Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 31

 

Б.Даваатогтох, А.Төржаргал нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогч Э.Урандөш, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Даваатогтохын өмгөөлөгч Д.Тэрбиш,

шүүгдэгч А.Төржаргалын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар магадлалтай, 201509000538 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Э.Урандөш, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүгдэгч А.Төржаргалын өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Зуутраг овогт Баасанжавын Даваатогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Амархүүгийн Төржаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Даваатогтох, А.Төржаргал нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.Даваатогтох, А.Төржаргал нараас тус бүр 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Урандөшийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүгдэгч А.Төржаргалын өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Э.Урандөш хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хохирогч Э.Урандөш миний бие 2009 оноос хойш тасралтгүй “Дэлба” ХХК-ийн 3 давхарт утасны лангуу түрээслэн ажиллуулж ирсэн ба цаг тухай бүрд нь түрээсийн төлбөрөө найдвартай төлж, “Шилдэг түрээслэгч”-ээр хүртэл шалгарч байсан. Гэтэл миний лангуунд хулгай орж амьдралын эх үүсвэр, орлого олдог ганц хөрөнгө болох утаснуудыг маань хулгайч авснаар миний амьдралд маш их хохирол учирч, би эргэлтийн хөрөнгөгүй болж, банк болон хувь хүмүүсээс авсан зээлээ төлж чадахгүй маш хүнд байдалд ороод жил шахам болж байна. Түрээслүүлэгч “Дэлба" ХХК-ийн хариуцлагагүй, харуул хамгаалалт муу, сул байдлаас болж миний лангуунд хулгай орсон байхад иргэний хариуцагч “Дэлба” ХХК-ийн Ерөнхий захирал Я.Даринчулуун түрээслэгч нарынхаа эд хөрөнгийг бид хариуцах ёстой талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн мөртлөө шүүхийн шийдвэрийг харж байж болно гээд миний хохирол төлбөрийг барагдуулах талаар өнөөдрийг болтол огт арга хэмжээ авахгүй байгаад түрээслэгчийн зүгээс маш их гомдолтой байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх бидний хооронд байгуулсан Түрээсийн гэрээг буруу тайлбарлаж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглээгүйгээс иргэний хариуцагчид ямар ч хариуцлага хүлээлгэлгүй, миний хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“Дэлба” ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээний дагуу харуул хамгаалалтыг түрээслүүлэгч компани хариуцах үүрэгтэй. Харуул хамгаалалтын зардал нь түрээсийн төлбөрт багтсан болох нь Түрээсийн гэрээний хавсралт 3.3-т тодорхой заасан байгаа. Үүний дагуу би ч мөн цаг тухай бүрд түрээсийн төлбөр /харуул хамгаалалтын зардал/-ийг төлж байгаа. Хэрэв харуул хамгаалалтыг түрээслэгч өөрөө хариуцах ёстой гэсэн бол би түрээсийн төлбөр дээр нэмж харуул хамгаалалтын зардлыг төлөхгүй байсны дээр би орой бүр утаснуудаа үүрээд ч болсон аваад явах байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд “Дэлба” ХХК-ийг энэ олон жил өчнөөн олон түрээслэгч нараас харуул хамгаалалтын зардлыг түрээсийн төлбөр дээрээ нэмж аваад үйл ажиллагаагаа явуулж байхад энэ хэргийн улмаас учирсан хохиролд ямар ч хариуцлага хүлээхгүй гэж дүгнэсэнд маш их гомдолтой байна.

Иргэний хариуцагч “Дэлба” ХХК нь харуул хамгаалалтыг хариуцах үүргээ биелүүлж харуул хамгаалалтын “Шонхор секьюрити” ХХК-тай Харуул хамгаалалтын гэрээ байгуулан ажиллуулж байсныг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй гэж үзэж байна. Миний адил олон түрээслэгч нар харуул хамгаалалтын зардал тогтмол төлдөг. Иймээс “Дэлба” ХХК гэрээгээр хүлээсэн харуул хамгаалалтыг хариуцах үүрэгтээ хайнга хандасны улмаас хулгай орсон тул надад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах ёстой гэж үзэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд 1,650,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг гэмтсэн, сэвтсэн гар утаснуудыг буцааж авсан. Одоо надад 19,230,000 төгрөгийг хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа бөгөөд уг мөнгийг иргэний хариуцагч “Дэлба” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Э.Урандөшийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Даваатогтох, А.Төржаргал нар нь “Ихэр могой” буюу “Дэлба” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтрэн орж түрээслэгч Э.Урандөшийн лангуунаас 94 ширхэг гар утас хулгайлж, нийт 20,880,00 төгрөгийн хохирол учруулснаас 1,650,000 төгрөгийн 8 ширхэг гар утсыг биет байдлаар буцаан өгч, үлдэгдэл 19,230,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Хохирогч Э.Урандөш 19,230,000 төгрөгийн хохирол төлбөрийг иргэний хариуцагч “Дэлба” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нараас гаргуулахаар нь шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдолтой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Иргэний хариуцагчаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно” гэж заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд “Дэлба” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоож, Ерөнхий захирал ажилтай Я.Даринчулуунаас мэдүүлэг авахад түрээслэгч нарынхаа эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй талаараа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ үүрэг нь түрээслүүлэгч “Дэлба” ХХК болон түрээслэгч Э.Урандөш нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээгээр зохицуулагдаж буй харилцаа юм. Тус гэрээний хавсралт 3.3-т “Түрээсийн төлбөр нь халаалт, хэрэглээний халуун хүйтэн ус, ...харуул хамгаалалтын зардал, гадна дотор талын цэвэрлэгээ тохижилт зэрэг зардлууд багтсан болно” гэж заасан тул түрээслүүлэгч нь түрээслэгчийн эд хөрөнгийг харж хамгаалах үүрэгтэй байна. Түүнчлэн түрээслүүлэгч “Дэлба” ХХК харуул хамгаалалтыг хариуцах үүргээ биелүүлэхээр харуул хамгаалалтын “Шонхор” секьюрити ХХК-тай “Харуул хамгаалалтын гэрээ” байгуулан ажиллуулж байснаар түрээслэгч нарынхаа эд хөрөнгийг харж хамгаалах үүрэг хүлээсэн болох нь давхар нотлогдож байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...түрээсийн гэрээнд харуул хамгаалалтын зардал гэж оруулсан байгаа хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага, учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар тусгаагүй, хичнээн төгрөгийн гар утас байсан болон дээрх гар утаснуудыг харуул хамгаалалтын ажилтантай хүлээлцсэн баримтгүй...” зэргээр дүгнэж иргэний хариуцагчийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс иргэний хариуцагчийг хуулиар болон Түрээсийн гэрээгээр хүлээсэн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлсөн. Мөн талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээг түрээслэгч, түрээслүүлэгч нарын хүсэл зоригоос гадуур тайлбарлаж гэрээний талуудын чөлөөт байдалд халдсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг зөрчсөн буюу энэ хуулийг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэв дээрх Түрээсийн гэрээний Хавсралт 3.3-т заасан нөхцөлүүд нь ойлгомжгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах талаар заасан хуулийг зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэсэн хуулийн заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс хохирогч Э.Урандөшид учирсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд иргэний хариуцагчийг үндэслэлгүйгээр гэрээгээр болон хуулиар хүлээсэн хариуцлагаас нь чөлөөлж, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирогч Э.Урандөшид учирсан хохиролоос төлөгдөөгүй байгаа 19,230,000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “Дэлба” ХХК-аас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү....” гэв.

Шүүгдэгч А.Төржаргалын өмгөөлөгч Ц.Гэнэндулам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Төржаргал нь нийт 7 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэж өөрөө мэдүүлдэг. Харин 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр могой” худалдааны төвийн цонхоор нэвтрэн орж тухайн байрыг түрээслэж байсан Э.Урандөшийн 94 ширхэг гар утсыг хулгайлаагүй гэж мэдүүлдэг. Яллагдагчийн мэдүүлэг нь гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэсэн заалтыг зөрчсөн.

 А.Төржаргал нь иргэн Э.Урандөшийн гар утсыг хулгайлаагүй гэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Э.Урандөш нь түрээслэж буй газраасаа 94 ширхэг гар утсаа алдсан болон гар утасны үнэлгээ бусад нотлох баримт авагдсан. Энэ хэргийн холбогдогч Б.Даваатогтох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “А.Төржаргал нь Э.Урандөшийн гар утсыг хулгайлахад байгаагүй, харин зарж борлуулахад оролцсон” гэж мэдүүлсэн. Хохирогч Э.Урандөшид учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүйд гомдолтой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Хохирогч Э.Урандөшийн хувьд “Ихэр могой” худалдааны төвтэй байр түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд хулгай болон бусад зүйл болвол түрээслэгч байгууллагаа хариуцах гэрээний заалттай байхад шүүгдэгч нараар хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч А.Төржаргалын үйлдлээс нотлогдоогүй 94 ширхэг гар утас хулгайлсан гэх үйлдлийг хасч өгөхийг хүсч гомдол гаргаж байна. Хэрэв дээрх үйлдэл хасагдвал хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч А.Төржаргал, Б.Даваатогтох нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй. Харин шүүх хохирогч Э.Урандөшид учирсан хохирлыг иргэний хариуцагч “Дэлба” ХХК-иас гаргуулахгүйгээр шүүгдэгч нараас гаргуулсан нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч А.Төржаргал, Б.Даваатогтох нар бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдад нийт 46,665,642 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс А.Төржаргал, Б.Даваатогтох нарыг бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

“Дэлба” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд биш бөгөөд харин гэрээгээр үүрэг хүлээх эсэх нь иргэний эрх зүйн маргаан тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Урандөш болон иргэний хариуцагч “Дэлба” ХХК-ийн хооронд үүссэн түрээсийн гэрээтэй холбоотой маргаан нь эрүүгийн энэ хэрэгт хамааралгүй болно.

Иймд хохирогч Э.Урандөш, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын “Дэлба” ХХК-иас 19,230,000 төгрөг гаргуулах”, шүүгдэгч А.Төржаргалын өмгөөлөгч Ц.Гэнэндуламын “шүүгдэгч А.Төржаргалын үйлдлээс 94 ширхэг гар утас хулгайлсан гэх үйлдлийг хасуулах” тухай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Э.Урандөш, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүгдэгч А.Төржаргалын өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР