Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01188

 

 “И ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

             Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02465 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн746 дугаар магадлалтай                                                                                                     

            “И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             Т д холбогдох

             Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунням, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч “И ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “И ” ХХК-ийн захирал М.Гансүх нь зар сонин дээр байсан утасны дугаараар Ж.Энхбаяртай холбогдож 50,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлэхээр болж, 2013 оны 12 сарын 13-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Гарааш худалдах, худалдан авах гэрээг М.Гансүх, Б.Мөнхбат нар байгуулсан. Ингэхдээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 1270 Уурхайчид 2 тоотод байрлах нэгж талбарын 18669296328036 дугаартай 1800 м.кв талбай бүхий газар, мөн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 2 гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаар бүхий 1033 м.кв талбайтай гараашийг түр хугацаагаар барьцаалж, зээлсэн 50,000,000 төгрөгөө, хүүгийн хамт төлж барагдуулсны дараа тухайн эд хөрөнгүүдээ буцаан авахаар харилцан тохиролцсон. “И ” ХХК-ийн захирал М.Гансүхийг Ж.Энхбаяр, Б.Мөнхбат нараас мөнгө зээлж байгаа үйлдлийн талаар нотариатч Т  мэдсээр байж зээлийн болон барьцааны гэрээ хийгээгүй бөгөөд гарах үр дагаварыг тайлбарлахгүйгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон гарааш худалдах, худалдан авах гэрээг үйлдэж баталсан. М.Гансүх зээлийн төлбөрөөс 33,382,000 төгрөгийг Б.Мөнхбатын түүнд өгсөн ХААН банкны дансанд төлөөд явж байх хооронд Б.Мөнхбат нь 2014 оны 04 сарын 24-ний өдөр дээрх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь тухайн үед “И ” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байсан. “И ” ХХК нь нэг гишүүнтэй, М.Гансүхийн эзэмшлийн компани хэдий ч тус компанийн өмч хөрөнгийг иргэн М.Гансүх захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй. Нотариатч Т  дээрх эд хөрөнгүүдийг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх тухай нотариатын үйлдэл хийхдээ хуульд заасны дагуу эзэмшигч, өмчлөгч нь болох “И ” ХХК-иас заавал зөвшөөрөл авах, эсхүл дээрх эд хөрөнгүүд нь иргэн М.Гансүхийн өмч хөрөнгө мөн эсэх, мөн бол түүнийг захиран зарцуулах эрхтэй эсэхийг шалгах ёстой байсан. Иймд 2013 оны 12 сарын 13-ны өдрийн М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулсан нотариатын 1524 дугаарт бүртгэсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон нотариатын 1525 дугаарт бүртгэсэн гарааш худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулсан нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т гийн шүүхэд гаргасан тайлбарт: М.Гансүх нь 2013 оны 12 сарын 13-ны өдөр Ж.Энхбаяр, Б.Мөнхбат нартай гарааш худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба барьцаатай зээлийн гэрээ хийх тухайгаа надад хэлээгүй. Би М.Гансүхийг дээрх хүмүүсээс зээлийн гэрээ хийх талаар мэдсэн бол зээлийн гэрээгээр хийх байсан тэгэх ч ёстой тэд надад барьцаатай зээл авах тухайгаа хэлээгүй. Зохигчид хоорондоо тохиролцсоны дагуу тэдэнд маягтуудыг өгч тус хүмүүс өөрсдөө гараар маягтаа бөглөн гэрээ хийж гарын үсэг зурсан. М.Гансүх нь “И ” ХХК-ийн эзэн болохоор тус ХХК-ийн эзэмшилд байсан эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхийнхээ дагуу гэрээг хийсэн. Энэ гэрээ нь зохигчдын харилцан тохиролцож хийснээс хойш 3 жилийн хугацаанд тус гэрээнд зохигчдоос өөрчлөлт засвар оруулах талаар ямар нэг санал хүсэлт ирүүлээгүй. Иймд энэ гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Уг гэрээг батлагдсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцох хэрэгтэй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхбатын шүүхэд ирүүлсэн тайлбарт: Би М.Гансүхтэй худалдах, худалдан авах гэрээ, газар шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, нэхэмжлэлд дурдсан газар, гараашийг худалдаж авсан. Бидний хооронд байгуулсан гэрээнд нотариатчийн буруутай үйлдэл байхгүй. М.Гансүх 2014 онд Хан-Уул дүүргийн шүүхэд одоогийн нэхэмжлэлдээ дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хуралдааны өмнө М.Гансүх эвлэрэх санал гарган эвлэрсэн. Гэтэл М.Гансүх эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй, эвлэрэл баталсан шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан бөгөөд 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 102/ШТ2015/00387 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаагүй. “И ” ХХК нь тухайн үедээ нотариатчийн үйлдлийг зөвшөөрсөн нь анхны нэхэмжлэлээс харагддаг. Өмнөх шүүхийн ажиллагааны үед нотариатчийн үйлдлийг буруутгаагүй тул уг асуудлыг шүүх дахин хэлэлцэхгүй. М.Гансүх нь хуулийн дагуу ажлаа хийсэн нотариатчийг буруутгах байдлаар Б.Мөнхбатын өмчийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэж байна. М.Гансүх нь нотариатчид өөрийгөө “И ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй мэт ойлгуулсан бөгөөд тэрээр тухайн компанийн ганц хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм. Энэ хэлцлийг хийсний дараа хуулийн этгээдээр хэлцлийг хийх ёстой байж гэж яригдсан боловч нэхэмжлэгч “...зүгээрээ, асуудал гарвал бичгээ компаниараа гаргаад газрын албанд өгнө, хугацаа хожихын тулд хурдан өгье” гэсэн. Хэрвээ нотариатын үйлдэл буруу гэж үзвэл түүнд нөлөөлсөн хүчин зүйл байгаа эсэхийг үнэлэх ёстой. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.3 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй. Иймд шүүх үйлчлүүлэгчийн өөрийн буруутай үйлдэл, өөрийгөө төлөөлөх эрхтэй мэт ойлгуулсан байдал, өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг анхаарна уу гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02465 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т гийн 2013 оны 12  дугаар  сарын 13-ны өдөр М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх  гэрээг  бүртгэлийн 1524, 1525 дугаарт бүртгэж, гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 746 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “И ” ХХК-ийн, нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 746 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэг. Нотариатч Т гийн гэрчилсэн нотариатын бүртгэлийн 1524, 1525 дугаарт бүртгэлтэй 2013 оны 12 сарын 13-ны өдрийн “Гарааш худалдах, худалдан авах” гэрээ болон 2013 оны 12 сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээнүүд нь иргэн М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан байдаг. Дээрх хоёр гэрээний гэрээ байгуулсан хэсгийн худалдагч тал нь М.Гансүх, худалдан авагч тал нь Б.Мөнхбат нар байх бөгөөд иргэн М.Гансүх, Б.Мөнхбат нарын иргэний үнэмлэхийг уг гэрээнд тус тус баталгаажуулж нотариатчийн тэмдэг дарсан байна. Мөн нотариатч Т гийн 2013 оны нотариатын бүртгэлийн дэвтрийн 1524, 1525 дугаарт бүртгэгдсэн бүртгэлээс үзэхэд дээрх хоёр гэрээг мөн л иргэдийн хооронд байгуулагдсан болох нь уг бүртгэлийг тэмдэглэсэн хэсгээс харахад хангалттай нотлогдоно. Энэ бол хөдлөшгүй, ямар ч шүүгч үнэлэхэд эргэлзээгүй ойлгомжтой нотлох баримт юм. Гэхдээ нотариатч Т гээс нотлох баримтаар гаргуулсан хоёр гэрээний үнийн дүн нийт 60 сая төгрөгийн гэрээ байдаг бөгөөд харин иргэн М.Гансүхэд байгаа хоёр гэрээний үнийн дүн нийтдээ 100 сая төгрөгийн гэрээ байдаг юм. Дээрх үндэслэлүүдийн талаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас хангалттай тайлбарлаж маргасан. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлалд “.... нэхэмжлэгч “И ” ХХК-ийн төлөөлөгч М.Гансүх, гуравдагч этгээд Б.Мөнхбат нар 2013 оны 12 сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчдын 2 дугаар гудамжны 01 тоотод байрлах 1033 м.кв талбай бүхий гаражийг худалдах, худалдан авах, мөн тус гудамжны 02 тоотод байрлах “И ” ХХК-ийн 1800 м.кв талбай бүхий газрын эрхийг шилжүүлэх гэрээг тус тус байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн болох нь тогтоогдож байна. Дээрх үйл баримтын хувьд талууд маргаангүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх иргэн М.Гансүхийг “И ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэдгийг ямар баримтаар нотлож “тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийгээд байгааг ойлгохгүй байна.

Хоёр. Нотариатч Т гээс нотлох баримтаар гаргуулсан “И ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн захирлын нэр бичигдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү баримтаар “И ” ХХК-ийг М.Гансүх төлөөлөх эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байгаа юм. Нотариатч Т  нь тус компанийн дүрмийг шаардаж аваагүй байдаг. Үүнийг шүүх анхаарах нь зүйтэй. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд Нотариатчдын танхимаас гаргуулсан нотариатын бүртгэлийн дэвтэр, 2013 оны 12 сарын 13-ны өдрийн гарааш худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, “И ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгчээ. Дээрх баримтуудад хариуцагч Т гийн нотариатчийн тамга 126 дугаартай баталгааны тэмдэг дарагдсан байх тул хариуцагчийг гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 27 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн гэж буруутгах боломжгүй”... гэх дүгнэлт хийж байгаад маш их гомдолтой байна. Учир нь, үйлчлүүлэгчийн хувийн байдал хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байхад шүүхээс нотариатын баталгааны тэмдэг дарснаар хууль зөрчихгүй мэтээр дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй хууль бус дүгнэлт болж байна. Иргэн М.Гансүх нь “И ” ХХК-ийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхтэй эсэхийг нотариатч Т  Нотариатын тухай хууль, дүрэмд зааснаар маш сайн шалгаж тогтоох ёстой байсан. Гэтэл иргэн М.Гансүхэд “И ” ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй байхад “И ” ХХК-ийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх тухай гэрээг хийж баталгаажуулсан нь Нотариатын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Гурав. “И ” ХХК нь ганц гишүүнтэй хэдий ч иргэн М.Гансүхийн хувьд тус компанийг хуульд заасан нотлох баримтгүйгээр төлөөлөх эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, иргэн М.Гансүх, “И ” ХХК нь хоёр өөр субъект болохыг хуульд тодорхой заасан байгаа. Энэ асуудлыг ч хуульчид тэр дундаа шүүгч нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа төдийгүй практик дээр жишиг болж энэ талаарх маргаан олонтаа хянан шийдвэрлэгдэж тогтсон асуудал байгаа. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... нэхэмжлэгч “И ” ХХК нь ганц гишүүнтэй хуулийн этгээд байх бөгөөд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М.Гансүх итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар компанийг төлөөлж хэлцэл хийсэн байна” гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нотариатч Т  нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдал тогтоогдохгүй бол нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой байсан. Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу нотариатч Т гийн гэрчилсэн 2013 оны 1524, 1525 дугаарт бүртгэлтэй нотариатын үйлдлийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн үндэслэлтэй зөв шийдвэр болсон юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 746 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/02465 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “И ” ХХК нь хариуцагч Т д холбогдуулан “,...компани нь М.Гансүхийнх мөн боловч нотариатч нь компанийг төлөөлөх эрхийг шалгаагүй, шилжүүлж буй хөрөнгийг М.Гансүх захиран зарцуулах эрхтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй, ...Ж.Энхбаяр, Б.Мөнхбат нараас мөнгө зээлж байгаа талаар нотариатч мэдсээр байж зээлийн болон барьцааны гэрээ хийгээгүй, гарах үр дагаврыг тайлбарлаагүй” гэсэн үндэслэлээр “2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М.Гансүх, Б.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Гараж худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах” шаардлага гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “..М.Гансүх нь “И ” ХХК-ийн эзэн болохоор компанийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх гэрээг өөрөө хийсэн, ... гэрээнд өөрчлөлт засвар оруулах талаар ямар нэг санал хүсэлт ирүүлээгүй, ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагчийн татгалзлыг дэмжиж оролцохдоо, “...М.Гансүх нь тухайн компанийн ганц хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь юм. ...хэлцлийг хийсний дараа хуулийн этгээдээр гэрээ хэлцлийг хийх ёстой байж гэсэн асуудал яригдсан боловч нэхэмжлэгч “...зүгээрээ, газрын албанд шаардлагатай асуудал гарвал би бичгээ компаниараа бичээд өгнө, одоо хугацаа хожихын тулд хурдан өгье” гэсэн, ...өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг анхаарч үзнэ үү” гэжээ.

Нэхэмжлэгч “И ” ХХК-ийн төлөөлөгч М.Гансүх, гуравдагч этгээд Б.Мөнхбат нар 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчдын 2 дугаар гудамжны 01 тоотод байрлах 1033 м.кв талбай бүхий гаражийг худалдах-худалдан авах, мөн тус гудамжны 02 тоотод байрлах “И ” ХХК-ийн 1800 м.кв талбай бүхий газрын эрхийг шилжүүлэх гэрээг тус тус байгуулсныг  нотариатч Т  гэрчилж, бүртгэлийн 1524, 1525 дугаарт бүртгэсэн ба энэ үйл баримтын хувьд талууд маргаагүй.

Нотариатчдын танхимаас гаргуулсан нотариатын бүртгэлийн дэвтэр, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гараж худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, “И ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “И ” ХХК нь ганц гишүүнтэй хуулийн этгээд ба 100 хувийн хувьцаа эзэмшигч нь М.Гансүх байх бөгөөд түүний компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар хийсэн хэлцлийг нотариатч Т  гэрчлэхдээ хуульд заасан үүргээ зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн “...зээлийн гэрээ байгуулах байсныг мэдсэн атлаа үр дагаврыг танилцуулаагүй, өөр гэрээ байгуулсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй  байхад  хариуцагчийг  Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны  дагуу эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлах үүргээ зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм.  

Иймээс анхан шатны шүүхийг хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв хэдий ч магадлалын тогтоох хэсэгт хууль хэрэглээгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

              1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 746 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтад “...183/ШШ2017/02465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож” гэсний дараа “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж нэмэлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН