Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01172

 

“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00339 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 811 дүгээр магадлалтай                                                                                                    

            “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

             “М ” ХХК-д холбогдох

      24,627,319,191 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “М ” ХХК нь 2013 оны 05 сарын 30-ны өдөр Хадгаламж банктай 13-1060/49 дугаар зээлийн гэрээ болон 13-1060/49/2 дугаартай Барьцааны гэрээг байгуулж 14,000,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн. “М ” ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан 14,000,000,000 төгрөгөөс 2013 оны 10 сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөгийг төлсөн ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн графикийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ зөрчсөн учраас зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй. “М ” ХХК нь 2013 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,950,000,000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 914,470,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 146,994,739 төгрөг, нийт 15,011,465,287 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд “М ” ХХК-иас 2013 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 13,950,000,000 төгрөг, зээлийн хүүнд 914,470,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 146,994,739 төгрөг, нийт 15,011,465,287 төгрөгийг нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын үйлчилгээний хураамж болох 31,000 төгрөгийн хамт гаргуулах, мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэмэгдүүлсэн шаардлагад: “Хадгаламж банк” болон “М ” ХХК-ийн хооронд 2013 оны 05 сарын 30-ны өдөр байгуулагдсан 13-1060/49 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дүнг нийт 9,615,822,904 төгрөгөөр нэмэгдүүлж байна. 2013 оны 11 сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн хүүд нэхэмжилж байсан 914,470,547 төгрөг дээр нэмж 8,013,185,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилж байсан 146,994,739 төгрөг дээр нэмж 1,602,637,150 төгрөгийг тус тус нэмэгдүүлж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 13,950,000,000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэлд 8,927,656,301 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,749,631,890 төгрөг, нийт 24,627,288,191 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах Үйлдвэрлэл, оффис агуулахын зориулалттай барилга, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамжаар олгогдсон Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 168023/0075 дугаар бүхий 32920 м.кв талбай газар эзэмших эрх,  ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас дээрхээс бусад зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “М ” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Тус компанийн Хадгаламж банктай байгуулсан 2013 оны 05 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 14 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкны улсын байцаагчийн 2013 оны 07 сарын 18-ны өдрийн 57/13/007 дугаарын актаар зээлийн ангилал бууруулж сан байгуулан банкны алдагдал болгосон. Улмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн А-153 тоот тушаалаар Хадгаламж банкинд эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авагдсан ба тус арга хэмжээний хүрээнд банкны алдагдлыг банкны хувьцаа эзэмшигчийн өөрийн хөрөнгөөр хаах шийдвэр гарсны дагуу “М ” ХХК-д олгосон 14 тэрбум төгрөгийн зээлийг тус компанийн хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгийн Хадгаламж банкинд оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгөөр хаасан тул зээлийн өр төлбөрийн тооцоогүй болсон. Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн зүгээс нэгэнт хаагдаж, тооцоогүй болсон зээлийг дахин төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж байгааг нэг зээлийг 2 удаа төлүүлэх гэсэн арга хэмжээ гэж үзэж байна гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00339 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-иас 24,627,288,191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоотуутад байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 22821.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 сарын 23-ны өдрийн А/892 дугаар шийдвэртэй, нэгж талбарын 168023/0075 дугаартай, 32920 м.кв талбайтай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, махны үйлдвэрийн зориулалтай газар эзэмших эрхийг ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагч “М ” ХХК-д холбогдох, улсын бүртгэлийн Ү-1213001436 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар  багт байрлах 496 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, улсын бүртгэлийн Ү-1213000413 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 540 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 0.33 га талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Хангамж захын зүүн урд байрлах 25000 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэрийн газар эзэмших эрх,  улсын бүртгэлийн Ү-1018002564 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, ТАЗамын зүүн талд байрлах 3218 м.кв талбайтай, махны үйлдвэрийн дуусаагүй барилга /90 хувийн гүйцэтгэлтэй/,  Сүхбаатар, Өвөрхангай аймгууд дахь үйлдвэрт байрлах тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 123,294,391 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 811 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтөрийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 811 дугаар магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж буруу дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болж байна.

Нэг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж буруу дүгнэсэн тухайд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бөгөөд тус зүйлд зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй. Хадгаламж банкнаас зээлийн мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу зээлдэгч “М ” ХХК-д олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддог. Харин хариуцагчаас шүүхэд гаргаж байсан хүсэлтдээ дурдаж байсан “Хадгаламж банкны хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс алдагдлыг бууруулж хасалт хийхдээ зээлийг хассан” гэх үндэслэл нь зээлийн гэрээний үүргийн маргаанд огт хамааралгүй бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой зээл, авлагыг хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр хаах тухай ойлголт огт байхгүй бөгөөд эрх зүйн хүрээнд ийм байх ч боломжгүй юм.

“М ” ХХК нь зээлийн гэрээний үүргийг Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч “Эмди секьюритис” ХХК, “Меркинтайл Хаус оф азиа инк” компаниудын өмнө гүйцэтгэхгүй бөгөөд гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч, зээлдүүлэгч Хадгаламж банкны өмнө гүйцэтгэх нөхцөл байдал, энэ тухай нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл 2 тусдаа харилцаа болох:

1-рт Банк ба түүний хувь нийлүүлэгчийн харилцаа

2-рт Банк ба түүний зээлдэгчийн харилцааг хоорондоо хамааралтай мэтээр хутгаж, зориуд ташаа мэдээллийг хариуцагчаас шүүхэд өгсөөр байгаа юм.

Хоёр. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг шүүхийн шийдвэрийн агуулгад тусгаагүй гэх тухайд: ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан. Хариуцагч “М ” ХХК нь үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй, тайлбар гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн агуулгад тусгагдаагүй нь үндэслэлтэй байсан. Мөн хариуцагчаас энэ мэт янз бүрийн шалтгаанаар шүүх хуралдааныг өмнө нь нийт 9 удаа /үүний 7 удаагийн хуралдаан нь үндсэн нэхэмжлэлийг хэлэлцэх, 2 удаагийн хурал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан гомдлыг шийдвэрлэх/ хойшлуулсан тухай баримт хавтаст хэрэгт бий.

Хариуцагчийн хүсэлт, гомдолд дурдаад байгаа банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны хувь нийлүүлэгчийн 86.9 тэрбум төгрөгөөр алдагдлыг хүлээлгэж байгаа болон Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж байгаа үйл баримтууд нь хуулиар тогтоосон харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарах ба харин Хадгаламж банкнаас “М ” ХХК-д зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн гэрээ, түүний хүрээнд байгуулагдсан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд огт хамаагүй болно. Арилжааны банкны алдагдал, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны хэмжээг Монголбанкны хянан шалгагч хуулиар олгосон бүрэн эрхийн хэмжээнд тогтоодог ба Хадгаламж банкны алдагдал болон өөрийн хөрөнгийн алдагдсан тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн А-157 дугаартай “Албадан татан буулгах тухай” тушаалын үндэслэл хэсэгт дурдсан байдаг болно.

Гурав. Хариуцагчийн Хадгаламж банкны 2013 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн болон татварын тайланг татварын хэлтсээс шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна гэх тухайд: Хариуцагчийн өмгөөлөгчөөс уг хүсэлтийг 2018 оны 01 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан бөгөөд шүүхээс тус хүсэлттэй холбоотой нэхэмжлэгч талын тайлбарыг сонссон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хүсэлтэд дурдсан баримт нь хэрэгт хамааралгүй тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд шүүхээс талуудын тайлбарыг сонссоны үндсэн дээр хүсэлтэд дурдсан баримт нь хэрэгт хамааралгүй байна гэж үзэж хүсэлтийг хангахаас шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.     

Хариуцагчийн өмгөөлөгчөөс Хадгаламж банкны 2013 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн болон татварын тайланг гаргуулах хүсэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтын дагуу Хадгаламж банкны хувь нийлүүлэгчийн 86,9 тэрбум төгрөгөөр Хадгаламж банкны алдагдлыг бууруулан хасалт хийж санхүүгийн тайланд тусгаж байгааг хувьцаа эзэмшигчийн холбоотой этгээдүүдийн зээлийг түүний хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр хаасан гэж мушгин тайлбарлаж, ташаа ойлголтыг шүүхэд өгч байсан ба Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой зээл, авлагыг хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр хаах тухай ойлголт огт байхгүй бөгөөд эрх зүйн хүрээнд ийм байх ч боломжгүй тул санхүү болон татварын тайланд энэ талаар байх үндэслэл байхгүй. Алдагдал нь санхүү, татварын тайланд тухайн болон өмнөх үеийн нийт дүнгээр илэрхийлэгддэг. Бусад аж ахуйн нэгжийн адил банкны орлого, зардлын зөрүүгээр түүний ашиг алдагдал тодорхойлогддог. Банкны үйл ажиллагааны явцад банкны зардал нь орлогоосоо хэтрэх тохиолдолд орлогоос хэтэрсэн зардал нь алдагдал болдог. Аж ахуйн нэгж санхүүгийн тайландаа алдагдлыг өөрийн хөрөнгийн аль нэг тодорхой хөрөнгөөр хааж тусгах үүрэг хүлээдэггүй. Хадгаламж банкны нийт 181.2 тэрбум төгрөгийн алдагдал нь дээр дурьдсанчлан банкны үйл ажиллагааны улмаас гарсан алдагдал бөгөөд тайлант хугацааны алдагдал нь өмнөх хугацааны ашиг алдагдал дээр хуримтлагдаж байдаг тул энэхүү алдагдлын задаргааг болон холбогдох баримтыг гаргана гэх хүсэлт нь хүлээн авах боломжгүй хийсвэр ойлголт бөгөөд тийм практик боломж байхгүй, банкны үйл ажиллагаа явуулсантай холбоотой бүхий л баримтыг гаргах боломжгүй байдлыг давж заалдах шатны шүүх анхааран үзсэнгүй. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч  “М ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,627,288,191 төгрөг, нотариатын зардалд 31,000 төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах, үйлдвэрлэл, оффис, агуулахын зориулалттай барилга, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 32920 м.кв талбай бүхий махны үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, тоног төхөөрөмжийн хамт, ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт, барьцааны хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд “М ” ХХК-ийн бусад хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, бусад санхүүгийн эх үүсвэрээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх, мөн улсын бүртгэлийн Ү-1213001436 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар  багт байрлах 496 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, улсын бүртгэлийн Ү-1213000413 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 540 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 0.33 га талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Хангамж захын зүүн урд байрлах 25000 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэрийн газар эзэмших эрх,  улсын бүртгэлийн Ү-1018002564 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, ТАЗамын зүүн талд байрлах 3218 м.кв талбайтай, махны үйлдвэрийн дуусаагүй барилга /90 хувийн гүйцэтгэлтэй/,  Сүхбаатар, Өвөрхангай аймгууд дахь үйлдвэрт байрлах тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас улсын бүртгэлийн Ү-1213001436 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар  багт байрлах 496 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, улсын бүртгэлийн Ү-1213000413 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 540 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 0.33 га талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Хангамж захын зүүн урд байрлах 25000 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэрийн газар эзэмших эрх,  улсын бүртгэлийн Ү-1018002564 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, ТАЗамын зүүн талд байрлах 3218 м.кв талбайтай, махны үйлдвэрийн дуусаагүй барилга /90 хувийн гүйцэтгэлтэй/, Сүхбаатар, Өвөрхангай аймгууд дахь үйлдвэрт байрлах тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгээс татгалзжээ.

“Хадгаламж банк” болон хариуцагч “М ” ХХК-ийн хооронд байгуулагдсан  2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 13-1060/49 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Хадгаламж банк” нь зээлдэгч “М ” ХХК-д 14,000,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байх бөгөөд энэ гэрээ хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 24,627,288,191 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоотуудад байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 22821.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/892 дугаар шийдвэртэй, нэгж талбарын 168023/0075 дугаартай, 32920 м.кв талбайтай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, махны үйлдвэрийн зориулалтай газар эзэмших эрхийг ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 31,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж анхан шатны шүүхийг буруутган, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Жаст групп” ХХК-иас “М ” ХХК-д явуулсан Б-01/173 тоот албан бичигт “...Хадгаламж банкаас танай компанид олгосон 14 тэрбум төгрөгийн зээл нь “Жаст групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгийн Хадгаламж банкинд оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгөөр хаагдсан” тухай баримт хэрэгт авагдсан ба хариуцагч нь энэ баримттай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан байна. Хариуцагч нь “Хадгаламж банк”-ны 2013 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн болон татварын тайланг татварын хэлтсээс шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон магадлалын үндэслэл мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцжээ.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 811 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН