Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01688

 

“Г А Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00408 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалтай,

“Г А Э”ХХК-ний нэхэмжлэлтэй

Орхон аймаг дахь “ШШГА”, “Н О А”ХХК нарт тус тус холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Г А Э”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1377 дугаартай шийдвэр, 143 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу манай компаниас 78 665 180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах дутуу баригдсан барилгын 614 м2 газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах дутуу баригдсан 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 504 м2 талбай бүхий зоорийн давхар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 90 м2 хүнсний дэлгүүр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах 777 м2 гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг “Н О А”ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 11/18 тоот шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг нийт 530 611.9 төгрөгөөр тогтоосон. Оюут багт байрлах 6 давхар барилгын суурь 504 м2 талбай бүхий зоорийн давхар нь 1 000 000 000 төгрөг, 614 м2 газрыг зах зээлийн ханш 500 000 000 төгрөг, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн 90 м2 үйлчилгээний зориулалттай барилга 100 000 000 төгрөг, 777 м2 газар 50 000 000 төгрөгийн нийт 1 650 000 000 төгрөгийн зах зээлийн үнэтэй болно. Гэтэл ийнхүү хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь “ШШГГ” шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/01377 дугаар шийдвэрээр “Г А Э”ХХК-наас 78 665 180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн байна. Тус газраас төлбөр төлөгч “Г А Э”ХХК-ийн захирал Б.Эрдэнэсоёлтой уулзаж шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй байна. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгчийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах 777 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар /Г-0000000000/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод 90 м.кв үйлчилгээний зориулалттай 8 нэрийн дэлгүүр / Ү-0000000000/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дутуу баригдсан барилгын хажууд байрлах 504 м.кв талбайтай 1 давхарын 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /Ү-0000000000/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дутуу баригдсан барилгын хажууд байрлах 614 м2 талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй /Д-0391426/ газрыг тус тус 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байна. Талуудын үнийн санал зөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн аудитын байгууллага болох “Н О А”ХХК-г шинжээчээр томилсон. Тус газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон байхад төлбөр төлөгч “Г А Э”ХХК-ийн захирал Б.Эрдэнэсоёл нь барилгын зураг төсвөө гаргаж өгөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор санхүүжилт дутсан тул барилгаа өөрчлөн давхрыг багасгаж барилгын зургийг шинээр зуруулж байгаа, хуучин барилгын зураг нь Барилга хот байгуулалтын яаманд шинэчлэн батлуулах гээд өгсөн байгаа зэргээр аудитын байгууллагын үнэлгээ гаргах хугацааг удаашруулж байсан."“Н О А”ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 70 хувийн гүйцэтгэлтэй 504 м.кв талбайтай барилгыг 472 036 600 төгрөг, 614 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 20 262 000 төгрөг, 90 м.кв хүнсний дэлгүүрийг 27 097 900 төгрөг, 777 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 11 215 400 төгрөгөөр нийт хөрөнгийг 530 611 900 төгрөгөөр тогтоосон. Мөн тус газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу “Н О А”ХХК-ний шинжээчийн дүгнэлт үнэлгээг танилцуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч төлбөр төлөгч “Г А Э”ХХК-ний захирал Б.Эрдэнэсоёлд танилцуулахаар зарлан дуудахад ирдэггүй, хаягаар очиход хаалгаа нээхгүй, баталгаат шуудангаар хаягаар хүргүүлэхэд эзэнгүй байна гэсэн шалтгаанаар буцаж ирсэн тул 95545413 дугаарын утсаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээг хаягаар очиж танилцуулсан байна.Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн аудитын байгууллагаар үнэлгээг тогтоолгосон бөгөөд аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг тус газраас өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н О А”ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г А Э”ХХК-ийн ХААН Банкны барьцаанд байгаа гэх үл хөдлөх хөрөнгүүдийг Шийдвэр гүйцэтгэх албаны Шинжээч томилох 17/07 тоот тогтоолын дагуу манай компани үнэлгээ хийж хүргүүлсэн. Бид үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ҮОУСтандарт, Хөрөнгө үнэлгээний тухай хууль, Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, үнэ ханшийн дагуу орлогын хандлага, өртгийн хандлагын аргаар бодит байдалд нийцүүлэн үнэлсэн болно. Тус компаний үнэлгээ хүчингүй болгох хүсэлт нь бодит байдалд огт нийцээгүй, Орхон аймагт зарагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ ханштай харьцуулахад хэтэрхий өндөр байгаа нь ажиглагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00408 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Орхон аймаг дахь “ШШГГ”, “Н О А”ХХК холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Г А Э”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2018/01063 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Г А Э”ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ хэрэгт авагдсан баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шинжээчийн үнэлгээг зах зээлийн ханшнаас илтэд доогуур үндэслэлгүй тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянуулах шаардлага гаргаагүй харин шинжээч томилж шинжилгээ хийлгэж эхэлсэн процесс нь нь хуулийн дагуу явагдсан эсэхийг хянуулах зорилготой байсан. Гэтэл шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж бүхэлд нь дүгнэсэн нь буруу юм. Учир нь уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудлаар бүхэлд нь үнэлэлт дүгнэлт хийх шаардлагыг хэн ч гаргаагүй болно. Ийм байтал давж заалдах шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. 2. Хавтаст хэргийн 47 дахь хуудсанд Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба, хорих 437 дугаар ангийн дарга хурандаа М.Ариунболдын баталсан, Ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Бямбасүрэнгийн хянасан шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбатын үйлдсэн “Шинжээч томилох тухай” тогтоол байна. Энэхүү тогтоолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлийг үндэслэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.5 дах заалтуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тавигдах хуулийн шаардлагыг тодорхойлж 12.2.5 тогтоол гаргах хууль зүйн үндэслэлийг заавал тогтоолд заахаар тусгасан бөгөөд тогтоолд хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүх дүгнээгүй. 3. Тогтоолд шинжээч дүгнэлт өгөхөөс татгалзах, зайлсхийх эсхүл санаатайгаар худалд дүгнэлт гаргасан тохиолдолд хууль зүйн ямар хариуцлага хүлээлгэдэг талаар сануулаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх “Г А Э”ХХКомпанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “...шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж өөр дүгнэлт хийсэн, шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, шинжээчид хууль сануулаагүй...” гэсэн үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

“Г А Э”ХХК нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1377 дугаар шийдвэрийн дагуу Хаан банкинд 78 665 180 төгрөгийг төлөх, уг үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар болсон байх ба Орхон аймаг дахь “ШШГА” барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоот хүнсний дэлгүүрийн барилга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Чимэг төвийн зүүн талд байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилга, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулжээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн   үнийн саналыг /хх44, 46/ авахад талууд тохиролцоогүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор “Н О А”ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч “Н О А”ХХК дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнийг нийт 530 611 900 төгрөгөөр үнэлжээ.

Шинжээч томилсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд шинжээч Б.Алтанпүрэвт хууль сануулж, гарын үсэг зуруулснаас гадна тогтоол /хх47/-ын агуулга хууль зөрчөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх байдал тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00408 дугаар шийдвэр, Орхон аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА