Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01174

 

 “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00130 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр магадлалтай                                                                                                    

            “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Э ” ХХК, Б д холбогдох

           Гэрээний үүрэгт 9,203,750 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 38,402,500 төгрөг, нийт 47,606,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Б , хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2014 оны 9 сард “Э ” ХХК-ийн захирал Б  нь манай “А ” ХХК-аас 110,203,750 төгрөгийн арматур төмөр зээлээр худалдан авч, төлбөрт 101,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 9,203,750 төгрөгийг өгөөгүй. Дахин 2014 оны 9 сард 34,402,500 төгрөгийн арматур төмөр зээлээр худалдан авсан. Төлбөрийг долоо хоногийн дотор төлөхөөр амаар харилцан тохиролцсон. Гэтэл тус компани болон захирал Б  нь зээлээр худалдан авсан арматур төмрийн төлбөрийг төлөлгүй жил гаран хугацаа хэтэрч, улмаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болсон тул манай компани Цагдаагийн байгууллагад хандсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Пркурорын газар хэргийг хүлээн авч хянаад 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 231 дугаартай тогтоолоор 9,203,750 төгрөгт холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож, 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 1295 дугаартай тогтоолоор Б г 38,095,280 төгрөгийн арматур төмөр залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, яллагдагч Б  нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамааруулан хэрэгсэхгүй болгосон. Дээрх прокурорын тогтоолуудыг бид эс зөвшөөрч, дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч Улсын ерөнхий прокурорын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар биднийг иргэний журмаар шүүхэд хандах тухай мэдэгдсэн тул бид энэхүү нэхэмжлэлийг гаргасан. “Э ” ХХК-ийн захирал Б гийн үйлдлийн улмаас нийтдээ 47,299,030 төгрөгөөр хохирсон. “Э ” ХХК-ийн захирал Б  нь 47,299,030 төгрөгийн хохирол учруулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 307,220 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 47,606,250 төгрөгийг хариуцагч “Э ” ХХК болон Б гаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Э ” ХХК-ийн захирал Б гийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие тус компанитай арматур авахаар ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд 2014 оны 9 сард нэхэмжлэлд дурдсан арматурыг “А ” ХХК-аас аваагүй бөгөөд харин “Шинэ эх газар” ХХК-аас худалдан авсан болно. Дээрх худалдан авалтыг хийхдээ 2013 оноос бизнесийн харилцаатай байсан С.Энхбаатар гэж хүнтэй хэлцэл байгуулан хэлэлцэж тохирсны дагуу “Шинэ эх газар” ХХК-аас барааг хүлээн авсан. Тийм учраас би дээрх арматур авсан тооцоогоо хэлцэл байгуулсан этгээд буюу С.Энхбаатар бидний дунд 2013 оноос хойш дээрх бизнесийг хамтран хийсэн бөгөөд бидний дунд бараа нийлүүлсэн, төлбөрийн үлдэгдлийн тооцоог өнөөдрийг хүртэл хоорондоо тооцоо нийлээгүй өглөг авлагын талаар маргаан байдаг. Миний хувьд “А ” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00130 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Э ” ХХК-аас 45,917,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,688,850 төгрөг болон хариуцагч Б д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 223,904 төгрөг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас 387,537 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00130 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б гаас 45,917,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,688,850 төгрөг болон хариуцагч “Э ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 641 тоот магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч “А ” ХХК-тай ХХАГ гэрээ байгуулаагүй, “Шинэ Их газар” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба энэхүү хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэх ХХАГэрээ байхгүй билээ. Гэтэл ХХАГэрээ байхгүй байхад буюу нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага болох өмнөх байгуулсан гэрээний үлдэгдэл 9,203,750 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг батлах үүрэгтэй бөгөөд өмнөх гэрээгээр 9,203,750 төгрөгийн үлдэгдэл үлдсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан үйл баримтыг үнэлж, өмнөх гэрээний үлдэгдэлтэй хэмээн дүгнэсэн нь илт үндэслэлгүй болно. Мөн тухайн төмрийг бодох нэгж үнийг шүүх нэхэмжлэгчийн тайлбарласан үнийн дүнгээр хийсвэрээр бодож тогтоогоод байгаа үндэслэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ийнхүү бодохдоо өмнөх гэрээний гэх нийт нийлүүлсэн төмрийг нь буцаан авах ёстой гэж нэхэмжлэгчийн зөвхөн мэдүүлсэн үнийн дүнд хуваагаад төмрийг худалдан борлуулах үнийг гаргаад байгаа юм. Гэтэл тухайн худалдан авсан гэх нийт төмрийг хариуцагчаас авах ёстой гэх нийт төлбөрт хуваагаад байгаа “нийт төлбөр” гэх үнийн дүнгээ үндэслэлгүйгээр тогтоож байгааг анхаарч үзнэ үү. Учир нь энэхүү нийт гэх үнийн дүнг хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлоогүй өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр гэх 9,203,750 төгрөгийг оруулан тооцож, энэхүү дүнг гаргаад байгаа юм. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд шийдэх ёстой байхад нэхэмжлэлийг сайн дураараа өөрчилж, нэхэмжлэгч тал аль хэнээс юуг, ямар үндэслэлээр нэхээд байгааг тодорхой лавлаж, хариулт авсан мөртлөө нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биш “Э ” ХХК болон иргэн Б гаас гаргуулахаар шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Нэхэмжлэгч тал гэрээний үүрэгт 9,203,750 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 38,402,500 төгрөг, нийт 47,606,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Хариуцагч Б  “Э ” ХХК нар “А ” ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаа болон шүүхийн дүгнээд байгаа гэрээний харилцаанд ороогүй болно. “Э ” ХХК, “Эн Си Ди” Групп болон “А ” ХХК-иас юу ч худалдан аваагүй байхад анхан шатны шүүх “Тухайн үед хуулийн хэлтсийн даргын хувьд “А ” ХХК, “Эн Си Ди” Групп-ийн хоорондох бараа материал нийлүүлэх гэрээг хууль эрх зүйн хувьд хянаж гарын үсэг зурж байсан гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр “А ” ХХК-ийн арматур төмрийг “Шинэ их газар” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас “Э ” ХХК-ийн захирал Б  авсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Хэрэгт “А ” ХХК, “Эн Си Ди” Групп хоёрын хооронд ямар ч гэрээ байхгүй, гэрээ байсан бол хэрэгт байх ёстой байсан. Мөн гэрч шүүх хуралд дээр мэдүүлэхдээ “цагдаагийн бичгийг уншиж үзээд би сайн санахгүй тооцоо байсан байх тооцоог нягтлан бодогч хийж гаргаж өгнө шүү дээ” гэж байсан. Гэтэл шүүх гэрчийн яриагүй зүйлийг ярьсан болгож мөн ямар ч гэрээний талаар яриагүй байхад шүүх сайн дураараа гэрээ байсан мэтээр дүгнэж байгаа нь илтэд нэг талыг барьсан гэж үзэж байна. Учир нь шүүх нэхэмжлэгчийн 2017 оны 12 сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдэж 101/ШТ2017/0531 тоот захирамжинд хадгаламжийн дансны хуулгыг хэн ч хүсэлт гаргаагүй байхад миний хувийн нууцад халдаж захирамж гаргаж нэхэмжлэгч талд үзүүлж байгаа шүүх хэт нэг талыг барьсан нь тодорхой харагдана.

Шүүх болоогүй зүйлийг болсон мэтээр “Шинэ Их Газар” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас Б  авсан гэж харсан мэтээр хийсвэрээр дүгнэж шийдвэр гаргасан болно. “Э ” ХХК нь “А ” ХХК-тай эрх зүйн харилцаанд орж арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан гэдгийг нотлох зорилгоор хуурамч бичиг баримт үйлдэн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримт дээрх хариуцагч Б гийн гарын үсэг биш, хуурамч гэдгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Б , “А ” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Иймд хариуцагч “Э ” ХХК нь нэхэмжлэгч “А ” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2 удаагийн үйлдлээр нийт 118,885 тонн төмрийг ... худалдан авсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул” гэж дүгнэжээ. Харуцагч Б  нь 118,885 тонн төмрийг “Шинэ Эх Газар” ХХК-ийн өмчлөлийн хашаанаас авсан байдаг бөгөөд шүүх “Амглапед” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас авсан мэтээр өөрөө сайн дураараа санаанаасаа зохиож дүгнээд байгаа нь илт хууль бус юм. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтанд тулгуурлан нягталж шалгалгүй илт худал зүйл бичээд байна уу? эсвэл илтэд нэхэмжлэгч талд ашигтайгаар ингэж дүгнээд байна уу? гэдэг нь эргэлзээтэй байна.

Мөн энэхүү төмрийг “Шинэ Эх газар" ХХК-аас худалдах, худалдан авах ажиллагаанд зөвхөн хуулийн этгээд буюу “Э ” ХХК нь оролцож, гэрээний харилцаанд оролцсон байхад “Э ” ХХК-ийн захирал гэдэг статусаар оролцсон Б г иргэний хувиар энэхүү хэрэгт хариуцагчаар үзэж, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Иргэн Б  гэх зүйл байхгүй энэхүү харилцаанд дандаа “Э ” ХХК-ийн захирал Б  гэдэг статусаар явсан байдаг. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/00130 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 641 тоот магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий болоогүй тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Амглапед” ХХК нь хариуцагч “Э ” ХХК болон Б гаас худалдсан барааны үлдэгдэл төлбөрт 9 203 750 төгрөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 38 402 500 төгрөг, нийт 47 606 250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “Шинэ эх газар” ХХК-аас арматурыг авсан,  нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж маргажээ.

  “Амглапед” ХХК нь хариуцагч “Э ” ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэн, хариуцагч  компаниас 45,917,400.00  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,688,850 төгрөг болон хариуцагч Б д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол хариуцагч Б гаас дээрх хэмжээний мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Э ” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг давж заалдах шатны шүүх оруулсан байна.

Нэхэмжлэгч нь “Шинэ эх газар” ХХК-ийн хашаанд хадгалагдаж байсан арматур төмрийг “Эн Си Ди Групп” ХХК-аас авах авлагад тооцож авсан ба үүнийгээ хариуцагч Б.Амарбаягаланд худалдсан гэж тайлбарласан нь “Эн Си Ди Групп” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 8-71 дугаар албан бичиг, С.Энхбаатарын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, “А ” ХХК-ийн дансанд хариуцагч Б гийн эрхлэн явуулдаг Э  ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдөр арматур төмрийн үнэ гэсэн утгатай 101 500 000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ.

 Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлж, хариуцагчийг эхний худалдан авалтаас 9 203 750 төгрөгийн, дараагийн худалдан авалтаас 38 402 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, нэхэмжлэгч энэ хэмжээний мөнгийг шаардах эрхтэй гэж дүгнэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Зохигчид гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч  худалдах-худалдах авах хэлцлийн хэлбэрийг хуульд тусгайлсан заагаагүй тул талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний зүйлийг харилцан шилжүүлсэн, үнийн зарим хэсгийг төлсөн  зэрэг үйл баримтад үндэслэн шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тодорхойлсныг мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч Б  гэрээний зүйлийг нэхэмжлэгч “А ” ХХК-аас хүлээж аваагүй, “Шинэ эх газар” ХХК-аас авсан гэж нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж  маргасан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримт гаргаж өгөөгүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б  яллагдагчаар татагдсан, “...”Амгалапет” ХХК-ийг хохиролгүй болгоно” гэж мэдүүлсэн ба түүнд холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Хариуцагч Б  эрүүгийн хэргийг шалгах явцад арматур төмөр худалдах, худалдан авах хэлцлийг компанийн өмнөөс хийсэн тухай мэдүүлэг өгөөгүй, харин өөрөө 118 885 тонн төмөр худалдан аваад төлбөрийн зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлнө гэж мэдүүлсэн байхын зэрэгцээ төлбөрийн үүргийг компанид хариуцуулах эргэлзээгүй баримтгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

“Э ” ХХК, Б  нар “А ” ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаа болон шүүхийн дүгнээд байгаа гэрээний харилцаанд ороогүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч Б гаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 387,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН