Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/00426

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/00426

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар

 

            Нэхэмжлэгч Л ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч Э /РД: /

 

            Хариуцагч:Г /РД: /

 

            Хариуцагч:О /РД: // нарт холбогдох

 

            88887777, 99113993 дугаарыг хууль ёсны эзэмшилд буцаан шилжүүлэхийг Э, Г, О нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Б, хариуцагч Э, Г, Онарын төлөөлөгч Ш, нарийн бичгийн даргад Б.Байгалмаа нар оролцов.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.

 

Л ХХК-ийн захирал Бөөс тус шүүхэд хандаж 2 нэхэмжлэлийн шаардлагыг тус тусад нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг нэгтгэгдсэн учраас нэгтээд ярья.

 

Л ХХК-ийн захирал Б миний бие Мобиком корпораци ХХК-ийн 99113993, Юнител ХХК-ийн 88887777 дугааруудыг тус компанитай нь гэрээ байгуулан 12 сая төгрөгөөр худалдан авч, 88887777 дугаарын  2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс, Мобиком корпораци ХХК-ийн 99113993 дугаарыг 2001 оноос хойш хууль ёсны дагуу тус тус  эзэмшиж байгаа юм. Манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан миний хууль ёсны эзэмшлийн 88887777 дугаарыг Л ХХК- ийн нэр дээр шилжүүлсэн.

 

1.Б миний бие бизнесээ эрхлэх явцад  санхүүгийн хэрэгцээ гарсан тул 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Эод 99113993 дугаараа барьцаалж 10 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5% хүүтэй зээлсэн.

 

 2.Үүний дараа 2016 оны 8 дугаар сарын 09-ний  өдөр 88887777 дугаарыг   мөн Эод барьцаалж, 10 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5% хүүтэй зээлсэн.

 

Үндсэн зээлээс төлж чадаагүй ч зээлийн хүүг хугацаанд нь бэлэн мөнгөөр түүнд төлж байсан ба зах зээл, санхүүгийн хямрал болон Монгол улсын Засгийн газраас өвсний экспортод хориг тавьсны улмаас  миний бизнесийн үйл ажиллагаа санхүүжилтийн хүндрэлтэй байдалд орж  Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт бэлтгэж байсан өвсний бизнес зогссон. Энэ байдлаас шалтгаалж Эод төлөх байсан зээл, хүүгийн асуудлыг нэг мөсөн төлж чадахгүйд хүрсэн. Гэвч Этой ярилцаад харилцан ойлголцож, энэ асуудлыг сунгуулаад явж байсан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь  Фидуцийн гэрээ гэдэг нэртэй боловч 10,10 сая төгрөгийг тус тусад нь зээлийн гэрээ байгуулж хүүтэй, хугацаатай  зээлсэн байдаг.

 

2017 оны 6 дугаар сараас эхлэн зээлийн асуудлаа шийдэхээр Э руу ярих гэхээр Э зугтаж эхэлсэн. Мөнгөө төлөөд дугаараа авъя гэтэл дугаарыг хүнд зарсан гэж тайлбарласан. Хэнд, хэзээ, ямар үнээр худалдсан юм бэ, яагаад эзэнд нь мэдэгдэхгүйгээр худалдсан юм бэ, миний дугаарыг дураараа зарах эрх танд байхгүй гэхэд, дуртай газраараа яваад олоорой гэж тавлан доромжилсон.

 

Миний дугаарыг надад мэдэхгүйгээр хэнд зарчихав гэхээр тодорхой хариу хэлэхгүй зугтаагаад байсан учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Э тус шүүхийн захирамжид гаргасан гомдлын хуралд тайлбарлахдаа барьцаанд авсан 88887777, 99113993 дугаарыг бусдад худалдан борлуулсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байсан боловч одоо өөр зүйл ярьж байгаа нь ИХШХШТХ-ийн 42.1-тэй нийцэхгүй байна. Талуудын хооронд хийгдсэн 2016.7.08, 2017.8.03-ны өдрүүдийн бичгээр хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 281- дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний шинжийг бүрэн агуулж байгаа.

 

Энэ гэрээний 13-р зүйлд барьцаа хөрөнгө болох уг дугаарын зах зээлийн үнэ буурах буюу үнэгүйдэх тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлнэ гэж 2 гэрээнд хоёуланд нь тодорхойлсон байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 235-д заасан фидуцийн харилцаа үүссэн гээд байгаа нь боломжгүй, мөн хуулийн 153-р зүйлд заасны дагуу Б, Э нарын хооронд барьцааны эрхийн харилцаа үүссэн 154,156-р зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд энэ хуульд заасан журмын дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулна гэж байгаа. Нөгөөтэйгүүр Эын зүгээс Бийн хөрөнгийг ямар байдлаар үнэлсэн үнэлгээ байхгүй, мөн дээрх дугааруудаа үнэлэх эрх нь Бөд байсаар байхад энэ эрхийг нь эдлүүлээгүй байгаа.

 

Хэрвээ барьцааны зүйлийг Э өөрөө хүлээн зөвшөөрөөд худалдсан юм бол Иргэний хуулийн 158 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн эзэнд худалдах гэж байгаа тухайгаа мэдэгдэх ёстой. Мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор худалдах эрх байхгүй юм. Худалдан борлуулах журмыг яаж хэрэгжүүлсэн нь  тодорхойгүй байгаа юм.

 

Зээлийн мөнгийг чинь төлье, дугаараа буцааж авья гэхэд Э татгалзаж, миний дугааруудыг хаалгасан байна. Манай Л ХХК-ийн 88887777 дугаар нь одоо зах зээлийн үнэлгээгээр 100 сая төгрөгийн, 99113993 дугаар нь 50 сая төгрөгийн үнэтэй дугаар тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Л ХХК-ийн өмчлөлийн эзэмшил болох Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт 99113993 дугаар, Юнител ХХК-ийн 88887777 дугаарыг тус тус эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр хаалгаад бусдад дур мэдэн худалдсан тул Иргэний хуулийн 90.2-д заасны дагуу 99113993 дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э болон О нарт,

 

Юнител ХХК-ийн 88887777 дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э болон Г нарт тус тус даалгаж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбар болонтэдний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Л ХХК-ийн захирал Б зээлийн төлбөрөө төлөхгүй байсан, миний бие О-аас 9.000.000 төгрөгийг сарын 5,5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хоногт 0,5%-ийн алданги тооцохоор тохирч зээл авч зээлийн барьцаанд  99113993 дугаарыг барьцаанд шилжүүлэн өгсөн тул одоо дугаарыг буцаан шилжүүлэх боломжгүй.

 

2016.07.08-ны өдөр Б нь өөрөө Этой холбогдоод 10 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна. Та зээлээч гэхэд Э надад байгаа нь 1 сая төгрөг байна гэхэд та 9 сая төгрөг олоод өгчих. Би хүүтэй зээлье гэсний дагуу Э өөрийн бэр эгч О-аас 9 сая төгрөг зээлээд О-тай зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 10 сая төгрөг болгоод Эод зээлж, зээлийн гэрээ байгуулсан.

 

Энэ зээлийн дараа төд удалгүй Б дахиад 10 сая төгрөг хэрэгтэй байна гээд 2016.8.03-ны өдөр дахиад 10 сая төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулсан байдаг. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр хийсэн. Дээрээс нь хүү алданги нэхэх эрхтэй.

 

Тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт байдал дээр тулгуурлан хийгдсэн бөгөөд мөн хуулийн 281, 282-р зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулах шаардлагыг бүрэн хангаж зээлийн гэрээ байгуулсан байдаг.  Зээлийн гэрээг бичгээр хийсэн бол хүү алданги шаардах эрхтэй бөгөөд үүнийгээ үүргийн гүйцэтгэлээр гүйцэтгээгүй бол Иргэний хуульд заасан фидуцийн үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан.

 

Тус гэрээ нь Иргэний хуулийн 39.1., 42.2., 42.7.-д заасныг бүрэн хангасан тул зээлийн гэрээ болон фидуцийн үүргийн гүйцэтгэл хангуулах аргыг аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

Фидуцийн гэрээний 4-р зүйлийн хэсэгчлэн буюу бүхэлд нь төлсөн үйлдэл нь 2 талын гарын үсгээр баталгаажна гэж, 6-р зүйлд хүү алдангийг бүрэн төлснөөр дугаарыг үүрэг гүйцэтгэгчийн нэр дээр буцаан олгоно гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар ямар нэгэн байдлаар төлбөр болон хүү гэж нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд  2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацааг хариуцагч талд олгож байхад хариуцагч ямар нэгэн байдлаар төлбөр төлж байгаагүй.

 

Тус үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний 7-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч тус дугаарыг эзэмшилдээ байлгах ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоног өнгөрмөгч үүрэг гүйцэтгүүлэгч уг дугаарыг захиран зарцуулах эрхтэй болно гэсэн байгаа юм.

 

Э нь 10 хоног биш 10 сар Бийг харсан байдаг. Мөн 2016.08.03-ны өдөр  байгуулсан гэрээн дээр Б нь 2017 оны 6 сар хүртэл ашиглаж байсан. Мөн гэрээний 12-р зүйлд зааснаар зээл төлөх хугацаа дууссанаас хойш зээлээ төлөөгүй бол ярианы эрхийг хаалгаж болно гэсэн заалт байгаа бөгөөд тус гэрээг Леон групп ХХК-ийн захирал Б нь тамга болон гарын үсгээ зурж баталгаажуулсан.

 

 Мобиком корпораци ХХК-ийн 99113993 гэсэн дугаар дээр тус гэрээний 5.7-д зааснаар эрхээ бусдад шилжүүлж болох тухай заасан бөгөөд өөрийн биеэр хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн зэргээс үзэх юм бол Л ХХК-ийн захирал нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тус дугаарыг шилжүүлээд, хэрвээ үүргийн гүйцэтгэл хангаагүй бол фидуцаар хангуулна гэснийг заасан.

 

Монгол улсын үнэлгээний тухай хуульд заасан тусгай шаардлага хангасан этгээд үнэлгээ хийдэг байхад  тус дугааруудын үнийг Мобиком корпораци ХХК тогтоож байгаа нь  эргэлзээтэй. Б нь үнэлгээчин эсэх нь тодорхой бус атлаа тус дугааруудыг 50 сая,100 сая төгрөг гэсэн нь үнэлгээний ямар арга аргачлал, ямар тооцооллоор зах зээлийн ямар суурь зарчим болон аргачлал тооцож гаргасан нь тодорхой бус байна.

 

Талуудын хооронд хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасанчилан гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр мөн хуулийн 281, 282 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаад энэ гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж чадахгүй бол 235 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар байгаа юм. Гэхдээ тусгай харилцааны 8.1-д заасанчлан хуульд нийцсэн, гэрээний үндсэн дээр,мөн хуулийн  39, 42, 47 дугаар зүйлд заасан хэлцэлийн хэлбэрийг хангасан гэж үзэхээр байна гэв.

 

Фидуцийн гэрээ дууссан, энэ хугацаа дуусаад 10 хоног өнгөрсөн бол захиран зарцуулах эрхтэй. Энэ хүсэл зоригоо Б өөрөө ойлгоод гарын үсэг зурсан. Тэрнээс хойш 10 сарын хангалттай хугацаа олгосон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Э, О, Г нарт холбогдуулан 99113993, 88887777 дугааруудыг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

1.Нэхэмжлэгч  Л ХХК-ийн захирал Б нь хариуцагч Этой  2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Фидуцийн гэрээ нэртэй гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5%-ийн хүүтэйгээр зээлдэн авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшлийн 99113993 дугаарыг иргэн О-ын нэр дээр шилжүүлэн өгчээ. /хх-ийн 58-59-р хуудас/

 

Дээрх гэрээгээр зээлдүүлэгч Э нь зээлдэгч Л ХХК-ийн захирал Бөд 10.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээж, үүрэг хүлээгч нь мөнгө  төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө /дугаар эзэмших эрх/-ийг иргэн О-ын эзэмшилд шилжүүлсэн байна.

 

2.Нэхэмжлэгч  Л ХХК-ийн захирал Б нь хариуцагч Этой  2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Фидуцийн гэрээ нэртэй гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5%-ийн хүүтэйгээр зээлдэн авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшлийн 88887777 дугаарыг иргэн Эын нэр дээр шилжүүлэн өгчээ. /хх-ийн 9-11-р хуудас/

 

Дээрх гэрээгээр зээлдүүлэгч Э нь зээлдэгч Л ХХК-ийн захирал Бөд 10.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг  хүлээж, үүрэг хүлээгч нь мөнгө  төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө /дугаар эзэмших эрх/-ийг үүрэг гүйцэтгүүлэгч Эын  эзэмшилд шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж заасны дагуу 99113993, 88887777 дугааруудын эзэмших эрхийг барьцаалсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл барьцааны зүйл нь ... бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байж болох тул 99113993, 88887777 дугааруудыг эзэмших эрхийг барьцаалсан байна. 

 

Талууд дээрх гэрээнүүдийн дагуу зээлсэн мөнгөний дүн болон гэрээнүүдийн  хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй болно.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж 99113993, 88887777 дугааруудыг эзэмших эрхийг барьцаалсан гэж үзнэ./хх-ийн 9-11, 58-69,112-119-р хуудас/

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-т “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр  үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

Фидуцийн гэрээгээр зөвхөн хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн байхад дээрх гэрээгээр 99113993 дугаарыг эзэмших эрхийг О-д, 88887777 дугаарыг эзэмших эрхийг Эод шилжүүлжээ.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг юм.

 

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 08, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээ тус бүрээр зээлдүүлэгч Э нь 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 5,5%-ийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлдэгч Л ХХК-ийн захирал Б нь зээлийн хүү болон 99113993, 88887777 дугааруудын ярианы төлбөрийг сар бүр төлөх, уг дугаарыг зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч эзэмшилдээ байлгах үүргийг тус тус хүлээсэн боловч 99113993 дугаарыг иргэн Оын нэр дээр, 88887777 дугаарыг Эын нэр дээр тус тус шилжүүлэн өгчээ.

 

Тодруулбал талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 08, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Фидуцийн гэрээ гэсэн нэртэй Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийг сонгон авсан байна.

 

Э нь барьцааны зүйлийг Иргэний хуульд заасан журмын дагуу худалдах эрх, үүрэгтэй бөгөөд хариуцагчид 10.000.000 төгрөгийг зээлдүүлэхдээ 99113993 дугаарын эзэмших эрхийг өөрийн нэр дээр биш иргэн Оын нэр дээр шилжүүлсэн нь ойлгомжгүй байна.

 

Хариуцагч Э.Эрдэнцогт, Онарыг 99113993 дугаарын, хариуцагч Э Г нарыг 88887777 дугаарын хууль ёсны эзэмшигч гэж  үзэх үндэсгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасны дагуу 99113993, 88887777 дугаарыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгч  Л ХХК-ийн нэр дээр 99113993 дугаарыг шилжүүлэхийг хариуцагч Э, О нарт, 88887777 дугаарыг шилжүүлэхийг Э, Г нарт тус тус  даалгах үндэстэй.     

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.4.-т “Барьцаагаар хангагдах шаардлагыг хангахын тулд хууль зүйн ач холбогдолтой ямар нэгэн үйлдэл хийх зайлшгүй шаардлагатай бол барьцаалагч уг үйлдлийг хийхийг барьцаалуулагчаас шаардах эрхтэй бөгөөд барьцаалуулагч арван дөрөв хоногийн дотор энэ үйлдлийг хийгээгүй бол барьцаалагч барьцаалуулагчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй энэ үйлдлийг хийж болно” гэжээ.

 

Гэтэл Э нь барьцааны зүйл 88887777 дугаарыг иргэн Гд 2017 оны 6 дугаар 20-ны өдөр шилжүүлэхдээ Иргэний хуульд заасан журмыг хэрэглэсэн эсэх, 88887777 дугаарыг хэдэн төгрөгөөр үнэлж хэдэн төгрөгт тооцож шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Э, Г нарыг 88887777 дугаарын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэсгүй байх тул 88887777 дугаарыг нэхэмжлэгч  Л ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Э, Г нарт даалгах үндэстэй.   

 

Хариуцагч нарын төлөөлөгч талуудын хооронд хийсэн гэрээний 7-д “Гэрээний хугацаа дуусч үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд 10 хоног өнгөрмөгц үүрэг гүйцэтгүүлэгч уг дугаарыг захиран зарцуулах эрхтэй болно”  гэж заасны дагуу уг дугааруудыг захиран зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                     ТОГТООХ НЬ:

 

 

 

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1–д заасныг баримтлан үүрэн телефоны 99113993, 88887777 дугааруудыг Л ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг Э, О, Г нарт тус тус   даалгасугай.

 

2. 3.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч тус бүрээс  улсын тэмдэгтийн хураамжид 46800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах  гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                         

 

ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО