Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00339

 

 

 

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/00339

Улаанбаатар хот

 

 

                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2 дугаар байр, 3 дугаар давхарт байрлах, ХБ ХХКийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, ММ ХХКүйлдвэрт байрлах, ММ ХХК /РД: 5643171/-д холбогдох,

 

24 627 319 191 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэболд, Б.Энхсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэболд, Б.Энхсүрэн, өмгөөлөгч Д.Гантөмөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн A153 дугаар “Хб” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалын дагуу Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг твлөвлөн оролцох” гэж заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. “MМ” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Х банктай 13-1060/49 дугаар зээлийн гэрээ болон 13-1060/49/2 дугаартай Барьцааны гэрээг байгуулж 14 000 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг биелүүлэх үүргээ дараах байдлаар зөрчсөн. Үүнд, “MМ” ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан 14 000 000 000 төгрөгөөс 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 50 000 000 төгрөгийг төлсөн ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн графикийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ зөрчсөн учраас зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй. Гэрээний 6.2.7-д “...зээлдэгч аливаа өр төлбөрөө хугацаанд нь төлөөгүй...”, 6.2.6-д “...зээлдэгчийн санхүүгийн байдал муудаж доройтсон...” тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болохоор заасан байдаг ба зээлдүүлэгчээс энэхүү заалтуудыг үндэслэн гэрээг нэг талын санаачилгаар, хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг гаргах эрхтэй. Зээлдэгчээс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар графикийн дагуу нийт төлөх ёстой төлбөрийн 6 орчим хувийг төлж хугацаа хэтэрсэн өр төлбөрийн нийт дүн 1 515 346 778 төгрөгт хүрсэн нь цаашид гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж үзэх нөхцөл байдалд тооцогдох ба Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн зээлдүүлэгчээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгчээс зээлийн барьцаанд зээлдэгч “MМ” ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн баталгаа болгож 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 13-1060/49/2 дугаартай барьцааны гэрээг байгуулсан ба гэрээний 2.1-д зааснаар дараах үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйлийг тус тус барьцаалсан болно. Үүнд: 1. Улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах Үйлдвэрлэл, оффис агуулахын зориулалттай барилга, 2. Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 32920 м.кв талбай бүхий Махны үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, тоног төхөөрөмжийн хамт, 3. Ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт, мөн “Жаст Агро” ХХК болон Хадгаламж банкны хооронд 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 13-1060/49/3 дугаартай Баталгааны гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Хадгаламж банк, зээлдэгч “Max Маркет” ХХК нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 13-1060/49 дугаартай Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах хэлбэр болгож дараах үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг барьцаанд барьцаалуулах, батлан даахаар тохиролцсон. Үүнд: 1. №000300308 Улсын бүртгэлийн дугаартай, НТД: 168023/0075 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, 32920 м.кв талбайтай, махны үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, “Жаст Агро” ХХК болон Хадгаламж банкны хооронд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 13-1060/49/1 дугаартай Баталгааны гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Хадгаламж банк, зээлдэгч “Max Маркет” ХХК нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 13-1060/49 дугаартай Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах хэлбэр болгож дараах үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тус тус барьцаанд барьцаалуулах, батлан даахаар тохиролцсон. Үүнд: 1. Улсын бүртгэлийн Ү-1213001436 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5-р багт байрлах 496 м.кв талбайтай, Max боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, 2. Улсын бүртгэлийн Ү-1213000413 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5-р багт байрлах 540 м.кв талбайтай, Max боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, 3. №0174183, НТД: 19675174413683 дугаартай Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5-р багт байрлах 0,33 га талбайтай Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, 4. №0176026, НТД: 140110618 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5-р баг, Хангамж захын зүүн урд байрлах 25000 м.кв. талбайтай Max боловсруулах үйлдвэрийн газар эзэмших эрх, 5. Улсын бүртгэлийн Ү-1018002564 дугаарт бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5-р баг ТАЗамын зүүн талд байрлах 3218 м.кв талбайтай Махны үйлдвэрийн дуусаагүй барилга /90 хувийн гүйцэтгэлтэй/, 6. Сүхбаатар, Өвөрхангай аймгууд дахь үйлдвэрт байрлах Тоног төхөөрөмж.

“Max Маркет” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13 950 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 914 470 547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 146 994 739 төгрөг, нийт 15 011 465 287 төгрөгийн үлдэглэтэй байна. Иймд “MМ” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 13 950 000 000 төгрөг, зээлийн хүүнд 914 470 547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 146 994 739 төгрөг, нийт 15 011 465 287 төгрөгийг нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын үйлчилгээний хураамж болох 31 000 төгрөгийн хамт гаргуулах. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 13-1060/49/2 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах Үйлдвэрлэл, оффис агуулахын зориулалттай барилга, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 32920 м.кв талбай бүхий Махны үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, тоног төхөөрөмж, ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд ММ ХХК-ийн бусад хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, бусад санхүүгийн эх үүсвэрүүдээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Барьцаалуулагч “ЖастАгро” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 13-1060/49/3 дугаартай Баталгааны гэрээний 2.1-д дурьдсан барьцааны зүйл барьцаалуулагч “Жаст Агро” ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13-1060/49/1 дугаартай Баталгааны гэрээний 2.1-д дурьдсан барьцааны зүйлээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэболд, Б.Энхсүрэн, өмгөөлөгч Д.Гантөмөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБ болон “Max маркет” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 13-1060/49 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дүнг нийт 9 615 822 904 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн хүүд нэхэмжилж байсан 914 470 547 төгрөг дээр нэмж 8 013 185 753 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилж байсан 146 994 739 төгрөг дээр нэмж 1 602 637 150 төгрөгийг тус тус нэмэгдүүлж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 13 950 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэлд 8 927 656 301 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 749 631 890 төгрөг, нийт 24 627 288 191 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах Үйлдвэрлэл, оффис агуулахын зориулалттай барилга, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамжаар олгогдсон Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 168023/0075 дугаар бүхий 32920 м.кв талбай газар эзэмших эрх,  ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас дээрхээс бусад зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгээсээ татгалзаж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК нь Хадгаламж банкны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч  ММ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 627 288 191 төгрөг, нотариатын зардалд 31 000 төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах, үйлдвэрлэл, оффис, агуулахын зориулалттай барилга, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 32920 м.кв талбай бүхий махны үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, тоног төхөөрөмжийн хамт, ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт, барьцааны хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд ММ ХХК-ийн бусад хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, бусад санхүүгийн эх үүсвэрээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх,  мөн улсын бүртгэлийн Ү-1213001436 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар  багт байрлах 496 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, улсын бүртгэлийн Ү-1213000413 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 540 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 0.33 га талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Хангамж захын зүүн урд байрлах 25000 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэрийн газар эзэмших эрх,  улсын бүртгэлийн Ү-1018002564 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, ТАЗамын зүүн талд байрлах 3218 м.кв талбайтай, махны үйлдвэрийн дуусаагүй барилга /90 хувийн гүйцэтгэлтэй/,  Сүхбаатар, Өвөрхангай аймгууд дахь үйлдвэрт байрлах тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас улсын бүртгэлийн Ү-1213001436 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар  багт байрлах 496 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, улсын бүртгэлийн Ү-1213000413 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 540 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 0.33 га талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Хангамж захын зүүн урд байрлах 25000 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэрийн газар эзэмших эрх,  улсын бүртгэлийн Ү-1018002564 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, ТАЗамын зүүн талд байрлах 3218 м.кв талбайтай, махны үйлдвэрийн дуусаагүй барилга /90 хувийн гүйцэтгэлтэй/, Сүхбаатар, Өвөрхангай аймгууд дахь үйлдвэрт байрлах тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгэээс татгалзажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

ХБ болон хариуцагч ММ ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 13-1060/49 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХБ нь зээлдэгч ММ ХХК-д 14 000 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь зээлийн гэрээгээр нотлогдож байна.  /1 хх-8-11 дүгээр тал/    

 

Зохигчид мөн 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 13-1060/49/2 дугаартай барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ММ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэлтэй,  Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоотуутад байршилтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 22821.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 168023/0075 дугаар бүхий 32920 м.кв талбайтай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, махны үйлдвэрийн зориулалтай газар эзэмших эрхийг ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт барьцаалсан барьцааны гэрээгээр нотлогдож байна.  /1 хх-12-13, 38-40, 56-58 дугаар тал/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, уг зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Түүнчлэн, зээлийн гэрээний 2.1.3-т зээл олгох хэлбэрийг зээлдэгчийн дансанд зээлийг бүхэлд нь бэлэн бусаар олгох гэж тохиролцон, хариуцагчийн ХБ дахь 10600002239 дугаар дансанд зээл 14 000 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийн дансны хуулга /1 хх-20 дугаар тал/-р нотлогдож байхаас гадна уг зээлийг хариуцагч хүлээн авсан эсэхэд маргаагүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Зээлдэгч ММ ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 125 654 795 төгрөг төлөхөөс 119 671 232 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 197 457 534 төгрөг төлөхөөс 10 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээлд 50 000 000 төгрөг тус тус төлсөн нь зээлийн дансны хуулга болон зохигчийн тайлбаар нотлогдож байна.

 

Зээлийн гэрээний 6.2.1, 6.2.3-т зааснаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар банкнаас тавьсан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй, гэрээний заалтууд болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд банкны зүгээс гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгээр цуцлахаар тохиролцожээ.

 

Гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байх боловч хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн төлбөрийг хугацаандаа биелүүлээгүй, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах талаар 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 785 дугаар, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1023 дугаар мэдэгдэл хүргүүлсэн байна. /1 хх-27-28 дугаар тал/. Улмаар зээлдүүлэгч дээрх зээлийн төлбөрийн талаар шүүхэд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8606 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба талууд эвлэрлийн гэрээ байгуулснаар шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2635 дугаар захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2017/00247 дугаар тогтоолоор дээрх захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 169 681 232 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх боловч хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэсэн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13 950 000 000 төгрөг төлөөгүй нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байхаас гадна хариуцагч нь үүнийг баримтаар няцаагаагүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Түүнчлэн, мөн өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 13 950 000 000 төгрөгийн хүүд 8 927 656 301 төгрөг төлөөгүй болох нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололоо нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь зээлийн хүүд 8 927 656 301 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний 2.1.5-д “нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эрлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгтэй нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн хүү 8 927 656 301 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүнд нийт 1 749 631 890 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан 20 хувиас хэтрээгүй байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/892 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 168023/0075 дугаар бүхий 32920 м.кв талбайтай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, махны үйлдвэрийн зориулалтай газрыг хариуцагчид 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон ММ ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна. /1 хх-56-58 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, талууд газар эзэмших эрхийг барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрх газар болон түүн дээр байрлах Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоотуутад байршилтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 22821.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар хоорондоо салгаж үл болох эрх байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн, талууд барьцааны гэрээгээр ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт барьцаалахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т “Барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно” гэсэнтэй харшлаагүй байх тул барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. 

 

Эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд түүнийгээ хамгаалуулах, сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх эрхтэй ба ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангасан нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал гэх 31 000 төгрөгийг хангах боломжгүй юм. Түүнчлэн, Монголын нотариатчдын танхимын 20162217 дугаартай мөнгөний тасалбар нь нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт бичгийг баталгаажуулахад гарсан зардал буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь “Жаст-Агро” ХХК-тай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн баталгааны гэрээний дагуу барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-1213001436 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар  багт байрлах 496 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, улсын бүртгэлийн Ү-1213000413 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 540 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 0.33 га талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Хангамж захын зүүн урд байрлах 25000 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэрийн газар эзэмших эрх,  улсын бүртгэлийн Ү-1018002564 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, ТАЗамын зүүн талд байрлах 3218 м.кв талбайтай, махны үйлдвэрийн дуусаагүй барилга /90 хувийн гүйцэтгэлтэй/,  Сүхбаатар, Өвөрхангай аймгууд дахь үйлдвэрт байрлах тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дээрх шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.   

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 24 627 288 191 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоотуутад байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 22821.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/892 дугаар шийдвэртэй, нэгж талбарын 168023/0075 дугаартай, 32920 м.кв талбайтай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, махны үйлдвэрийн зориулалтай газар эзэмших эрхийг ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 31 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч ММ ХХК-иас 24 627 288 191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБ ХХКид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ММ ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоотуутад байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 22821.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/892 дугаар шийдвэртэй, нэгж талбарын 168023/0075 дугаартай, 32920 м.кв талбайтай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, махны үйлдвэрийн зориулалтай газар эзэмших эрхийг ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Нэхэмжлэгч ХБ ХХК хариуцагч ММ ХХК-д холбогдох, улсын бүртгэлийн Ү-1213001436 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар  багт байрлах 496 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, улсын бүртгэлийн Ү-1213000413 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 540 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэр, худалдааны барилга, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 5 дугаар багт байрлах 0.33 га талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Хангамж захын зүүн урд байрлах 25000 м.кв талбайтай, мax боловсруулах үйлдвэрийн газар эзэмших эрх,  улсын бүртгэлийн Ү-1018002564 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, ТАЗамын зүүн талд байрлах 3218 м.кв талбайтай, махны үйлдвэрийн дуусаагүй барилга /90 хувийн гүйцэтгэлтэй/,  Сүхбаатар, Өвөрхангай аймгууд дахь үйлдвэрт байрлах тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 123 294 391 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН