Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 58

 

Архангай аймгийн ГХХБ-ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01495/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэлтэй

            Хариуцагч “Зоригконструктор” ХХК-д холбогдох

            “Гэрээний үүрэг, алданги нийт 295.810.906 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч “Зоригконструктор” ХХК-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас:

2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Зоригтконструктор” ХХК-ийн захирал Д.Энхзоригтой байгуулсан гэрээгээр барилгын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гүйцэтгэж барилгаа хүлээлгэн өгнө  тохиролцсон. 191.473.860 төгрөгийн гүйцэтгэл баталгаажиж уг компанид санхүүжилт орсон учраас хийгдээгүй ажлын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. “Зоригт конструктор” ХХК-д захиалагчийн хяналтын зардал 3.252.233 төгрөг, зураг төсвийн 9.000.000 төгрөг тухайн компанид ороогүй. Үүнийг төрийн сангаас холбогдох газруудад шилжүүлсэн байдаг тул гүйцэтгэлдээ орсон гэж тооцно. Дээврийн ажил 50 хувь, хаалга цонхны ажил 60-70 хувь, гадна заслын ажил 45 хувь, дотор заслын ажил 12 хувь хийгдсэн байх ёстой. Гэтэл барилгын суурь ажил болон 1 давхрын карказ, гадна ханын бетон дүүргэлт хийгдсэн. Гүйцэтгэгч компани гэрээнд заасан хугацаандаа ажлаа бүрэн гүйцэтгээгүй. Алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу ажлын хөлс 89.010.204 төгрөгийг хасаад 222.155.177 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн. Алдангийг 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 0.3 хувиар тооцсон.  тооцсон. Эхний гүйцэтгэл 105.421.898 төгрөг, хоёрдахь гүйцэтгэл 86.301.622 төгрөг буюу нийт 191.478.645 төгрөгийн санхүүжилтыг гүйцэтгэгч компани авсан ба 165.789.000 төгрөгөөс барилгын ажил хийгдсэн. 73.655.729 төгрөгийн ажил хийгдээгүй. Иймээс хууль зөрчиж хуурамч барилгын гүйцэтгэлээр гэрээний үүргээ зөрчиж илүү авсан санхүүжилт болох 73 655 729 төгрөг, мөн алданги болох 222.155.177 төгрөг, нийт 295.810.906 төгрөгийг “Зоригтконструктор ХХК-аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “Зоригконструктор” ХХК-ийн захирал Д.Тамир:

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, “Зоригконструктор” ХХК-ийн хооронд БУА-2014/39 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ахуй үйлчилгээний барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгч гэрээ хооронд байгуулсан. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа санхүүжилтыг манай компанид Архангай аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлж байсан ба нэхэмжлэгчийн зүгээс санхүүжилт нэхэмжлэх эрхтэй субъект гэж үзэхгүй байна. Би барилга дээр очиж үзээгүй. Надад мэдэх зүйл байхгүй. Би компаниа 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд авсан. 73.655.729 төгрөгийг хүлээн зөвшөөрч болно. Аваагүй санхүүжилтийнхээ төлөө алданги тооцуулмааргүй байна. Гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа, барилгын ажил санхүүжилтээс болоод зогссон, гэрээ дүгнээгүй байтал санхүүжилтын мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Дархан-Уул аймгийн Зориг Конструктор ХХК-аас 73 655 729 төгрөг, алданги 36.827.864 төгрөг нийт 110.483.593 төгрөг гаргуулан Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт олгож, 111.671.584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагч Дархан-Уул аймгийн Зориг Конструктор ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс тэмдэгтийн хураамж 710.368 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Зоригконструктор” ХХК-ийн захирал Д.Тамир давж заалдсан гомдолдоо:

Шүүх хуралдааныг намайг өвчтэй үед товлосон. Би өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр явуулж миний эрх зүйн туслалцаа авах болон мэтгэлцэх эрхийг зөрчсөн­. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгчээс татгалзсан боловч татгалзлыг шийдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд дурдаагүй, бичлэг үзүүлээгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцээгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцагч “Зоригконструктор” ХХК-д холбогдуулж гэрээний үүрэг, алданги нийт 295.810.906 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн мэтгэлзэх эрхийг зөрчсөн, хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Үүнд:

1. Хариуцагч шүүхэд өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах хүсэлт гаргасан байхад шүүх энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан  хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй нь түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасан түүний мэтгэлзэх, 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мэтгэлзэх  эрхийг зөрчжээ. /хэргийн 110 дугаар хуудас/

2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Зоригконструктор” ХХК-ийн захирал нь Д.Энхзориг болох хэргийн 31 дүгээр хуудасны “Зоригконструктор” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон гэрээг хариуцагч талаас Д.Энхзориг хийсэн ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэл олгогдоогүй байхад шүүх Д.Тамир гэгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан, эрх үүрэг тайлбарласан, хэргийн материалтай танилцуулсан, шүүх хуралдааны тов мэдэгдсэн, шүүх хуралдаанд оролцуулсан нь хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг солих ажиллагаа хийж болохыг талуудад тайлбарлах үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, өмгөөлөгчийн шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй, 168.1.3-т заасан хэргийн... оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд буцаан олговол зохино.

Нэхэмжлэгч тал 191.473.860  төгрөгийг  хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаагаа нотлох эсэх, хариуцагч нь энэхүү мөнгийг өөр этгээдээс  шилжүүлсэн гэж маргаж буйг шүүх тодруулаагүйг,  мөн хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж хавсаргасан баримт болох эмнэлгийн магадлагаанд 2017 оны  01 дгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 02 дугаар 20-ны өдөр хүртэл өвчтэй гэж тодорхойлсон /хэргийн 100-101 дүгээр хуудас/ байхад шүүх дараагийн шүүх хуралдааны товыг 2017 онй 02 дугаар сарын 03-ны өдрөөр буюу хариуцагчийн өвчтэй байх хугацаанд товлосон нь учир дутагдалтайг анхаарах нь зүйтэй.

Хариуцагч тал давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгчийг Хариуцагчийн давж заалдсан гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгчээс татгалзсан боловч татгалзлыг шийдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн гэсэн боловч энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагдаагүй, үүнийгээ хариуцагч шүүхэд нотлоогүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 710.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Л.АМАРСАНАА 

                                         ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                          С.ОЮУНЦЭЦЭГ