараа А.Баянмөнх дахин 10 000 000 төгрөг хэрэгтэй байна гэснээр 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулсан.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт байдал дээр тулгуурлан хийгдсэн бөгөөд мөн хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулах шаардлагыг бүрэн хангасан. Мөн гэрээ нь Иргэний хуулийн 39.1, 42.2, 42.7 дахь хэсгийн заалтыг бүрэн хангасан тул зээлийн гэрээ болон фидуцийн үүргийн гүйцэтгэл хангуулах аргыг талууд хүлээн зөвшөөрсөн.

Фидуцийн гэрээний 4-д “хэсэгчлэн буюу бүхэлд нь төлсөн үйлдэл нь 2 талын гарын үсгээр баталгаажина” гэж, 6-д “хүү алдангийг бүрэн төлснөөр дугаарыг үүрэг гүйцэтгэгчийн нэр дээр буцаан олгоно” гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар ямар нэгэн төлбөр болон хүү огт төлөөгүй бөгөөд 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацааг олгосон боловч төлбөр төлөөгүй. Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний 7-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч тус дугаарыг эзэмшилдээ байлгах ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоног өнгөрмөгц үүрэг гүйцэтгүүлэгч уг дугаарыг захиран зарцуулах эрхтэй гэсэн.

Гэрээний 12-д “зээл төлөх хугацаа дууссанаас хойш зээлээ төлөөгүй бол ярианы эрхийг хаалгаж болно” гэж заасан бөгөөд гэрээнд “ЛГ” ХХК-ийн захирал А.Баянмөнх гарын үсгээ зурж, тамгалан баталгаажуулсан.

“Мобиком корпораци” ХХК-ийн 99113993 гэсэн дугаарыг тус гэрээний 5.7-д зааснаар эрхээ бусдад шилжүүлж болохоор заасан бөгөөд “ЛГ” ХХК-ийн захирал өөрийн биеэр хүсэлт гаргасан тал түүний хүсэл зоригийн дагуу дугаарыг шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг фидуциэр хангуулна гэж заасан.

Монгол Улсын үнэлгээний тухай хуульд зааснаар тусгай шаардлага хангасан этгээд үнэлгээ хийх боловч тус дугааруудын үнийг “Мобиком корпораци” ХХК тогтоосон.

Фидуцийн гэрээний хугацаа дуусаад 10 хоног өнгөрсөн тул захиран зарцуулах эрхтэй. Энэ хүсэл зоригоо А.Баянмөнх өөрөө ойлгоод гарын үсэг зурсан. Түүнд 10 сарын хугацаа олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэн утасны 99113993, 88887777 дугааруудыг “ЛГ” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг Э.Эрдэнцогт, Б.Оюунмандах, Г.Га нарт тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид 46 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЛГ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар фидуциэр хангуулахаар талуудын байгуулсан гэрээний агуулгыг үнэлээгүй барьцааны гэрээ гэж буруу дүгнэсэн. Барьцааны гэрээний барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, өөр этгээд аль нь ч болох боловч тухайн хөрөнгийн өмчлөгч байдаг. Мөн барьцааны зүйл талуудын хэний эзэмшилд байхыг заах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө болон эргэлтэд байгаа эд хөрөнгүүдийн хувьд барьцааны зүйлийн эзэмшил барьцаалагчийн эзэмшилд байх боломжгүй тул барьцааны эрхийн өмчлөгч нь барьцаалуулагч байдаг.

Харин үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны эрхийг барьцаалагчийн өмчлөлд шилжүүлж байгаа нь фидуци гэрээ гэж Иргэний хуульд заасан байхад анхан шатны шүүх барьцааны гэрээ гэж үнэлсэн нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийн заалтыг анхан шатны шүүх үнэлээгүй. Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлдэг бөгөөд "ЛГ" ХХК нь иргэн Э.Э, Б.Оюунмандах нарын өмчлөлд шилжүүлсэн нь фидуцийн гэрээний гол шаардлагыг хангасан.

Мөн "хариуцагч Э.Э, Б.Оюунмандах нарыг 99113993 дугаарын, хариуцагч Э.Э, Г.Га нарыг 88887777 дугаарын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй" гэж анхан шатны шүүх үзсэн бөгөөд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар фидуци гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлэн өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл биш байхад анхан шатны шүүх хууль зөрчиж өмчлөх эрх олж авсан гэсэн нь эргэлзээтэй.

Анхан шатны шүүх "нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу 99113993, 88887777 дугаарыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж үзсэн бөгөөд хууль буюу гэрээний үндсэн дээр тус утасны дугааруудыг өөрийн эзэмшилд авсан бөгөөд хууль зөрчсөн үйлдлээр аваагүй байхад шүүхээс Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийн заалтыг үнэлээгүй, "ЛГ" ХХК-ийг өмчлөгч гэж үзсэн нь ойлгомжгүй.

99113993 нь “Мобиком корпораци” ХХК-ийн, 88887777 дугаар нь “Юнител” ХХК-ийн өмчлөлийн зүйл бөгөөд тус хэрэгт гуравдагч этгээдийн эрх ашиг байсныг анхан шатны шүүх хянаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дотор хянан шийдвэрлээгүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хэргийг хянан шийдвэрлээгүй процессын алдаа байна. Шүүх иргэн Э.Э 88887777 дугаарыг гуравдагч этгээд болох Г.Гад фидуцийн гэрээний 7 дугаар зүйлд зааснаар худалдан борлуулсан боловч шүүхээс шудрага эзэмшигч Г.Гын эрх ашгийг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн хоорондоо харилцсан утасны мессэжид үзлэг хийж дугаарыг бусдад борлуулах болсоныг мэдэгдсэн зэрэг баримтыг үнэлээгүй.

Бусдаас мөнгө зээлж үүргийн гүйцэтгэлээ хангуулахдаа зээлдүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлж үйлдлийн учир холбогдлоо ойлгож гэрээ байгуулж, зээлсэн төлбөр болон хүү, алдангиас нэг ч төгрөг төлөөгүй. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч “ЛГ” ХХК нь шүүхэд хандан, хариуцагч Э.Энхтүвшин, Г.Га, Б.Оюунмандах нар холбогдуулан барьцааны зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            “ЛГ” ХХК, Э.Эоос 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй зээлж “Фидуцийн гэрээ” нэртэй гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор компанийн эзэмшилд бүртгэлтэй 99113993 дугаарыг Б.Оюунмандахын эзэмшилд, мөн оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин гэрээ байгуулан 10 000 000 төгрөг зээлж, компанийн эзэмшлийн 88887777 дугаарыг Э.Эын нэр дээр тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан фидуцийн гэрээнүүд, “Мобиком корпораци” ХХК-иас ирүүлсэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний гэрээ, гэрээ шилжүүлэх баримт, “ЛГ” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай хүсэлт, Юнител” ХХК-ийн төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ зэрэг бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-9, 58, 99, 105-110, 112, 115, 119 дэх тал/

            Талууд дээрх үйл баримтын хувьд маргаангүй, харин гэрээгээр тохирсон үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар марган, нэхэмжлэгч тал “барьцааны эрх” гэж, хариуцагч нь “фидуцийн гэрээ” гэж мэтгэлцжээ. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт фидуцийн зүйл нь хөдлөх эд хөрөнгө байхаар, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болохоор тус тус заажээ.

            Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт зааснаас үзвэл “ЛГ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн үүрэн утасны дугаар эзэмших эрх нь эдийн бус хөрөнгөд хамаарах бөгөөд уг эрх нь барьцааны зүйл байж болохоор дээрх хуульд зохицуулж өгсөн тул нэхэмжлэгч “ЛГ” ХХК, хариуцагч Э.Э нарын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан барьцааны эрх үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх харилцааг зөв тодорхойлон, зохигчдын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээний харилцаа үүсээгүй гэж зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч “ЛГ” ХХК, хариуцагч Э.Э нарын хооронд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үндсэн дээр барьцаа эрх үүссэн бөгөөд барьцааны зүйлийг мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 99113993 дугаарыг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлжээ. Энэ тохиолдолд барьцааны гэрээний хувьд уг дугаарын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч “ЛГ” ХХК хэвээр байх боловч Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасан барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр нөгөө талаас шаардах эрх мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлж дуусгавар болгосноор үүсэх юм.

Нэхэмжлэгч “ЛГ” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь түүний тайлбараар тогтоогдсон тул барьцааны зүйл болох 99113993 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.Оюунмандах нараас шаардах эрхгүй байна.

Харин барьцаалагч буюу хариуцагч тал барьцаа хөрөнгөөр үүргийг хангах тохиолдолд Иргэний хуулийн 163 дугаар зүйлд заасан хөдлөх эд хөрөнгө болон эрхийг худалдах журмыг баримтлах ёстой. Хариуцагч Э.Э уг журмыг зөрчин, нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хариуцагч Г.Гад 88887777 дугаар эзэмших эрхийг худалдсан нь буруу байна.

Хариуцагч Г.Гын хувьд хариуцагч Э.Эоос 88887777 дугаар эзэмших эрхийг худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Юнител” ХХК-ийн “дугаар эзэмших эрх шилжүүлэх зөвшөөрлийн хуудас”-аар нотлогдож байх бөгөөд уг эрхийг хууль бусаар олж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй учир түүнийг шударга эзэмшигч гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч Г.Гаас үүрэн утасны эзэмших эрх шилжүүлэхийг шаардах эрхгүй. Харин хариуцагч Э.Эоос 8888**** дугаарын эзэмших эрхийг худалдах хуулиар тогтоосон журмыг зөрчсөнтэй холбогдуулан өөрт учирсан хохирлоо шаардах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй. /хх-122 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчин, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Ч.ЦЭНД