Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

 

Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00087 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Ц.Ганхуягт холбогдох

 

            Гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

            Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ц.Ганхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум орох гээд эгч Ц.Мөнхцэцэг, Ц.Ганхуяг нарын хамт өөрийн Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай автомашинаар явсан. “22”-ын товчоо өнгөрөөд Ц.Ганхуяг миний машиныг бариад явья гээд байхаар нь зөвшөөрсөн. Гэтэл Ц.Ганхуяг хотоос гараад Төв аймгийн Лүн сумын замд хурд хэтрүүлэн явж байгаад машиныг онхолдуулсан. Тухайн үед Замын цагдаагийн газарт дуудлага өгсөн боловч тээврийн хэрэгсэл даатгалгүй учраас ирээгүй. Ослоос болж миний эгч Ц.Мөнхцэцэгийн мөр мултарч, тархи доргиж, миний машины дээвэр, салхины шил, урд гупер, радиатор, толь зэрэг хагарч, хаалга гажилттай болсон. Маргааш нь Ц.Ганхуягтай хамт Вьетнам засварын газарт очиж асуухад машиныг засахад сэлбэг 1 200 000 төгрөг, ажлын хөлс 1 800 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг болно гэсэн. Ц.Ганхуяг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хохирлыг төлнө гэсэн ч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ганхуягийн хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ хамт хөдөө явья, замд гарсан элдэв эрсдэл, хохирлыг өөрөө хариуцна гэж тохиролцсон учраас би цуг явсан. Машины урд талд юм дуугараад байна үзээд өгөөч гэхээр нь би машиныг барьсан нь үнэн. Уг автомашиныг 2015 оны 9 дүгээр сард 1 000 000 төгрөгөөр худалдаж авсан тухайгаа надад ярьж байсан. Гэтэл илүү их хэмжээний засварын мөнгө нэхэж байна. Машиныг онхолдсоны дараа асаахад явж байсан тул ноцтой эвдрэл гараагүй. Ослыг миний бие гаргасан гэдэгт маргахгүй. Иймд хохиролд нийт 1 500 000 төгрөг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлье. Эсхүл шинжээчийн дүгнэлтээр гарсан хэмжээ болох 1 860 000 төгрөгийг энэ оны 4 дүгээр сард багтаан төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ганхуягаас 1 860 000 /нэг сая найман зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 44 710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Ганхуяг давж заалдах гомдолдоо: Анхан шатын шүүх үнэлгээ хийсэн шинжээчийг оролцуулалгүй хурал хийсэн нь миний эрхийг ноцтой зөрчсөн. Ц.Мөнхэрдэнэ өөрөө анхнаасаа Хонда маркийн 91-82 УНС улсын дугаартай машинаа надад бариулж явахдаа асуудал гарвал бүх эрсдлийг өөрөө хариуцна гэж тохиролцсон байсан. Ц.Мөнх-Эрдэнэ уг машиныг 1 000 000 төгрөгөөр авсан тухайгаа хэлж байсан. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 183/ШШ2017/00087 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ хариуцагч Ц.Ганхуягт холбогдуулж эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ц.Ганхуяг нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвтсгэрт нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Хонда фит маркийн 91-82 УНС улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, уг авто машинд хохирол учруулсан үйл баримт талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг үндэслэн  шүүхийн журмаар шинжээчээр томилогдсон “Лэндс” ХХК Хонда фит маркийн 91-82 УНС улсын дугаартай автомашины урд салхины шил, ус, тосны радиатор, баруун талын дугуй, босоо тэнцүүлэгч, шил арчигчийн шингэний сав зэрэг эвдэрсэн эд ангийг солих, сэргээн засварлахад шаардлагатай талаар дүгнэлт гаргасан, хариуцагч шүүх хуралдаанд 1 860 000 төгрөгийг энэ оны 04 дүгээр сард багтаан төлөхөөр тайлбарласан байх бөгөөд шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч Ц.Ганхуяг нь нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй. Шүүх гэм хорын хохиролд 1 860 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.    

Хариуцагч Ц.Ганхуяг “...Ц.Мөнх-Эрдэнэ автомашинаа бариулж явахдаа асуудал гарвал бүх эрсдлийг өөрөө хариуцна, ... мөн уг автомашиныг 1 000 000 төгрөгөөр худалдаж авсан” гэж тайлбарладаг боловч уг тайлбараа нотлоогүй, шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд шинжээч оролцуулах хариуцагчийн хүсэлтийг “зохигчид шинжээчийн дүгнэлтэд маргаагүй, хариуцагч шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр хангахгүй орхисон байх ба шүүх хуралдааны явцад хариуцагч “....шинжээчийн дүгнэлттэй маргахгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээг 4 сард багтааж төлнө...” гэж тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэв. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                            

                                   

 

  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                    ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                А.МӨНХЗУЛ