Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 120

 

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/00120

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх д И Д.Цэрэндолгор , хэргийн ,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 34 дүгээр байр, 138 тоотод оршин суух Боржигон овогт Үндээжавын Тунгалагтуяа /Регистрийн дугаар ХЗ69092101/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 35, оффисын барилга 7 давхарт байрлах Хасуу цамхаг ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011146061, Регистрийн дугаар 5215471/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 213,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ч Ү.Тунгалагтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Үндээжав овогтой Тунгалагтуяа би Хасуу цамхаг ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Нямдаваа овогтой Дэлгэрсайхантай 2014 оны 01 сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, мөн 2014 оны 06 сарын 16-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг нэмж зээлэн, нийт 45,000,000 төгрөгийг 9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар 2015 оны 06 сарын 16-ны өдөр эргүүлэн төлөхөөр тохиролцож гэрээ хийсэн. Зээлийн барьцаанд Range Rover 00-04 УНӨ улсын дугаартай машиныг фидуцийн гэрээгээр миний өмчлөлд шилжүүлж барьцаалсан. Гэрээнд зааснаар үндсэн мөнгө, хүү алийг нь ч өгөөгүй, удахгүй мөнгө орж ирнэ гэсээр 2015 оны 06 сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл дахин 1 жилээр сунгаж, барьцаанд нэмж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, 5 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай Ү-2206040717 улсын бүртгэлийн дугаартай 250 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Хасуу цамхаг ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 71,100,000 төгрөг, үндсэн зээлийн 45,000,000 төгрөг, түүний 2 жилийн хүү болох 97,200,000 төгрөгийн хамт, нийт 213,300,000 төгрөгийг хариуцагч Хасуу цамхаг ХХК-аас барьцаа хангуулан гаргуулж өгнө үү. Энэхүү компани нь хэдийгээр хаяган дээрээ байгаа, үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч өр зээлийн асуудлаас болоод байнга хүнгүй мэт харагдуулах үүднээс байнга цоожтой байдаг. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 71,100,000, үндсэн зээлийн 45,000,000, түүний 2 жилийн хүү болох 97,200,000 төгрөгийн хамт нийт 213,300,000 төгрөгийг хариуцагч Хасуу цамхаг ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хасуу цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 138 тоотод оршин суугч Ү.Тунгалагтуяагаас 2014 оны 01 дүгээр сарын 27-нд 30,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай Landrover.rengerover маркийн 230,000,000 төгрөгийн өртөг бүхий автомашиныг барьцаалан зээл авсан. Зах зээлийн хямралт нөхцөл байдлаас шалтгаалан төлж чадахгүй байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг сунгахдаа 600,000,000 төгрөгийн өртөг бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 5 байрны 5 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй таун хаусыг компани зээл авах нөхцөлд буцаан өгөхөөр тохирч түр барьцаалсан. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах нөхцөл бүрдэн иргэн Ү.Тунгалагтуяагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах гэтэл тохирсон тохиролцооноосоо буцан, зээлээ төлж ав гэсэн шаардлага тавьж манай компанийн зээл авах боломжийг алга болгочихсон. Бид зээлээ аваад иргэн Ү.Тунгалагтуяагийн зээлийг төлж үлдэгдлээр нь үйл ажиллагаагаа явуулахаар тооцоолж байсан ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ү.Тунгалагтуяа өгөөгүйгээс болоод манай компани ихээхэн алдагдалтай болоод байгаа билээ. Иймд манай компани нь иргэн Ү.Тунгалагтуяагийн нэхэмжлэлийн 93,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл жилийн зээлийн хүү 48,600,000 төгрөг, алданги 71,100,000 төгрөг, нийт 119,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяа нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, 2 жилийн хүү 97,200,000 төгрөг, алданги 71,100,000 төгрөг, нийт 213,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Хасуу цамхаг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 93,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү 48,600,000 төгрөг, алданги 71,100,000 төгрөг, нийт 119,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяа нь хариуцагч Хасуу цамхаг ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлдүүлж, гэрээ байгуулсан өдөр мөнгийг шилжүүлсэн байна. /хх-7,8/ 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяа нь хариуцагч Хасуу цамхаг ХХК-д 15,000,000 төгрөг зээлдүүлж, өмнө зээлдүүлсэн 30,000,000 төгрөгийг оролцуулан, нийт 45,000,000 төгрөгийг 9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдөр 15,000,000 төгрөг шилжүүлсэн байна. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уг зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан байна. /хх-9,10,11/

Зээлийн барьцаанд Range Rover 00-04 УНӨ улсын дугаартай автомашин, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, 5 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай Ү-2206040717 улсын бүртгэлийн дугаартай 250 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн хүүнд 10,400,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Талууд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 45,000,000 төгрөгийг зээлсэн гэж гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр гэрээ байгуулсан өдөр 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч нь 30,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгийг хүлээн авснаар тухайн мөнгийг захиран зарцуулах эрх үүсч, энэ үеэс зээл, зээлийн хүүг төлөх үүрэг бий болно.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй юм.

Талууд хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлсэн 30,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгт тус тус хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ.

Хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 30,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн тул уг гэрээний дагуу үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүүнд 6,300,000 төгрөг, нийт 36,300,000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 10,400,000 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг хасч 25,900,000 төгрөг, алданги 12,950,000 төгрөг, нийт 38,850,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан байх тул эдгээр гэрээний дагуу үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүнд 32,400,000 төгрөг, нийт 47,400,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс гэрээний үүрэгт төлбөр төлөгдөөгүй байх тул 47,400,000 төгрөг, алданги 23,700,000 төгрөг, нийт 71,100,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчаас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 38,850,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 16-ны болон 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 71,100,000 төгрөг, нийт 109,950,000 /38,850,000+71,100,000/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 103,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 1,224,450 төгрөгийг гаргууланулсын орлогод оруулж, хариуцагч Хасуу цамхаг ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд нийцэх улсын тэмдэгтийн хураамжид 707,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяад олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Хасуу цамхаг ХХК-аас 109,950,000 /нэг зуун есөн сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103,350,000 /нэг зуун гурван сая гурван зуун тавин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 1,224,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Хасуу цамхаг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 707,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР