Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01473

 

“Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01434 дугаар шийдвэртэй

“Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31 130 877 985.30 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, Л.Гантогтох, хариуцагчийн өмгөөлөгч П.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар банкинд албадлагын арга хэмжээ авч, мөн өдрийн А/157 дугаар тушаалаар банкыг албадан татан буулгахаар шийдвэрлээд, уг ажлыг гүйцэтгэхийг Банкны эрх хүлээн авагчид даалгасан. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар 2013 оны 05 сарын 30-ны өдөр “М” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 13-1060/49 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр “М” ХХК нь 14 000 000 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авч ашигласан. Тус зээлийн гэрээний барьцаанд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 13-1060/49 дугаартaй барьцааны гэрээг байгуулсан. Тус барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү2205011375 дугаарт бүргэгдсэн, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байршилтай 34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5, ХБ 34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрладаг үйлдвэр, оффис агуулахын зориулалттай барилга, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 32,920 м.кв талбай бүхий махны үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг тоног төхөөрөмжийн хамт, ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн өр төлбөрийг барагдуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 614 дугаар албан бичгээр тус зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцоолж, нийт 24 627 288 109 төгрөг 78 мөнгө, нотариатын үйлчилгээний хөлс 31 000 төгрөгийн хамтаар гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар тус зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож үндсэн зээлийн үлдэгдэл 13 950 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэлд 14 347 288 660 төгрөг, 14 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2 833 558 356 төгрөг, 16 мөнгө, нийт 31 130 846 986 төгрөг, 30 мөнгө, нотариатын хөлсөд төлсөн 31 000 төгрөгийн хамтаар шаардаж байна. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагаар хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол 2 дугаар хорооны 34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5, ХБ 34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, оффис асуулахын зориулалттай барилга, түүнд байрлах тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамтаар, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамжаар олгосон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг нэгж талбарын 188023/0075 дугаартай 32 920 м.кв газар эзэмших эрх, ирээдүйд бий болох агуулах, тоног төхөөрөмжөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн болон барьцааны гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулж байгуулаагүй учир гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд нэг талаас “Х” ХХК-ийг төлөөлж банкны зээлийн хэлтсийн захирал н.Одпүрэв, нөгөө талаас “М” ХХК-ийг төлөөлж үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал н.Байгалаа, санхүүгийн хэлтсийн захирал н.Мягмаржаргал нар гарын үсэг зурсан. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед буюу 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар н.Бадамцэцэг гэж хүн ажиллаж байсан. Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь н.Бадамцэцэг байсан гэж үзэж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зээлийн болон барьцааны гэрээн дээр гүйцэтгэх захирлын гарын үсэг зурагдаагүй. Гарын үсэг зурсан “М” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал н.Байгалмаа, Санхүүгийн хэлтсийн захирал н.Мягмаржаргал нарт гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл олгосон ямар нэгэн зөвшөөрөл байдаггүй. Иймд эдгээр баримтуудыг үндэслэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хуулийн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж үзэх бүрэн боломжтой. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр 14 000 000 000 төгрөг олгогдсон гэж үздэг. “М” ХХК өөрийн хувийн хэрэгцээнд энэ мөнгийг авч ашиглаагүй. 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 8 284 250 000 төгрөгийг, 5 715 750 000 төгрөгийг тус тус чекээр аваад “Жаст групп” ХХК-д бэлнээр хүлээлгэж өгсөн баримтыг сүүлд гаргаж өгсөн. Энэ баримтаар “М” ХХК 14 000 000 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр “Жаст групп” ХХК-д өгсөн гэдэг нь тодохой харагдаж байна. Иймд “М” ХХК 14 000 000 000 төгрөгийг өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, үр шимийг нь хүртээгүй байж зээлийн хүүг нэмж буцаан төлнө гэдэг нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээ дуусаагүй байхад тооцсон гэж үзэж байна. Зээлийн гэрээ нь 60 сарын хугацаатай байгуулагдсан. Тус зээлийн гэрээ 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан зээл хүүний тоооцооллоос харвал 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуустал хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцож 2 843 558 356 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлийн хугацаа нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 60 сарын хугацаа гэж үзэж байна. Ингээд үзвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 58 сарын өмнөөс нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь энэхүү хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмлжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан М ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 15 011 465 287.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 119 381 699 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу дагуу хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол 2 дугаар хорооны 34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5, ХБ 34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, оффис асуулахын зориулалттай барилга, түүнд байрлах тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамтаар, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамжаар олгосон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг нэгж талбарын 188023/0075 дугаартай 32.920 м.кв газар эзэмших эрх, ирээдүйд бий болох агуулах, тоног төхөөрөмж хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдаж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 75 215 276 төгрөг, 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2017/11078 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, Л.Гантогтох нарын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчээс гэрээг цуцлаагүй. Харин гэрээг цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх гэрээг нэхэмжлэл гаргахаас өмнө цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах нь талуудад эрх олгосон зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлах эсэх нь гагцхүү гэрээ цуцлагч талын хүсэл зоригоос хамаарч байдаг тул хуульд энэхүү хүсэлт зоригийн илэрхийллийг тодорхой, ил тодоор, ямар нэгэн эргэлзээгүйгээр мэдэгдэх, энэхүү мэдэгдлийг гэрээний нөгөө тал хүлээн авсан байх шаардлагыг тавьдаг. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахгүй байсан тул нэхэмжлэгчээс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 785 дугаартай, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1023 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн. Уг албан бичгээр“...төлбөрийг төлөөгүй тохиолдолд 13-1060/49 тоот зээлийн гэрээний 6.2.6 , 6.2.7  -д тус тус заасны дагуу гэрээг цуцлах нөхцөл бүрдээд байгаа сануулгыг хүргэсэн. Гэтэл шүүх эдгээр сануулга өгснөөр гэрээг цуцалсан гэсэн дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1  дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Банкны эрх хүлээн авагчаас "М" ХХК-руу явуулсан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт гэрээг цуцлах нөхцөл бүрдээд байгааг мэдэгдье гэх агуулга бүхий албан бичиг буюу сануулга гаргасан. Иймд тус сануулгыг гэрээг цуцалсан мэдэгдэл гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэхийг шүүх шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах шаардлагыг гаргасан тул цуцлах хүртэлх хугацаанд гэрээний үүргийг хангуулах нь үндэслэлтэй юм. Учир нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Энэ хэргийг хянан шийдвэрлэсэн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2635 дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 00247 дугаартай шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон. Иймд энэхүү тогтоол гарснаас хойш анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.6  дахь хэсэгт заасны хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч 2 удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өөрчилсөн. Ингэхдээ 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөхдөө зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээснийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Харин 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх үед талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа /2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 60 сарын хугацаа өнгөрч/ дууссан тул нэхэмжлэгчээс гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цуцалсан гэж үзэж, энэ өдрөөс зээлийн гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгосон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Ханд банкны эрх хүлээн авагч томилсон ба мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар Х ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгахаар шийдвэрлэж, уг үйл ажиллагааг хийх гүйцэтгэхийг Банкны эрх хүлээн авагчид даалгасан. Банкны эрх хүлээн авагчийн татан буулгах ажиллагаа дуусаагүй өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байна. Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2  дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлээс “Х” ХХК хасаагүй, бүртгэл хэвээр байна. Зөвхөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “Х” ХХК-ийг "... Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 , 26.8  дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд иргэний эрх зүйн чадваргүй болсон”, татан буугдаж. улсын бүртгэлээс хасагдсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх хэсэгт заасны дагуу "... үүрэг дуусгавар болсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээг “Х” ХХК болон “М” ХХК нар байгуулсан. Аливаа хуулийн этгээдийн эрх бүхий этгээд солигдох нь эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхтэй Х ХХК гэх хуулийн этгээдийн байгуулсан зээлийн гэрээний эрх үүргийг зогсоох, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Мөн банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасан дагуу “Х” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах чиг үүрэгтэй байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх ажиллагааг зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэн "... банк татан буугдсан, төлбөрийн чадваргүй болсон, банк байгуулах, үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг мэдсээр байж Банкны эрх хүлээн авагч хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцон шаардаж байгаа нь өөрийнх нь үндсэн зорилго чиг үурэгтэй зөрчилдсөн” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

“Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13 950 000 000 төгрөг, хүү 14 347 288 660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 833 558 356 төгрөг, нийт 31 130 846 986.30 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...зээлийн болон барьцааны гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй учир гэрээг хүчин төгөлдөр бус, “Х” ХХК-ийг төлөөлж банкны зээлийн хэлтсийн захирал н.Одпүрэв, нөгөө талаас “М” ХХК-ийг төлөөлж үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал н.Байгалаа, санхүүгийн хэлтсийн захирал н.Мягмаржаргал нар гарын үсэг зурсан нь эрх олгогдоогүй этгээдүүд хэлцэл хийсэн” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч “М” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 13-1060/49 дугаартай зээлийн гэрээг нэхэмжлэгч “Х” ХХК-тай байгуулж, 14 000 000 000 төгрөгийг бараа материал татан авах /мах, мал бэлтгэх/ зориулалтаар, жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн байна. /1хх.8-13/

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 13-1060/49/2 дугаартaй барьцааны гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 хороо, үйлдвэрийн бүс /16102/ Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5, ХБ 34/7, 34/8, 34/9 тоотуудад байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү2205011375 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, хариуцагчийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 хороо хаягт байршилтай, махны үйлдвэр зориулалттай, нэгж талбарын 168023/0075 дугаар бүхий, 32.920 м.кв талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгө, ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмж зэрэг хөдлөх үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх.8-13, 38, 56-62/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банкны зээлийн болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, уг гэрээнүүд нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзсэн нь зөв болжээ.

 “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Батцэцэгийн шийдвэрээр 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05/13 дугаар зээлдэгч буюу “М” ХХК-ийг төлөөлөн 14 000 000 000 төгрөгийн зээл авах, хөрөнгө барьцаалах эрхийг тус компаний үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Байгалмаа, санхүү төлөвлөлтийн хэлтсийн захирал Б.Мягмаржав нарт зөвшөөрсөн байна. /3хх.30-36, 40, 41/ Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд эрх олгогдоогүй этгээдүүд хэлцэл хийсэн гэх тайлбар үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Зээлдүүлэгч 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн эзэмшлийн Хны 106000021118 дугаарын дансанд 14 000 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь дипозит дансны хуулга баримтаар тогтоогджээ. /3хх.61-62/ Иймд зээлдүүлэгч буюу “Х” ХХК хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч байгууллага зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг “Жаст групп” ХХК-д өгсөн өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, үр шимийг нь хүртээгүй, тул зээлийн хүүг нэмж буцаан төлнө гэдэг нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч байгууллагатай 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. /3хх.134-137/

Хариуцагч байгууллага гэрээний үүргийг хуваарийн дагуу төлөөгүйгээс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13 950 000 000 төгрөг, зээлийн хүү 914 470 547 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146 994 739 төгрөг нийт 15 011 465 287 төгрөг төлөгдөөгүй болох нь тогтоогдсон байна. /1хх.21-23, 26,27/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаар тушаалаар “Х” ХХК-ийг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгасан, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А-175 дугаар тушаалаар “Х” ХХК-ийг байгуулах 1996 оны 11 тоот тусгай зөвшөөрөл, банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгожээ.

Иймд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8 дахь хэсэгт зааснаар “Х” ХХК нь хуулийн этгээд иргэний эрх зүйн чадваргүй болж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т зааснаар үүрэг дуусгавар болсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Монгол банкны 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-157 тоот тушаалаар “Х” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хуулийн этгээдийн хувьд татан буулгаж, банкны үйл ажиллагаа эрхлэх бүх зөвшөөрлийг хүчингүй болгосон, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цуцлагдсан байх тул нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь уг хугацаанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно.  

Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 15 011 465 287 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 119 381 699 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалттай нийцжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.